Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 339

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0348 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Т.Б-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасныг тус тус баримтлан Т.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын даргын /хуучнаар/ 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулж орон тоог хасах тухай” Б/28 дугаар тушаалын 6 дахь хэсгийг, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Үүрэгт ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/42 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Т.Б-ийг өмнө ажиллаж байсан Уул уурхайн хэлтсийн Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Ашигт малтмал, газрын тосны  газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх нийт 2 жил 10 хоногийн дундаж  цалин хөлстэй тэнцэх олговор 13.974.553 төгрөгөөс урьд авсан 6 сарын  үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаа тэтгэлэг болох 3.484.260 төгрөгийг хасаж тооцон Т.Батчимэгт нийт 10.490.293 төгрөгийг олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0348 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1.Нэхэмжлэгч Т.Б-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-н “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулж орон тоог хасах тухай” 6/28 дугаар тушаалын 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Үүрэгт ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Т.Б-г өмнө ажиллаж байсан Уул уурхайн хэлтсийн Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4”, 4 дэх заалтын дугаарыг “5” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал /4 дэх тал/-д “...Засгийн газрын дээрх 2014 оны 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаарыг батлахдаа Ашигт малтмалын газрын урьд байсан орон тоог цөөрүүлж 145 болгон баталсан бөгөөд тухайн тогтоолын дагуу Ашигт малтмалын газрын дарга 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн б/28 дугаар тушаалаар Бүтэц, орон тоог шинэчлэн баталсан нь хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсэгт хамаарах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоог хаасан шийдвэрийг хууль ёсны болохыг тогтоосон. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон захиргааны акт хууль ёсны болохыг буюу нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан гэдгийг давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрсөн атлаа тухайн хасагдсан орон тоон дээр ажиллаж байсан Т.Б-г ажлаас чөлөөлсөн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны б/42 дугаар тушаалыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэрийн үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан зохицуулалт буюу хариуцагч орон тоо хассан гэдэг нэрийдлээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, эсхүл зарим чиг үүрэг нэмэгдсэн буюу хасагдсан байсан бол давж заалдах шатны шүүхийн 348 дугаар магадлалыг хууль ёсны, үндэслэл бүхий гэж үзэх үндэслэлтэй юм.

Гэтэл уг ажлын байр байхгүй болсныг давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрч байгаа хэр нь ийнхүү орон тоо хассан шийдвэрийг хууль бус хэмээн дээр дурдсанаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Төрийн албаны тухай 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар нэгэнт нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан тул дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгосон нь Төрийн албаны тухай хуульд нийцсэн, хууль ёсны шийдвэр болно.

Төрийн албаны хуулийн 27.2.4 дэх заалтад заасан зохицуулалт нь албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд ямар арга хэмжээнүүдийг авч болох талаар хуульчилсан бөгөөд төсөв санхүүг хэмнэж, орон тоо, зардлыг нягтруулж, бууруулах тухай УИХ, Засгийн газрын холбогдох шийдвэрүүд нэгэнт гарсан байсан тул Ашигт малтмалын газрын дарга тухайн тохиолдолд хамгийн боломжит хувилбар буюу ажлаас халах бус, харин чөлөөлөх тушаал гаргаж, улмаар хуульд зааснаар ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болно. Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 348 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.Б нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан  2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн б/28 дугаар тушаал, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн б/42 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий тушаалуудаар “байгууллагын бүтэц өөрчлөгдсөн, ажлын байрны чиг үүрэг давхардсан, төсвийн хэмнэлтийн хүрээнд орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоог хасч, уг албан тушаалаас нэхэмжлэгчийг чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгчээс “албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн байхад ажлаас чөлөөлж, төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгаж, албан хаагчдыг чиг үүрэг нь шилжиж байгаа холбогдох агентлагт шилжүүлэхээр шийдвэрлэсэн, Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1 дэх хэсэгт зааснаар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх хэсэгт зааснаар Агентлагийн дарга нь Сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох эрхтэй ба энэ тохиолдолд Сайдын баталсан орон тоо хэд байсан, ажлын байрны зорилго, чиг үүрэг хэрхэн өөрчлөгдсөн талаар захиргааны байгууллагаас үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.

Хариуцагчаас “Геологи, уул уурхайн хэлтэст цацраг идэвхт ашигт малтмалын хариуцсан мэргэжилтний чиг үүрэг байгаа хэдий ч одоогийн байдлаар ажлын ачаалал байхгүй, бусад ажлын байрны чиг үүрэгтэй давхардсан тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоог хассан” гэж маргаж байгаа боловч ажлын ачаалал ямар байсан, аль албан тушаалын чиг үүрэгтэй давхардсан болох нь баримтаар тогтоогдоогүй, захиргааны байгууллагаас холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул захиргааны байгууллагын шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл ойлгомжгүй, тодорхойгүй байсан гэж үзэж, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Хариуцагчийн “шүүхээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо байхгүй болсныг хүлээн зөвшөөрсөн хирнээ ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” тухай гомдлын хувьд:

Маргаан бүхий б/28 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоог хассан, түүнийг үндэслэн б/42 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хэдий ч эдгээр тушаалууд нь шийдвэр гаргах ажиллагааны хувьд ялгаатай журмаар зохицуулагддаг тул гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь хэсэгт зааснаар албан тушаалын орон тоо хасагдсан бол цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих бололцоогоор хангах үүргийг захиргааны зүгээс хүлээх бөгөөд захиргаа энэхүү үүргээ хэрэгжүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй болно.

Тодруулбал, шүүхээс захиргааны байгууллагын орон тоо хасах эрхийг үгүйсгээгүй, гагцхүү орон тоо хассанаас үүсэх үр дагаврыг буруу шийдвэрлэсэн буюу төрийн албан хаагчийн баталгааг хангах, ижил төрлийн албан тушаалд шилжин ажиллах боломжоор хангаагүй, нөгөө талаар шилжүүлэн ажиллуулах боломж захиргааны байгууллагад байгаагүй гэдгийг хангалттай нотлоогүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байна. Иймээс захиргааны байгууллага маргаан бүхий орон тоо хассан шийдвэрийн үр дагаврыг өөрөө залруулж, хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах журамтай байна.

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0348 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                    М.БАТСУУРЬ   

ШҮҮГЧ                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ