Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1915

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 9 сарын 16 өдөр                   Дугаар 183/ШШ2019/01915                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ыннэхэмжлэлтэй,

Хариуцагч: “О” ХХК ,

Хариуцагч: “Ж” ХХК нарт холбогдох,

Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1 болон 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч И.Цэрэндулам, хариуцагч “Ж” ХХК-ийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, З.Сүхбаатар, хариуцагч “О” ХХК-ийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 118 тогтоол, Засгийн газрын 2014 оны 263 тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын Яамны захиалгаар Дэд бүтэц төслийн хүрээнд Буянт-Ухаа-1, 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 9 сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчид бүртгэн авч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 сарын 36-ны өдрийн А/705 захирамжийн дагуу ашиглалт үйлчилгээг хүлээн авах комисс ажиллаж 2016/03 тоот актаар үндсэн хөрөнгийг манай балансад шилжүүлэн шийдвэрлэсэн. Гэтэл “О” ХХК болон “Габот” ХХК зэрэг компаниуд нь нийслэлийн өмчийн ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг ямар ч гэрээ болон эрх зүйн баримт бичиггүйгээр эзэмшиж үйл ажиллагааг явуулсаар байгаа учир мэргэжлийн байгууллага болох манайд ашиглалт, үйлчилгээг шилжүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай контор нь 2015 оны 9 сарын 14-ний ТОСК ТӨҮГ-аас зарласан орон сууцны хорооллын УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон Буянт-Ухаа II орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах болж, 2016 оны 2 сарын 18-ны өдөр ТОСК ТӨҮГ-тай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ байгуулан, Буянт-Ухаа II орон сууцны хорооллын 30 байрны 1620 өрх, 240 хүүхдийн цэцэрлэгийг ус, дулаанаар хангах, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хэвийн явуулсаар ирсэн. Хамтран ажиллах гэрээг 2016 оны 02 сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл байгуулсан нь Барилгын тухай хуулийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад тохируулах, зүгшрүүлэх хугацаа 1 жил гэсний дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, гэрээ байгуулсан ашиглагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор тогтоосон хугацаа юм. Нэхэмжлэгч нь Буянт-Ухаа II орон сууцны ашиглалт үйлчилгээг манай байгууллага хүлээн авахаас өмнө хариуцан ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагаа нь доголдон хариуцан ажиллах боломжгүй, алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар ТОСК ТӨҮГ-аас II орон сууцны хорооллын ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар хариуцан ажиллах байгууллагыг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарсан манай конторт хариуцуулан өгсөн. Гэтэл үйл ажиллагааг хэвийн болгох хүртэл ажилласан бидний хөдөлмөрийг үл ойшоон үйл ажиллагаа нь хэвийн болсон хойно төрийн байгууллагын шийдвэрийг үндэслэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 25 дугаар тогтоолын 2 дахь заалт болон хавсралт-5 хүчингүй болгосон тул шаардах эрхгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч “О” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжиж өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул зөвшөөрөхгүй. Тус компани инженерийн шугам сүлжээ болон ус дулаан дамжуулах төвийн ашиглалт засвар, үйлчилгээг хариуцан ажиллах мэргэжлийн байгууллагыг сонгох ТОСК-ын сонгон шалгаруулалтаар сонгогдон Ус дулаан дамжуулах төв-5-ийг хариуцан үйл ажиллагаа явуулж байна. Уг сонгон шалгаруулалт Монгол Улсын холбогдох хуулиудын дагуу явагдсан. Ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг улсын, хувийн ямар ч компани гүйцэтгэж болдог. Гэтэл нэхэмжлэгч өөрийгөө дан ганц мэргэжлийн байгууллага мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Манай компани орон сууц, нийтийн аж ахуйн системд 20-30 жил ажилласан мэргэжлийн боловсон хүчинтэй, зохих ажлын байр, машин техник тоног төхөөрөмжтэй мэргэжлийн байгууллага юм. Бид энэхүү төвийнхөө үйл ажиллагааг маш хүнд хэцүү үеэс нь эхлэн улмаар жигдрүүлж 1764 өрхийн 6000 гаруй хэрэглэгчдийг ус, дулаан, цахилгаанаар ханган 4 жил ажиллаж байна. Гэтэл нэхэмжлэгч одоо хүнд үе нь өнгөрч үйл ажиллагаа жигдрэхээр тус төвийг авах гэж байгаа нь зохисгүй юм. Тус төвд хамааралтай эд хөрөнгө нь оршин суугчдын нийтийн эзэмшлийн, хувийн, тус компанийн эд хөрөнгөөс бүрдэж байгаа байгаа тул нийслэлийн өмчид бүрэн шилжих ч ёсгүй юм. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 9 сарын 19-ний 25 дугаар тогтоолын 2 дахь заалт, хавсралтын 5-д заасан хэсгийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

ОСНААУГ ОНӨААТҮГ нь “О” ХХК болон “Ж” ХХК нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1, 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэн авах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоол хүчингүй болсон ч төрийн өмч эзгүйдэж байгаа, мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд шаардах эрхтэй гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нийслэлийн өмчид шилжүүлснийг хүчингүй болгосон тул шаардах эрхгүй гэж маргажээ.

 

Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зарласан Хан-Уул дүүрэг 10 хороо, Буянт-Ухаа II орон сууцны хорооллын Ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтаар “Ж” ХХК, 2014 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр зарласан Хан-Уул дүүрэг 10 хороо, Буянт-Ухаа I орон сууцны хорооллын Ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтаар “О” ХХК тус тус нь шалгарчээ.

 

Дээрх сонгон шалгаруулалтыг үндэслэн Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь хариуцагч нартай “Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ”-г байгуулан, Буянт-Ухаа I болон II орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг байна.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Хөрөнгө бүртгэн авах тухай 25 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж ашиглалтад орсон 24,900,062,148 төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, ус дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэж, уг эд хөрөнгийг данс бүртгэлдээ тусган, ашиглалт хамгаалалт үйлчилгээг хариуцан ажиллахыг хавсралтад заасан эзэмшигч байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгожээ.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаа үүсэхийг зохицуулжээ. 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0562 дугаар шийдвэрээр уг тогтоолын 2 дахь буюу ашиглалт хамгаалалт үйлчилгээг хариуцан ажиллахыг үүрэг болгосон заалтыг хавсралтын 5-д заасан Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа II орон сууцны хорооллыг Ус дулаанаар хангаж буй Ус, дулаан дамжуулах төв-11-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Ийнхүү хүчингүй болгосноор нэхэмжлэгч нь орон сууцны хорооллын ашиглалт хамгаалалт, үйлчилгээг хариуцан ажиллах үүрэггүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд төрийн өмч эзгүйдсэн, мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага гэж тайлбарлан нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хууль тогтоомж нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэх ба тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн ямар эрхийг хариуцагч нар яаж зөрчсөн болох нь нотлогдохгүй байх тул зөрчигдөөгүй эрхийг сэргээх ойлголтгүй юм.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын нийслэлийн өмчид бүртгэсэн заалт хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгчээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2018.12.13-ны өдрийн 01/1932 тоот албан бичгээр нэхэмжлэгчээр оролцох талаар хүсэлт гаргаж байсан боловч хариу ирүүлээгүй байна.

Шүүхээс нэхэмжлэгчээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг солих тухай хүсэлтээ дэмжих эсхүл зөвшөөрөх эсэхийг нэхэмжлэгчээс тодруулсан боловч гуравдагч этгээдээр оролцуулахаар хүсэлт гаргасан тул хангаагүй болно.

 

Дээрх тогтоолын хавсралтад заасан эд хөрөнгийн жагсаалтаар “О” ХХК нь ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж буй Ус, дулаан дамжуулах төв-5-ыг орхигдуулсан байгаа боловч Ус, дулаан дамжуулах 10 төвийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээг хариуцуулахаар шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгосон тул “О” ХХК-д холбогдох хэсгийг мөн хүчингүй болгосон гэж үзэхээр байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “О” ХХК, “Ж” ХХК нарт холбогдох Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1, 2 дугаар хорооллын Ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэн авах тухай “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ