Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 224

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар магадлалтай, 201619000608 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат, С.Чинбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ж-ийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан прокуророос Ж.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ж.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11,000 нэгж буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат гаргасан гомдолдоо “Шүүгдэгч Ж.Б нь хэрэг гарсны маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 17-нд хохирогч Г.Д-ийн эмчилгээний зардалд зориулж түүний ХААН банкны дансанд 500.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 23-нд 1,000,000 төгрөг зэргээр 2,742,000 төгрөг, эмчилгээний зардалд зориулж эмнэлэгт 2,213,000 төгрөг, мөн 500,000 төгрөг нийт 5,455,000 төгрөгийг өөрийн гэм бурууг ойлгон, хүлээн зөвшөөрч сайн дураар төлсөн бөгөөд энэ нь эмчилгээний зардалд зориулагдсан байх ёстой.

Гэрч Ө.Б нь “өвчтөн Дарьхүү манай эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон” гэж мэдүүлдэг бөгөөд хохирогч Г.Д би 2 удаа хагалгаанд орсон гэж мэдүүлдэг. Гэтэл хохирогч Г.Д нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргаж өгсөн 5,417,510 төгрөгийн баримтууд нь эмчилгээний баримт гэхэд маш их эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд бодит зардал гэж 4 удаагийн мэс заслын хагалгааны баримтыг гаргаж өгсөн байдаг. Мөн эмчилгээнд шаардлагагүй архины баримт болон юу авсан мэдэгдэхгүй баримтууд, эмчилгээнд явсан гэх бензиний баримтууд нь дүнгийн хувьд ч тэр цаг хугацааны хувьд маш их эргэлзээтэй байна. Зарим нь хэрэг гарахаас өмнөх огноотой байгууллагын баримтууд байна. Хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг хэрэгт хавсаргахгүй байх ёстой. Үүнийг шүүх анхааралдаа авахыг хүсье.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад шүүгдэгч Ж.Б-гаас хохирогчийн хагалгааны зардалд 40,260,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. Монгол улсад энэ гоо сайхны хагалгааг хийлгэх боломжгүй, зайлшгүй гадаадад эмчлүүлэх ёстой гэсэн албан ёсны эмчийн болон эмнэлгийн дүгнэлт байхгүй, дэлхийн өндөр хөгжилтэй Япон, Америк, Англи, Герман зэрэг олон улс орнуудаас яагаад заавал Солонгос улсыг сонгосон нь ойлгомжгүй, “Et consult” ХХК-ийн Төрийн банканд хандсан 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 16/10 тоот албан тоотод эмчилгээний зардал 25,200,000 төгрөг, онгоцны билет 1,200,000 төгрөг, барьцаа 12,000,000 төгрөг, буудал 120,000 төгрөг, хоол 100,000 төгрөг гэж бичсэн бөгөөд энэ нь хэрвээ явж эмчлүүлбэл гарах зардлын урьдчилсан тооцоо, төсөөлөл юм. Хэрвээ хохирогч Г.Д энэхүү эмчилгээнд явахгүй бол яах вэ? энэхүү тооцоо төсөөллийг гарсан бодит зардал хэмээн ойлгож анхан болон давж заалдах шатны шүүх үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

“Et consult” ХХК-ийн 16/10 тоот албан бичиг нь хохирогч Г.Д нь 40,260,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэсэн нотлох баримт биш бөгөөд эмчилгээ хийлгэх үед энэ тооцоо өөрчлөгдөх боломжтой тул эмчилгээний төлбөрийг эмчилгээ хийлгэхээс өмнө урьдчилан тооцож гаргах боломжгүй байхаас гадна эмчилгээ хийлгэх гэж байгаа хүнээс 12,000,000 төгрөгийн барьцаа шаардсан нь ойлгомжгүй байна. Учир нь хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтаас болж хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэхэд хохирогчийн нэхэмжилсэн тэр хэмжээгээр нь хохирлыг гаргуулахаар шийтгэх тогтоолд зааж өгсөн нь учир дутагдалтай. Өнөөгийн практикт гэмт хэргийн улмаас хохирч буй хохирогчийн эд эрхтний бэртлийн нөхөн төлбөр буюу сэтгэл санаа, бие бялдрын хувьд амссан хохирлын хэмжээг мөнгөн илэрхийллээр хууль тогтоомжид нарийвчлан зохицуулаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалт нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасантай зөрчилдөж байна. Бодитойгоор гараагүй зардлыг гарсан болгож шийдвэрлэж байгаа нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй болно гэж үзээд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүгдэгч Ж.Б- нь өөрийн гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид гарах эмчилгээний бодит зардлыг нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлсэн. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалт болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хохирогч Г.Д нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заахаар өөрчилж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хохирогчийн иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, хохирлын хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан үзэхгүйгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-гаас хохирогчийн хагалгааны зардалд 40,260,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Д-д олгохоор шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д зааснаар эмчилгээний зардал шаардах эрхтэй болохыг зааж гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Хохирогч ямар хагалгаа хийлгэх нь тодорхой бус, эмчилгээ хагалгааны талаар эмнэлгийн ямар ч дүгнэлт магадлагаа байхгүй төдийгүй анхан шатны эмчилгээ үр дүнтэй, ямар ч эд эрхтэнд хагалгаа хийлгэх шаардлагагүй, хохирогчийн биеийн байдал хэвийн, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснээр хүнд үйлдвэрийн салбар, уул уурхайд ажиллаж байгаа мэдүүлэг, нэхэмжилж байгаа нэхэмжлэлд эхнэртэйгээ хамт Солонгос улс руу явж эмчлүүлэх 2 хүний ирж, очих зардал, байрны мөнгө зэргийг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт эхнэрээсээ салсан гэж мэдүүлдэг зэрэг байдлаас үзэхэд хохирогч Г.Д нь Солонгос улс явж хагалгаа хийлгэх нь тодорхой бус хийсвэр нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Мөн Г.Д-ийн Солонгос улсад хагалгаа хийлгэх шаардлагатай гэх нотлох баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр анхан шатны шүүх хангасан. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д зааснаар урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй гэдгийг төлөх ёстой гэж буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр хэлсэн саналдаа “Хохирогч Г.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх 40,260,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Б нь хохирогчтой марган хамрыг нь тас хазаж, нүүрийг нь засаршгүй эвдэж дүрсийг нь алдагдуулж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй байна. Хохирогч энэ гэмтлийн улмаас хоёр удаа хагалгаанд орсон боловч эрүүл мэндэд учирсан хор уршиг арилаагүй, хохирогчийн хувьд аль болох цаг алдалгүй дахин мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай байдлыг харгалзан шүүхээс Солонгос улсад хийлгэх мэс заслын зардалд 40,260,000 төгрөг нэхэмжилснийг хангаж, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат, С.Чинбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Энхтайваны 7-18 тоот хашааны гадна Г.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хамрыг нь тас хазаж, нүүрийг нь засаршгүй эвдэж, дүрсийг нь алдагдуулан, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэг болгон өөрчилж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь оногдуулах ялыг хөнгөрүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тул Ж.Б-д холбогдох хэргийг  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Харин хоёр шатны шүүх хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ барьцааны мөнгө болох 12,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэв.

Бүгд Найрамдах Солонгос Улсын “Et consult” гоо сайхны эмнэлгийн баримтаас үзэхэд хохирогч Г.Д хамрын нөхөн сэргээх гоо сайхны хагалгаанд орохын тулд нисэх онгоц, зочид буудал, хоол, зуучлалын хөлс, эмчилгээний зардал зэрэгт 28,260,000 төгрөг зарцуулахаас гадна барьцаанд 12,000,000 төгрөг байршуулах шаардлагатай талаар тооцоо гаргажээ. Барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгслийн хувьд буцаан олгогдох эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцогдон зарцуулагдах учиртай зардлаас ялгаатай хөрөнгө байдаг тул  хохирлоос хасч тооцохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар магадлалд: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 28,260,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Д-д олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч  Н.Ганбат, С.Чинбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН