Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 280

 

Г.Өд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

шүүгдэгч Г.Өы өмгөөлөгч Э.Ганбат, Д.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттулгын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 18030 0880 0026 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Гын Ө, 1982 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ...т дэд захирал ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Г.Ө нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Их тэнгэрийн амны баруун талын хадан хошууны урд замд Мерседес бенц загварын ...УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалтын “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 8.2 заалтын “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Хьюндай старекс загварын ...УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Ц.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.Өы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Гын Өыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Г.Өы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан Г.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт Г.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч Д.Алтансүх, Г.Байгаль нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Өы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Өы өмгөөлөгч Д.Баттулга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар гэмтэлтэй холбоотой асуудлыг дүгнэхдээ хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол гэх байдлаар зохицуулсан. Гэтэл хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтэл гэж гарсан. Үүнийг анхан шатны шүүх хүнд хор уршиг гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн хувьд, 2014 оны Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гаргаж байгаа хүнд гэмтэл нь хүнд хор уршигт хамаарах талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа оролцогчийн эрхийг хязгаарласан байдалтай явагдсан. Өөрөөр хэлбэл, хүнд гэмтэлтэй холбоотой шинжээчийн тогтоосон дүгнэлтийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжээч томилох хүсэлт удаа дараа гаргасан ч прокурор болон шүүхээс уг дүгнэлтийг маргаангүй, үндэслэл бүхий байна гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг хязгаарласан. Түүнчлэн, хавтас хэрэгт авагдсан маргаан бүхий шинжээчийн дүгнэлтээр 2014 оны Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 буюу хугарал, цусан хураа гэдэг байдлаар хүнд гэмтэл гэж оношилсон байдаг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан хохирогчийн онош дээр уг хугаралтай холбоотой онош байдаггүй. Гэмтлийн зэрэг нь нэгэнт оношоор бүртгэгддэг учраас эмчлүүлэгчийн карт дээр байхгүй оношоор “хүнд гэмтэл байна” гэж тогтоосон нь эргэлзээ бүхий байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Өы өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.Баттулга өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. 2002 оны Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудтай нийцүүлэн гаргасан Гэмтлийн зэрэг тогтоох журам гэж бий. Гэтэл Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдсан байхад өмнөх хуультай нийцүүлэн Сайдын тушаалаар батлагдан гарсан эрх зүйн акт хүчин төгөлдөр хэрэглэгдэж, шүүх түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлж байна. Үүний дагуух шийдвэрүүд хүчинтэй эсэхийг дүгнэх шаардлагатай гэж үзэж байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмаар хохирогчийн биед гавал ясны хугарал болон тархины цусан хураа гэх хоёр хүнд гэмтэл учирсан гэж тогтоосон. Гэтэл хохирогчийн биед цусан хураа үүссэн, харин хугарал нь хагалгаа хийсэн эмч нарын тайлбараар үгүйсгэгддэг. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд хүсэлт өгч шийдвэрлүүлэх гэсэн боловч шүүх уг гэмтлүүд нь хүнд гэмтэл гэж дүгнэсэн. Иймд уг асуудлыг дахин шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай . ...” гэв.

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хэргийг талаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй талаар тодорхой тайлбарласан. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд тус тус заасан нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, хэрэг бүртгэлт, мөрдөн  байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Г.Өыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, мөн дүрмийн 8.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, энэхүү ослын улмаас зорчигч Ц.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.Өд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан, Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, жолоочийн согтуурал шалгасан “...Г овогтой Өыг драйгер багаж ашиглан үлээлгэн шалгахад 0.66 хувь гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов.” гэх магадлагаа /1хх 218/, “...Миний бие “Минт” бааранд 2 шил пиво, 1 стакан виски, кола уусан болно. ...” гэх шүүгдэгчийн өөрийн гараар бичсэн гэх тайлбар /1хх 190/, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “...Би осол болох үед эрүүл байсан. Тэр үед ажил ихтэй байсан учраас ажлаасаа гарахдаа долоогоны ханд уучихсан байсан юм. ...” гэх /1хх 192/, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “...Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэмтлийн эмнэлэг дээр оччихоод зүрх салганаад сэтгэл санаа тогтворгүй байхаар нь эмийн сан орж зүрхний эм асуухад долоогоны ханд зүгээр гэхээр нь тэрнээс аваад уусан. Тэгсэн замын цагдаагаас хүмүүс ирээд драйгер багажаар үлээлгэж шалгахад 0.66 хувьтай гарсан. ...” гэх /1хх 192/ зэрэг мэдүүлгүүд хэрэгт авагдсан байхад мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн эсэхэд үндэслэлтэй, хууль зүйн дагуу дүгнэлт хийлгүй хэргийг шүүхэд шилжүүлэн, улмаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт өгөлгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Мөн 2017 оны 5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө хэргийн үйл баримт болсон байхад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэх, уг хуулийг хэрхэн буцаан хэрэглэсэн талаар мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд ямар ч дүгнэлт хийхгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчмын шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.

Ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш хийгдсэн байхад анхан шатны шүүх харилцан зөрүүтэй мэдүүлэг, эргэлзээ бүхий баримтуудыг дахин нягтлан шалгахгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох”, “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй гэж үзнэ. 

Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрх хуулиар олгогдоогүй тул дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтаар дахин тодруулах замаар хэрэгт нотолбол зохих байдлыг нотлуулах зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Өд холбогдох эрүүгийн 1803008800026 дугаартай хэргийг Тээврийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл Г.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ