Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2020/00040/И |
Дугаар | 102/ШШ2020/01103 |
Огноо | 2020-04-09 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2020/01103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4-р хороо, К ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Х овогт Ц.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 544 233 051.21 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.С, хариуцагчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК, Ц.С, Д.О нар нь Капитал банктай 2014 оны 04-р сарын 14-ний өдөр 50 тоот зээлийн гэрээ байгуулж 500 000 000 төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 2016 оны 06-р сарын 06-ны өдөр 50/1 тоот зээлийн гэрээ байгуулж 70 000 000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн. Зээлдэгч Т ХХК нь 50 дугаартай зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 1 025 082.57 төгрөг, зээлийн хүүд 85 795 738.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 814 802.39 төгрөг бүгд 187 635 633.68 төгрөг төлсөн. 50/1 дугаартай зээлийн гэрээний төлбөрөөс үндсэн зээл 31 227 742.75 төгрөг, зээлийн хүүнд 24 795 635.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 296 503.53 төгрөг бүгд 66 319 432.92 төгрөгийг тус тус төлсөн. 50 дугаартай зээлийн гэрээний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 398 974 917.43 төгрөг, үндсэн хүү 95 222 620.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 905 407,08 төгрөг, нотариатын хөлсөнд 61 500 төгрөг бүгд 506 164 445.41 төгрөгийг, 50/1 гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт 28 772 257.25 төгрөг, үндсэн хүү 8 306 231.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 987 614.15 төгрөг, нотариатын хөлс 2500 төгрөг нийт 38 068 605.80 төгрөг нийтдээ 544 233 051.21 мөнгийг Ц.С гаргуулах, мөн барьцааны гэрээнд тусгагдсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргасан. 2020 оны 3 дугаар сарын 05-нд нэмэгдүүлсэн шаардлага гаргаж 50 дугаартай зээлийн гэрээн дээр зээлийн үндсэн хүү 6 995 724.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 399 131.92 төгрөг нийт 8 394 869.50 төгрөгөөр, 50/1 зээлийн гэрээнд зээлийн хүү үндсэн хүү 1 362 132.61 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 272 423.92 төгрөг нийт 1 634 567.53 мөнгө болсон. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг 10 029 437.03 мөнгөөр нэмэгдүүлж Ц.С-ээс 554 262 488.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банк нь 2013 онд 50 дугаартай гэрээ, түүний дараа 50/1 гэрээний үүрэгт нийтдээ 554 262 488.24 төгрөгийг Ц.С-ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Капитал банк нь 2019 оны 04-р сарын 03-ны өдөр дампуурснаараа Банкны тухай хуулиар банкны тусгай актив, тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцаанд эрх, үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, дампуурснаараа зээл төлөх хүү, хүү тооцох эрх нь дуусгавар болсон, 04-р сарын 03-ны өдөр хүртэлх хүүний тооцооллоо гаргаагүй, түүнээс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж байгаа нь Банкны тухай хуулийг зөрчиж байна. Капитал банк нь Т ХХК-тай гэрээ байгуулсан, зээл төлөх мэдэгдлийг захирал О-т хүргүүлдэг. Хариуцагч Ц.С энэ зээлийг төлөгдөж байгаа гэж бодож байсан, түүнд нэг ч удаа мэдэгдэл ирж байгаагүй, зээлийг Т ХХК хариуцах ёстой. Компани зээлийн мөнгөөр тоног төхөөрөмж худалдаж авсан, тоног төхөөрөмж нь компанидаа байгаа, Ц.С нь компаний хувьцаа эзэмшиж байсан, хувьцаа эзэмшигчийн хувьд зээл аваагүй. К банк Т ХХК-иасаа зээлээ төлүүлэхээр шаардах ёстой, харин хувьцаа эзэмшигчээс шаардах эрхгүй бөгөөд Ц.С үүргийг гүйцэтгэнэ гэж гэрээндээ тусгайлан тохироогүй. К банк нь 50 тоот гэрээнд 50/1 гэсэн гэрээгээр зээлийн нөхцөл өөрчлөгдөж гэрээ байгуулсан байдаг. Гэрээний 2.3-т Т ХХК-ийн үүргээ зөрчсөн 43 988 486.41 төгрөг, үндсэн зээл 26 011 513.59 төгрөг нийт 70 сая төгрөгийг арилжааны зээлд шилжүүлэн төлүүлэхээр тохиролцож, түүнийгээ зээл олгосноор тооцож нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байна. Монгол Улсын компанийн тухай хуулинд хувьцаа эзэмшигч өөрийнхөө оруулсан хөрөнгөөр л компанийн өмнө хариуцлага хүлээнэ. Ц.С нь Т ХХК-ийн хувьцааны 30 хувийг эзэмшдэг, компаний өөрийн хөрөнгө нь 1 сая төгрөг, үүний 30 хувь буюу 300 000 төгрөгийн үүргийг хүлээх үүрэгтэй. Мөн Т компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах эрхтэй этгээд нь О. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК дахь нь Ц.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 554 262 488.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
К нь Т ХХК-тай 2014 оны 04-р сарын 14-ний өдөр 50 тоот зээлийн гэрээ байгуулж 500 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 0.58 хувийн хүүтэйгээр, 2016 оны 06-р сарын 06-ны өдөр 50/1 тоот зээлийн гэрээ байгуулж 70 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, улсын бүртгэлийн Ү-2205026955 дугаартай, Баянгол дүүргийн 4-р хороо,3 өрөө сууц, хувийн сууц, иргэний ахуйн зохиулалттай, эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт засаг даргын шийдвэртэй нэгжталбарын дугаар 00000 дугаартай 700 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар, хувийн сууц, 8,100 м.кв талбайтай, нэгж талбарын 00000 дугаартай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт тус тус барьцаалахаар /хх 30-79/ тохирчээ.
Зээлийн гэрээний 1-р зүйлийн 1.2-т К банкийг зээлдүүлэгч, Т ХХК-ийг зээлдэгч гэж тус тус тодорхойлж, зээлийг 3-р зүйлийн 3.7-д заасан жижиг, дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн зориулалтаар олгожээ.
Гэрээний 6.6, 7.3-т зааснаар зээлдэгч Т ХХК нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхдээ Ц.С, Д.О нартай хамтран зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчилэн гүйцэтгэх, хамтран зээлдэгч нар нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хариуцлага хүлээхээр тохирсон нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хүлээх үүрэг нь гэрээнд зааснаар үүсчээ.
Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл К банкны эрх хүлээн авагч нь зээлийн үүргийг зөвхөн нэг үүрэг гүйцэтгэгч Ц.С-ээс шаардсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч бусад үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Т ХХК болон Д.О нараас шаардаагүй үндэслэлээ ...хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэжээ.
Хариуцагч Ц.С ...зээлдэгч Т ХХК нь зээлийг шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж авахад зарцуулсан, үйлдвэр Дорноговь аймагт байдаг гэх ба нэхэмжлэгч төлбөрийг бүх үүрэг гүйцэтгэгч нараас шаардсанаар тэдгээрийн тус бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох, улмаар Жайка олон улсын байгууллагаас төсөл хэрэгжүүлж олгосон зээлийг үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар хэн ямар хэмжээгээр үүргийг хэрхэн хариуцах нь тодорхойлогдоно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч бусад үүрэг гүйцэтгэгчдийн хаягийг тодруулах, шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ.
Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04-р сарын 08-ны өдрийн К ХХК-ийг албадан татан буулгах тухай А-96 дугаар тушаалаар К ХХК-ийг 2019 оны 04-р сарын 08-ны өдрөөс албадан татан буулгаж, А-97 тоот тушаалаар банкны эрх хүлээн авагчийг /хх 3-6/ томилжээ.
Банкны эрх хүлээн авагч томилогдож, банкийг татан буулгах ажиллагаа явагдаж байгаа нь шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүйгээс гадна зээлдэгч зээлийг төлөхгүй байх, хариуцалагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэг, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.С 554 262 488.24 /таван зуун тавин дөрвөн сая хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун наян найм/ төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн К-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА