Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00367

 

“Э д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/01718 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1707 дугаар магадлалтай,

“Э д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Х, А.Э нарт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг гаргуулан, хохиролд 969,324,985 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 375,971,400 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгмаа болон өмгөөлөгч Р.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгмаа, түүний өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э д” ХХК нь Г.Х, А.Э нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг болон хохиролд 969,324,985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч Г.Х нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 375,971,400 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан, хариуцагч А.Э ...“Э дХХК-тай гэрээ, хэлцэл байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/01718 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Хаас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Жарден Резиденс хотхон, 105 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхрын 403 тоотод байрлах, 189.52 м.кв талбайтай орон сууцыг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Э д” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “...хохиролд 969,324,985 төгрөг гаргуулах” тухай болон хариуцагч А.Эод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Э д” ХХК-иас 375,971,400 төгрөгийг буцаан гаргуулан хариуцагч Г.Хд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Э д” ХХК-иас 7,995,504 төгрөгийг, хариуцагч Г.Хаас 8,310,144 төгрөгийг тус тус гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, хариуцагч Г.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 6,430,287 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э д” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Э д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8,310,144 төгрөг гаргуулан хариуцагч Г.Хд олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1707 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/01718 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,004,575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгмаа болон өмгөөлөгч Р.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.24-ний өдрийн 1707 дугаартай магадлалыг эс хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Бид Улсын дээд шүүхэд хандан давж заалдах шатны шүүхийн магадлалаас хоёр шаардлагын шийдсэн байдалд гомдол гаргаж байгаа. Үүнд: торгууль 125,446,740 төгрөг, хоног тутамд 175,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөр болох 194,425,000 төгрөгийн шаардлагууд юм. Анхан, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Бид талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т “Захиалагч нь аливаа шалтгаанаар Гэрээг цуцалсан эсхүл Гүйцэтгэгч гэрээний 8.1 дэх хэсэгт заасны дагуу Гэрээг цуцалсан тохиолдолд Сууцны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг Гүйцэтгэгчид төлөх ба Захиалагч нь сууцыг эзэмшилдээ хүлээн авсан тохиолдолд уг хүлээн авсан өдрөөс Захиалагчид хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд хоног тутамд 175,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг Гүйцэтгэгчид нэмж төлнө” гэсэн заалтын дагуу шаардсан. Талуудын хооронд тэгш эрхийн үндсэн дээр байгуулсан энэхүү заалтыг хариуцагч хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаагүй, хүчин төгөлдөр, эрх зүйн үр дагавар үүсгэх чадамжтай хэвээр байсан. Шүүхүүд хоног тутамд 175,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийн шаардлагын талаар дүгнэхдээ: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо “...тухайн орон сууцыг бусдад түрээсэлсэн бол 194,425,000 төгрөг олох байсныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд гаргаж өгсөн баримтаар ... хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас Э д ХХК-д хохирол учирсан болохыг нотлохгүй байна” гэж маш буруу дүгнэлт хийсэн. Бид нэхэмжлэлийн шаардлагаа “хэрэв бусдад түрээсэлсэн бол олох ёстой байсан орлого” гэж огт тодорхойлоогүй. Энэ тухайгаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд ч дурдсан. Бид гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т зааж томъёолсон хоног тутамд 175,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг гэж нэхэмжилсэн. Анхан шатны шүүх “194 сая төгрөг олох ёстой байснаа нотлоогүй, ийнхүү нотлоогүй учир хохирол учирсан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн. Хохирол гэдгийг гэрээнээс татгалзсаны үр дагавар уу, хохирол учирснаа нотолсон бол ямар хуулийн зүйл заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах байсан нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, улмаар хангахаас татгалзахдаа хууль хэрэглээгүй. Хууль хэрэглэлгүйгээр манай компанийн шаардлагыг хангаагүй. Үүнийг давж заалдах шатны шүүх шалгаагүй. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...мөн талууд гэрээнээс татгалзсантай холбогдон худалдах-худалдан авах гэрээний үүргийг өөр үүргээр сольсон буюу түрээсийн төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн заасантай нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна” гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйл нь торгуультай холбоотой заалт. Харин хоног тутамд 175,000 төгрөг, нийт 194 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөрийн шаардлагыг хангахгүй гэж дүгнэхдээ 227.1 дэх хэсгийг баримталсан гэж үзэхээр байна. Гэтэл 227.1 дэх заалт нь учирсан хохирлоо арилгуулах тухай заалт юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх 194 сая төгрөгийг хохирсон нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хангаагүй ба хохирол гэдгийг Иргэний хуулийн ямар заалтын хүрээнд ойлгож, тайлбарлаж байгаагаа дурдаагүй. Хууль хэрэглээгүй. Анхан шатны шүүх хууль хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх 227.1 дэх заалтаар шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн үзсэн хохирол гэдгийг 227.1 дэх заалт гэж яаж мэдэж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ давж заалдах шатны шүүх 227.1 дэх заалтыг ямар агуулгаар тайлбарлаж хэрэглэсэн нь мөн л ойлгомжгүй байгаа юм. Хөндлөнгөөс ажигласан хэн нэгэн этгээд үүнийг өөрийнхөө тайлбарлан хуулийн зүйл заалт оноож болох ч хоёр шүүх шийдвэртээ тодорхой дурдаагүй. Товчхондоо бидний нэхэмжилсэн 194 сая төгрөгийг хууль хэрэглэлгүйгээр, хоёр шүүх зөрүүтэй байдлаар хууль хэрэглэсэн, түүнчлэн гэрээний чөлөөт байдлын дагуу байгуулсан гэрээний дагуу нэхсэн шаардлагыг “олох ёстой байсан орлого” гэж томъёолон биднийг хэлмэгдүүлсэн. Олох ёстой байсан орлого гэж буруу томъёолсноос үүдэн түүнийгээ хохирол гэж андууран, ямар хохирол учирсан юм бэ нэхэмжлэгчид гээд гажаад явчихлаа. Хоног тутамд 175,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй тэнцэх төлбөр авна гэсэн заалт нь өнөөдрийн байдлаар Монгол Улсын ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, тэгш байдал, гэрээний чөлөөт байдлын дагуу харилцан тохиролцсон заалт юм. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу бид мөн торгууль нэхэмжилсэн. Шүүх торгуулийн талаар дүгнэхдээ: “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийн торгууль төлөх зохицуулалт нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бөгөөд энэ нь гэрээний үүрэг хэрэгжиж байгаа тохиолдолд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтсон мөнгөн дүн төлөх хариуцлага юм” гэжээ. Хоёр шүүх манай компанийг гэрээнээс татгалзсан учир торгууль нэхэмжлэх эрхгүй гэсэн. Гэхдээ анхан шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч нь эдийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн буюу нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж гэрээнээс татгалзсан гээд 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгийг баримталсан. Харин давж заалдах шатны шүүхээс манай компанийг гэрээнээс татгалзсан тул торгууль нэхэх эрхгүй гээд 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримталсан. Нөгөө талаар хоёр шүүх манай компанийг өөрсдөө гэрээнээс татгалзсан гэдэг. Төлбөрөө төлөхгүй хохироогоод байгаа тул бид өөр ямар арга хэмжээ авах ёстой байсан бэ. Г.Хын үүргийн зөрчлөөс үүдэж бид гэрээнээс татгалзсан болохыг шүүх дүгнээгүй. Торгуулийн заалт нь мөн өмнө дурдсан тэгш байдал, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу зохицуулсан, гэрээний хэрэгжилтийн хариуцлагын арга хэрэгслийг өөрсдөө томъёолж, тодорхойлсон. Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа нэхэмжлэгч эдийн доголдолтой хөрөнгө зарсан учир гэрээнээс татгалзаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан бөгөөд анхан шатны шүүх энэ үндэслэлээр хангасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зуйлийн 172.2-т томоохон хийдэл байгаа нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг хоорондоо зөрүүгүй, адил хэрэглэсэн боловч алдаатай, буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг хоёул буруу ойлгосон бол Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур хүчин төгөлдөр болохоор байна. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 8.3 бол манай компанийн зүгээс “за чамайг яг авна гэсэн болохоор энэ сууцыг зарлаа шүү. Өөр авах гэсэн олон хүнээс зөвхөн чамд зарлаа. Гэрээнийхээ дагуу хугацаанд заавал төлбөрөө төлөөрэй, бидэнд битгий чирэгдэл учруулаарай. Үнэтэй байр учир эргээд наймаа буцахад маш их зардал, хохирол гардаг тул хариуцлага өндөртэй гэрээ хийлээ, хэлсэндээ байгаарай, зөрчвөл өндөр хариуцлагатай шүү” гэсэн хоёр талын итгэлцэл, амлалт юм. Бидний хооронд байгуулсан гэрээ бол Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан чөлөөт байдлын зарчмыг хангасан, эрх чөлөө, тэгш байдлын үндсэн дээр байгуулсан гэрээ. Бидний хооронд байгуулсан гэрээ, гэрээний нэг тал болох бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтад хамаарна гэж үзэж байна. Хэрэв Г.Х бид гэрээний нөхцөл, гэрээний хариуцлагын заалтан дээр санал нийлээгүй бол гэрээ байгуулагдахгүй байсан. Эрх зүйн бүрэн чадамжтай хоёр этгээд гэрээ байгуулж, байгуулсан гэрээний үүрэг, хариуцлагыг бүрэн ухамсарлаж, үр дагаварыг хариуцахаа бүрэн хүлээн зөвшөөрсөн. Талуудын хоорондын энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний саналыг харилцан хүлээн зөвшөөрсөн хоёр этгээдийн хүсэл зоригийг үл хайхран чөлөөт байдалд халдах эрхгүй. Иргэд өөрсдөө гэрээний эрх зүйн харилцаанд хөрвөх боломжтой, чөлөөт нийгмийн харилцаанд шүүх хөндлөнгөөс оролцох эрхгүй ба ийнхүү оролцсоноор гэрээ, нийгмийн харилцааг хууль шиг хатуу загварчлах аюултай байна. Шүүхийн эдгээр шийдвэрээс хамаарч бид дараа дараагийн гэрээнд эрсдлээ гэрээгээр хаах боломжгүй байдалд хүргэж байна. Ийм заалт оруулсан шалтгаан нь яг л ийм нөхцөл байдлаас хохирол багатай даван туулах манай компанийн хүсэл зориг, нөгөө талыг хугацаандаа мөнгөө төлж гэрээндээ хариуцлагатай хандахыг сануулж, анхааруулсан зохицуулалт юм. Өмнө дурдсанчлан Г.Х 2018 оноос хойш өнөөг хүртэл буюу 5 жил орчим хугацаанд тансаг зэрэглэлийн орон сууцанд үнэ төлбөргүй амьдраад дээр нь урьдчилж төлсөн мөнгөө бүрэн хэмжээгээр манай компаниас аваад явах болж байгаа юм. Гэтэл энэ бүх асуудал Г.Хаас болсон, түүний гэрээний ноцтой зөрчлөөс болсон. Бид яагаад хүнд орон сууц зараад мөнгөө төлөхгүй болохоор нь арга хэмжээ авсныхаа төлөө ийнхүү хохирч үлдэж гэрээний хамгаалалтын заалт үнэгүйдэж байна вэ. Энэ хооронд хүү зардал, орон сууцны үнэ цэнэ, хуучирсан байдал гээд маш их зардал гарч байгаа. Бид энэ зардлыг багасгахын тулд гэрээний 8 дугаар зүйлийг зохицуулж торгууль, түрээсийн төлбөрийн заалтыг оруулж өгсөн. Торгуулийн заалтыг хоёр шүүх шууд 232 дугаар зүйлтэй холбож байгаа нь буруу. Талууд гэрээнээс үүдэлтэй хариуцлагаа өөрсдөө тодорхойлсон. Шүүх нийгмийн өдөр тутмын харилцаанд хуулийн шийдлийг үлдээж, зөв тайлбарлаж, нийгмийн амьдрал цааш үргэлжлэх гарцыг үлдээх ёстой. Манай компани 2014 оноос эхлэн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж олон айл өрхийг орон сууцтай болох боломжоор хангаж, зах зээлийи зарчмаар эрэлт, хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Бид ХУД-т Жардин нэртэй тансаг зэрэглэлийн орон сууц барьж байгуулан зах зээлд санал болгосон. Г.Х тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэвч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй ба орон сууцанд үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй байгаа тул төлбөр төлөх хугацааг хойшлуулж боломж олгооч гэж хүсэлт тавьдаг байсан бөгөөд бид харилцагчдаа хүндэтгэлтэй хандан хэд хэдэн гэрээ хэлцэл байгуулж төлбөр төлөх хугацааг хойшлуулсан. Талуудын хооронд хамгийн сүүлд байгуулсан 2017.11.10-ны өдрийн Захиалгаар орон сууц бариулах тухай гэрээний нэмэлт гэрээгээр Г.Х 2018 онд 3 удаагийн, 2019 онд 3 удаагийн нийт 6 удаагийн төлөлтөөр 878,496,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч заасан хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Бид арга буюу шүүхэд хандсан. Ийнхүү хандахдаа үлдэгдэл төлбөрөө, алдангийн хамт нэхэмжилсэн ба анхан шатны шүүх манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн. Үүнийг Г.Х эс хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамж төлж чадалгүй чөлөөлөгдсөн байсан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаахад бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж орон сууцаа буцаан гаргуулах шаардлага гаргасан. Учир нь Г.Х үлдэгдэл мөнгөө төлж чадахгүй 2 жил гаран болсны дээр улсын тэмдэгтийн хураамж ч төлж чадахгүй байдлаас үзэхэд төлбөрийн чадваргүй болох нь илэрхий болсон байв. Энэ бүх хугацаанд үүргээ зөрчсөн нь Г.Х. Тэрээр төлбөрөө ч төлөхгүй, байраа ч чөлөөлж өгөлгүй тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдраад л байсан, өнөөдөр ч амьдарч л байна. Гэтэл бид түүний амьдарч буй 1.2 тэрбум төгрөгийн орон сууцны анхны санхүүжилтийн хүүг банкинд төлөөд л байсан, 1.2 тэрбум төгрөгийн байрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй өнөөг хүрсэн, тухайн үед өөр хүнд худалдсан бол ийм хэмжээний хохирол хүлээхээргүй байв. Г.Х үүргээ зөрчсөн учир бид гэрээнээс татгалзсан. Бид байрыг эдийн засгийн эргэлтэд оруулж хохирол багатай даван туулах нь бизнесийн үндсэн амин сүнс байдаг. Ийм нөхцөл байдал үүсвэл асуудлыг хэрхэн шийдэхийг бид гэрээгээр зохицуулсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж торгууль 125,446,740 төгрөг, хоног тутамд 175,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөр болох 194,425,000 төгрөгийг хариуцагч Г.Хаас гаргуулж өгнө үү гэжээ.

5. Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ШХТ2022/00131 дүгээр тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “Э д” ХХК нь Г.Х, А.Э нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг болон хохиролд 969,324,985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагч нар орон сууц бариулах гэрээний дагуу төлбөл зохих ...үлдэгдэл 878,496,000 төгрөгийг төлөөгүй, уг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй, ...иймд гэрээнээс татгалзан, орон сууцыг чөлөөлүүлж, ...хохиролд 969,324,985 төгрөг гаргуулна... гэж маргажээ. 

8. Хариуцагч Г.Х нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 375,971,400 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган, ...нэхэмжлэгч нь эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул гэрээнээс татгалзсан, иймд хохирол шаардах эрхгүй... гэсэн, хариуцагч А.Э ...“Э дХХК-тай гэрээ, хэлцэл байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.   

9. Анхан шатны шүүх хариуцагч Г.Хаас гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх шаардлага болох “...хохиролд 969,324,985 төгрөг гаргуулах” тухай болон хариуцагч А.Эод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Э д” ХХК-аас 375,971,400 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож тус тус шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

10. Хоёр шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй байна гэж үзлээ.

11. Талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Г.Х нь нэхэмжлэгч “Эс деволопмент” ХХК-тай 2014.11.19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Жарден ресиденс хотхоны 105 дугаар байрны 403 тоотод байрлах 189.52 м.кв талбай бүхий орон сууцыг 1,254,467,400 төгрөгөөр худалдах-худалдан авах нөхцөлийг харилцан тохиролцсон байх ба талууд уг гэрээнд 2017.11.10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, Г.Х нь гэрээний урьдчилгаа төлбөрийн 30 хувь болох 376,340,220 төгрөгөөс 375,971,400 төгрөгт хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг тооцон шилжүүлж, үлдэх 878,496,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх хуваарийг баталсан, уг гэрээний дагуу 2018.01.18-ны өдөр орон сууцыг худалдан авагч Г.Хын эзэмшилд шилжүүлжээ. /1хх-ийн 14-16/

13. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд зааснаар хариуцагч Г.Х нь 2019 оны 02 дугаар сард орон сууцны үлдэгдэл төлбөр болох 878,496,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах, хариуцагч төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг түүнд шилжүүлж өгөх үүргийг тус тус хүлээсэн, гэвч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, мөн нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн орон сууцыг чөлөөлүүлэхийг хариуцагчаас шаардсан байх ба хариуцагч мөн гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн мөнгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

14. Дээрх байдлаар зохигчийн хэн аль нь гэрээнээс татгалзсан тул талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “...аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар ...буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцаа, хариуцагч төлсөн төлбөрөө шаардах эрхтэй юм. 

15. Хоёр шатны шүүх зохигчийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэл, түүний үр дагаврыг зөв тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагаас, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг хариуцагч Г.Хаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгч “Э д” ХХК-аас гэрээний үнэд төлсөн 375,971,400 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн энэ зохицуулалтад нийцжээ.

16. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, хохиролд 969,324,985 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үндэслэлийг ...1.тухайн орон сууцанд засвар хийх зардалд 215,066,265 төгрөг, 2.хариуцагч нар гэрээний дагуу төлбөрөө төлөөгүйгээс Худалдаа хөгжлийн банкинд зээлийн хүүд 281,651,278 төгрөг төлсөн, 3.орон сууцыг бусдад түрээсэлсэн бол 194,425,000 төгрөг олох байсан, 4.гэрээний торгуульд 125,446,740 төгрөг, 5.орон сууцны элэгдэл хорогдолд 152,735,702 төгрөг тус тус гаргуулна... гэж тодорхойлсон байна.

17. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.3-т “Захиалагч нь аливаа шалтгаанаар гэрээг цуцалсан эсхүл гүйцэтгэгч гэрээний 8.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалсан тохиолдолд сууцны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг гүйцэтгэгчид төлөх ба захиалагч нь сууцыг эзэмшилдээ хүлээн авсан тохиолдолд уг хүлээн авсан өдрөөс захиалагчид хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд хоног тутамд 175,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг гүйцэтгэгчид нэмж төлнө” гэж заасан, нэхэмжлэгч нь гэрээний энэ заалтыг үндэслэн орон сууцыг бусдад түрээсэлсэн бол олох байсан орлогод 194,425,000 төгрөг, торгуульд 125,446,740 төгрөгийг тус тус шаарджээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Г.Х нь худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ зөрчиж, үлдэгдэл төлбөрийн 878,496,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэгчээс нэмэлт хугацаа тогтоосон боловч орон сууцны үнийг төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь тогтоогдсон, иймд нэхэмжлэгч  гэрээний 8.3-т заасны дагуу гэрээнээс татгалзсаны хариуцлага болох орон сууцны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагчаас орон сууцны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуульд 125,446,740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасанд нийцнэ, харин шүүх хариуцагчаас гэрээний хариуцлагад торгууль гаргуулсан тул нэхэмжлэгчийн олох байсан орлогод гэж шаардсан 194,425,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

18. Хоёр шатны шүүх бусад хохирол нэхэмжилсэн шаардлага болох орон сууцны засварын зардлын 215,066,265 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 281,651,278 төгрөг, орон сууцны элэгдэл хорогдлын 152,735,702 төгрөгийг гаргуулах шаардлага болон хариуцагч А.Эод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

19. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, шүүх гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг хариуцагч Г.Хаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгч “Э д” ХХК-аас гэрээний үнэд төлсөн 375,971,400 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлөх дээрх төлбөрөөс хариуцагчийн торгуульд төлөх 125,446,740 төгрөгийг хасч тооцон, үлдэх 250,524,660 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасанд нийцэх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1707 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/01718 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 238 дугаар зүйлийн 238.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Хаас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Жарден Резиденс хотхон, 105 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхрын 403 тоотод байрлах, 189.52 м.кв талбайтай орон сууцыг буцаан гаргуулж нэхэмжлэгч “Э д” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 250,524,660 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Хд олгон, нэхэмжлэгчийн хохирол гаргуулах нэхэмжлэлээс үлдэх 843,878,245 төгрөгт холбогдох болон хариуцагч А.Эод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2  дахь заалтын “6,430,287 төгрөгийг” гэснийг “7,057,520 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,757,308.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

             Б.МӨНХТУЯА

             Д.ЦОЛМОН

             Х.ЭРДЭНЭСУВД