Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/02779

 

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/02779 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн Сөүлийн гудамж-, өөрийн байр ХНН -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон .......... тоотод оршин суух А  /РД:............./-д холбогдох,

 

2019.9.16-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууц хөлсөөр ашиглуулж олох байсан орлого 53.955.000 төгрөг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш, хариуцагч Ц.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.А  ХНН маргаан бүхий тус байрыг 2014 оноос хойш эзэмшиж, ашиглаж байсан. Тус байрыг ашиглуулах тухай ХНН даргын баталсан журмын дагуу болон түүнтэй байгуулсан гэрээнд албан тушаалын орон сууцыг албан тушаалаас чөлөөлсөн даруйд маргаангүйгээр суллаж өгнө гэж заасан. Уг гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаа нь 2 жил гаруй хугацаа юм. Энэ хугацаанд удаа дараа байрнаас гарахыг хариуцагчаас шаардсан боловч огт байрнаас гардаггүй байсан. Түүнтэй уулзахаар хүн очиход үл тоодог, загнаж, зандардаг, хөөдөг байсан гэсэн тайлбаруудыг хэлдэг. Нэхэмжилсэн мөнгөний тухайд ХНН ын даргын баталсан 2014 оны А108 дугаартай тушаалаар ХНН  нь ашгийн төлөө байгууллага гэдэг утгаараа төмар замд байгаа обьектүүд, хөрөнгүүдийг түрээсэлдэг. Уг түрээсийн тарифыг замын даргаас орон нутгийн байршлыг харгалзан тогтоодог. Энэ дүрмийг 2014 оны 5 дугаар сард шинэчлэхдээ Улаанбаатар болон Замын үүдэд гадны байгууллага болон иргэдэд түрээслүүлж байгаа үйлчилгээний болон объектын м.кв-ын ашигтай талбайн түрээсийн доод хэмжээг 12.500 төгрөгөөр тогтоосон байдаг. Энэ нь доод хэмжээ юм. Бид хамгийн доод хэмжээгээр тооцож хариуцагчаас нэхэмжилж байгаа юм. Хэрэв зах зээлийн дундаж ханшаар тооцох юм бол тухайн байрны м.кв-аар нь үржүүлж бодоход бид нарын нэхэмжилж байгаа нэг сарын үнийн дүн 1.400.000 төгрөг болно. 4 өрөө байр, грашийн хамт сарын түрээсийн төлбөрийг зах зээлийн үнээр бодоход мэдээж үүнээс доошоо байна. Бид хариуцагчид боломж олгоод хамгийн доод үнийн дүнгээр нэхэмжилж байгаа юм. ХНН ын даргын баталсан доод үнэ 12.500 төгрөгөөр бодоод 2 жил 9 сар түрээслэсэн төлбөр, граш нэмэгдээд нийт 53.955.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, байрыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.А  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би байрыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Анх тус байранд ХНН даргын тушаал, шийдвэрээр орсон, би тус байрыг эвдэж сүйтгэж ороогүй. 2019 оны 4 дүгээр сард надад анхны мэдэгдэх хуудсыг өгсөн, би 4 дүгээр сард байр чөлөөлөх хугацааг сунгаж өгөхийг удаа дараа хүссэн, мөн худалдан авах хүсэлтийг гаргасан, уг нь өндөр настанд хөнгөвчилж өгдөг журам байдаг. Өндөр настны нийгмийн асуудлыг тэтгэвэрт гаргасан байгууллага хариуцах ёстой. Өнөөдөр надад гачигдал гарвал ХНН  хариуцаж, тусалж дэмжих ёстой, миний нийгмийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Манай гэр бүлийн хүн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ХНН д ажиллаж байсан. Тэгэхэд түүнийг Бээжингээс ор үндэслэлгүйгээр орон тооны цомхотголоор ажлаас халсан. Намайг ажлаас халагдахад надад 3 сарын тэтгэмж өгсөн. Би санхүүд тойрох хуудас зуруулж ороход та өндөр настай, танай гэр бүлийн хүн ажиллаж байна гэж хэлээд миний тэтгэмжийг бүрэн өгсөн. Дараа нь манай гэр бүлийн хүн тойрох хуудас зуруулах үед мөн танд байрыг өгөх асуудал байгаа, таны асуудлыг шийдвэрлэхээр санхүүгийн материал бүрдүүлсэн гэж хэлсэн. Уг материалыг би одоо болтол олоогүй. ХНН  дээр ямар ч байрны түрээсийн төлбөр байхгүй. Би хангамжийн албаны даргаар тодорхой хугацаанд ажиллаж байсан. Энэ байр шиг аваагүй байр өндөр настанд 36 байдаг, зарим нь тавилгатай байр арван хэдэн ширхэг байдаг. Уг байрыг нөөц байдлаар хадгалдаг, ХНН ын ажилтандаа хэзээ ч түрээсэлдэггүй. Өндөр настны байрны асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн байр чөлөөлөх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдол байдаг. Энэ байрыг надад хүлээлгэж өгөхдөө ямар ч граш хүлээлгэж өгөөгүй. Грашийг өвлийн улиралд 11-1 дүгээр сарын хооронд 3 сараар ашигладаг. Надад машин байхгүй, надад грашийн хэрэг байхгүй. Мөн энэ байран дээр таны нэр дээр ийм түрээс гарч байгаа гэж надад нэг ч удаа хэлээгүй. Анх ороход над дээр ямар нэгэн төлбөр тооцоо, актыг ерөөсөө хэлээгүй, би байрыг байнга засварлаж шинэчилсэн. Би байрны тухай асуудлын хувьд байрыг буцааж өгөхдөө орсон хөрөнгө, зардлыг би ХНН аас нэхэмжлэхгүй байгаа юм. Би 2 балконы хаалт, гал тогоо, хувцасны шкаф зэргийг хийсэн, гэрлийн бүрхүүл сольсон. Би эдгээрийг уг байранд үлдээнэ. Би бага цэцэрлэгийн насны хоёр ихэр 5 настай хүүхэд, 16 насны хүүхэдтэй. Манай гэр бүлийн хүн одоо ажилгүй, биеийн эрүүл мэнд нь сайн биш байгаа юм. Дарга нар намайг очих болгонд уг байрыг танд хувьчилж өгнө гэж хэлдэг. Би байрыг өнөөдөр, маргааш суллана гэж хэлж чадахгүй, өвлийн улирал болсон байна. Би өөрийн захиалсан байр ашиглалтанд орсон нөхцөлд маргаан бүхий байрыг ямар ч маргаангүйгээр өөрийн хүсэлтээр шийдвэрлэж өгнө, хүлээсэн үүргээ биелүүлнэ. Түрээсийн төлбөрийн асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Ц.А ийг өндөр насны тэтгэвэрт гарсанаас хойш 2019.9.16-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууц хөлсөөр ашиглуулж олох байсан орлого 53.955.000 төгрөг гаргуулах, орон сууцыг автозогсоолын хамт албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг ....., ХНН  шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч орон сууц болон авто зогсоолыг чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин албан тушаалын орон сууцыг түрээслэх гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр 53.955.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2014.7.16-ны өдөр УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээг байгуулсан, уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоотод байрлах орон сууцыг Ц.А ид тухайн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд ашиглуулах, гэрээний 1.1-д зааснаар албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд үл маргах журмаар суллан өгөх үүргийг хариуцагч хүлээсэн байна.

 

Маргаан бүхий орон сууц ХНН -ийн балансад бүртгэлтэй, үндсэн хөрөнгө болох нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019.9.19-ний өдрийн А-5/3231 тоот албан бичгээр тогтоогдсон, Ц.А  2014 оны 6 сараас 2019 оны 2 сарыг дуустал төлбөрөө цаг хугацаандаа төлдөг, мөн сууц өмчлөгчдийн холбоонд 2017 он, 2018 оны төлбөрийн өргүй болох нь Морьттүнгэ ХХК-ийн 2019.03.29-ний 19/36 тоот, Оддын хотхон СӨХ-ны 2019.03.29-ний өдрийн 19/4 тоот тодорхойлолтоор тогтоогдсон байна.

 

Ц.А  нь Бээжин дэх УБТЗ-ын Төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан, ....., ХНН ын даргын 2016.11.02-ны өдрийн Б-1-268 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагчийг 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар ....., ХНН ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоот орон сууцыг 17 тоот автозогсоолын хамт албадан чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан 2014.07.16-ны өдрийн ТК00225 дугаар УБТЗ-ын албан тушаалын орон сууц ашиглуулах эрхийн бичиг, мөн өдрийн орон сууц хүлээлцсэн акт зэргээс үзэхэд 17 тоот автозогсоолыг Ц.А ид хүлээлгэн өгөөгүй байх боловч шүүх хуралдааны явцад тухайн автозогсоолыг ашигладаггүй, сул зогсоол байгааг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болно.

 

Нэхэмжлэгч тал Түрээсийн тариф шинэчлэн батлах тухай ....., ХНН ын даргын 2014.05.08-ны өдрийн А-108 дугаар тушаалын 1-д заасан гадны байгууллага, иргэдэд түрээслүүлж байгаа үйлдвэр, үйлчилгээний болон конторын байрны 1 м/кв ашигтай талбайн түрээсийн доод хэмжээг Улаанбаатар ба Замын-үүдэд 12,500 төгрөгөөр тогтоосон гэх заалтыг үндэслэн олох байсан орлогыг нэхэмжилсэн боловч албан тушаалын орон сууцанд буюу хариуцагчид хамаарахгүй заалт болно.

 

Иймд 2016.11.03-ны өдрөөс 2019.9.16-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууцыг хөлсөөр ашиглуулж олох байсан орлого 53.955.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар ....., ХНН ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон ......... тоотод байрлах, 112.8 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, 17 тоот автозогсоолын хамт хариуцагч Ц.А ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас 53.955.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 1.039.558 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ