Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2020/00338/и |
Дугаар | 182/ШШ2020/00948 |
Огноо | 2020-04-29 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2020/00948
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н,Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, дүгээр хороо, тоот хаягт байрлах /регистрийн дугаар, хувийн хэргийн дугаар /, Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүрэг, өөрийн байранд байрлах, /регистрийн дугаар , улсын бүртгэлийн дугаар /, У ХХК-д холбогдох
Зээлийн хүүнд хууль бусаар урьдчилан суутгасан 734,859,911 төгрөг болон түүний хүүг жилийн 19,2 хувиар тооцож, 149,970,679 төгрөгийн хүү нийт 884,830,590 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн төлөөлөгч Т.Б, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Н.Ншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт байрлах үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 12 давхар 81 айлын барилгыг 2018 оны 11 дугаар сард барьж ашиглалтад оруулсан. Уг орон сууцыг борлуулах зорилгоор Утай 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ХАГ/ББГ/18/14 тоот гэрээг байгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу үйлчилгээтэй орон сууцны барилгын барилгаас худалдан авч буй захиалагчдад банк өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй олгож, уг хүүний 11,2 хувийг 2 жилийн хугацаанд манай компани хариуцахаар болсон юм. Ингээд орон сууц худалдан авагч, банк, манай компани гэсэн талууд орон сууцны санхүүжилтийн гэрээ гэх гурван талт гэрээг орон сууц тус бүр дээр байгуулсан. Орон сууцны санхүүжилтийн гэрээний дагуу орон сууц худалдан авагчийн зээлийн хүүгийн 11,2 хувийг манай компани 2 жилийн хугацаанд буюу 24 сарын хугацаанд хариуцахаар зээлийн эргэн төлөлтийн графикийг орон сууцны санхүүжилтийн гэрээ тус бүр дээр гаргасан. Ингээд орон сууц захиалагч иргэд орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийг байршуулж үлдэгдэл төлбөрийг Уны зээлээр манай компанид төлж, цаашид зээл болон хүүг гэрээгээр тохиролцсон графикийн дагуу банканд төлөх ёстой байсан. Гэтэл банк орон сууц худалдан авагч иргэдийн төлсөн төлбөрөөс зээлийн гэрээ байгуулагдсан өдөр шууд манай компанийн данснаас орон сууцны санхүүжилтийн гэрээгээр компанийн төлөх 11,2 хувийн хүүг 2 жилээр тооцон бөөнд нь урьдчилан суутган авсан. Өөрөөр хэлбэл У орон сууцны санхүүжилтийн гэрээний дагуу ирээдүйд хуримтлуулах хүүг манай компаниас зөвшөөрөл авалгүйгээр хугацаанаас өмнө урьдчилж компанийн данснаас хууль бусаар суутган авсан. Дээрх байдлаар У орон сууцны санхүүжилтийн гэрээний дагуу ирээдүйд тооцогдох хүүнд нийт 734,859,911 төгрөгийг 52 удаагийн гүйлгээгээр манай компанийн данснаас урьдчилан татан авсан. У зээлийн хүү 730,000,000 төгрөгийг манай компанийн данснаас хууль бусаар урьдчилан суутган авч Иргэний хуулийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.1-т зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно, 24.4-т зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална гэж, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 5.4-т иргэнд олгосон зээлийн хүүг олгох зээлийн дүнгээс суутгах эсхүл ирээдүйд хуримтлуулах хүүг зээл олгохоос өмнө урьдчилж төлүүлэх, энэ зорилгоор эх үүсвэр дансанд байршуулахыг хориглоно гэж тус тус заасан. Түүнчлэн зээлийн хүү нь зээлийг ашигласны хариу төлбөр буюу зээлийн үнэ байдаг. Гэтэл зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг ашиглаагүй байхад зээлийн үнэ болох хүүг урьдчилан суутган авч байгаа нь зээл, түүнд төлөх хүүгийн зорилго агуулгатай нийцэхгүй байна. Мөн У хууль бусаар манай данснаас 734,859,911 төгрөгийг суутган авснаас тус компани нь дээрх хэмжээний мөнгийг ашиглаж үр шимийг нь хүртэх боломжоо алдаж байна. Тус компанийн зүгээс дээрх мөнгийг банкнаас хүүгийн хамт буцаан гаргуулан авах эрхтэй гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ХАГ/ББГ-18/14 дугаартай Хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, зээлийн хүүнд хууль бусаар урьдчилан суутгасан 734,859,911 төгрөг болон түүний хүүг жилийн 19,2 хувиар тооцож, 149,970,679 төгрөгийн хүү нийт 884,830,590 төгрөгийг хариуцагч Унаас буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч У ХХК шүүхэд болон хариуцагчийн төлөөлөгч Т.Б, Б.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны санхүүжилтийн гэрээний дагуу ирээдүйд хуримтлуулах хүүг манай компаниас зөвшөөрөл авалгүйгээр хугацаанаас өмнө урьдчилж, компанийн данснаас хууль бусаар суутган авсан гэсэн нь үндэслэлгүй байна. Ж ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан барилгын орон сууцнуудыг захиалагчдад худалдан борлуулахад Засгийн газрын 8±1 хувийн зээлийн эх үүсвэрийн хүрэлцээ хязгаарлагдмал байсан бөгөөд захиалагч нар арилжааны банкны өөрийн эх үүсвэрийн зээлээр орон сууцнуудыг худалдан авах боломжгүй, ийм сонирхолгүй байгаа байдал зэрэгтэй холбоотойгоор компанийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулахаар Ж ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ХАГ/ББГ-18/14 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 1.3.4...захиалагч тус бүрийн хувьд зээл олгогдмогц энэхүү 2 жилийн хугацааны төлбөрийг бөөнөөр нь 1 удаа урьдчилан төлнө, 3.1.7...тус данснаас эхний 24 сарын хүүний зөрүүг суутган, үлдэгдэл төлбөрийг зээлийн эргэн төлөлтөөс суутгахыг зөвшөөрнө гэж заасны дагуу захиалагч иргэдэд орон сууцны зээл олгогдмогц 2 жилийн хугацааны төлбөрийг суутган авсан. Иймд талууд гэрээгээр дээрх төлбөрийг суутган авах нөхцөлийг тохиролцсон байсан тул хууль бусаар суутган аваагүй. Мөн нэхэмжлэлд зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг ашиглаагүй байхад зээлийн үнэ болох хүүг урьдчилан суутган авч байгаа нь зээл, түүнд төлөх хүүгийн зорилго агуулгатай нийцэхгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хамтран ажиллах гэрээний дагуу зээлээр худалдаж буй орон сууцны үнээс тодорхой төлбөрийг суутган авч буй нь зээлийн хүү биш бөгөөд энэ талаар гэрээний 1.3.02, 1.3.04 дэх заалтад тодорхой тусган талууд харилцан тохиролцсон. У нь орон сууц худалдан авсан захиалагчидтай өөрийн эх үүсвэрийн жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлдэгч нараас зээлийн хүүг урьдчилан суутган аваагүй. Харин хамтран ажиллах гэрээний 1.3.04, 3.1.7-д тохиролцсоны дагуу орон сууцны төлбөрийн тодорхой хэсгийг урьдчилан суутган авч байгаа нь орон сууцны зээлийн хүүг урьдчилан суутгасан нөхцөл байдал биш тул нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүйн үндэслэлд огт хамаарахгүй, нэхэмжлэгч нь гэрээний дагуу банкны суутгасан мөнгийг орон сууцны зээлийн хүү гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 189.1-т заасны дагуу гэрээний чөлөөт байдлын зарчмыг удирдлага болгон талууд хамтран ажиллах гэрээг байгуулан гэрээний нөхцөл агуулгыг өөрсдөө тодорхойлсон бөгөөд гэрээг байгуулах, хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, хэн аль нь хүлээн зөвшөөрснөөр тус гэрээ байгуулагдан хуулийн хүчин төгөлдөр болсон. Хамтран ажиллах гэрээний үр шимийг нэхэмжлэгч хүртэж 3,464,840,000 төгрөгийн орлого олж 51 орон сууц зарж борлуулсан атлаа Хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн зээлийн хүүнд хууль бусаар урьдчилан суутгасан 734,859,911 төгрөг болон түүний хүүг жилийн 19,2 хувиар тооцож, 149,970,679 төгрөгийн хүү, нийт 884,830,590 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч У ХХК-д холбогдуулан зээлийн хүүнд хууль бусаар урьдчилан суутгасан 734,859,911 төгрөг түүний хүүг жилийн 19,2 хувиар тооцож, 149,970,679 төгрөгийн хүү нийт 884,830,590 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж ХХК болон У ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ХАГ/ББГ-18/14 дугаар Хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, У ХХК-иас зээлийн хүүнд хууль бусаар урьдчилан суутгасан 734,859,911 төгрөг болон түүний хүүг жилийн 19,2 хувиар тооцож, 149,970,679 төгрөгийн хүү нийт 884,830,590 төгрөгийг компанийн данснаас хууль бусаар суутган авсан тул буцаан гаргуулж, Хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч У ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хамтран ажиллах гэрээний дагуу зээлээр худалдаж буй орон сууцны үнээс тодорхой төлбөрийг суутган авсан нь зээлийн хүү биш гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч У ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ХАГ/ББГ-18/14 дугаартай Хамтран ажиллах гэрээг байгуулж, тус гэрээний 1.1.1.Банк нь Компанийн барьж ашиглалтанд оруулж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын барилгаас худалдан авч буй захиалагчид өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээлийг энэхүү гэрээний 3.3.1-д заасан нөхцөлийн дагуу жилийн 19,2 хувийн хүүтэй олгох бөгөөд Компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу захиалагчдад олгогдох байсан 19,2 хувийн хүүтэй өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээлийн хүүний 11,2 хувийг буюу 2 жилийн хугацааны хүүний зөрүүг компани хариуцан төлөхөөр тохиролцлоо” гэж энэхүү гэрээний зорилгоо тодорхойлсон байна. /хх-ийн 196-198 тал/
Тус гэрээний 1.3.3.Банкинд төлж байгаа хүүгийн зөрүүгийн гүйлгээний утга “Зээлийн хүүгийн өглөг /зөрүү/ гэсэн утгатай байх ба харин Компанийн төлж байгаа төлбөрийн бодит татварын болон бүртгэлийн утга, шийдэл Компанийн хувьд “зээлийн хүү” байх эсэх нь Банкны хувьд хамааралгүй, энэхүү утга, шийдэл Компани өөрөө гаргах боломжтой гэж үзсэн, татварын шинжтэй үр дагаврыг өөрөө хариуцахаа үүгээр баталгаажуулав. Компанийн зардлын утга, бүртгэлд татварын акт, зөрчил тогтоогдсон нь ашиггүй гэрээ байгуулсан, гэрээний нөхцөл анхнаасаа бүртгэл татварын хууль тогтоомж ба үүнийг Компани мэдээгүй, ноцтой төөрөгдсөн хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй” гэж гэрээний агуулгыг тайлбарлан тусгажээ.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлэлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд “хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан” гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.1-т зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно, 24.4-т зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална гэж, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 5.4-т иргэнд олгосон зээлийн хүүг олгох зээлийн дүнгээс суутгах эсхүл ирээдүйд хуримтлуулах хүүг зээл олгохоос өмнө урьдчилж төлүүлэх, энэ зорилгоор эх үүсвэр дансанд байршуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж мэтгэлцэв.
Талууд дээрх гэрээний 1.3.4. Компани нь хүүгийн зөрүү төлбөрийг төлөх үүргийг захиалагч зээл авснаас хойш эхний 2 жилийн хугацаанд хариуцах ба Захиалагч тус бүрийн хувьд зээл олгогдмогц энэхүү 2 жилийн хугацааны төлбөрийг бөөнөөр нь 1 удаа урьдчилан төлнө. Ийнхүү төлөх шалтгаан нь захиалагчтай байгуулсан зээлийн гэрээ бүрийн эргэн төлөлтөд уялдуулан тухай бүр хүүгийн зөрүүгийн гүйлгээ хийхэд хүндрэлтэй, ирээдүйд гүйцэтгэх хүүгийн зөрүүгийн үүргийн гүйцэтгэлд зориулан үүргийн гүйцэтгэлийг хангах арга банкинд санал болгох шаардлага зэргээс хамааран Компани өөрөө ийнхүү төлөхөөр тохирсон болно. Ийнхүү төлсөнтэй холбоотойгоор зээлийн хүүг урьдчилж төлүүлсэн зэргээр Компани маргахгүй бөгөөд Банк уг хүүгийн зөрүүг хүлээн авч бүртгэл гүйлгээг хэрхэн хийсэн Компани ач холбогдолгүй гэж үзсэн нь энэ хэлбэрээр хүүг хүлээн авахыг Банк зөвшөөрөх үндэслэл болсон болно” 3.1.7.Компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулан, орон сууцны урьдчилгаа төлбөрөө тушаасан захиалагчид үлдэгдэл төлбөрөө Уны зээлээр төлөхөөр зээлийн хүсэлт гаргаж, банк хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд захиалагчдад олгогдох орон сууцны зээлийн төлбөрийг компанийн тоот төгрөгийн харилцах данс болон бусад харилцах дансанд шилжүүлнэ. Тус данснаас эхний 24 сарын хүүний зөрүүг суутган, үлдэгдэл төлбөрийг Компани болон Банкны хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ 9101/171218 тоот зээлийн гэрээний эргэн төлөлт болон компанийн бусад зээлийн эргэн төлөлтөөс суутгахыг зөвшөөрнө” гэж гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан байна.
Хариуцагч У ХХК нь нэхэмжлэгч Ж ХХК-иас 734,859,911 төгрөгийг суутган авсан тооцооллын тухайд маргаагүй.
Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1.Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч зээлийн хүүг хууль бусаар урьдчилан суутгасан гэж маргаж байгаа боловч талууд гэрээгээр дээрх төлбөрийг суутган авах нөхцөлийг тохиролцсон байх ба хариуцагчийн төлөөлөгч нь Хамтран ажиллах гэрээний үр шимийг нэхэмжлэгч хүртэж 3,464,840,000 төгрөгийн борлуулалт хийж 51 орон сууцыг зарж, одоо 2 орон сууц л үлдсэн гэж мэтгэлцэж байгааг нэхэмжлэгч үгүйсгээгүй.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан байх ба талууд тус гэрээний 1.3.1...хүүгийн зөрүү төлбөрийг, гэрээний 1.3.4...захиалагч тус бүрийн хувьд зээл олгогдмогц энэхүү 2 жилийн хугацааны төлбөрийг бөөнөөр нь 1 удаа урьдчилан төлнө. Ийнхүү төлсөнтэй холбоотойгоор зээлийн хүүг урьдчилж төлүүлсэн зэргээр Компани маргахгүй” гэх тохиролцооноос үзэхэд Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч Ж ХХК нь зээлийн хүүг урьдчилж төлөх үүргийг хүлээсэн байх ба Ж ХХК-ийн дансан дах мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр, өөрийнх нь зөвшөөрөлгүй захиран зарцуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Ж ХХК болон У ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ХАГ/ББГ-18/14 дугаартай Хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба дээрх зохицуулалтын талаар тохиролцохдоо хууль зөрчсөн гэх үндэслэлийг заажээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.
Улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.
Иймд хариуцагч У ХХК-иас зээлийн хүүнд хууль бусаар урьдчилан суутгасан 734,859,911 төгрөг, түүний хүүг жилийн 19,2 хувиар тооцож, 149,970,679 төгрөгийн хүү нийт 884,830,590 төгрөг гаргуулах, Хамтран ажиллах гэрээний 1.3.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.НАРАНГЭРЭЛ