Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1259

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01028 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э” ХХК,  Б.Б нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 92 969 062 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Б-ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б миний бие АНУ-д амьдарч байхдаа тус улсын Виржина мужийн “Тоёота” компаниас 37 233,60 ам.доллартай тэнцэх МЛ-350 маркийн “Мерседес бенз” машиныг худалдан авч 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улс руу ачуулахаар болсон. Ингээд АНУ-ын Лос-Анжелис хотод үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК тээвэр зуучлалын компанид хандсан. Тэнд гүйцэтгэх захирал, газрын ачаа хариуцсан иргэн Б.Б гэгч нь миний автомашиныг хүлээн авсан ба үлдэгдэл төлбөрийг хийж дууссаны дараа ачуулах нөхцөлтэйгээр тохирч автомашинаа түүнд орхиод явсан. Ингээд Монгол Улсад ирээд 1 жилийн дараа мөнгөө төлж дуусгаад “ачихад бэлдээд явуулаарай” гэхэд АНУ дахь захирал Б.Түвшинбаяр, хувь эзэмшигч н.Баасандорж нар нь “...автомашиныг Б.Б-д үлдээсэн, тэр учрыг нь олсон, бид болон надад мэдэх юм байхгүй” гэж түүний утсыг өгсөн. Гэвч тэрээр олдохгүй байсан. Харин 2015 оны намар Монгол Улсад ирснийг мэдээд фэйсбүүк хаягаар утсыг нь мэдэж уулзахыг хүссэн боловч элдэв шалтаг тоочиж, зугатааж эцэст нь таны автомашиныг АНУ-ын Лос-Анжелис хотын “Тоёота”-гийн дилер аваад явсан мэтээр худлаа ярьж, мөн зугтаагаад байсан тул хохирлоо барагдуулахаар арга буюу цагдаад хандсан. Түүнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар 201626021388 тоот эрүүгийн хэрэг үүсэн шалгахад тэрээр “миний буруутай үйл ажиллагаанаас бусдын хөрөнгийг үрэгдүүлсэн” гэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулна, шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн тул өршөөлийн хуульд хамруулан түүнд холбогдох хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг автомашины төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлж дуусгах бөгөөд сар бүр “Тоёота” компанид 620.56 ам доллар төлж байсан. Учир нь гэрээний дагуу сар бүр төлдөг маш хатуу хуультай, зөрчвөл торгууль төлбөр болоод АНУ-д амьдрах, цагаачлах эрхтэй холбоотой учраас бид одоо болтол автомашинаа унаж аваагүй мөртлөө төлбөрөө төлж давхар давхар хохирсоор байсан. Иймд миний “Мерседес бенз” МЛ-350 маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн, бор саарал өнгийн автомашины төлбөр болох 37 233,60 ам.доллар буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ханшаар /1 ам доллар 2 490,24 төгрөг/ 92 969 062 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АНУ-ын Калифорниа мужийн Лос-Анжелес хотын хуулийн этгээдийн бүртгэлийн /компани, аж ахуй нэгж байгууллагын бүртгэл/ газарт бүртгэлтэй, “Э” ХХК-д 2012 оны 02 дугаар сараас 2014 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байсан бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч байгаагүй, мөн гүйцэтгэх захирал хийж байгаагүй, зөвхөн цалин авч ажиллаж байсан. Тухайн үед компаниас намайг тушаал гаргаж ажиллуулж байсан. “Э” ХХК-д 2014 оны 02 дугаар сараас ажиллахаа болж, “Из и эйч” гэх тракны компанид 1 сар гаран ажиллаж, мөн бусад ажил хийж байгаад бие өвдөн 2015 оны 3 дугаар сарын сүүлээр Монгол улсад ирсэн. Намайг 2014 оны 02 дугаар сард ажлаас гарах үед тус компани түрээсэлж байсан агуулахаа чөлөөлөх шаардлагатай болж, автомашин тэрэг болон Монгол улс руу тээвэрлэх бусад ачааг өөр агуулах руу зөөх шаардлагатай болж, нэхэмжлэгч Д.Б-н автомашиныг хашаанд тавьсан байсан. Уг автомашиныг би аваагүй, үрэгдүүлээгүй. Нэхэмжлэгч автомашиныг авч үрэгдүүлсэн гэж байгаа боловч энэ автомашин тус компанийн агуулах, хашаанд байсныг нь харсан болохоос надад хүлээлгэн өгөөгүй. Эрүүгийн хэрэгт гэрчээр оролцсон Б.Баасандорж “...ажлаас гарахдаа надад МL350 гэсэн автомашин байгаа” гэж хэлсэн болохоос надад хүлээлгэн өгөөгүй. Би тухайн үед хүлээн авсан бол тус автомашины худалдах-худалдан авах гэрээ, эзэмшигчийн гэрчилгээ зэргийг хүлээлгэн өгөөгүй учир би тухай автомашиныг “Э” ХХК-ийн Монгол улс руу газраа чингэлэгт явуулах бүртгэлд бүртгээгүй болно. Б.Б би уг автомашиныг аваагүй гэдгээ 2015 оны 3 дугаар сард Монгол улсад ирээд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудагдаж тайлбар, байцаалт авч байхад тухай бүр нь хэлж байсан. Гэтэл мөрдөн байцаагч н.Манлай “чи автомашин үрэгдүүлсэн гэдгээ бичээд өгчих, өршөөлийн хуульд хамрагдаад хэрэгсэхгүй болно” гэж ятгаж би тэр үед нь төлбөр төлөхгүй болж, өршөөлд орох юм байна гэж бодоод зөвшөөрсөн. Гэтэл мөрдөн байцаагч надад бичих зүйлийг зааж өгч би 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үрэгдүүлсэн гэх бичиг хийж өгсөн. Гэтэл Д.Б иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасныг гардаж аваад Нийслэлийн прокурорын газарт очиж, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 144 дүгээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг авсан. Б.Болд миний бие буруу ойлгон гэм буруутай гэж хүлээн зөвшөөрснөө мэдэж Нийслэлийн прокурорын газарт 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 144 дүгээр “Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Б.Б миний зүгээс аваагүй автомашин, үрэгдүүлээгүй зүйлийнхээ төлөө Д.Б-д 92 969 062 төгрөг төлөх боломжгүй. Д.Байгаль нь АНУ-ын хуулийн байгууллагад хандаж, МL350 автомашиныг үрэгдүүлсэн этгээдийг олж, түүнээс нэхэмжлэх хэрэгтэй. Иймд Д.Б-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд болох “Э” ХХК нь тухайн улсдаа бүртгэлтэй тамга тэмдэгтэй, тухайн улсдаа татвар төлөгч хуулийн этгээд гэдэг нь тодорхой юм. Нэхэмжлэгч талаас Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд болох “Э” ХХК-ийн салбарыг манай компани гэж тайлбарлаж, тэдний хүлээх үүрэг хариуцлагыг биднийг хүлээх ёстой гэж тайлбарладаг ч энэ тухайгаа нотолсон баримтгүй байхад өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаачлан хэрэв бид Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд болох “Э” ХХК-ийн салбар байсан бол Монгол улсад хуулийн этгээдийн эрхгүй, шүүхэд бие даан нэхэмжлэгч, хариуцагч байх боломжгүй, өөрсдийн нэрээр банкан дахь харилцах данс эзэмших эрхгүй, толгой компаниас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид салбарыг удирдах нь тодорхой юм. Монгол Улсын хуулийн этгээд “Э” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэн хуулийн этгээдийн гэрчилгээ тамга тэмдэг авч, банк санхүүгийн байгууллагад данс эзэмшигч эрх зүйн этгээд болж, татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагаар бүртгүүлэн үүсгэн байгуулагдсанаас авахуулан өнөөг хүртэлх хугацаанд хуулийн дагуу идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн, цаашид ч бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах болно. Нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг бид тухайн компанийн салбар, төлөөлөгчийн газар байсан ч салбар төлөөлөгчийн газарт хандаж нэхэмжлэл гаргаж, хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй. Уг хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Б.Б гэгч нь манай компанийн ажилтан биш мөн бидэнтэй ямар ч холбоо хамааралгүй этгээд болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан хамтран хариуцагчаар хэрэг маргаанд татагдахын тулд тухайн харилцаанд хамтран үүрэг гүйцэтгэгч байх шаардлагатай. Б.Б болон Монгол улсын хуулийн этгээд “Э” ХХК-иуд нь Д.Б-ийн өмнө хамтран үүрэг хүлээж буй тохиолдолд хамтран хариуцагчаар татагдах үндэстэй. Гэтэл энэхүү хэрэгт ямар ч нотлох баримтгүйгээр хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.Б-ийн өөрийн хүсэлтээр 2013 оны 5 дугаар сараас 2014 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд Б.Б-ыг манай компанид ажиллаж, гаалийн бүрдүүлэлт хийж байсан эсэх талаарх лавлагааг Гаалийн ерөнхий газраас авахуулахад “Ийм мэдээлэл гаалийн мэдээллийн санд бүртгэлгүй” байгаа тухай хариу ирсэн. Б.Б нь манай компанид хамааралгүй болох нь мөн “Э” ХХК нь энэ хэрэгт хамааралгүй болохыг нотолж байна. Д.Б-ийн нэхэмжлэлд дурдагдсанаар хэргийн үйл баримт нь Америкийн нэгдсэн улсад болж, нэхэмжлэгч нь “Тоёота” компаниас худалдаж авсан автомашинаа тус улсын хуулийн этгээд “Э” ХХК-д ажилладаг Б.Баасандоржид үлдээгээд явсан байх бөгөөд Америкийн нэгдсэн улсад болж өнгөрсөн үйл баримтад Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд хариуцлага хүлээхээр хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэм хорын хохиролд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлээс Монгол улсын хуулийн этгээд болох “Э” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Б-с 92 969 062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б- ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Б.Б-с 622 795 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Б-ын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дараах эргэлзээтэй зүйлсийг шүүхээс үнэлэлгүй, дүгнэлт хийлгүйгээр шүүх шийдвэр гаргаад байгаа нь хууль бус болжээ. Тус нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь Д.Б мөн эсэхийг шүүхээс тогтоогоогүй. Учир нь Д.Б-ийн өөрийн шүүхэд гаргаж буй тайлбар нь тус МL 350 маркийн автомашиныг АНУ-аас өөрийн ах болох Жаргалсайхан худалдан авч, гэрээ хийсэн гэдэг. Гэвч тус гэрээ нь хэрэгт эх хувиараа байхгүй байгаа нь Д.Б шаардах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна. АНУ-д болсон үйл явдлыг Д.Б гэгч автомашин худалдах-худалдан авах гэрээ хийгээгүй этгээд Монгол Улсын цагдаа, шүүхээр дүгнүүлэх гээд яваад байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн тайлбараар н.Жаргалсайхан гэх ах нь өнөөдрийг хүртэл АНУ-д ажиллаж амьдарч байгаа гэдэг. Тэгвэл АНУ-д болсон үйл явдлыг шаардах эрхтэй Жаргалсайхан нь АНУ-ын цагдаа, шүүхэд хандахгүй байгаа нь эргэлзээтэй. Мөн АНУ-д үйл ажиллагаа явуулдаг гэх “Э” ХХК-д автомашинаа хүлээлгэн өгсөн гэдэг бөгөөд АНУ-д автомашин хүлээн авсан компани нь оршин байхад яагаад АНУ-ын шүүх цагдаад энэ талаар гомдол гаргахгүй байгаа нь эргэлзээ үүсгэж байна. н.Жаргалсайхан нь тус маргаж буй хөрөнгө болох МL 350 маркийн автомашиныг эзэмшиж ашиглаагүй гэх баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "...АНУ-д тус машиныг өөр хүн эзэмших боломжгүй тэнд хууль чанга даатгалгүй машин хилээр гаргахгүй..." гэх бөгөөд тэгвэл тус автомашиныг н.Жаргалсайхан ашиглаж байгаа эсэх нь тодорхойгүй үүнийг цагдаа болон шүүхийн аль ч шатанд тодруулаагүй. Мөн шүүх хуралдаанд гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт зөрүүтэй мэдүүлэг өгснийг шүүхээс үнэлээгүй. Гэрч н.Мядагмаа хэлэхдээ "...Д.Б эгч мөнгөлөг саарал өнгийн машин авсан..." гэдэг бол гэрч Д.Б-ийн нөхөр гэх гэрчийн мэдүүлэгт "...Бор шаргал өнгийн машин..." гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн. Үүнээс харахад нэхэмжлэгч Д.Б нь 2 өөр өнгийн машин авсан, энэ 2 өөр өнгийн машин нь авсан эсэх нь тодорхойгүй хэргийн материалд тус автомашинуудын талаар баримт байхгүй, нэхэмжлэгч Бор шаргал машины төлбөр нэхэмжлээд байгаа юм уу, саарал мөнгөлөг өнгийн машины төлбөр нэхэмжлээд байгаа нь эргэлзээтэй.

Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад Б.Б-д дарамт шахалт үзүүлэн байцаалт авсан мөн энэ хэргийн талэар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1 дэх хэсэгт заасан зарчим болох яллах, цагаатгах баримтыг адил тэгш цуглуулаагүй, хууль ёсны шударга байх зарчмыг ноцтойгоор зөрчсөн байцаан шийтгэх ажиллагааг шударга шүүх үнэлж, шийдвэр гаргаж байгаа нь хууль ёсны, шударга байх зарчмыг алдагдуулж байна. Мөн “Э” ХХК-д ажиллаж байсан тухай Б.Болд маргадаггүй энэ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг шүүхээс хуулийн заалтыг буруу тайлбарлан шийдвэр гаргажээ. Мөн тухайн маргаж буй автомашины үнэлгээ нь 3 өөр үнэлгээ хэрэгт байдаг. Зах зээлий үнэлгээ нь хэр бодит болохыг шүүхээс тогтоогоогүй нь буруу болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Э” ХХК, Б.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 92 969 062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 161 дүгээр талд 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн машин зээлээр худалдан авах гэрээ авагдсан бөгөөд уг гэрээнээс үзвэл Монгол Улсын иргэн Д.Жаргалсайхан нь АНУ-ын Виржина мужид Күүнс Тайсон Тоёота байгууллагаас 2007 онд үйлдвэрлэсэн Мерседес МЛ-350 маркийн хуучин автомашиныг 60 сарын хугацаатай, сар бүр 620.56 ам.доллар төлөх нөхцөлтэйгээр нийт 37 233.60 ам.доллараар худалдан авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Д.Б өөрийн ах Д.Жаргалсайханы зээлээр худалдан авсан дээрх автомашиныг 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдөр АНУ-ын Лос Анжелас хотод тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулж байсан хариуцагч “Э” ХХК-д Монгол Улс руу тээвэрлүүлэхээр тус компанийн менежер Б.Баасандоржид машиныхаа үлдэгдэл төлбөрийг хийж дуусаад ачуулах нөхцөлтэйгээр хүлээлгэн өгснийг, Б.Баасандорж нь тус компанийн агуулахад хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбар, гэрч Б.Баасандоржийн  мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон гэж үзнэ.

 

Хариуцагч Б.Б нь 2012 оны 2 дугаар сараас 2014 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд АНУ-ын Лос Анжелас хотод үйл ажиллагаа явуулж байсан “Э”    ХХК-д ажиллаж байсныг талуудын хэн аль нь үгүйсгээгүй байна.

 

Хариуцагч Б.Б шүүхэд “2014 оны 2 дугаар сард тус компани түрээслэж байсан агуулахаа чөлөөлөх шаардлагатай болж нэхэмжлэгч Д.Б-ийн автомашиныг хашаанд гаргаж тавьсан, нэхэмжлээд байгаа автомашиныг тус компанийн агуулах, хашаанд байсныг харсан болохоос хүлээн аваагүй” гэх тайлбар, гэрч Б.Баасандоржийн “2013 оны 8 дугаар сард Д.Б гэдэг хүн Америкийн нөгөө эрэг Вержина мужаас манай компани руу машинаа унаад Монгол Улс руу ачуулна гэж ирсэн. Би хүлээж аваад гүйцэтгэх захирал Б.Б-д хүлээлгэн өгсөн. Манай компанийн агуулахад удаан байсан. Машины хувьд Вержина мужийн нөгөө эргийн дугаартай Мерседес МЛ-350 маркийн 2008 оны автомашин байсан компанийн гараашид үлдээсэн, би 2014 оны 3 дугаар сард Монголдоо ирсэн... бичиг баримтууд нь машиндаа байсан” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар маргааны зүйл болох автомашиныг нэхэмжлэгч  Д.Байгаль нь хариуцагч  “Эм жи ложистик” ХХК-д хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбар болон бусад бичгийн нотлох баримтаас үзвэл хариуцагч  “Э” ХХК нь АНУ-аас Монгол Улс руу ачаа тээвэрлэх тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд тус компани АНУ-д бүртгэлтэй компани гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Б хариуцагч “Э” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан тээвэр зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Хариуцагч “Э” ХХК-д хариуцагч Б.Б ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон гэрч Б.Баасандоржийн мэдүүлэг, хариуцагч Б.Б-ын тайлбар зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Хариуцагч Б.Б нь “Э” ХХК-д ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ нэхэмжлэгч Д.Б-н автомашиныг үрэгдүүлсэн тул түүний бусдад учруулсан гэм хорыг “Э” ХХК хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий  дүгнэлт хийж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч Б.Б-д гэм хорын хохирлыг хариуцуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул хариуцагч “Э” ХХК-иас гэм хорын хохиролд 92 969 062 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, Б.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Б-ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01028 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 92 969 062 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, Б.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч Б.Б-с” гэснийг “хариуцагч “Э” ХХК-иас” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ     

           

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ