| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2018/00319/И |
| Дугаар | 210/МА2018/01229 |
| Огноо | 2018-05-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2018/01229
Д.И-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00635 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.И-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.М-д холбогдох
Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 13 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Д.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн гэрээг хариуцагчтай байгуулсан. Уг гэрээг байгуулахад гэрээний эх хувийг өгөөгүй бөгөөд тухайн үед Д.М нь “бүх төрлийн тусгай зөвшөөрөлтэй, ямар нэгэн асуудал байхгүй" гэж тайлбарлаж гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байхдаа бие засах газар нь механик буюу бохироо соруулдаг, бүх цахилгааны оролтууд нь 220 вольт буюу том хүчин чадалтай хөгжмүүдийнх нь ажиллагаа доголдолтой бөгөөд дээрээ орон сууцтай гэдэг үндэслэлээр галын дүгнэлт гаргадаггүй болохыг нь олж мэдсэн. Үүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болон мэйл хаягаар дээрх зөрчлийн тухай удаа дараа мэдэгдсэн боловч зөрчлөө арилгаагүй учир 2017 оны 12 дугаар сарын 30-ний өдөр Д.Ч гэдэг хүнд Лорд Лоунжийг хүлээлгэн өгсөн. Мөн түрээсийн гэрээ байгуулснаас хойш хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Хохирлын тухайд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр З ХХК-тай Шинэ жилийн баяр тэмдэглэх гэрээг байгуулан 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагаас үйл ажиллагаагаа явуулж байтал 20 цаг 10 минутаас 22 цаг хүртэл тог тасарч, арга хэмжээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. ЗХХК-ийн зүгээс 11 000 000 төгрөг нэхэмжилж байна. Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, түрээсийн төлбөр болон барьцаанд төлсөн 19 500 000 төгрөгөөс 12 дугаар сарын түрээсийн төлбөрт 6 500 000 төгрөгийг хасаад 13 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн мэргэшсэн зуучлагч “Биг энд Бэст” ХХК-иар дамжуулж хийсэн. Д.И-т тухайн үед хөрөнгийн мэдээллийг үнэн зөв өгсөн болно. Тэр зохих мэдээлэлтэй танилцаж, хөрөнгийн байдлыг нүдээр үзэж, холбогдох ажилтнуудтай уулзаж санал солилцож, харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн хүсэл сонирхолын дагуу хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Уг гэрээ нь холбогдох хуулийн заалтууд болон түрээсийн гэрээний шаардлагыг бүрэн тусгасан хүчин төгөлдөр гэрээ юм. Тус объектод 2017.12.17-ны орой 20.10 цагаас 22.00 цаг хүртэл буюу 1 цаг 50 минутын хугацаагаар тог тасраагүй. Харин тог богино хугацаагаар тасарсан боловч энэ нь манай хамааралтай шугам сүлжээнээс шалтгаалаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зохион байгуулалтын үйл ажиллагаа бүхэлдээ тасалдах нөхцөл болохгүй. Мөн нэхэмжлэлд дурдсан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах зэрэг бусад асуудпыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Тухайн үед хариуцагч гадаадад байсан гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан. Түрээслэгч шинэ жилийн баярын арга хэмжээ өнгөрч, орлого нь багасах төлөвтэй болмогц гэрээг гэнэт үндэслэлгүйгээр хугацаанаас өмнө цуцлах шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. Нэхэмжлэгч талтай 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулаад, нэхэмжлэгч тал нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрээнээс татгалзаж, цуцлах тухай мэдэгдлээ өгөөд 12 дугаар сарын 30-ний өдөр түрээслэж байсан обьектоо лацдаж хүлээлгэж өгсөн байдаг. Нэхэмжлэгч тал нь обьектыг бүхэлд нь цоожилж явчихаад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэж өгөх хүртэл цоожтой байсан тул түрээсийн төлбөрийг 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд төлөх ёстой гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М-ээс түрээсийн төлбөрт төлсөн 13 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ит олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 341 900 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч Д.Ит олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шийдвэртээ бүрэн тусгасан атлаа гол зарим үйл баримтууд болон цаг хугацааны асуудалд зохих дүгнэлт хийсэнгүй. Тухайлбал нэхэмжлэгч гэрээг 20 цаг 00 минутын үед буюу ажлын бус цагаар байгуулсан ба маргааш нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д.М гадаадад явна гэдгийг мэдэж байсан. Ийнхүү нэхэмжлэгч Д.И-ыг мэдэгдлээ ирүүлэх үед хариуцагч гадаадад байсан ба энэ талаар түүнийг төлөөлөх эрх бүхий хүн бичгээр хариу өгсөн баримт хавтаст хэрэгт байгаа болно. Гэвч шүүх нислэгийн тийз, тайлбар, мэдэгдлийг түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Талуудын байгуулсан гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хариуцагч уг гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах байгууламжаа хүлээн авч, түрээсийн төлбөрөө төлж, тодорхой хугацаанд ашиг орлого олж, үр шимийг хүртсэн. Шүүх Д.М-ийг тухайн үед хүндэтгэх шалтгаантай байсан гэдгийг нотлох бичиг баримтыг хүлээн авч шүүх хуралд шинжлэн судалсан атлаа хариуцагч талын эрх ашгийг хамгаалах талаар шууд үгүйсгэж, хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн үйл ажиллагаа хэвийн явагдсан ба үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоож, гэрээг цуцлах, шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөл огт үүсээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч нь орлого ашиг нь багасах үед элдэв шалтаг гарган гэнэт гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээний шаардлага, түрээслүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг илтэд хүндэтгэхгүй, гэрээний нийтлэг зарчмыг ноцтойгоор зөрчиж байна. Шүүх шийдвэртээ “нэхэмжлэгч Д.И нь хариуцагч Д.М-д холбогдуулан түрээсийн төлбөрт 13 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ” гэж тэмдэглэсэн байна. Дээрх нэхэмжлэлийн дүнд хамаарах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 222 950 төгрөг байх бөгөөд харин хариуцагчаас 341 900 төгрөг гаргуулахаар тогтоосныг анхаарч үзнэ үү. Иймд хэргийг хянан үзэж, түрээсийн гэрээг тухайн үед бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломж цаг хугацааны хувьд байхгүй байсан бодит байдлыг харгалзан шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Д.И нь хариуцагч Д.М-д холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн 13 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-2, 20 дугаар хуудас/
Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч нь баарны зориулалтаар Баянгол дүүргийн Баруун дөрвөн замд байрлах Талст дэлгүүрийн В1, В2 тоот үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 19 500 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 25-28, 48-50 дугаар хуудас/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахад хүндрэлтэй, гэрээнд үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлтэй обьект гэж тодорхойлсон боловч тусгай зөвшөөрөлгүй байсан, мөн гэрээ хууль зөрчсөн гэж тодорхойлжээ. Хариуцагч нь түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 12 сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч 2018 оны 02 дугаар сарын 14-нд түлхүүр өгсөн тул энэ хугацааны түрээсийн төлбөрийг буцаан өгөхгүй гэж маргасан байна.
Хэрэгт Д.Ч нь түлхүүрийг өөрөө очиж авсан гэж мэдүүлсэн боловч “2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байрыг хааж лацдан, хүлээлгэж өглөө н.Ч” гэсэн гарын үсэгтэй баримт мөн авагдсан. Д.Ч нь нэхэмжлэгчийн түрээсэлж байсан обьектын эд хөрөнгийн байдлыг хариуцсан менежер болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ. /хх-ийн 11, 42-43 дугаар хуудас/ Түүнчлэн гэрч Д.Ч “Хэдэн залуус надад хүлээлгэж өгөөд, тухайн обьектыг түгжээд лацдаад явсан” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд талууд гэрээг цуцалж, эд хөрөнгийг харилцан буцаан шилжүүлсэн өдрийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэж үзэхээр байна. Эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэн өгсөн өдрийг хүртэлх хугацаанд эд хөрөнгө ашигласантай холбоотой төлбөрийг хасаад, 13 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
Харин гэрээг цуцлахдаа хуульд заасан журмын дагуу хугацаа олгоогүй, гэрээг цуцалсантай холбоотойгоор хохирол үүссэн, бусад шаардах эрх байгаа тухай хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гараагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлага, талуудын гаргасан тайлбарын хэмжээнд шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М-ийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 860 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ш.ОЮУНХАНД