| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/02048/И |
| Дугаар | 102/ШШ2020/00994 |
| Огноо | 2020-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2020/00994
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: БНХАУ-ын Эрээн тоотод оршин суух, Е50381214, Я.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо,Д овогт Г-ын Д-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б /үнэмлэх 2280/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Ц нь БНХАУ-ын иргэн, Эрээн хотод оршин суудаг. Я.Ц нь сантехник, угсралтын Б ХХК-иас авлагатаа авсан Хан-Уул дүүргийн 15-р хороо, 2 байрыг 2015 оны 07-р сарын 03-ны өдөр Г.Д нь 100 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Г.Д нь төлбөрийг 2016 оны 04-р сарын 1-ний дотор төлж дуусгахаар баталгаа гаргасан. Гэтэл энэ хугацаанд байрны төлбөр бүрэн төлөгдөөгүй, 2016 оны 12-р сарын 02-ны үед 30 000 000 төгрөгийг төлж, үлдэх 70 000 000 төгрөгийг 2016 оны 12-р сарын 20-ноос өмнө төлнө, хугацаандаа төлөхгүй бол хүү төлнө гэж тохирсон. Үүнээс хойш Я.Ц Г.Д нарын тооцоогоор 12 000 000 төгрөг төлсөн. Иймд Г.Д-аас 58 000 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д, түүний нөхөр Б, Я.Ц нар эртний танилууд юм. 2015 оны 7-р сард Я.Ц нь би Б ХХК-иас авлагаа авч чадахгүй байна, надад 100 000 000 төгрөгийн байр өгсөн, ашиглалтад орохоор нь зараад мөнгийг нь өгөөрэй гэсэн. 2015 оны 08-р сард К ХХК нь Багахангай дүүрэгт цэвэрлэх байгууламж барьж байсан, тэр ажлыг н.Б-ээр хийлгэж ажлын хөлсийг тухайн байрны мөнгөнд суутгахаар тохиролцсон байдаг. Гэтэл явцын дунд Я.Ц мөнгөө нэхээд байсан болохоор 45 000 000 төгрөг өгч, 55 000 000 төгрөгийн тооцоо үлдсэн. н.Батдэлгэрийн ажлын хөлс 118 848 000 төгрөгийг Я.Ц авсан. Харин н.Б 118 848 000 төгрөгнөөс 55 000 000 төгрөгийг хасаад 63 848 000 төгрөгийг авах ёстой гэдэг. Иймд нэхэмжилж байгаа 58 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Ц нь Г.Д-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Я.Ц нь Б ХХК-иас Хан-Уул дүүргийн 48 айлын орон сууцнаас 45.09 м.кв 2 өрөө байр, 31.88 м.кв 1 өрөө нийт 2 байрыг өр төлбөртөө тооцож авсан гэх ба эдгээр байрыг Г.Д 100 000 000 төгрөгөөр худалдсан, үүнээс 58 000 000 төгрөгийг төлөөгүй гэж маргажээ.
Г.Д нь Б ХХК-тай 2015 оны 07-р сарын 03-ны өдөр 02/115 тоот Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, дээрх орон сууцнаас 2 өрөө 39 тоот сууцыг 60 000 000 төгрөгөөр, 1 өрөө 40 тоот сууцыг 40 000 000 төгрөгөөр авахаар /хх 7-10/ тохирсон, эдгээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Харин Я.Ц, Г.Д нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь тогтоогдоогүй, ...Ц-ийн Б ХХК-иас авлаганд авсан нийт гүйцэтгэлийн 40% хувь нь хийгдсэн ашиглалтанд ороогүй байрнаас 1 өрөө 40 сая, 2 өрөө 60 сая төгрөгийн байрны гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд тооцоог 2016.04.01-нд хийж дуусгана гэсэн /хх 11/ баримтаас үзвэл худалдах, худалдан авах гэрээ хийхээр тохироогүй, нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхтэй гэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь Б ХХК-иас авлагатай талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаагүй боловч өр төлбөртөө 2 байр авсан гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн ....байрны гэрээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэсэн баримт, байрыг ашиглалтад орохоор зараад мөнгийг нь өгөөрэй гэсэн тайлбар, гэрч Г.Б-ийн ...Б компаниас мөнгөө авч чадахгүй байна гээд 2 байрны гэрээг Д-гийн нэр дээр шилжүүлсэн, байр одоо болтол ашиглалтад ороогүй, Ц-ийг бид Н гэж дууддаг, Н ХХК-тай гэрээ хийсэн, ажлаа надаар хийлгэсэн, ажлын хөлснөөс 2 байрны 100 000 000 төгрөгийг суутгана гэж тохирсон, би Н 10 сая төгрөг л авсан гэсэн мэдүүлэг /хх 38/, орон сууцны барилга баригдсан эсэх нөхцөл байдал зэргээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь шаардах эрхээ шилжүүлсэн эсэх, шаардах эрхийг шилжүүлсэнтэй холбоотой шаардах эрх үүсэх эсэх, эдгээрийг тодруулснаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлох байжээ.
Г.Д нь БХХК-тай байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын 03/115 тоот гэрээгээ Ц.Б, 02/115 тоот гэрээгээ Х.О шилжүүлж /хх 44-45/, тус тусдаа гэрээ хийсэн байх ба Х.О, Б ХХК-ийн хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7-р сарын 30-ны өдрийн 1649 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн /хх 53-55/, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Хэргийн 40-43, 46-51 дэх талд авагдсан Б ХХК, Я.Ц нарын хоорондын төлбөр тооцоо, тооцоо нийлсэн баримт, зарлагын баримтууд нь энэ хэрэгтэй холбоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Д-аас 58 000 000 /тавин найман сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Я.Ц-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА