Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1423

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/01423

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч С дүүрэг, дугаар хороо, З 8 дугаар гудамж,  тоотод оршин суух, Боржигон овогт Н Б нэхэмжлэлтэй

 

       Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад    

     

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

      Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 737 дугаартай Тогтоолоор “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д 21.205.296 төгрөгийг миний бие төлөхөөр болсон бөгөөд уг тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн 219 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Пүрэвжав хариуцан гүйцэтгэж байна.

     Шийдвэр гүйцэтгэгчээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үнийн санал өгөхийг шаардсаны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хотын “А” хэсэгт байрлалтай, худалдаа үйлчилгээний цэгт орших үл хөдлөх эд хөрөнгөө 100.000.000 төгрөгөөр үнэлсэн, талууд үнийн санал дээр тохироогүй гэх үндэслэлээр шинжээч томилж, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 45.252.000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.

      Шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийн үнийн саналыг авахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч талаас үнийн санал авна гэснийг зөрчин зөвхөн нэг талыг буюу төлбөр төлөгчөөс үнийн санал авч үнэлгээг зөвшөөрсөн эсэх талаар тодруулалгүй шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээг талууд Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол мөн хуулийн 55.2.6 дахь хэсэгт заасан талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэснийг зөрчсөн байна.

      Мөн түүнчлэн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээр тогтоогоогүй бөгөөд өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэр буюу манай үл хөдлөх хөрөнгөтэй ижил төстэй эд хөрөнгийг 100-120 сая төгрөгөөр үнэлж худалдан борлуулдаг.   

     Манай газар Нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон ба улсаас газрыг 110.000.000 төгрөгөөр үнэлж, 3 өрөө орон сууцны ханшаар тооцон, Буянт-Ухаа хороололд орон сууц авах боломжийг олгож байгаа.

      Иймд иргэн миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, “Баруун баян уул”-ын 11 дүгээр гудамжны 8-А тоот хаягт байрлах 204 метр квадрат талбайтай газар, 84 метр квадрат талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг 45.252.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Иргэн Н.Бгийн нэхэмжлэлтэй, “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3385 дугаартай Шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

     Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 160 дугаартай Магадлалаараа Н.Бгийн нэхэмжлэлтэй, иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, иргэн Н.Бгээс 20.632.882 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

     Уг “Магадлал”-ыг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 737 дугаартай Тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

      Ингээд нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 737 дугаартай Тогтоолоор “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д 21.205.296 төгрөгийг төлөхөөр болсон бөгөөд уг тогтоолыг алдабан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн 219 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Пүрэвжав хариуцан гүйцэтгэсэн.

      Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үнийн саналаа өгөхийг шаардсаны дагуу нэхэмжлэгч өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 100.000.000 төгрөгөөр үнэлсэн.

     Гэвч талууд үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр хариуцагч шинжээч томилж, төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг 45.252.000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.

     Иймд шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг  зөрчиж, үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ тус дүүргийн нутаг дэвсгэрт 100.000.000-120.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа мөн дахин төлөвлөлтөнд орж, “Буянт-Ухаа” хороололд 3 өрөө байр авах санал тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байгаа тул нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, “Баруун баян уул”-ын 11 дүгээр гудамжны 8-А тоот хаягт байрлах 204 метр квадрат талбайтай газар, 84 метр квадрат талбайтай орон сууцыг 45.252.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэжээ.

 

                                 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                          Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 160 дугаартай Магадлалыг Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2019/00737 дугаартай Тогтоолоор хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Бгээс 20.632.882 төгрөгийг гаргуулж, “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д олгож, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Н.Бгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206011496 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, “Баруунбаян уул”-ын 11 дүгээр гудамжны 8-А тоот хаягт байрлалтай, 84 метр квадрат талбайтай, хувийн орон сууц мөн хаягт байрлах 204 метр квадрат талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг.

      Гэтэл төлбөр төлөгч төлбөрөө төлж үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгүүдийг хариуцагч битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй учраас шинжээч томилон үнэлгээ гаргуулахад дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 45.252.000 төгрөгөөр үнэлсэн.

      Иймээс үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

      Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03385 дугаартай Шийдвэрт, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 160 дугаартай Магадлалаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 20.632.882 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д олгож, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Н.Бгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206011496 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, “Баруунбаян уул”-ын 11 дүгээр гудамжны 8-А тоот хаягт байрлалтай, 84 метр квадрат талбайтай, хувийн орон сууц мөн хаягт байрлах 204 метр квадрат талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2019/00737 дугаартай Тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсан байна.

         

Улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч Н.Б болох нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201029706 дугаарт бүртгэгдсэн, 000234236 дугаарын гэрчилгээтэй хувийн орон сууц, Г-2201015707 дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний 000109959 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр олгогдсоноор нотлогдож байна.

       

        Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах

үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаж байна.

 

         Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13473 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” Шүүгчийн захирамж, 102/ГХ2019/01049 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллага 219 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Пүрэвжавт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 19271829 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч,19271829 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээжээ.

 

       Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 12 дугаар сарын сарын 04-ны өдрийн 1927/829/4 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хариуцагч битүүмжилж,

         

      2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1927/829/6 дугаартай Тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хурааж,    

         

      Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэж, төлбөр төлөгч Н.Б үл хөдлөх эд хөрөнгөө 100.000.000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүсэлтийг зөвшөөрөх боломжгүй талаарх албан бичиг болон үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан нь бичгийн баримтаар тогтоогдож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй нийцэж, “Мэдэгдэл”-ийн дагуу талууд үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 93 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоолоор хөрөнгө үнэлгээний “Виннэрвэй” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

       Тодруулбал, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Шинжээч дүгнэлтээ ирүүлж, хариуцагч, төлбөр төлөгчид 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4/4282 дугаартай “Мэдэгдэл”-ээр Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, “Баруунбаян уул”-ын 11 дүгээр гудамжны 8-А тоот хаягт байрлалтай, 84 метр квадрат талбайтай, хувийн орон сууц мөн хаягт байрлах 204 метр квадрат талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд 45.252.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг хүргүүлсэн нь нотлогдож байна.

 

       Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлож чадаагүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбарыг баталсан баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.