Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 182ШШ2020/00707

 

 

 

 

 

 

 

 

              2020        04          06  

         182/ШШ2020/00707

    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н.Ө ийн нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: С ХХК-д холбогдох 

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэгч Н.Ө миний бие тус байгууллагад 2011 онд үйлчилгээний ажилтангаар ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллахдаа сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Миний бие 2018 оны 04 сарын 03-ны өдөр С ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Манай байгууллага ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг байнга зөрчдөгөөс болоод хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон цахим орчноос нэр нь салдаггүй. ҮЭ-ийн хорооны дарга тэргүүлэгч нар ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалахаар байгууллагынхаа удирдлагад шаардлага тавихаар хууль бус шийдвэр гарган ажилчдыг өдөөн турхирсан, хуурамч мэдээлэл цацсан, байгууллагын нууцад халдсан гэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдаж сахилгын шийтгэл ногдуулан намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох С ХХК-ийн үйлчилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халагдсан өдөр болох 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш анхан шатны шүүх хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Иргэн Н.Ө нь С ХХК-д хугацаатай хөдөлмөрийн гэрээний үндсэнд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны гэрээтэйгээр “Үйлчилгээний ажилтан” ажлын байранд ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн. Н.Ө нь сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан тул Хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Н.Ө ийн гаргаж байсан зөрчлүүд буюу 2019 оны 1, 3, 10, 11 дүгээр саруудад гаргасан зөрчлүүдийг дурдъя. Үүнд: 1.2019 оны 1 дүгээр сарын 22-нд Н.Ө ийн шууд удирдах Ахлах ажилтан нь захиалагч компани “О” ХХК-ийн удирдах ажилтантай ажлын байрны үзлэг хийж явах үед Н.Ө ийн хариуцан цэвэрлэгээ үйлчилгээ хийж байсан хэсгийн цагаан хэрэглэл тавьдаг өрөөнд буюу ажлын байранд ор тавьсан байсныг олж илрүүлсэн. Ажлын байранд унтдаг ор байх ёсгүй тул энэ талаар шаардлага тавихад биелүүлэхээс татгалзаж, нэр бүхий удирдах ажилтнаас зөвшөөрөл авсан гэсэн нь О ХХК-ийн удирдах ажилтны нэрийг барьж худал хэлсэн болох нь тогтоогдсон. Энэхүү зөрчилд нь удирдах ажилтны зүгээс 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр аман сануулга өгсөн. 2.2019 оны 1 дүгээр сарын 23-ны өглөөний ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх хурлын үеэр компанийн өмчлөлд хамаарах мэдээлэл буюу албан бичгийг нийт ажилтнуудын дунд уншиж, бичиг дээрх мэдээллийг мушгиж, гуйвуулан тайлбарласан нь ажилтнуудыг ажилдаа гарахаас өмнөх сэтгэл санааг үймүүлж, аюулгүй байдалд болзошгүй эрсдэлийг үүсгэх зөрчил гаргасан. Н.Өийн уг үйлдлээс болж ажилтнууд ажилдаа гарахгүй байх, удирдах ажилтан руугаа дайрч давшлах гэх мэт эмх замбараагүй байдал үүсч ажил үйлчилгээ эхлэх цагаасаа хоцорч эхэлсэн байдаг. Гаргасан зөрчилтэй нь холбогдуулан Н.Өт зөрчлийн хор уршгийг тайлбарлах, зөвлөх үүднээс хэлтсийн удирдлагатай уулзахыг үндэслэлгүй татгалзсаны уулзсан байдаг. Энэхүү уулзалтаар гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байхаас гадна уулзалтын дараа зүй ёсны шаардлага тавьсан удирдах ажилтнаа үндэслэлгүйгээр гүтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хөндлөнгийн хүмүүст компанийн дотоод асуудалтай холбоотой буруу ташаа, бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг тарааж, компанийн төдийгүй, хүний нэр төрд халдсан үйлдлийг нэмж гаргасан. Иймд Н.Өийн гаргасан үйлдлүүд дээр аман сануулга удаа дараа өгсөн байсан боловч үйлдлээ ухамсарлахгүй давтан ёс зүйгүй үйлдлүүдийг гаргасан тул 2019 ны 1 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан зөрчлийг танилцуулж, бичгээр анхааруулсан. 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны хурал хийгдэж байх үед хурлыг үймүүлсэн зөрчлийг дахин гаргаж, эмх замбараагүй байдлыг ажилтнуудын дунд үүсгэсэн. Н.Ө нь энэхүү аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үйл ажиллагааны үеэр ажилтнуудын анхаарлыг татах, ажил үүрэг, аюулгүй ажиллагаатай холбоогүй мэдээлэл хийх зэргээр ажилдаа гарах гэж буй ажилтнуудын сэтгэл санааг үймүүлэх, хямраах, тавгүйтүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх зэрэг ажилтны амь нас, эрүүл аюулгүй байдалд нөлөөлсөн үйлдлүүдийг удаа дараа давтан гаргасан. Энэ нь уул уурхайн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж буй аюулгүй ажиллагааг чандлан мөрдөх ёстой онцгой бүсэд ажиллаж буй ажилтан төдийгүй, ирсэн зочин гэх мэт хүн бүрийн мөрдөх ёстой дүрэм, журмыг шууд зөрчсөн үйлдэл юм. Мөн байгууллагын төдийгүй ажилтны нэр төрд халдсан, буруу ташаа, бодит бус, мушгин гуйвуулсан мэдээллийг хэвийн ажлаа хийж буй ажилтнуудад төдийгүй олон нийтэд ил, далд хэлбэрээр тарааж, хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж буй байдал нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах бодит хохирол гаргасан. Энэ үйлдлээс хамаарч ажил үйлчилгээ цагаасаа хоцорч эхэлсэн байдаг. Энэ талаар Н.Өт компанийн зүгээс төдийгүй, О кемпийн аюулгүй ажиллагааны журмыг зөрчиж буй тухай, энэ нь ажилтнуудын амь нас, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буй талаар анхааруулга, зөвлөмжийг 2 дахь удаагаа дахин өгсөн ба дахин энэ зөрчил давтагдвал ажлаас чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээ авах бүрэн үндэслэл үүссэн байгаа тухай амаар хатуу сануулж, анхааруулж хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-нд олон нийтийн сүлжээний хэрэгслийг ашиглан байгууллагын үйл ажиллагааны талаар үндэслэл, нотолгоо баримтгүй буруу ташаа, бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг орон даяар мэдээлсэн зөрчлийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор 11 дүгээр сарын 03-ны өдөр компанийн зүгээс Н.Өтэй холбогдож, байгууллагын дүрэм журмыг хүндэтгэн биелүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж, ёс зүйтэй ажиллахыг дахин хатуу анхааруулж, аман сануулга өгсөн байдаг. 11 дүгээр сарын 30-нд компанийн сарын шилдэг ажилтан шалгаруулдаг хурлыг үймүүлж, ажилтнуудад компанийн гаргасан шийдвэрийн талаар буруу ташаа, гуйвуулсан мэдээлэл тараасан зөрчлийг гаргасан. Мөн түүнчлэн олон нийтийн сүлжээний хэрэгслээр ажилтныг үндэслэлгүйгээр гутаан доромжлох, нэр төрд халдсан үйлдлийг гаргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2-т (хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх), 28 дугаар зүйлийн 28.1.8 (аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх) дагуу ажил олгогч нь аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын талаар зааварчилгааг ажил эхлэхийн өмнө заавал өгөх үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэхэд саад болсон зөрчлийг гаргасан нь өөрөө ноцтой зөрчил бөгөөд өмнө нь зөрчлүүд гаргаж байсан тул давтан зөрчил гаргадаг ажилтан Н.Өийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцнэ. О ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй уурхайн салбарт ажиллаж буй үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээт компанийн ажилтан, мөн зочин ажил эхлэхээс өмнөх аюулгүй ажиллагааны хуралд заавал суух ёстой байдаг бөгөөд энэ хурлын ач холбогдол нь ажилд гарахаас өмнө нь ажилтны аюулгүй байдлыг хангах үүднээс үйл ажиллагааны зохион байгуулалтын талаарх цаг үеийн мэдээлэл, аюулгүй байдлын сүүлийн үеийн цаг үеийн мэдээллийг богино хугацаанд шуурхай хурал хийн мэдээлж, болзошгүй эрсдэлээс хамгаалахад оршдог. Энэ талаар О ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан, өнөөдрийг хүртэл бүх үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээт компаниуд мөрдөн ажиллаж буй “Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин /ЭМААБО/-ны удирдлагын тогтолцооны журам”-ын 9 дүгээр хэсэг буюу “Мэдээлэл харилцаа холбоо болон зөвлөгөө” хэсгийн 2, 3 зүйлүүд болон 4.3 дугаар заалтад заасан байдаг. Н.Өийн зөрчлүүдийг “О" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын “Аюулгүй ажиллагааны зөрчлийн тухай журам”-ын 6.1 (Аюулгүй ажиллагаа бол ажилтан бүрийн үүрэг хариуцлага бөгөөд ажилтнууд өөрийн болон хамтран ажиллагсдынхаа аюулгүй байдлын төлөө хариуцлагатай ажиллахын тулд аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд баримтлан, дагаж мөрдөх үүрэгтэй), 6.2 (Үндэсний ажиллагаа бол ажилтан бүрийн үүрэг хариуцлага бөгөөд ажилтнууд өөрийн болон хамтран ажиллагсдынхаа аюулгүй дүрэм, журам, стандарт, зааварчилгаа, ажлын стандарт журам зэргийг заавал дагаж мөрдөх үүрэгтэй), 6.5.2 (Өөрийгөө журам, стандартыг аюул, эрсдэлд оруулахгүй байх), 7.1 (Гэрээт компанийн ажилтан зочин энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд түүнд ногдуулах сахилгын шийтгэлийг ажил олгогч нь хариуцна) дахь заалтууд, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм”-ийн 3.1, 10.2.4, 10.2.5 дахь заалтууд, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.1, 11.3, 11.5, 11.6 дахь заалтуудыг тус тус мөрдлөг болгон зөрчлийг илрүүлж, ажилтанд танилцуулж, зөвлөмж, зөвлөгөө, анхааруулгыг хууль журмын дагуу хэрэгжүүлэн арга хэмжээнүүдийг шат дараатайгаар тухай бүр авсан байдаг. Иймд Н.Өийн зөрчлүүд нь ажилтнуудыг ажлын байран дээрх аюулгүй байдлын зааварчилгаа авах, компани цагтаа ажлаа эхлүүлэхэд саад болж хэвийн үйл ажиллагааг алдагдуулах улмаар ажилтнуудад сэтгэл зүйд удаа дараа нөлөөлж, амь нас, эрүүл мэндэд нь болзошгүй эрсдэл учруулах үйлдлүүд тул тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3- заасан бичгээр сануулга өгсөн. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 07, 22, 30-ны өдрүүдэд гаргасан зөрчлүүд нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.7, 5.1.10, 5.1.16 ба 5.1.18-д заасан ноцтой зөрчил байсан тул “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан. Ийнхүү 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн HR2-1181 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан шаардлагыг хангасан болно Иймд Н.Өийн гаргасан нэхэмжлэхийг хангахгүй орхиж шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч С ХХК-д холбогдуулан С ХХК-ийн О төслийн салбарт Үйлчилгээний хэлтэст үйлчилгээний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь Н.Ө сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Н.Ө нь С ХХК-ийн О салбарт Үйлчилгээний хэлтэст үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаад тус компанийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн HR2-1181 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.1.10, 5.1.3, 5.1.18 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.7.9, 11.7.18, 11.7.22 дахь хэсгүүдэд заасан ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч Н.Өийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа компанийн удирдлага Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.1.10, 5.1.3, 5.1.18 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.7.9, 11.7.18, 11.7.22 дахь хэсгүүдэд заасан ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгож байх ба ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлаас халсан үндэслэлээ тушаалдаа тодорхой заах, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль нэг заалтыг заавал баримтлах зүйл заалтыг баримтлаагүй түүнийг ажлаас чөлөөлсөн байна. Тиймээс уг тушаалыг хууль зүйн үндэслэл бүхий гэж дүгнэх боломжгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.

          

Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцан цэвэрлэгээ үйлчилгээ хийж байсан хэсгийн цагаан хэрэглэл тавьдаг өрөөнд буюу ажлын байранд ор тавьсан байсныг олж илрүүлсэн. Ажлын байранд унтдаг ор байх ёсгүй тул энэ талаар шаардлага тавихад биелүүлэхээс татгалзаж, нэр бүхий удирдах ажилтнаас зөвшөөрөл авсан гэсэн нь О ХХК-ийн удирдах ажилтны нэрийг барьж худал хэлсэн болох нь тогтоогдсон. 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өглөөний ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх хурлын үеэр компанийн өмчлөлд хамаарах мэдээлэл буюу албан бичгийг нийт ажилтнуудын дунд уншиж, бичиг дээрх мэдээллийг мушгиж, гуйвуулан тайлбарласан нь ажилтнуудыг ажилдаа гарахаас өмнөх сэтгэл санааг үймүүлж, аюулгүй байдалд болзошгүй эрсдэлийг үүсгэх зөрчил гаргасан. 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны хурал хийгдэж байх үед хурлыг үймүүлсэн зөрчлийг дахин гаргаж, эмх замбараагүй байдлыг ажилтнуудын дунд үүсгэсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-нд олон нийтийн сүлжээний хэрэгслийг ашиглан байгууллагын үйл ажиллагааны талаар үндэслэл, нотолгоо баримтгүй буруу ташаа, бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг орон даяар мэдээлсэн зөрчлийг гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр компанийн сарын шилдэг ажилтан шалгаруулдаг хурлыг үймүүлж, ажилтнуудад компанийн гаргасан шийдвэрийн талаар буруу ташаа, гуйвуулсан мэдээлэл тараасан зөрчлийг гаргасан. Мөн түүнчлэн олон нийтийн сүлжээний хэрэгслээр ажилтныг үндэслэлгүйгээр гутаан доромжлох, нэр төрд халдсан зөрчилүүдийг гаргасан, түүнд амаар сануулах арга хэмжээг авч байсан гэж ажил олгогч тайлбарласан, нэхэмжлэгч тал ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гараагүй байхад үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж тус тус тайлбарлаж байгаагаас үзэхэд тухайн үйл баримт болсон гэдэг нь тодорхой байгаа боловч Н.Ө ийг ажлаас чөлөөлөх ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заасан хэдий ч Н.Өийг гаргасан гэх зөрчил нь уг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй байх тул түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

  

Иймд хариуцагч С ХХК нь ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халах хуулиар тогтоосон үндэслэл, журам зөрчиж, нэхэмжлэгч Н.Өийг эрхэлж байсан ажлаас нь буруу халсан гэж шүүх дүгнэн, түүнийг С ХХК-ийн О төслийн салбарт Үйлчилгээний хэлтэст үйлчилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Н.Өийг 2019 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 2.817.387 төгрөгийг 3 сард тооцоод /2.817.387 төгрөг: 3сар/ дундаж цалин 939.129 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 939.129 төгрөгийг ажлын 22 хоногт тооцоод /939.129 төгрөг: 22 хоног/ 42.687 төгрөг болж байна. 

 

Иймд 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 2020 оны 4 дүгээр сарын 06-ныг хүртэлх хугацааны цалин 3.713.828 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Н.Ө олгож шийдвэрлэв.   

     

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй.    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                         

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Өийг С ХХК-ийн О төслийн салбарт Үйлчилгээний хэлтэст Үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.713.828 /гурван сая долоон зуун арван гурван мянга найман зуун хорин найман/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Н.Өт олгосугай.  

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Өийг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч С ХХК-д даалгасугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 74.371 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.    

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ДАВААСҮРЭН