Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 102/2020/01075/И |
Дугаар | 1099 |
Огноо | 2020-04-09 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 1099
2020 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2020/01099 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Б дүүрэг, дугаар хороолол, дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух Х овогт Бн Б нэхэмжлэлтэй
Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Т.Ариунболор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2371 дугаартай Шүүхийн шийдвэр, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1002 дугаартай Гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Бын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033231 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 39 дүгээр байрны 58 тоот хаягт байрлах 52.45 метр квадрат талбайтай нийтийн зориулалттай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээг тогтоолгоход төлбөрт хураагдсан дээрх орон сууцны үнэлгээ 81.437.436 төгрөг болсон бөгөөд уг үнэлгээг 2020 оны 3 дугаар сарын 02-ны 4/6420 дугаартай Албан бичгээр надад мэдэгдсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлалгүй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн.
Тодруулбал: Үнэлгээг хийх явцад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг “шинжээч хүлээн авсан шинжилгээний объектыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлэн авсны дараа батлагдсан аргачлалын дагуу шинжилгээ хийнэ”,
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээ нь хууль тогтоомжид нийцсэн байх мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” зэрэг хуульд заасан зарчим журмуудыг зөрчиж, төлбөр төлөгчийн үл хөдпөх эд хөрөнгийн үнэлгээг 81.437.436 төгрөгөөр тогтоосон нь үндэслэл муутай болсон байна.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаартай Тогтоолын дагуу Б.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамранжавын гудамжны 39 дүгээр байрны 58 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн эрхийн Ү-2205033231 дугаарт бүртгэлтэй, 52.45 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцны “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иар тогтоолгосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02371 дугаартай Шийдвэрээр Б.Боос 40.093.886 төгрөгийг гаргуулж, "Бат Ундран Мандах ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Б.Бод төлбөрийг сайн дураар биелүүлэх “Мэдэгдэл”-ийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул түүний төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 8 дугаар хороо, 39 дүгээр байрны 58 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилон үнэлгээ гаргуулахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 81.437.436 төгрөгөөр үнэлсэн.
Иймээс үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт “зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж болно” гэж заасан байх ба зохигчид “шүүхэд хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул” хүсэлтийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02371 дугаартай Шийдвэрээр Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1.1, 451.1.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Боос 39.737.250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Бат Ундран Мандах ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 82.032.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байна.
Тэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Б.Б болох нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033231 дугаарт бүртгэгдэж, 000366085 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр олгогдсоноор нотлогдож байна.
Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах
үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаж байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13187 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” Шүүгчийн захирамж, 01002 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллага 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч н.Мөнхбаярт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 19251381 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай Тогтоол гарчээ.
Улмаар хариуцагч 2019 оны 12 дугаар сарын сарын 18-ны өдрийн 19251381/18 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж,
2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19251381/19 дугаартай Тогтоолоор эд хөрөнгийг хурааж,
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэж, төлбөр төлөгч Б.Б үл хөдлөх эд хөрөнгөө 200.000.000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч төлбөр төлөгчийн хүсэлтийг зөвшөөрөх боломжгүй талаарх албан бичиг болон үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн нь бичгийн баримтаар тогтоогдож, ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй нийцэж байна.
Дээрх “Мэдэгдэл”-ийн дагуу талууд үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 120 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол гарч, хөрөнгө үнэлгээний “ Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.
2020 оны 3 дүгээр сарын 02-ны өдөр Шинжээч дүгнэлтээ ирүүлж, хариуцагч, төлбөр төлөгчид 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 4/6420 дугаартай “Мэдэгдэл”-ээр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 39 дүгээр байрны 58 тоот хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033231 дугаарт бүртгэлтэй, 52.45 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцны үнэ шинжээчийн дүгнэлтээр 81.437.436 төгрөгөөр үнэлэгдсэнийг хүргүүлсэн нь нотлогдож байна.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлож чадаагүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбараа баталсан баримт хэрэгт авагдаагүй мөн хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.