Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 182ШШ2020/00788

 

й

 

 

 

 

 

 

 

                      2020        04         13  

                  182/ШШ2020/00788

    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж М ХХК-д холбогдуулан

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71.498.800 төгрөг, нэмэлт зардал 31.044.100 төгрөг, нийт 102.542.810 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, А.Э, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

                                                                            

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ж М ХХК (захиалагч тал) болон Ж ХХК (гүйцэтгэгч тал)-ууд хооронд харилцан тохиролцож шилэн кабел татах тухай ЖН-13/175 тоот гэрээг байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэх ажлын гүйцэтгэлийн хугацаа 45 хоног, гэрээний төлбөр 178.747.000 төгрөгөөр тусгаж, урьдчилгаа 60% буюу 107.248.000 төгрөгийг шилжүүлсэн. Гүйцэтгэгч талаас ажил гүйцэтгэх явцад нэмэлт зардал гарах болсныг тухай бүрт захиалагч талд танилцуулж зөвшилцөн ажлыг 25 хоногт хийж гүйцэтгэсэн. Нэмэлт зардал 31.044.100 төгрөг гарсан. Гэрээний үлдэгдэл 40% буюу 71.498.800 төгрөг, нийт 102.542.810 төгрөгийг захиалагч тал болох Ж М ХХК-иас гаргуулж өгнө үү. Ж ХХК нь Ж М ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №ЖН-13/175 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу үйлчилгээг үзүүлсэн. Гэрээний 5.6 заалтад заасны дагуу нэмэлтээр хийж гүйцэтгэх ажлыг тухай бүрт захиалагч талд танилцуулан харилцан зөвшилцөж гүйцэтгэгч талаас нэмэлт зардал 31.044.100 төгрөг гарсан. Гүйцэтгэгч талаас гэрээний 5.8 заалтад заасны дагуу тухайн үед ажил хүлээлцсэн акт буюу ажлын тайланг гаргаж, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төсөв тооцон хүлээлгэж өгөх гэсэн боловч одоог хүртэл хүлээн аваагүй, 2015 оны 12 дугаар сарын 02-нд гэрээний дагуу хийсэн ажлын баганын тоо, шилэн кабелийн хэмжилтийг 2 талаас хийж баримтжуулсан. Захиалагч тал гэрээний дагуу байгуулсан шилэн кабелийн сүлжээг одоог хүртэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нисэх-Биокомбинат-Шувуун фабрик- К1 чиглэлд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа болно. Захиалагч талаас гэрээний төлбөрийн үлдэгдэл, нэмэлтээр гаргасан зардлын төлбөрийг төлөх талаар албан болон албан бус байдлаар удаа дараа мэдэгдэж байсан гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Ж ХХК нь манай компанитай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЖН-13/175 тоот “Ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж, гэрээгээр ажлыг гүйцэтгэхдээ ажлын 45 хоног буюу 2013 оны 12 дугаар 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч Ж ХХК нь уг ажлын гүйцэтгэлийг өнөөдрийг манайд хүлээлгэж өгөөгүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай компани нь уг ажлын зардалд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 107.248.000 төгрөг төлж, гэрээний хугацаанд хүлээн аваад 2014 оны 6 дугаар сард өөрсдийн хэрэглэгчдэд шилэн кабелийн интернет үйлчилгээ өгөх төлөвлөгөөтэй байсан тул 2014 оны 5 дугаар сарын сүүлээр уг шилэн кабелийг ашиглаж эхэлсэн үүнээс хойш, шаардлага хангаагүй гүйцэтгэсэн ажлын гэмтлүүдийг өөрсдийн зардлаар гүйцэтгэж байсан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ж ХХК нь манай компанитай 2013 оны 10 дугаар 16-ны өдрийн ЖН-13/175 тоот “Ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж, гэрээгээр ажлыг гүйцэтгэхдээ ажлын 45 хоногт буюу 2013 оны 12 дугаар 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч Ж ХХК нь уг ажлын гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл манайд хүлээлгэж өгөөгүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Мөн манай компани нь уг ажлын зардалд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 107.248.000 төгрөг төлж, гэрээний хугацаанд хүлээн аваад 2014 оны 6 дугаар сард өөрсдийн хэрэглэгчдэд шилэн кабелийн интернет үйлчилгээ өгөх төлөвлөгөөтэй байсан тул 2014 оны 5 дугаар сарын сүүлээр уг шилэн кабелийг ашиглаж эхэлсэн бөгөөд үүнээс хойш, шаардлага хангаагүй гүйцэтгэсэн ажлын гэмтлүүдийг өөрсдийн зардлаар гүйцэтгэж байсан. Иймд Ж ХХК гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгээс буюу 107.248.000 төгрөгөөс 150 хоногийн алданги 48.261.600 төгрөг, гүйцэтгэвэл зохих ажилд дутуу хийсэн ажил буюу нэг бүр нь 475.000 төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг бетон хөлтэй баганын үнэ ажлын хөлс 22.325.000 төгрөг, гэрээний 1 жилийн баталгаат хугацаанд 7 удаагийн гэмтэлд манай компани өөрсдийн зардлаар хийсэн ажлын бараа материалын зардал болон ажлын хөлс 7.564.800 төгрөг, нийт 78.991.400  төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч талаас ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 25-нд гэрээнд заасан хугацаанд дуусгаж ажлыг хүлээлгэж өгөхөөр ажлын тайланг захиалагч талд удаа дараа хүргүүлсэн боловч энэ талаар тухайн үед ажил хүлээж авах эзэн олдоогүй. /Ажлыг гүйцэтгэсэн гэрч Б.Д шүүхэд гаргасан тайлбарт тодорхой байгаа. Иймд манай талаас гэрээний хугацаанд ажлыг хүлээлгэж өгсөн гэж үзэж алданги тооцсон 48.261.600 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг мэдэгдье. Ажлын тайланг Ж М ХХК-ийн техникийн газрын захирал Н.Б тухайн анх хүлээж аваад өөрийн инженер н.Э гэх хүнийг манай компани дээр ирж танилцаад тайлан болсон байна манай компани руу баталгаажуулаад ирүүл гээд явсан нь гэрээний ажлыг хүлээн зөвшөөрсөн, мөн 2017.08.21-ний өдрийн 17/152 тоот албан бичгээр Ж М ХХК-нд хүргүүлсэн мэдэгдэлд “...Шувуун фабрикаас 1К станц хүртэлх трассын хэсэгт туул голыг хөндлөн гарахад зориулж 900 метр газарт 17 шон төлөвлөсөн байсан боловч ажил гүйцэтгэх явцад Туул голын карьерын хэсгийн газрыг ухахад 40 см-т ус гарч байсан тул шилэн кабелийн трассыг газраар бус агаараар татах шаардлага бий болсон. Манай компани өөрийн хөрөнгөөр 60 шонг худалдан авч нийт 77 бетон шонг 70-80 метр зайд суурилуулж кабелийг агаараар татсан. Манай компани ажлыг гүйцэтгэх явцад асуудал гарах бүрт танай компанийн холбогдох түвшний хүмүүст мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр ажлуудыг гүйцэтгэсэн болно...” гэсэн нь гүйцэтгэвэл зохих ажлыг дутуу хийсэн гэх үндэслэл биш юм. Ийм учир нэмж суурилуулах 47 баганын зардал 22.325.000 төгрөг манай талаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Өдийг хүртэл манай талаас гэрээний үүргийн хүрээнд байгуулсан шилэн кабелийн сүлжээг Ж М ХХК-ийн тал ашиглаж байгаа болно. Ж М ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд шилэн кабелийн гэмтлүүдийг засах байсан гэх бүртгэлд кабелийн шугамын технологийн дагуу хэмжилт хийсэн гэмтсэн цэгийн метрийг оруулаагүй, оптик шилэн кабел тасалсан /гэмтсэн/ тухай акт байхгүй баталгаажуулаагүй байгаа нь 7 удаагийн гэмтэл нь манай талын гүйцэтгэсэн ажлын алдаанаас учирсан гэмтэл гэж үзэхгүй байна. Mөн манай талаас урьд нь Ж М ХХК-ийн кабел хариуцсан инженер техникийн ажилтнуудтай хамтран ажиллаж хэмжилт хийхэд тасарсан/гэмтсэн/ гэх цэгүүд нь гадны нөлөөтэй /бүтээн байгуулалтын ажлаас/тасарсан байсан ба манай компанийн суурилуулж холболт залгааг нь хийсэн ажиллагаанаас үүдэлтэй тасалдал гэмтэл гараагүй бөгөөд гадны нөлөөтэй үүссэн гэмтлийг гүйцэтгэгч тал хариуцахгүй болно. Тухайлбал энэ талаар 2018.04.19-ний өдрийн 18/085 тоот албан бичигт “...шувуун фабрик Ж станцаас хэмжилт хийхэд 6,592-км, 7,324-км, 8,555-км, 14,533-км-д4 га шилэн кабел унтралттай гарсан. Ж ХХК-ийн суурилуулсан шилэн кабелийн муфтны /кабелийн залгаас/ цэг, метртэй эдгээр унтралттай гарсан цэгүүд нь давхцахгүй байгаа..." зэргээр учирсан гэмтлүүд нь гүйцэтгэгч талын ажиллагаатай холбоогүй байгаа талаар дурдаж дээрх гэмтлийг засварлахад манай талаас хамтарч гүйцэтгэх саналаа хүргүүлж байсан зэргээс үндэслээд засварын зардалд зарцуулсан гэх 7.564.800 төгрөгийг зардлыг үгүйсгэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                             

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Ж М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71.498.800 төгрөг, нэмэлт зардал 31.044.100 төгрөг нийт 102.542.810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд үндэслэлээ, Ж ХХК нь ажлын гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл манайд хүлээлгэж өгөөгүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хариуцагч Ж М ХХК нь нэхэмжлэгч Ж ХХК-д холбогдуулан гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгээс буюу 107.248.000 төгрөгөөс 150 хоногийн алданги 48.261.600 төгрөг, гүйцэтгэвэл зохих ажилд дутуу хийсэн ажил буюу нэг бүр нь 475.000 төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг бетон хөлтэй баганын үнэ ажлын хөлс 22.325.000 төгрөг, гэрээний 1 жилийн баталгаат хугацаанд 7 удаагийн гэмтэлд манай компани өөрсдийн зардлаар хийсэн ажлын бараа материалын зардал болон ажлын хөлс 7.564.800 төгрөг, нийт 78.991.400 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ж М ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд тооцооллын алдаа гаргасан тул шүүх хуралдаан дээр Ж ХХК-иас 840.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  

Нэхэмжлэгч Ж ХХК болон хариуцагч Ж М ХХК нарын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2013 оны 10 дугаар сарын 16-ний өдөр байгуулагдаж /хх-ийн 5-14/, нэхэмжлэгч нь “Нисэх-1К” чиглэлийн шилэн кабел татах ажил, “Био комбинат шувуун фабрик” хэсгийн шилэн кабел татах ажил, “шувуун фабрик-1К” хэсгийн шилэн кабел татах ажлыг хийж өгөх, гэрээний үнийн дүн нь НӨАТ тооцсон бөгөөд бүгд 178.747.000 төгрөгөөр тогтоож, гэрээний хүчинтэй хугацаа гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 45 хоног, гэрээний 4.2-д захиалагч нь гэрээгээр гүйцэтгэх ажлын урьдчилгаа төлбөр 60 хувь буюу 107.248.200 төгрөгийг гэрээ батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгчид нэхэмжлэлийг үндэслэн олгоно. Гэрээний 4.3-д гэрээний ажлыг гүйцэтгэж дууссаны дараа гүйцэтгэгч ажлын актыг бүрэн үйлдэн, захиалагчид хүлээлгэн өгснийг үндэслэн ажлын 3 хоногийн дотор гэрээний үнийн 30 хувь буюу 53.624.100 төгрөгийг ирүүлсэн нэхэмжлэлд үндэслэн төлөх, гэрээний 4.4-д гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 17.871.700 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын баталгаат хугацааг дуусахад гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг үндэслэн төлөх, гэрээний 5.7-д захиалагч болон гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хийх ёстой ажлаа хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол саатуулсан хоног тутам хийх ёстой ажлын үнийн дүнгийн 0,3 хувь алданги байхаар  тус тус гэрээнд заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр хариуцагч Ж М ХХК нь ажлын нийт хөлсөнд 178.747.000 төгрөгийг төлөх, гэрээний 4.2-т гэрээний нийт үнийн дүнгээс ажлын хөлсний урьдчилгаа 60 хувь буюу 107.248.200 төгрөг, гэрээний 4.3-д гэрээний ажлыг гүйцэтгэж дууссаны дараа гүйцэтгэгч ажлын актыг бүрэн үйлдэн, захиалагчид хүлээлгэн өгснийг үндэслэн ажлын 3 хоногийн дотор гэрээний үнийн 30 хувь буюу 53.624.100 төгрөгийг ирүүлсэн нэхэмжлэлд үндэслэн төлөх, гэрээний 4.4-д гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 17.871.700 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын баталгаат хугацааг дуусахад гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг үндэслэн төлнө. Энэхүү гэрээний нөхцөлийн дагуу Ж М ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 107.248.200 төгрөгийг төлж барагдуулсан. Уг төлбөрийг төлсөн тухайд талууд маргаагүй.   

 

Дээрх “Шилэн кабел татах” ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэхүү гэрээний дагуу Ж ХХК нь “Нисэх-1К” чиглэлийн шилэн кабел татах ажил, А. “Нисэх-Био комбинат” хэсгийн шилэн кабел татах ажил, Б.“Био комбинат шувуун фабрик” хэсгийн шилэн кабел татах ажил, В.“Шувуун фабрик-1К” хэсгийн шилэн кабел татах ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь Ж ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02-07-063/01 дугаартай 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17/152 дугаартай “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан  бичиг, Ж ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 17/289 дугаартай “танай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №02101-7429 тоот” албан бичгийн хариу, Ж ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18/054 дугаартай “мэдэгдэл хүргэх нь” тухай албан бичиг, Ж ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 18/085 дугаартай “Баталгаажуулалтыг ирүүлэх тухай” албан бичиг, Ж ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/128 дугаартай “Төлбөр төлөх тухай” албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02-07-063/01 дугаартай “шинжээчийн дүгнэлт”, нэхэмжлэгч Ж ХХК-ийн ...гэрээний дагуух ажлыг, гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн, хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах талаар тайлан болон актыг гаргасан мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч гэрээнд заасан ажлыг хүлээн авах үүргээ Ж М ХХК нь биелүүлээгүй... гэх тайлбар зэргээр нотлогдож байна.      

Хариуцагч Ж М ХХК нь нэхэмжлэгч Ж ХХК-д 107.248.000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. Иймд үлдэгдэл 71.498.800 төгрөгийг хариуцагч Ж М ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэмэлт зардал 31.044.100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх явцад нэмэлт зардал гарах болсныг тухайн бүрт нь захиалагч талд танилцуулж зөвшилцсөн тул нэмэлт зардал гэж 31.044.100 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч яг ямар нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, түүнийг нотолсон баримтыг гаргаагүй болно.

2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЖН13/175 дугаартай “Ажил гүйцэтгэх ” гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д “...төсөвт тусгагдаагүй ажил хийх тохиолдолд  талууд харилцан тохиролцож, газар дээр нь хамтран шалгаж, өөрчлөгдөх нэмэлт хийгдэх хэсэгт ажлын гүйцэтгэлийн акт тогтоож, өөрчлөх ажлын тоо, хэмжээ, төсвийг гаргаж, протокол үйлдэн гэрээнд нэмэлтээр хавсаргана...” гэж заажээ.

 

Талуудын хоооронд нэмэлт зардлын талаар тохиролцож, төсөвт тусгаж, протокол үйлдэн гэрээнд нэмэлтээр оруулсан зүйлгүй, нэхэмжлэгч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төсөв хэмээх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч уг баримтыг хариуцагч Ж М ХХК-д танилцуулсан эсэх нь тодорхойгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж гүйцэтгээгүй үүргийн дүнгээс буюу 107.248.000 төгрөгөөс 150 хоногийн алданги 48.261.600 төгрөг,гүйцэтгэвэл зохих ажилд дутуу хийсэн ажил буюу нэг бүр нь 475.000 төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг бетон хөлтэй баганын үнэ ажлын хөлс 22.325.000 төгрөг, гэрээний 1 жилийн баталгаанд хугацаанд 7 удаагийн гэмтэлд манай компани өөрсдийн зардлаар хийсэн ажлын бараа материалын зардал болон ажлын хөлс 7.564.800 төгрөг, нийт 78.151.400  төгрөгийг Ж ХХК-иас гаргуулахаар шаардсаныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Учир нь “Ажил гүйцэтгэх” гэрээгээр ажлыг гүйцэтгэхдээ ажлын 45 хоногт буюу 2013 оны 12 дугаар 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч Ж ХХК нь уг ажлын гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл манайд хүлээлгэж өгөөгүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй манай компани нь уг ажлын зардалд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 107.248.000 төгрөгийг төлсөн Ж ХХК гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгээс буюу 107.248.000 төгрөгөөс 150 хоногийн алданги 48.261.600 төгрөгийг, гэрээний хугацаанд ажлын хүлээн аваад 2014 оны 6 дугаар сард өөрсдийн хэрэглэгчдэд шилэн кабелийн интернет үйлчилгээ өгөх төлөвлөгөөтэй байсан тул  2014 оны 5 дугаар сарын сүүлээр уг шилэн кабелийг ашиглаж эхэлсэн бөгөөд үүнээс хойш, шаардлага хангаагүй гүйцэтгэсэн ажлын гэмтлүүдийг өөрсдийн зардлаар гүйцэтгэж байсан, гүйцэтгэвэл зохих ажилд дутуу хийсэн ажил буюу нэг бүр нь 475.000 төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг бетон хөлтэй баганын үнэ ажлын хөлс 22.325.000 төгрөг, гэрээний 1 жилийн баталгаат хугацаанд 7 удаагийн гэмтэлд манай компани өөрсдийн зардлаар хийсэн ажлын бараа материалын зардал болон ажлын хөлс 7.564.800 төгрөг, нийт 78.151.400 хэмээн тайлбарлан нотлох баримтаар   төлбөрийн нэхэмжлэх, Ж М ХХК-ийн өөрсдийн зардлаар засварласан гэмтлийн бараа материалын зардал, Ж М-ийн хоногийн мэдээ, Х ХХК-ийн үнийн санал, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЖН13/175 дугаартай Ж М ХХК,  Ж ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЖН14/234 дугаартай Ж М ХХК, Хан-Уул дүүргийн  дүгээр цэцэрлэг нарын хооронд байгуулагдсан “Шилэн кабелийн интернет үйлчилгээ үзүүлэх” гэрээ  зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Дээрх баримтуудаас үзэхэд Ж М ХХК, Ж ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ж ХХК нь шилэн кабел татах ажлыг гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэт хийж гүйцэтгэсэн болох хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон учир гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу алданги тооцож гаргуулах үндэслэлгүй байна. Мөн 47 ширхэг бетон хөлтэй баганын үнэ ажлын хөлс 22.325.000 төгрөг, гэрээний баталгаат хугацааны дотор доголдол гаргасан эсэх нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй тул баталгаат хугацаанд 7 удаагийн гэмтэлд гарсан зардал 7.564.800 төгрөг зэргийг гаргуулах боломжгүй юм.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 78.151.400 төгрөгийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг баримтлан хариуцагч Ж М ХХК-иас 71.498.800 /далан нэгэн сая дөрвөн зуун ерэн найман мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.044.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ж М ХХК-ийн Ж ХХК-д холбогдуулан 78.151.400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ж ХХК-иас 840.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа Ж М ХХК-ийн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Ж ХХК-ийн 670.664 төгрөг, хариуцагч Ж М ХХК-ийн 548.707 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 515.444 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ДАВААСҮРЭН