Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2020/01087

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Ж-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн Ё ХХК,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн Б.О нарт холбогдох зээлийн гэрээ цуцалж 421 633 172 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагч Ё ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё  нь Ж-аас 2016 оны 07 дугаар сарын 7-ны өдөр 2016/122/01 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 500 сая төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр, Б.О-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204058279 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн,  3 өрөө , 3 өрөө сууц, С.Т-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 12-р хороо,  2 өрөө сууцыг тус тус барьцаалан зээлсэн. Зээлдэгч нь зээлийг төлөх хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж хугацааг 1256 хоног хэтрүүлсэн, зээлээ төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Ё ХХК болон н.О нараас үндсэн зээл 354 490 140 төгрөг, зээлийн хүү 9 128 767 төгрөг, алданги 57 989 265 төгрөг, нотариатын зардал 25 000 төгрөг нийт 421 633 172 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ё  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Ё ХХК нь 2016 оны 07-р сарын 07-нд зээлийн гэрээ байгуулж 500 000 000 төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 8-р сарын 04-нд 1 438 400 төгрөг, 2016 оны 8-р сарын 31-ний өдөр 1 400 000 төгрөг, 2016 оны 10-р сарын 12-ны өдөр 1 400 000 төгрөг, 2016 оны 11-р сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 25-ны өдөр 16 600 000 төгрөг, 2017 оны 08-р сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 08-р сарын 23-ны өдөр 8 000 000 төгрөг, 2017 оны 09-р сарын 11-ний өдөр 16 505 869 төгрөг, 2019 оны 3-р сарын 25-ны өдөр 140 000 000 төгрөг, 2019 оны 04-р 02 өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 04-р сарын 11-ний өдөр 9 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Энэ нь баримтаар нотлогдож байгаа. Харин 2016 оны 11-р сарын 18-ны өдрийн 3 000 000 төгрөгийг гүйлгээний утгаа буруу бичсэн гээд нэхэмжлэгч үүнийг хасаагүй байна. Баримтыг гаргаж өгсөн, үүнийг хасч тооцох ёстой. Зээлийн гэрээний ерөнхий нөхцөлд хүү гэсэн хэсэгт нь алдангийн заалт байхгүй, зөвхөн сангийн эрх үүрэг гэх хэсэгт нь зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хувиараар хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,1 хувийг алданги тооцно гэж заасан байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Талууд алданги тохироогүй, алдангийн хэмжээг яаж тогтоосон нь тогтоогдохгүй, хуулиар алданги гэж заасан болохоос хөшүүрэг гэж байхгүй. Зээлдүүлэгч Ё ХХК-д 2019 оны 7-р сард гэрээ цуцлах мэдэгдлийг бичгээр өгсөн, энэ хугацаанаас гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Алдангийн заалт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул үндсэн зээлээс нийт 209 344 269 төгрөгийг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 290 655 731 төгрөгийг хүүгийн хамт 351 000 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тэнцүү хувиараар гаргуулах гээд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож байгаа гэж ойлголоо. Тэнцүү хувиар гаргуулна гэхээр П.О 210,816,586 төгрөгийг төлөх юм байна. Зээлийн гэрээгээр харахад зээлдэгч, хамтран зээлдэгч гэдгийг өөр утгаар тайлбарлаж байгаа. Б.О-ийг үүрэг гүйцэтгэгч гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний 1.2-т зээлдэгч гэдгийг тодорхойлж өгсөн. Энэ нь зээл хамтран авсан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж байгаа. Зээлийн эргэн төлөлтийн хувиар дээр зөвхөн Ё ХХК нь гарын үсэг зурсан байдаг. Б.О гарын үсэг зураагүй. Хүү алдангаа Б.О-д танилцуулаагүй байж, Б.О-ээс хүү алданги нэхэмжлэх эрхгүй. Алдангийг гэрээний 2.1.4-т хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол гэж тайлбарлаж өгсөн. Алданги гэдэг бол зээлийн гүйцэтгэлийг хангах арга. Гэтэл зээлийн гэрээний алданги авах талаар тусгаагүй. Мөн алданги 0,1 хувь, 0,5 хувь гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн зээлээр авсан 500 000 000 төгрөгийн зээлээс Б.О нь нэг ч төгрөг аваагүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х яамны Ж нь Ё Эс Би ХХК, Б.О нарт холбогдох зээлийн гэрээ цуцалж 421 633 172 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Засгийн газраас экспортыг дэмжих, импортыг орлох жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор Ж нь Ё ХХК-тай 2016 оны 07-р сарын 07-ны өдөр 2016/122/01 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 500 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр, Б.О-ийн өмчлөлийн  2 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204039011 дугаарт бүртгэгдсэн,  3 өрөө сууц,  3 өрөө сууц, 2 өрөө сууцыг тус тус барьцаалан зээлүүлэхээр тохирчээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, зээл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэрээ /хх 10-37/ байна.

 

Зээлийн гэрээний 5-р зүйлд зааснаар зээлдэгч Ё ХХК-тай зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үүргийг Б.О хүлээхээр тохирсон ба Иргэний хуулийн 242-р зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 145 509 859 төгрөг, зээлийн хүүд 60 843 409 төгрөг нийт 206 353 268 төгрөг төлсөн, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Харин зээлдэгч 2019 оны 04-р сарын 12-ны өдрөөс хуваарийн дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн нь зохигчийн тайлбар, зээлдэгчийн 2019 оны 12-р сарын 27-ны өдрийн хүсэлт /хх 41/ зэргээр тогтоогдсон байх ба зээлдэгч үндсэн зээл 290 655 731 төгрөгийг хүүгийн хамт 351 000 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, алданги төлөхөөр тохироогүй гэж маргажээ.

 

Талууд гэрээний 2-р зүйлийн 2.1.4.Алданги-хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 4-р зүйлийн 4.2.зээлдэгч авсан зээл, түүний хүү, алдангийг зөвхөн төгрөгөөр гүйцэтгэнэ, 5-р зүйлийн 5.2.2.гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү, алдангийг ...үл маргах журмаар төлөх, 6-р зүйлийн 6.1.1.зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор тус тус заасан нь алдангийн талаарх тодорхойлолтоос эхлэн үүргийг төгрөгөөр гүйцэтгэх, алданги төлөх хэмжээг тохирсон гэж үзнэ.

 

Зээлдэгч гэрээний 7-р зүйлийн 7.1.1-д заасан зээл төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн зөрчлийг гаргаж, хугацааг 1256 хоногоор хэтрүүлсэн нь гэрээний 10-р зүйлийн 10.2.1.Энэхүү гэрээний 7-р зүйлийн 7.1.1.-д заасан зөрчлийг гаргасан, 10.2.2.зээлдэгч зээлийг хуваарийн дагуу бол зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болсон байна.

 

Гэрээ цуцалснаар зээлдэгч үндсэн зээлд 354 490 140 төгрөг, зээлийн хүү 9 128 167 төгрөг, алданги 56 737 544 төгрөг нийт 420 356 451 төгрөгийг төлөх үүрэгтэй. Харин зээлдэгч Ё  ХХК нь 2016 оны 11-р сарын 18-ны өдөр зээл, зээлийн хүүд 3 000 000 төгрөг төлсөн нь Х банкны төлбөрийн баримтаар тогтоогдсон /хх 53/ байх тул төлбөрөөс хасч тооцон 417 356 451 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангах, нотлох баримтыг эх хувиар нь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргах үүрэгтэй, хуулийн энэ шаардлагыг хангаж нотариатын үйлчилгээнд 25 000 төгрөг төлснийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, энэ үүргийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.1 дэх хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж сан, Ё  ХХК, Б.О нарын хооронд 2016 оны 07-р сарын 07-ны өдөр байгуулсан 2016/122/01 тоот зээлийн гэрээг цуцалж, Ё  ХХК, Б.О нараас 417 356 451 /дөрвөн зуун арван долоон сая гурван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөг гаргуулж Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Ж санд олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 4 276 721 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Ё  ХХК, Б.О нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 8-р хороонд бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26-р хороо,  3 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26-р хороо, 3 өрөө сууц, Их Монгол улсын гудамж, 3 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 12-р хороо, 2 өрөө сууцыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 2 259 732 /хоёр сая хоёр зуун тавин есөн мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА