Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00389

 

“А к  ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01787 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1552 дугаар магадлалтай,

“А к  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Мд холбогдох,

59,860,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А к  ББСБ” ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,860,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01787 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Мөөс 56,233,334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А к  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,626,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг Б.Мий өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201051734 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байр 17 тоот 60 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 601,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөөс 509,316 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А к  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1552 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01787 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Мөөс 53,111,909 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчА к  ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,748,091 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “509,316 төгрөг” гэснийг “423,510 төгрөг” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509,350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн №1552 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дараах гомдлыг гаргаж байна. Иргэн Б.М болон П.Баатарцогт нь 2019.01.31-ний өдөр “А к  ББСБ” ХХК-иас ЗГ2019/09 дугаартай зээлийн гэрээний үндсэн дээр 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж Б.Мий өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал 18062 үйлдвэрчний эвлэлийн гудамж, 706 байр 17 тоот 60 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан байдаг. Гэвч 2019.01.31-ний өдрийн ЗГ2019/09 дугаартай зээлийн гэрээний зээлдэгч нь П.Баатарцогт, Б.М нар юм. Гэтэл 35,000,000 төгрөгийг дан ганц Б.М авсан мэтээр нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Мөн тус зээлийг зээлэх болсон шалтгаан нь П.Баатарцогт буюу Б.Мий танил ах гэх хүн “ажил эхлүүлэх гэсэн юм... гэтэл миний нэр дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй, барьцаанд тавих эд хөрөнгөгүй учраас Б.Мийг өөрийнхөө нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиад зээл аваад өг 30,000,000 төгрөгөөр нь би ажлаа эхлүүлнэ 5,000,000 төгрөгийг нь чи урамшуулал болгоод ав, би өөрөө зээлийн хугацаанд үндсэн төлбөрийг хүүтэй нь графикийн дагуу төлөөд явчихна, төлөвлөсөн ажил маань ашиг олоод эхлэхээр төлбөрөө асуудалгүй төлөөд барьцааг чинь суллана” гэж хэлсэн учраас Б.М нь танил ахдаа итгэж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг П.Баатарцогтын танил гэх “А к  ББСБ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан барьцаанд тавьж тус зээлийг авсан байдаг. Түүнээс биш Мөнгөн болон Баатарцогт нарын зээл хүсэхдээ бүрдүүлж өгдөг материал нь зээл авахад хангалттай биш байхад танил байсан учраас зээл нь хурдан гарсан бөгөөд барьцаа хөрөнгө нь Мөнгөний өмчлөлийнх байсан тул мөн Мөнгөнийг үндсэн зээлдэгч болгож зээлийн мөнгө Мөнгөний данс руу орсон байдаг. ЗГ2019/09 дугаартай зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөг 2019.01.31-ний өдөр Б.Мийн Худалдаа хөгжлийн банкны дансанд орсон нь үнэн боловч маргааш нь буюу 2019.02.01-ний өдөр Б.М нь хамтран зээлдэгч П.Баатарцогтын дансанд 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. /хавтаст хэрэгт авагдсан Мөнгөний ХХБ-ны депозит дансны хуулгаар харагдана/ Удалгүй П.Баатарцогт нь “ажил хангалттай бүтээмжгүй байна, зээлийг төлөх боломжгүй болсон” гэх шалтгаанаар зээлийг төлөхөөс татгалзаж, Б.Мөөс холбоогоо тасалсан юм.

Тодруулбал ЗГ2019/09 дугаар зээлийн гэрээний дагуу Б.М нь 35,000,000 төгрөгийг авсан гэж харагдаж байгаа боловч хамтран зээлдэгч П.Баатарцогт тус мөнгийг захиран зарцуулсан гэдэг нь хавтаст хэрэгт буй баримтуудаар нотлогдож байгаа билээ. “А к  ББСБ ХХК нь хариуцагчийг эрэн сурвалжилсан тухайгаа анхан шатны шүүх хурлын үед хэлсэн байдаг ч П.Баатарцогтын эрэн сурвалжлаагүй, анхнаасаа дан ганц Б.Мөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах санаатай байсан. Баатарцогтын танил тус ББСБ-д ажилладаг, зээл авахад тусалсан байдаг учраас үгсэн тохиролцож Мөнгөнийг өр төлбөрт унагаж байгаа гэж харагдахаар байна. Б.М нь бусдад итгэл хүлээлгэж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж, гарын үсэг зурсныхаа төлөө өнөөдөр бусдын өмнөөс хариуцлага хүлээж их хэмжээний өрөнд орчихоод байгаа юм. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ЗГ2019/09-ний тоот зээлийн гэрээний дагуу орж ирсэн мөнгийг хэн захиран зарцуулсныг болон зээлдэгч нь 2 /хоёр/ хүн байгааг үл харгалзан, тэр тусмаа хамтран зээлдэгчээр оролцох ойр дотны холбоо хамааралгүй, хамаатан садан биш хүн ямар шалтгаанаар хамтран зээлдэгчээр оролцсон талаар огт тодруулалгүй зөвхөн хариуцагч Б.Мөөс 53,111,909 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, хангалттай нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байх тул ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч “А к  ББСБ” ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,860,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...зээлийг П.Баатарцогт төлөх ёстой, тэрээр миний хөрөнгийг барьцаалж зээл авсан. ...гэтэл Б.М зээл авсан мэтээр нэхэмжлэл гаргасанд гомдолтой... гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Мөөс 56,233,334 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 3,626,666 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх ...хариуцагчаас 53,111,909 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан байна. 

8. Хоёр шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэнд олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасанд нийцжээ. 

9. Хэрэгт авагдсан баримтаар Б.М, П.Баатарцогт нар нь “А к  ББСБ” ХХК-тай 2019.01.31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлсэн байх ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Мийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж, 70б байрны 17 тоотын 60 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан байна.  

10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

11. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлийн 35,000,000 төгрөгийг 2019.02.01-ний өдөр зээлдэгч Б.Мийн дансанд шилжүүлсэн, уг гэрээний дагуу нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

12. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, 2020.04.30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг зөв тодорхойлсон, тодруулбал зээлдэгчийн 2019.04.30-ны өдөр төлсөн 1,750,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцон, хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 33,250,000 төгрөг, зээлийн хүүд 17,168,576 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,693,333 төгрөг, нийт 53,111,909 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,748,091 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцжээ.

13. Харин, анхан шатны шүүхийн ...зээлийн гэрээний хугацаа 2019.07.31-ний өдөр дууссан боловч зээлдэгч нь гэрээний үүрэгт 1,750,000 төгрөг төлснийг зээлийн хүүнд тооцсон нь үндэслэлтэй... гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасанд нийцээгүй, зээлийн тооцооллыг буруу хийсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

14. Түүнчлэн хоёр шатны шүүх зээлийн төлбөрийг, барьцаа хөрөнгө болох Б.Мийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж, 70б байрны 17 тоотын 60 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалданагэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ. 

15. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1552 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН