Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 21

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /онлайнаар/

Шүүгдэгч Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа /онлайнаар/

Хохирогчийн өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр/онлайнаар/

Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Б-д холбогдох 1929002710143 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, “Цагаан хад” гэх газарт “Ар чавчир” ХХК-ийн эзэмшлийн 08-63 ӨМЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 13 ширхэг дугуй, хөгжмийг хулгайлж бусдад 7,380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                        

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Ц.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Ц.Б бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.Б 7,230,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Банзрагчид олгуулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Б иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Миний хувьд өөрт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд 6 дугуй авсан талаараа анх хэлж мэдүүлж байсан боловч байцаагч чи 6 дугуй авах 13 дугуй авах ялгаа байхгүй. Хэргээ хурдан шийдүүлмээр байна гэвэл түүнийгээ бүгдийг нь хүлээчих.

Хохирлоо 6 дугуйгаа үнэлүүлээд, мөн хуучин тавьсан дугуйг үнэлүүлээд үүний хооронд зөрүү гарна тэгээд гарсан зөрүү мөнгөө төлчихвөл гайгүй гэхээр нь байцаагчийн хэлснээр хурдхан хэргээ шийдүүлээд салбал зүгээр гэж бодоод 13 дугуй авсан гэж хэлж мэдүүлсэн.

Хүний хулгайлсан эд зүйлийг би өөрөө үйлдсэн болж хэрэг хүлээсэндээ маш их харамсаж байна.

Хэрэг дотор байцаагчийн хэлсэнчлэн машины дугуйны үнэлгээг 2 янзын байдлаар үнэлүүлээгүй, шууд шинэ дугуйны үнэлгээгээр үнэлгээ гаргуулсанд би гомдолтой байна.

Шүүх хуралдааны явцад би 13 дугуй авсан гэж худлаа хэлж мэдүүлээд торгуулийн ял оногдуулах байх гэж байцаагчийн хэлснээр хуралд орсон. Гэтэл шүүхээс хорих ял оногдуулсан.

Иймээс хэргийн үнэн мөнийг тогтоолгож, өөрийн 6 дугуй хулгайлсан үйлдэлдээ тохирсон ял шийтгэлээ  авах нь зүйтэй гэж би бодсон учир гомдол гаргаж байна.

Надад холбогдох эрүүгийн хэргийг шүүгч та бүхэн хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.

Хэрэв анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргавал надад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Давж заалдах гомдолдоо 13 дугуй болон 6 дугуйны зөрүүтэй асуудал яригддаг. Нотлох баримтаар 13 дугуй хулгайлсан болох нь тогтоогддог. Хэрэгт анхнаасаа нотлох баримтаар тогтоогдоод хэргийг шийдвэрлэсэн нотлох баримт нь байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Ц.Д гэдэг хүнийг хохирогчоор тогтоох хэрэггүй. Яагаад гэвэл Ц.Д нь энэ машин миний гэж хэлсэн бол яагаад “Ар чавчир” ХХК-ийн нэр дээр шилжсэн юм. 

Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дугуй зараагүй. Би 1 200 000 төгрөгийн цалин авах ёстой байсан. 20 гаруй хоног цалингаа нэхэхэд өгөхгүй байхаар нь 6 дугуйг нь авч 1 дугуйг нь 200 000 төгрөгөөр зарж, оронд нь хээ багатай дугуй тавьсан. Оронд нь тавьсан 6 дугуй нь ашиглах боломжтой дугуйнууд гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хэргийг прокурорт буцаах үндэслэл нь хэргийн талаар нотловол зохих нотлох баримтыг бүрэн дүүрэн нотлоогүй. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоогоогүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг нотлоогүй учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгох гол үндэслэл нь болж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Х.Наранзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлд ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй. Хохирлын хэмжээг бодитойгоор тогтоогоогүй байна. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын асуудал дээр хангалттай нотлох баримтуудыг гаргаж өгсөн гэв.     

Хохирогчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тухайн үед Ц.Давааням гэдэг хүн хохирогчоор Б.Б гэдэг хүн байгаа гэж учрыг нь тайлбарлахад мөрдөгчийн зүгээс хохирогчоор Б.Б тогтоосны улмаас учирсан хохирлын талаар болон 6 000 000 төгрөгийг завшсан талаар илэрхийлэх боломжийг олгоогүй байна. Ц.Баярмаа өмгөөлөгчийн хэлснээр хохирогчийг тогтоох асуудал дээр үнэн зөв тогтоогоогүй байна гэж хэлсэнтэй санал нэг байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцахад хохирогчоор Ц.Д тогтоох үндэслэл байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад иргэн Ц.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “...миний хувийн эзэмшлийн “Ар чавчар” ХХК-ийн нэр дээр байгаа 08-63 ӨМЭ дугаартай тээврийн хэрэгслийн 13 ш дугуй, хөгжим, гэр интернэт зэргийг 2019 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө алдагдсан тул олж өгнө үү” /хх-10/ гэсэн өргөдлийг гаргасан байхад түүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагааг мөрдөгч хийлгүйгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж бичигдсэн “Ар чавчар” ХХК-ийг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоож иргэн Ц.Дн гаргасан өргөдлийн дагуу хэргийг шалгаагүй байна.

Гэрч Ц.Дн /хх-40/  ...тухайн 08-63 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өмч байгаа юм. Тэгээд Ар чавчар ХХК-ийн нэр дээр нүүрс тээвэрт явдаг, гэрч С.Чн “...тухайн машины эзэн болох Давааням гэх хүнд мэдэгдэж тухайн хүн ирж цагдаад хандсан” /хх-42/, гэрч Ц.Бн “...би Д гэх хүний хувийн авто машиныг жолооддог жолооч” /хх-44/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд энэ хэрэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч нь хохирогчийг зөв тогтоох шийдвэрийг гаргах шаардлагатай байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1929002710143 дугаартай тогтоолоор /хх-01/  Ц.Бг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, “Цагаан хад” гэх газарт “Ар чавчар” ХХК-ийн эзэмшлийн 08-63 ӨМЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 13 ширхэг дугуй, хөгжмийг хулгайлж бусдад 7088000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөн зүйл хэсгээр зүйлчилж яллах дүгнэлт үйлджээ.

Хавтас хэрэгт авагдсан гэрч Ц.Дн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би 08-63 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Цогтцэций суманд байх Тайвнаа гэх дүүгийндээ машинаа үлдээгээд Улаанбаатар хот руу амрахаар явсан. Тэгээд 08 дугаар сарын 20-ны үеэр Ч гэх манай таньдаг дүү залгаад таны машинаар нүүрс тээвэрт явж байя гэхээр нь би болно гэж хэлээд дүүгийнхээ хашаанаас машинаа авхуулаад 1-2 удаа явуулахад Чимэдцэрэн машин барьж чадахгүй юм шиг болохоор нь би миний дүү наад машинаа Цагаан хаданд тавьчих гээд Цагаан хаданд чирэгч машин барьдаг Б гэх залуу руу яриад Ч машин авчирч өгнө хүлээж аваад машинаа хараад байж бай гэж хэлсэн. Бат-Эрдэнэ гэх залуу харж бүрэн бүтэн байдлыг хариуцаж байсан /хх-39-40/, гэрч С.Ч 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Б гэх чирэгч машины жолооч хүнд 08-63 ӨМЭ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөөд ажил гараад Цогтцэций явсан /хх-42/, гэрч Ц.Бн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Ч гэх Д гэх хүний хувийн авто машиныг жолооддог жолооч 08-63 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг надад үлдээсэн /хх-44/” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Ц.Б уг машиныг  бусдаас хадгалахаар хүлээн авсан гэхээр байхад энэ үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”  гэж хэргийг мөрдөгч, прокурор, шүүгч нь зүйлчилснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад алдагдсан гэх дугуйнуудын элэгдэл, хорогдлыг тооцож үнэлгээг зөв гаргаагүй, мөн сольж тавьсан гэх дугуйнуудын үнэлгээг гаргаагүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг мөрдөн байцаалтын явцад нотлоогүй” байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэрийг хянахад шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 4 дэх заалтыг шүүгч бичихдээ Иргэний хуулийн гэм хорын хохирлыг арилгуулах талаарх холбогдох заалтуудыг баримтлаагүй, хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Б гэх хувь хүнд олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг анхан шатны шүүх зөрчсөн байна.

Иймд шүүгдэгчийн “эрүүгийн хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт  буцаах тухай” давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Б-д холбогдох 1929002710143 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Б-д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Т.БЯМБАЖАВ