Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00318

 

Б.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02780 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 40 дүгээр магадлалтай,

Б.Н-гийн нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н-, түүний өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-Э, Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч “Х б” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02780 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х ХХК-ийн Төлбөр, тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 40 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02780 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Н-г “Х б” ХХК-ийн Төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25,324,596 төгрөгийг хариуцагч “Х б” ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Б.Н-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Х б” ХХК-д даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Х б” ХХК-иас 284,572 төгрөг гаргуулан, улсын төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлтэй “Х б” ХХК /цаашид “Х б” гэх/-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 40 дугаартай магадлалын “Хянавал” хэсгийн зарим дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Энэхүү 40 дугаартай магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.10-ны өдрийн 181/ШШ2020/02780 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан тогтоох хэсгийнхээ 1 дэх заалтаар “Нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж” шийдвэрлэсэн болохыг зориуд дурдаад нэхэмжлэгч Б.Н-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс магадлалын Хянавал” хэсгийн зарим хэсэгт дараах үндэслэлээр хяналтын журмаар хэсэгчлэн гомдол гаргах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

4.1. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт “...гэвч ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тодорхой шалгуур /Тодорхой шалгуур буюу бодит байдлаар 4 ахлахын 1-ийнх нь орон тоог ийм бодит шалтгааны улмаас цөөрүүлэх шаардлагатай болсон гэвэл өөр хэрэг, гэтэл хариуцагч зөвхөн Б.Н-г сонгон ялгаварлаж ажлаас халах зорилготой байгаагүй гэдгээ шүүхэд нотолж чадаагүй болно/, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна” гэж дүгнэсэн нь өрөөсгөл болсон гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь, нэхэмжлэгч сонгон шалгаруулалт явуулалгүй халсан гэхээсээ илүүтэй нэхэмжлэгч Б.Н-г сонгон ялгаварлан гадуурхах байдлаар халж, хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс “Өөрөөр хэлбэл, 4 албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд уг ажилтныг [Б.Н-] чөлөөлөх үндэслэл нь тодорхой бус байна.” “Хариуцагч байгууллагын Төлбөр тооцооны хэлтсийн 4 ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нь адил байгаа тохиолдолд Б.Н-гийн ажиллаж байсан орон тоог хассан гэж шууд дүгнэх боломжгүй. Харин орон тоог цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн эрх зүйн ерөнхий зарчим болох үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримталсан болохоо нотлох учиртай.” гэсэн үндэслэл бүхий 2 бие даасан хууль зүйн дүгнэлтийг өгсөн.

4.2. “Нэхэмжлэгч Б.Н-г сонгон ялгаварлан гадуурхах байдлаар халсан” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “...Нямжинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн эрх зүйн ерөнхий зарчим болох үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримталсан болохоо нотлох учиртай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй юм. Тийм ч учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцаанд ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглох тухай заалтад нийцээгүй байна гэх давж заалдах шатны шүүхийн тайлбар, үндэслэлийг нэхэмжлэгч тал бүрэн дэмжиж байгаа.

4.3. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр нэхэмжлэгч Б.Н-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй хэмээн мэтгэлцээгүй. Иймд, давж заалдах шатны шүүхийн “сонгон шалгаруулалтын үндсэн дээр Б.Н-г ажлаас чөлөөлөөгүй нь буруу” гэсэн нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг дордуулж болзошгүй дүгнэлтийг зөвтгөн дүгнэх замаар давж заалдах шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулгыг хэвээр үлдээж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг шүүхийн хяналтын шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд гаргаж байна. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан энэхүү гомдлын дагуу давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 40 дугаартай магадлалын зохих хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт өгч, магадлалын тогтоох хэсгийн агуулгыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Н-гийн нэхэмжлэлтэй Хинд холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 40 дугаартай магадлалыг хариуцагчаас эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй зохицуулалтыг бий болгож шийдвэрийнхээ үндэслэл болгосон, бодитоор байхгүй орон тоонд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоож хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна.

5.1. Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтын тухай товч дурдвал: Хинд болсон хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйл баримтын тапаар товч дурдвал 2020 оны эхэнд Банк нь өөрийн төв албаны ажилтны цалингийн зардлаа 10 хувиар бууруулах зорилгоор ажилтны тоог мөн 10 хувиар цөөрүүлэн Гүйцэтгэх захирлын 2020 оны А-145 дугаар тушаалаар нийт 33 орон тоог холбогдох Газар, хэлтсээс хасах шийдвэр гаргасан билээ. Энэ тушаалын хүрээнд Санхүү хариуцсан захирлын харьяанд байдаг Төлбөр тооцооны хэлтэст нийт 3 ахлах мэргэжилтэн, 1 ахлах нягтлан бодогч ажилладгаас нэг ахлах мэргэжилтний орон тоог цөөрүүлэхээр шийдвэрлэсэн. Хэдийгээр тус хэлтсийн 3 ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нь үг үсгийн хувьд адилхан боловч нэхэмжлэгч Б.Н- нь хэлтэстээ зөвхөн “Свифт, гадаад төлбөр тооцоо”-г хариуцан ажилладаг байсан бөгөөд бусад ахлах мэргэжилтнүүдээс ялгаатай ажил, үүргийг гүйцэтгэдэг байсан. Түүний хариуцдаг байсан ажлын талаар зохигчид тайлбартаа болон анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч Ш.Анхбаяр мэдүүлэгтээ тодорхой дурдсан байдаг. Ажлын зохион байгуулалтын хувьд нэхэмжлэгч Б.Н-гийн хариуцан ажилладаг байсан “Свифт, гадаад төлбөр тооцоо”-ны гүйлгээний ажил нь дараах байдлаар хийгддэг. Үүнд: гадаад гүйлгээг анхан шатанд салбар, тооцооны төв дээр хийдэг бөгөөд салбар, тооцооны төв дээр хийгдсэн төлбөр тооцоог төв албанд Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнүүд хянадаг, мэргэжилтнүүдийн хянасныг нь ахлах мэргэжилтэн буюу Б.Н- давхар хянадаг байсан. Ажил олгогчийн зүгээс энэхүү давхар хяналтыг заавал ахлах мэргэжилтэн хэрэгжүүлэх шаардлагагүй, харин мэргэжилтнүүд нь нэг нэгнийхээ хариуцсан гүйлгээг харилцан давхар хянаад явах боломжтой гэдэг үндэслэлээр гадаад төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог буюу нэхэмжлэгч Б.Н-гийн ажиллаж байсан орон тоог цөөрүүлсэн билээ. Ажил үүргийн хувьд бусад ахлах мэргэжилтнүүдтэй давхардсан зүйл байгаагүй учир ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн тус албан тушаалд ажиллаж байсан Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан ба ийнхүү цуцлахдаа Хны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хны хөдөлмөрийн дотоод журмын 16.11-д заасны дагуу ажилтанд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгож Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан. Ажил олгогч нь ийнхүү үндэслэлтэй шийдвэр гаргасан болохыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хоёр ч удаа тогтоосон байдаг. Тодруулбал: Б.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хинд холбогдох иргэний хэргийн шийдвэрлэгдсэн байдал: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.19-ний өдрийн 181/ШШ2020/01694 дугаартай шийдвэр /Нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн/ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.17-ны өдрийн 1778 дугаар магадлал /хэрэгт ач холбогдол бүхий баримт болох ахлах мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтууд хэрэгт авагдаагүй үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн/ Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.10-ны өдрийн 181/ШШ2020/02780 дугаар шийдвэр /Нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн/ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 40 дугаар магадлал /Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн/

5.2. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах үндэслэлээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1/. Үүнд: Давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй хэм хэмжээг хэрэглэсэн буюу ажил олгогч нь нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхаж ажлаас халаагүй тухайд: Магадлалын Хянавал хэсэгт ...Дээрх албан тушаалын ажлын байрны тодорхойлолт адил байх бөгөөд өөр өөр чиг үүргийг хэрэгжүүлдэг гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс байгууллага дотоод зохион байгуулалтынхаа хүрээнд, орон тоог цөөрүүлэн, нэхэмжлэгч Б.Н-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан харилцаанд ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглох тухай заалтад нийцээгүй байна... Харин орон тоог цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн эрх зүйн ерөнхий зарчим болох үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримталсан болохоо нотлох учиртай гэжээ. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг аливаа байдлаар ялгаварлан гадуурхаж ажлаас халсан зүйл огт болоогүй бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүний хариуцсан ажил үүрэг цаашид банкинд байх шаардлагагүй гэж үзсэнтэй холбоотой байхад шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан зарчим тогтоосон хэсгийг иш татсан нь давж заалдах шатны шүүх талуудын хоорондох маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй зохицуулалтыг хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбап, Хны хэмжээнд цомхотгол хийсэн 33 хүнээс, банкны төв албаны хэмжээнд 300 орчим ажилтнуудаас ганцхан Б.Н-г хэрхэн ялгаварлан гадуурхсан, Төлбөр тооцооны хэлтсийн нийт ажилтнуудаас хэрхэн ялгаварлан гадуурхаж шийдвэр гаргасан талаар аливаа баримт, тайлбар огт байхгүй бөгөөд талууд шүүх хуралдааны үеэр “Б.Н- нь бусад ахлахуудаас ялгаатай нь Свифт, гадаад төлбөр тооцоогоо хариуцан ажилладаг байсан” гэдэг тайлбарыг гаргаж байсан, энэ тайлбарыг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч, талууд энэ талаар огт маргаагүй” нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Ажил олгогч нь өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, явуулж буй үйл ажиллагааныхаа цар хүрээ, дотоод зохион байгуулалтаа загварчлан тогтоох эрх нь аливаа этгээдээс хараат бус байх ёстой байдаг билээ. Мөн тэр бүтэц орон тоондоо тохируулан ажлын байрыг хасах, ажилтны тоог цөөрүүлэх, нэмэх эсэхээ шийдвэрлэх эрхийг хэрэгжүүлдэг. Хны хувьд энэ эрхээ хэрэгжүүлэн Төлбөр тооцооны хэлтэст гадаад төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний ажил үүргийг заавал тухайлсан нэг ажилтнаар гүйцэтгүүлэх шаардлагагүй, мэргэжилтнүүд нь гүйцэтгэх боломжтой гэж үзэн шийдвэр гарган нэхэмжлэгч Б.Н-гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн хувьд түүний хариуцан ажилладаг байсан ажил үүрэг одоо банкинд байхгүй болсон, цаашид байх шаардлагагүй гэж үзсэнтэй холбоотой юм. Эсрэгээрээ “Хны хувьд тухайн ажилтны хийдэг ажил үүрэг нь банкинд шаардлагатай гэж үзвэл тэтгэвэрт гарах хугацаа нь болсон байсан ч тухайн ажилтныг ажиллуулдаг, ийнхүү ажиллуулж байсан болох нь нэхэмжлэгч Б.Н-гийн шүүхэд гаргадаг тайлбарт дурдагддаг Тунгалаг гэж хүний жишээнээс тодорхой харагддаг” билээ. “Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхаж ажлаас халсан” гэх тайлбарыг зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч (хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээд) хэлдэг бөгөөд талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэрэгт давж заалдах шатны шүүх бүрэн, бодитой дүгнэлт өгөлгүй ажил олгогч энэхүү нөхцөл байдлыг нотолж чадаагүй гэх өнгөц дүгнэлт хийсэн нь магадлал үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

5.3. Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дараах үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2/ Үүнд: Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судалж, тал бүрээс нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухайд: Магадлалын хянавал хэсэгт “...Дээрх албан тушаалын ажлын байрны тодорхойлолт адил байх бөгөөд өөр өөр чиг үүргийг хэрэгжүүлдэг гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй...” гэж дурдсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс ийнхүү дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болох зохигчдын гаргасан тайлбар, тайлбарын тэмдэглэл болон гэрчийн мэдүүлгийг бүрэн дүүрэн судалж, тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тухайн үед Хны Төлбөр тооцооны хэлтэст 3 ахлах мэргэжилтэн, 1 ахлах нягтлан бодогч гээд нийт 4 ахлах албан тушаалтан ажилладаг байсан, 3 ахлах мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолт адилхан боловч хариуцан гүйцэтгэдэг байсан чиглэл нь эрс ялгаатай байсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, нэхэмжлэгч Б.Н- болон гэрч Ш.Анхбаяр нар тайлбар, мэдүүлэгтээ маш тодорхой дурдсан байдаг. Энэ 3 ахлах мэргэжилтэн нь удирдлагаас хуваарилсан ажил үүргийн дагуу ажлаа гүйцэтгэдэг байсан ба Б.Н- нь хэлтэстээ зөвхөн СВИФТ, гадаад төлбөр тооцоог хариуцан ахалж ажилладаг байсан нь бичгийн нотлох баримтаар тогтоогддог билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр хэрэгт ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлэлгүй, зөвхөн ажлын байрны тодорхойлолтын хүрээнд өнгөц дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судалж, тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын дээд шүүхийн 2018.10.10-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа” зөвлөмжийн 1.2-т “Нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэргийн оролцогч хэн алины гаргаж буй үндэслэл, баримтыг анхаарах, нотлох баримтыг аль нэг талын байр сууриас биш харин маргааныг таслах хөндлөнгийн байр сууриас судалж, үнэлэхийг хэлж байгаа болно, ...Нөгөө талаар нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлнэ гэсэн үг юм. Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай, ...Шүүхийн практикаас үзэхэд шүүхүүд зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчих алдаа түгээмэл гаргадаг. гэж тус тус дурджээ. Гэтэл давж заалдах шатны шүүх зохигчдын маргаангүйгээр дурддаг тайлбар болон гэрчийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Н- нь төлбөр тооцооны хэлтэст ажиллаж байхдаа зөвхөн гадаад төлбөр тооцоог хариуцан ажилладаг ахлах мэргэжилтэн байсан, бусад ахлах мэргэжилтнүүд өөр өөр чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан талаар эсэргүүцэж, маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрдөг билээ.

5.4. Давж заалдах шатны шүүхээс хуульд заагаагүй шаардлагыг ажил олгогчид тавьж, түүндээ үндэслэн шийдвэр гаргасан тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тодорхой шалгуур, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн болохоо ...баримтаар нотолж чадаагүй байна гэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн 2012.06.15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 2.2-т: “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 буюу “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаарах хэдий ч “орон тоо цөөрүүлэх”-ийн тулд шалгалт явуулж, улмаар дүгнэлт, шийдвэр гаргаж буй нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй” гэж тайлбарласан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны явцад уг үндэслэлийг иш татан илтгэгч шүүгчийн асуултад “сонгон шалгаруулалт аливаа байдлаар явуулах нь үндэслэлгүй талаар тайлбар” өгсөөр байхад тийнхүү шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч нь 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр шийдвэр гаргах гэж байгаа тохиолдолд тухайн хасах, цөөрүүлэх гэж байгаа албан тушаал, орон тоог тодруулах зорилгоор тодорхой шалгуур гаргах, сонгон шалгаруулалт, шалгалт явуулсны үндсэн дээр шалгалтын үр дүнг үндэслэж шийдвэр гаргахаар хуульчилсан урьдчилсан нөхцөл бүхий зохицуулалт байдаггүй билээ. Харин ч Улсын Дээд шүүхийн зөвлөмжид ийнхүү орон тоог цөөрүүлэхдээ сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр ажилтныг ажлаас халах нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй гэж тайлбарласан байхад давж заалдах шатны шүүхээс орон тоо хасах, цөөрүүлэх шийдвэрийн хүрээнд тодорхой шалгуур, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр ажлаас чөлөөлөх ёстой байсан мэтээр дүгнэж байгаа нь Улсын Дээд шүүхийн зөвлөмжөөс эрс зөрүүтэй, хуульд байхгүй зохицуулалтыг шинээр гаргаж ирэн хэм хэмжээ тогтоож, тэр шаардлагыг ажил олгогч хангаагүй учраас ажил олгогчийн тушаал үндэслэлгүй болсон гэж дүгнэн шийдвэр гаргасан нь 2020 оны 40 дугаартай магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй буюу материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглээгүй гэж үзэхэд  хүргэж байна.

5.5. Бодитоор байхгүй орон тоонд нэхэмжлэгч Б.Н-г эгүүлэн тогтоосон буюу биелүүлэх боломжгүй шийдвэр гаргасан тухайд: Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажил үүргийг банкинд байхгүй болгосон учир Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болохоо нотолсоор байхад давж заалдах шатны шүүхээс ажил олгогчийн шийдвэрийг дээр дурдсан байдлаар хууль бус гэж дүгнэн ажилд эгүүлэн тогтоосон боловч бодит байдалд дээр байхгүй болсон орон тоонд эгүүлэн тогтоож байгааг зөвтгөн тайлбарлах боломжгүй байна. Хны Төлбөр тооцооны хэлтэс нь хяналтын гомдол гаргах өдрийн байдлаар 20 ажилтны орон тоотойгоор ажиллаж байгаа бөгөөд үүнээс 2 ахлах мэргэжилтэн, 1 ахлах нягтлан бодогч, нийт 3 ахлахын албан тушаалтайгаар ажиллаж байна. Ажил олгогчийн зүгээс Б.Н-г ажлаас чөлөөлсний дараа төлбөр тооцооны хэлтэст ахлах мэргэжилтний орон тоо шинээр бий болоогүй бөгөөд өнөөг хүртэл гурван ахлахын орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нөхцөл байдлыг гэрч Ш.Анхбаярын мэдүүлэгт тодорхой дурдсан байдаг билээ. Өөрөөр хэлбэл Хинд гадаад төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо байхгүй хэвээр байхад давж заалдах шатны шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь давж заалдах шатны шүүхийн магадлал бодитоор хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг Хинд үүсгэж байна. Ажил олгогч Х нь Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг хэрэгжүүлэхдээ материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг хэрхэн зөрчсөн тапаар үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтийг өгөөгүй нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд энэхүү хяналтын гомдолд дурдсан 5 үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 40 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.10-ны өдрийн 181/ШШ2020/02780 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч “Х б” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, ...гүйцэтгэж байгаа ажил үүргээс нь болж Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй... гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулсан байна.

9. Давж заалдах шатны шүүх тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.  

10. “Х б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.02.07-ны өдрийн “Х бны төв албаны зарим нэгжүүдийн албан тушаалыг, орон тооны хамт хасах тухай” А-145 дугаар тушаалаар Төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний 1 орон тоог хассан байх ба тус захиргааны шийдвэрт үндэслэн, ...Төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Н-г “Х б” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020.03.12-ны өдрийн Б/246 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн, уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42,1, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.8, 16 дугаар зүйлийн 16.1.8, 16.2-т заасныг тус тус үндэслэжээ. 

11. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Төлбөр, тооцооны хэлтсийн 4 ахлах мэргэжилтэн байхад зөвхөн намайг сонгож ажлаас халсан нь ялгаварлан гадуурхсан үйлдэл болсон бөгөөд ажлын байрны тодорхойлолт яг адил байгаа. ...Х б нь өөрт ашигтай баримтуудыг нөхөж үйлдсэн гэж...” тодорхойлсон байна.

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор, ...40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй болохыг тус тус заасан. Хуулийн энэ зохицуулалтын “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төлбөр тооцооны хэлтэст гадаад тооцоо хариуцсан ахлах, худалдааны санхүүжилтын арын албаны үйл ажиллагаа хариуцсан ахлах, картын төлбөр тооцоо, үнэт цаасны төлбөр тооцоо хариуцсан ахлах, хөрөнгө зохицуулалтын арын албаны үйл ажиллагаа, валютын арилжааны мөнгөний захын төлбөр тооцоо, банк хоорондын төлбөр тооцоо харилцагчийн бусад гэрээний гүйлгээ хариуцсан ахлах гэсэн 4 ахлах мэргэжилтэн ажиллаж байсан, тэдгээр 4 албан тушаалын ажлын байрны тодорхойлолт адил байх бөгөөд өөр өөр чиг үүргийг хэрэгжүүлдэг гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

13. Давж заалдах шатны шүүх ...орон тоо цөөрсөн тохиолдолд уг ажилтныг чөлөөлөх болсон үндэслэл нь тодорхой бус, ...төлбөр тооцооны хэлтсийн 4 ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт адил байгаа тохиолдолд нэхэмжлэгч Б.Н-гийн ажиллаж байсан орон тоог хассан гэж шууд дүгнэх боломжгүй. ...орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй... гэж дүгнэн, нэхэмжлэгч Б.Н-г “Х б” ХХК-ийн Төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25,324,596 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн байна. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...ажил олгогч нь Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн байхад ...энэ талаар үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтийг өгөөгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй юм.

14. Харин, давж заалдах шатны шүүх дээрх байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан, ...ахлах мэргэжилтний 1 орон тоог хассан нь тогтоогдоогүй гэж тушаалын үндэслэлд хуульд нийцсэн дүгнэлт өгсөн атлаа “...хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн эрх зүйн ерөнхий зарчим болох үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримталсан болохоо нотлох учиртай. ...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тодорхой шалгуур, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн болохоо баримтаар нотолж чадаагүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, гэвч энэ нь магадлалыг өөрчлөх нөхцөл болохгүй юм.  

15. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 40 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.25-ны өдөр төлсөн 284,573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД