Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 183/2019/01644/И |
Дугаар | 1920 |
Огноо | 2019-09-16 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 1920
2019 оны 9 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2019/01920 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Г,
Нэхэмжлэгч: Ц.Д нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГт холбогдох,
Дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Самбуудорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр, Б.Хонгорзул, гуравдагч этгээд П.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2018 оны 4 сарын 23-ны өдрийн 993 дугаар шүүгчийн захирамжаар бид нараас 100,657,950 төгрөг гаргуулж П.Энхболдод олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 2 хороо, Нэхмэлийн 10 байр, 07 тоот 32,5 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, шинжээч томилон үнэлгээ тогтоож 76,653,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ тогтоосон тухай НШШГГ-аас 2018 оны 11 сарын 27-ны өдөр 4/19493 тоот албан бичгээр мэдэгдсэн бөгөөд миний бие 2018 оны 11 сарын 30-ний өдөр тус шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдлоо гаргасан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад миний хүсэлтээр 2018 оны 12 сарын 19-ний өдөр 183/Ш32018/14960 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжаар 993 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний хэргийг хянан шийдвэрлэж дуустал түдгэлзүүлэн шүүхээс 2018 оны 12 сарын 20-ны өдөр 3487 тоот албан бичгээр захирамжийг хариуцагчид хүргүүлсэн. Гэтэл НШШГГ миний өмчлөлийн орон сууцыг 2018 оны 12 сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаагаар 53,757,100 төгрөгөөр худалдсан тул чөлөөлөх тухай мэдэгдлийг 2019 оны 4 сард бидэнд өгсөн. Бид 183/Ш32018/14960 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа түдгэлзсэн байхад албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдож, чөлөөлөх ёстой болж байгаа талаар үл ойлгон, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж үзэж Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Гантуяад гомдол гаргахад 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 4/321 дугаар хариу мэдэгдэх хуудсаар “шүүгчийн захирамж, албан бичиг тус газарт ирээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэсэн хариуг өгсөн. Энэ хариуг бид хүлээн зөвшөөрөөгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Намсамандад гомдол гаргахад 2019 оны 5 сарын 20-ны өдрийн 4/1094 тоот албан бичгээр “орон сууцыг худалдан борлуулах шийдвэр түдгэлзүүлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн байна” гэсэн хариуг өгсөн. Бид ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн өгсөн хариуг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 993 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний хэргийг хянан шийдвэрлэж дуустал түдгэлзүүлсэн захирамжийг шүүхээс 2018 оны 12 сарын 20-ны өдөр 3487 тоот албан бичгээр НШШГГ-т хүргүүлсэн байтал орон сууцыг анхны албадан дуудлага худалдаагаар 53,757,100 төгрөгөөр худалдсан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснээс хойш 2 хоногийн дараа анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Энэхүү хууль зөрчин гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа “шүүгчийн захирамж, албан бичиг тус газарт ирээгүй” гэж үндэслэлгүйгээр тайлбарлаж байна. Иймд миний өмчлөлийн Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 2 хороо, Нэхмэлийн 10 байр, 07 тоот 32,5 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар 53,757,100 төгрөгөөр худалдсан шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2018 оны 4 сарын 23-ны өдрийн 993 дугаар захирамжаар Д.Г Ц.Д нараас 100,657,950 төгрөг гаргуулж П.Энхболдод олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 сарын 10-ны өдрийн 18290845 дугаар тогтоолоор үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Д.Гын өмчлөлийн эрхийн улсын Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Нэхмэлийн 10 байр, 07 тоотод байрлах орон сууцыг 2018 оны 9 сарын 12-ны өдрийн 18290845/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 8 сарын 28-ны өдрийн 18290845/01 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нарт үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 4/17886 дүгээр албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу “Сэлэнгэ эстимэйт” ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 74,653,000 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 4/664 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Д.Г нь 2018 оны 11 сарын 30-ний өдөр тус шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 3 сарын 12-ны өдөр хэрэгсэхгүй болгосон. Тус газраас 2018 оны 12 сарын 21-ний өдөр зохион байгуулсан анхны алдан дуудлага худалдаагаар Д.Гын өмчлөлийн орон сууц нь 53,757,100 төгрөгөөр худалдан борлуулсан. Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14960 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг бидэнд мэдэгдээгүй, бид хүлээн аваагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдээс шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус иргэний хэрэгт холбогдох хавтаст хэргийн материалд байгаа нотлох баримт зэргээс харвал НШШГ нь Д.Гад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэж байсан болох нь харагдаж байгаа тул тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна. П.Энхболд болон Д.Г нарын мөнгөний асуудал 4, 5 жилийн өмнө яригдаад явсан. Шүүх дээр Д.Г 150,000,000 төгрөг гэхгүй 100,000,000 төгрөгөөр тохиролцоод авчих гэсэн. П.Энхболдын хувьд Д.Гыг мөнгөө өгөх боломжийг маш их олгосон. Д.Г мөнгөө өгөхгүй, уулзахаар өгнө гэж худлаа хэлдэг. Шийдвэр гүйцэтгэл дээр ажиллагааг удаашруулж арга саам хийж байна. 2018.12.19-ний өдөр шүүгчийн захирамж гарсан. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тухайн хэрэгт хариуцагч байсан шүүгчийн захирамж гарсныг мэдэх ёстой байсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. 2018.12.19-ний өдөр хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Уг захирамж гарсан талаар мэдэх боломжгүй байсан гэж харагдаж байсан. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад тухайн захирамж хэдний өдөр ирсэн гэдгийг нотлох ёстой байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ талаар мэдэх ёстой байсан гэсэн агуулгаар ярьж байгаа боловч үүрэг байхгүй байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихийн тулд холбогдох нотлох баримтыг гаргах, өөрсдөө гаргаж өгөх боломжгүй бол шүүхэд хүсэлт гаргаж НШШГГ-аас тухайн он цаг үеийн ирсэн баримтыг гаргуулах боломжтой байсан. 2018.12.21-ний өдрөөс өмнө ирсэн эсэхийг нотлох үүргийг хүлээгээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт шүүхээс явсан боловч НШШГ газар хэзээ хэрхэн яаж ирсэн талаар нотлох баримтгүй учраас нэхэмжлээ бүрэн хамгаалж чадахгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.Г Ц.Д нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэж дуустал түдгэлзүүлсэн байхад дуудлага худалдааг явуулсан гэж тайлбарлав.
Хариуцагч нь татгалзлын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг мэдэгдээгүй, манайд ирүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргалаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж ойлгох ба 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулах арга хэмжээг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлэхээр зохицуулжээ.
Тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00993 дугаар шүүгчийн захирамжаар Д.Г Ц.Д нараас 100,657,950 төгрөг гаргуулж П.Энхболдод олгохоор шийдвэрлэсэн, 2018 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн Гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэн, үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18290845/01 болон 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18290845/01 тоот тогтоолуудаар Хан-Уул дүүрэг, 2 хороо, Нэхмэлийн 10 байр, 07 тоотод байрлах орон сууцыг битүүмжилж, хураасан байна.
Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “Сэлэнгэ эстимэйт” ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг 74,653,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан, тэдгээрийн хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/Ш32018/14960 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэргийг хянан шийдвэрлэж дуустал түдгэлзүүлжээ.
Нэхэмжлэгч шүүгчийн захирамжийг авахаар ирэхэд шүүгчийн туслах өөрөө хүргүүлнэ гэсэн гэж, хариуцагч ирүүлээгүй, мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах эрхээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй байна.
Хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага явагдах болсон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч нарын гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасанд нийцжээ.
Нэхэмжлэгч нараас энэхүү албадан дуудлага худалдаа явагдах талаар мэдсэн болох нь тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/Ш32018/14960 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт дүгнэснээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүргүүлэх үүргийг тодорхойлоогүй боловч шүүхээс дээрх захирамжийг шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3487 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ.
Хэдийгээр хэдийд хэн хүлээж авсан нь баримтгүй байгаа боловч төлбөр төлөгч нарт тухайн албадан дуудлага хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлснээр энэ талаар мэдэгдэх боломжтой байсан байхад тухайн арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах эрхээ хэрэгжүүлээгүйгээр шүүхийн болон шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгаж байгааг хүлээн авах боломжгүй юм.
Тус шүүхийн 14960 дугаар шүүгчийн захирамжаар үнэлгээ хүчингүй болгуулах тухай Д.Гын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтаар дээрх захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгожээ.
Түүнчлэн ийнхүү албадан дуудлага явагдах талаар мэдсэн атлаа хэрхэн худалдагдсан талаар хариуцагч байгууллагаас лавлаагүй, үүнтэй холбоотой гомдлыг хуульд заасан хугацаанд эрх бүхий этгээдэд гомдлоо гаргаж байгаагүй байна.
Харин Д.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосны дараа гомдол гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар шийдвэрлэсэн байна.
Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг мэдээгүйгээр анхны дуудлага худалдааг явуулсныг буруутгах үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, анхны албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Д.Г Ц.Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 70,200 төгрөгийг орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГ холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Г, Ц.Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 70,200 төгрөгийг орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ