Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б ХХК,

Сэлэнгэ Гурванбулаг ХХК, в,

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй

хөнгөн үйлдвэрийн сайд,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлагыг хангах явцын мэдээллийг сонсох ажиллагаанд үндэслэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7.1.5-д заасан энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах... ажиллагааг гүйцэтгэхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдад тус тус даалгах,

2. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсын нэгдэн орсон 59.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон 66.Патентын хамтын ажиллагааны гэрээг тус тус журамлан гүйцэтгэсэн технологийн утгаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой дэлхийн хэмжээнд шинэ арга, шинэ техникийн түвшин гэж үзэх эсэх тухай олон улсын эрхтэй шинжээчдийн үнэлгээ дүгнэлт бүхий Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3.2-д заасан эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ хийлгэсэн байх дотоодын үнэлгээний шалгуурыг хангасанд тооцон мөрдөхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мж, Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Монгол улсад нэн шинэ, өндөр технологийн Модны шинэ хими экспортын төслийг Сэлэнгэ Гурванбулаг ХХК, С.Б ХХК-иуд хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Манай төсөл нь аж үйлдвэрийн 4 дэх хувьсалтай мөр зэрэгцэх зорилготой бөгөөд төслийг техникийн ухааны докторант Ц.Н-/С.Б ХХК/, амьдралын шинжлэх ухааны докторант Ц.Н /Сэлэнгэ Гурванбулаг ХХК/ нар хамтран удирдаж байгаа юм.

... Манай төсөл нь 2016-2025-2030 оны хугацаанд 3 шаталбараар өргөжин хэрэгжсэний үр дүнд дунджаар 60 орчим олон улсын патент, 70 орчим ноу-хау үйлдвэрлэж эзэмшсэн, модыг нано түвшин хүртэл бүрэн боловсруулах үйлдвэрийн цогцолборыг ашиглалтанд оруулж, модны эргэлтийн тариалантай, нано нүүрстөрөгчийн гуурс, хавтан, холимог материал, устөрөгчийн түлш, нано эрдэс зэрэг 60 орчим нэрийн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж жилд 500.0 саяас дээш ам.долларын борлуулалттай ажиллах зорилттой юм. Төслийн зорилтыг 2018 оны статистик гүйцэтгэлээр харьцуулбал, Улаанбаатар төмөр зам 250 сая орчим, Агаарын тээврийн салбар 130 сая орчим ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна.

Нано нүүрстөрөгч нь 21 дүгээр зуунд зэс, ган=(төмрийн хүдэр+коксжсон нүүрс+жонш+газрын ховор элементүүд+...бусад), мөнгө, газрын ховор элемент зэрэг 60 гаруй элементийг халж, орлох хар алт болно. Цахилгаан дамжуулах чадвараар зэсээс 1000-10000 дахин их, дулаан дамжуулах чадвараар зэсээс 100 дахин их, гангаас 10 дахин бат бөх, онцгой уян харимхай, цельсийн 2400 градуст хайлах физик шинж чанартай нано нүүрстөрөгч нь 2040 оноос дэлхийн тойрог замаас дамжуулагдаж эхлэх арилжааны утасгүй эрчим хүчний технологийн үндсэн материал юм. Харин пуужингийн түлшинд хэрэглэгдэж байгаа устөрөгч нь 21 дүгээр зуунд нүүрс, нефтийг халж, орлох үндсэн түлш болно. Дэлхийн машин, механизм үйлдвэрлэгчид уур амьсгалын өөрчлөлтийн Парисын конвенцыг хэрэгжүүлэх зорилгоор нэгдэн Устөрөгчийн зөвлөл-/The Hydrogen Councel/-ийг байгуулан хүнд, хөнгөн бүх төрлийн автомашин, галт тэрэг, усан онгоц, нисэх онгоц зэрэг хөдлөх нийт машин механизмын дотоод шаталтат хөдөлгүүрийг устөрөгчийн элементийн хөдөлгүүртэй болгох зорилт тавин 2050 он гэхэд үйлдвэрлэлийн технологио устөрөгчийн элементийн хөдөлгүүрийн масс үйлдвэрлэлд бүрэн шилжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг 0 түвшинд хүргэх төлөвлөгөөтэй хамтран ажиллаж байна. Мөн хослуулан устөрөгчийн физик шинж чанарт тулгуурлан устөрөгчийн гурвалсан хангамжийн дэд бүтцийг зэрэг нэвтрүүлэх зорилттой. Гурвалсан хангамж гэдэг нь байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд устөрөгчийн элементийн суурин болон зөөврийн станцаас түлш шатахуун, цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийг шаардлагатай хэмжээгээрээ зэрэг үйлдвэрлэх технологийн цогц шийдэл юм. Устөрөгчийн элементийн хөдөлгүүрээс ялгарах эцсийн хаягдал нь ус юм. Иймээс устөрөгчийн элементийн гурвалсан хангамжийн эх үүсвэрийн станц болон устөрөгчийг хий, шингэн, хатуу төлөвт хадгалах технологийн шийдлүүд масс үйлдвэрлэл, хэрэглээнд бүрэн шилжиж дуусах хүртэл хугацаанд цахилгаан хөдөлгүүр явах хөдлөх машин механизмд хэрэглэгдэх юм. Устөрөгчийг 3 төлөвт хадгалах технологийн шийдлүүдэд нано нүүрстөрөгч бүхий холимог материалууд өргөн хэрэглэгдэнэ. Ирж яваа технологийн эдгээр өөрчлөлтийг судлаачид хүн төрөлхтөн чулуун зэвсгээс төмрийн эринд шилжсэн шилжилттэй адилтгаж байна.

Ийнхүү дэвшин өөрчлөгдөх үйлдвэрлэлийн технологийг тодорхойлогч үндсэн цөм нь юуг, ямар аргаар, хэрхэн яаж, ялгаатай давуу бүтээх арга, шийдлийг томьёолсон шинэ мэдлэг буюу патент, ноу-хау билээ.

Монгол улсын нэгдэн орсон 59.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон 66.Патентын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Дэлхийн Оюуны өмчийн газар олон улсын патентыг албажуулна. Энэ процессын дараа Монгол улсын нэгдэн орсон 71.Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн дагуу олон улсын түвшинд патентын давамгайлах эрх хэрэгжинэ. Ийм гинжин холбоогоор уялддаг эдгээр цогц гэрээ, конвенцид нэгдсэн улс орнууд Олон улсын патент албажих процессын хугацаа-/дунджаар 5 жил/-нд албажих процесс явагдаж байгааг нотлох үндсэн баримт бичиг болох Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээдэг. Олон улсын урьдчилсан шүүлтийг дэлхийд нэр хүндтэй шинжээч, бүс нутгийн эрхтэй байгууллагыг сонгон гүйцэтгүүлдэг нийтлэг жишигтэй. Ийнхүү гүйцэтгүүлэхийн ач холбогдол нь оюуны өмчийн гэрээ, эрх зүйтэй холбогдон үүсэх олон улсын хэмжээний аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх явдал юм.

Оюуны өмчийн эрх зүйн процессоор ийнхүү албаждаг олон улсын патентын нийгэм, эдийн засгийн олон талт ач холбогдол сүүлийн жилүүдэд өндөр болсон нь эдийн засаг үндсэндээ мэдлэгт буюу технологид суурилах болсоны илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл өндөр технологийн үйлдвэрлэлийн үндсэн суурь бэлтгэл үе шат нь мэдлэг үйлдвэрлэл тул патент, түүнийг бий болгогч судалгаа хөгжүүлэлтийн зардал нь өндөр технологийг буюу мэдлэг шингэсэн үйлдвэрлэлийг илтгэгч гол индикатор үзүүлэлт болж байна. Тухайлбал, S&Р индексийг бүрдүүлэгч дэлхийн ТОП-500 компанийн зах зээлийн үнэлгээн дэх биет бус хөрөнгийн үнэлгээний эзлэх хувь нь 1975 онд 17% байсан бол 1995 онд 85% болж өссөн. Мөн International Business Machines Корпораци 8996, Самсунг 5810, Интел 3726 олон улсын патентаар бизнесийн байгууллага ангиллын 2017 оны олон улсын патентын мэдүүлгийн жагсаалтыг, Бүгд найрамдах хятад ард улсын Zhejiang University 8108 олон улсын патентаар их сургуулийн ангиллын 2013-2015 оны олон улсын патентын мэдүүлгийн жагсаалтыг тус тус тэргүүлснийг Дэлхийн Оюуны өмчийн газрын статистик харуулж байна. Мөн Европын холбооноос хийсэн судалгаагаар дэлхийн ТОП-2500 компанийн 2018 оны судалгаа хөгжүүлэлтийн зардлын санхүүжилтээр Самсунг 13.4 тэрбум евро, Алфабет 13.3 тэрбум евро, Волкесфаген 13.1 тэрбум евро, Майкрософт 12.2 тэрбум евро, Хуйвэй 11.3 тэрбум евро, Интел 10.9 тэрбум евро, Аррlе 9.7 тэрбум еврогоор тус тус тэргүүлсэн байна.

Түүнчлэн нэг нэр төрлийн өндөр технологийн бүтээгдэхүүн дунджаар 100-300 патентлагдсан арга, технологи болон дунджаар 3000-5000 орчим ханган нийлүүлэгчийн оролцоогоор бүтээгдэж байгаа дэлхийн жишигтэй байна. Мөн Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас гаргасан Дэлхийн оюуны өмчийн тайлан-2017: Олон улсын үнийн гинжин хэлхээн дэх биет бус хөрөнгө сэдэвт судалгааны тайлангаар олон улсад борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн 1/3 орчим хувь нь биет бус хөрөнгийн зардал эзэлж байгааг тогтоожээ. Мөн Европын Холбооны 2018 оны Дэлхийн ТОП-2500 компанийн судалгаа, хөгжүүлэлтийн зардлын цогц судалгаа сэдэвт судалгааны тайланд дурдсанаар эдгээр компани нэгж патент бүтээхийн тулд зарцуулж буй судалгаа хөгжүүлэлтийн зардал нь арифметик дунджаар 3.7 сая евро гэсэн утгатай байна.

Мэдлэг үйлдвэрлэлийн аж үйлдвэрт гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр мэдлэгийг бүтээгч хүний нөөцийн урвуу пропорциональ хамаарал нэмэгдэх болжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын 3% орчим хувь нь математик сэтгэлгээтэй, математик сэтгэлгээтэй хүмүүсийн 30% орчим хувь нь патент бий болгох бүтээлч сэтгэлгээтэй гэх 90-ээд оны эхэн үеийн судалгааны тайлангийн үр дүнгүүд сүүлийн жилүүдэд огцом буурах хандлагатай байгаа юм. Үүний шалтгаан нь оюуны өндөр чадамж ба нөхөн үржих чадварын харилцан урвуу хамаарал, оюуны чадамж ба генийн удамшлын спириаль давтамжийн шууд харилцан хамаарал гэх шинжлэх ухааны тайлалтай. Тиймээс улс орны өрсөлдөх чадварын үндсэн стратеги сүүлийн жилүүдэд патентын мөчлөгийн орчилд хүчтэй төвлөрөх болж, технологийн компаниуд оюуны чадавхи өндөртэй хүний нөөцийн бүрдүүлэлтэнд онцгой анхаарч байна. Тухайлбал, Аррlе компанийн staff зэрэгтэй инженер сарын 100.0 мянган ам.долл-ын цалингийн дундаж жишигт хүрээд байна. Мөн Эдисоны цахилгааны патентын санхүүжилтээр гараагаа эхэлсэн Америкийн нэгдсэн улсын патентын санхүүжилтын институтийн 120 гаруй жилийн, Герман улсын 70 жилийн түүхэн туршлагыг нэхэн зэрэгцэхийн тулд Япон улс 1995 оноос Японы Хөгжлийн банкны, Бүгд найрамдах хятад ард улс 2010 оноос Улсын оюуны өмчийн газрын, 2014 оноос Хятадын Хөгжлийн банкны, Майлайз улс 2013 оноос Засгийн газрын, Бүгд найрамдах Солонгос улс 2013 оноос Солонгосын Хөгжлийн банкны, Сингапур улс 2014 оноос Засгийн газрын санхүүжилтээр патент албажилт, патентлагдсан үйлдвэрлэлийн санхүүжилтийг дэмжих төрийн бодлогын арга хэмжээнүүд авах замаар өрсөлдөх чадвараа сайжруулж байгаа дэлхийн нийтийн жишиг байна. Үүний үр дүнд 2018 оны дэлхийн ТОП-2500 компанийн жагсаалтад багтсан Америкийн нэгдсэн улсын 778 компани нийтдээ 4 их наяд 320 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж 274.2 тэрбум еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал, Европын Холбооны 577 компани нийтдээ 5 их наяд 822.3 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж, 200.1 тэрбум еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал, Бүгд найрамдах хятад ард улсын 438 компани нийтдээ 2 их наяд 544.6 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж,, 71.2 тэрбум еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал, Японы 339 компани нийтдээ 2 их наяд 906 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж, 99.9 тэрбум еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал, Бүгд найрамдах Солонгос улсын 71 компани нийтдээ 983.1 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж, 28.9 тэрбум еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал, Сингапурын 6 компани нийтдээ 11.7 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж, 405.1 сая еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал, Малайзын 2 компани нийтдээ 12.4 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж 115.8 сая еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал тус тус гаргажээ.

Гэтэл 11 тэрбум ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн-/ДНБ/ үйлдвэрлэдэг манай улсын хувьд байдал эсрэгээрээ байна. Экспорт нь зэс, нүүрс, төмөр, жонш, ноолуур, мах зэрэг газарзүйн заалттай бүтээгдэхүүнээс бүрддэг Монгол улс 2019 оны байдлаар 400 орчим байгалийн ухааны доктортой байна. Мөн Монгол улс 59.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, 66.Патентын хамтын ажиллагааны гэрээ, 71 .Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нэгдээд даруй гуч орчим жил өнгөрсөн хэдий ч "Эрдэнэт хивс ХХК-ийн хивсний хээний 170 төрөл зурагнаас өөр мэдлэг шингэсэн экспортын бүтээгдэхүүнгүй байгааг манай 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 90 дугаартай албан тоотод өгсөн Гаалийн ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 02-1/2154 дугаартай хариунаас харж болно.

Эдийн засаг, аж үйлдвэрийн бүтэц дэх энэхүү бодлогын алдаагаа засахын тулд төр Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-д нийцүүлэн Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогоо баталж, бодлогоо хэрэгжүүлэх Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гаргасан нь дэлхийн жишигт нийцсэн нэг алхам боллоо гэж бид мөн хүлзэн авсан юм. Тухайн үед бид судалгаагаа үндэслэн монгол улсын харьяатаас гарч патентын зөөлөн дэд бүтэц,орчин нөхцөл, соёл дадал нь бүрдсэн улсад иргэншил авч тухайн улсын хуулиар патенттай холбогдох төрийн олон талт дэмжлэгийг иргэний хувиар авах ажиллагааг эхлүүлэх хувийн бэлтгэл ажлаа базааж байсан юм.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 2015 онд батлагдсанаар Монгол улсын одоогийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд патент, түүний дагалдах үйлдвэрлэлийг эрхлэх, холбоотой санхүүжилтийн үйлчилгээ авах зэрэг төрийн дэмжлэг авах боломжгүй байгаа юм гэсэн иргэншлээс татгалзах, иргэншил авах гол нөхцөл арилсан гэх нөхцөл байдал шинээр үүссэн. Энэ шинэ хууль нь Хүчин төгөлдөр хууль тогтоомж хэдий байгаа боловч хэрэгжилтийн явц нь шүүхээр яваад ч үр дүнд хүрдэггүй гэх нотолгооны баримтын шаардлагыг мөн шинээр нэмэгдүүлсэн юм.

Шинэ хууль батлагдсаныг бүрдүүлбэр нэмэгдлээ гэж төвөгшөөн хүлээн авахаасаа илүүтэй монгол хүнийхээ хувьд чин сэтгэлээсээ талархан хүлээн авч төлөвлөлтөө өөрчилж хэдий лабораторийн, мэргэшсэн хүний нөөцийн зэрэг суурь материаллаг нөөцийн орчингүй, патентын нэр төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгүй зэрэг зөөлөн дэд бүтэцгүй ч гэсэн одоогийн орчин нөхцөл, Монголынхоо онцлогт зохицуулаад хөрш орнуудын нутаг дэвсгэрт техникийн даалгавраа хэсэгчлэн задлаж тараан, шууд төлбөртэй, дараа тооцооны төлбөрийн нөхцөлөөр, мэдлэгийн солилцоогоор гүйцэтгүүлэх, борлуулалтын урьдчилгаа төлбөр зэрэг арга замаар өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тооцоолол хийх, олон хувилбарт загварчлал зохиох, дэвшүүлсэн боломжит хувилбаруудаа шалгах, үр дүнг нэгтгэх, дахин нягтлан боловсруулах, давтан шалгах зэрэг давтамж ихтэй туршилт судалгааны ажлаа алхам тутамд тохиох элдэв эрсдэлийг сөрж тасралтгүй гүйцэтгэсээр байна.

Эдгээр судалгаа хөгжүүлэлтийн зардал нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-(НББОУС)-38~ын дагуу С.Б ХХК-ийн Санхүүгийн тайлангийн Биет бус хөрөнгө-ийн дансанд 2016 оноос хойш бүртгэгдсээр 2018 оны санхүүгийн тайлангаар 8.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.Биет бус хөрөнгийн бүртгэлийн холбогдох стандартыг ишлэн дурдвал: Биет бус хөрөнгө гэж биет шинж чанаргүй, тодорхойлогдох мөнгөн бус хөрөнгийг хэлнэ. (НББОУС 38.8) Биет бус хөрөнгийн нийтлэг жишээнд комльютерийн программ хангамж, патент, зохиогчийн эрх, кино зохиолын эрх, худалдааны тэмдэг, лиценз, франчайз, борлуулалтын эрх зэрэг орно. НББОУС-ын хорооноос НББОУС 38 Биет бус хөрөнгө-ийг 1998 оны 9-р сард анх удаа хэвлэн нийтэлсэн нь НББОУС 9 Судалгаа ба Хөгжүүлэлтийн Зардал-ыг орлох болсон.Энэ тайлбарт Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын 2008 оны 12 дугаар сарын 31 хүртэлх нэмэлт өөрчлөлтийг багтаасан бөгөөд тус стандарт нь одоогийн байдлаар үндсэн 133, дүгнэлтийн үндэслэлийн 110 заалттай. Олон улсын патент нь олон улсын хэмжээнд экспортлогчийн давамгайлах эрхийг олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээнд хамгаалахаас гадна олон улсын санхүүгийн зах зээл дээр хөрвөх чадвартай хөрөнгө юм. Учир нь олон улсын патентыг холбогдох гэрээ, хөрөнгө, өр төлбөрийн хамт түрээсэлж, борлуулж, барьцаалж, шилжүүлж, солилцох боломжтой (НББОУС 38.12). байдаг.

Биет бус хөрөнгийн гүйцэтгэлтэй холбогдуулан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн процессыг зайлшгүй тодотгох шаардлагатай болсон. Энэ хүрээнд:

1. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хандаж 88 дугаартай албан тоотоор мэдээлэл хүссэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Технологийн түвшний үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авсан технологийн түвшний үнэлгээ хийх эрхтэй хуулийн этгээд байхгүй гэх хариуг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 13/1689 дугаартай албан тоотоор өгсөн юм.

2. Хүнд үйлдвэр ба хөнгөн үйлдвэр гэх нэр томьёо нь 1948 оны НҮБ-ын статикийн хорооны Эдийн засгийн бүх үйл ажиллагааны олон улсын стандартчлагдсан аж үйлдвэрийн ангилал-(International Standart Industrial Classification of all economic activities, ISIC)-ын олборлох ба боловсруулах гэх харгалзах ангилал, нэр томьёотой зөрчилдөх тул 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 02 дугаартай албан тоотоор, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 03 дугаартай албан тоотоор тус тус хандаж манай төслийн үйл ажиллагаа аль яаманд харьяалагдах мэдээлэл хүссэн.Мэдээллийн хариуг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 07/156 дугаартай албан тоотоор, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 06/279 дугаартай албан тоотоор тус тус өгсөн юм. Яамдын хариунаас манай төслийн үйл ажиллагаа Монгол улсын Засгийн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заагдсаны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах нь тодорхой болсон юм.

3. Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын яамнаас технологийн түвшний үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд байхгүй тохиолдолд энэ үнэлгээг хэрхэн хийлгэх талаарх мэдээлэл зөвлөмжийг 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 25 дугаартай албан тоотоор хүсэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 06/633 дугаартай албан тоотоор хариу өгөхдөө Монгол улсын олон улсын гэрээ, Патентын хамтын ажиллагааны гэрээний 15 дугаар зүйлийн (2) дахь заалтыг нэрлэсэн болно.

4. 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сангийн яаманд хандаж Үйлдвэрлэлийг дэмжих сан үйл ажиллагаа явуулсан эсэх болон цаашид тус сан татан буугдах эсэх талаарх мэдээллийг 40 дугаартай албан тоотоор хүссэн юм. Сангийн яам 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...Үйлдвэрлэлийг дэмжих сан үйл ажиллагаа явуулаагүй ба ... тусгайлсан сан байгуулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хөтөлбөр хэлбэрээр тусгаж шийдвэрлүүлэх боломжтой юм гэсэн хариуг 13-2/1231 дугаартай албан тоотоор өгсөн.

5. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 75 дугаартай албан тоотоор Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд төслийн танилцуулгаа илгээж Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заагдсан дэмжлэгийг хэрхэн авах тухай мэдээлэл лавлагаа, мэргэжил аргазүйн зөвлөмж хүссэн юм.

7 хоногийн дараа албан тоот хаана хуваарилагдсаныг лавлахад бичиг хэрэг, мэргэжилтэн 2-ын дунд өгсөн авсан гэх маргаан үүсэн 2 өдөр хайсан тул 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр албан тоот алга болсон тухай гомдлыг 1111 төвд гаргаж мөн өдөр 84 дугаартай хариу хүсэх тухай албан тоотыг сайдад илгээсний эцэст Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн н.Долгорсүрэнд хуваарилагдсан болж, түүний ширээн дээр материал байгаа болж хувирсан юм. Энэ хэл чимээний эцэст Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заагдсанаас өөр шаардлага тавихгүй ба Технологийн түвшний үнэлгээ хийх асуудал нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны асуудал учраас бид тийшээ бичиг явуулна гэх хариуг мэргэжилтэн н.Долгорсүрэн уулзаж амаар өгсөн юм. Амаар мэдэгдсэнээ бататгаж тус яамны 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 01/2206 дугаартай албан тоот болон 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 02/2690 дугаартай албан тоотыг тус тус хариу болгон өгсөн юм. Эдгээр албан тоотоор Олон улсын урьдчилсан хайлтын дүгнэлтийг технологийн түвшний үнэлгээ гэж хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль-аар Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь Монгол Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарна гэж тайлбарласан юм.

6. Мөн 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сангийн сайдад хандан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны төсвийн хязгаарыг 6.5-7.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төсөвлөж, батлуулж, санхүүжүүлэх мөн уг санхүүжилт буюу үйлдвэрлэлийг дэмжих сангаас манай төсөлд 2020 онд олгох дэмжлэгийг хэрхэн төсөвлөх тухай аргазүйн зөвлөмжийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санхүүгийн асуудал эрхэлсэн албанд хүргүүлэх тухай хүсэлтийг 98 дугаартай албан тоотоор гаргасан юм. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сангийн яам Сангийн яам зөвхөн Төсвийн ерөнхийлөн захирагч нарын жилийн төсвийн багцын саналыг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хугацаанд мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцүүлэн хүлээн авч хянан Засгийн газар болон Улсын Их Хуралд хүргүүлдэг билээ...Хэрэв салбарын яам танай төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Төсвийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлж Сангийн яаманд ирүүлдэг хуулийн заалттай болно гэсэн хариуг 4-3/4901 дугаартай албан тоотоор өгсөн юм.

Эдгээр бичгийг өгөх, авах үеийн мэдээлэл солилцох явцаас Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1.2-д заагдсан дэмжлэгийг Үйлдвэрлэлийг дэмжих сангаас авахын тулд салбарын сайдад хандан сангийн ирэх оны хэрэгцээг тооцуулан улсын төсөвд тусгуулах ажиллагааг эхэлж хийх процессын дараалалтай болох нь тодорхой болсон юм.

Иймд бид 2020 оны улсын төсвийн төсөлд тусгах 2019 оны гүйцэтгэлээрх 6.9 тэрбум төгрөгийн хэрэгцээний тухай саналаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ч.Улаанд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 116 дугаартай албан тоотоор уламжилсан юм. Санал шийдвэрлэх явцыг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр бичиг хэргээс утсаар лавлахад Санхүүгийн хэлтэст цохогдсон байна гэсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тананцэцэг очиж уулзахад Санхүүгийн хэлтэс нь жижиг дунд үйлдвэрийн газар руу судлуулахаар шилжүүлсэн гэсэн байх ба тухайн газрын мэргэжилтэн нь газрын дарга хөдөө томилолтоос ирсний дараа жижиг дунд үйлдвэрийн газар руу шилжүүлнэ гэх хариуг өгсөн. Ингэж хүлээгдсээр 07 дугаар сарын 26-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хуваарилагдсан ба модны үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн өндөр насны тэтгэвэрт гараад орны хүн нь хараахан томилогддоггүй байгаа, 8 сарын эхээр томилогдохоор нь ирж уулз гэх хариуг амаар газрын бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн өгсөн байдаг юм.

Хариуцсан мэргэжилтэнгүй гээд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тул сайд Ч.Улаантай уулзах хүсэлтээ 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 168 дугаартай албан тоотоор тавьсан юм. Дахин шаардсаны эцэст Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батхүүтэй 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н уулзсан. Уулзалтаар газрын дарга Г.Батхүү утсаар холбогдох үед хэлсэн үгүй, танайд өгөхгүй гэх хариугаа Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд байхгүй шаардлагууд буюу ...яамны дэргэдэх шинжлэх ухааны зөвлөлөөр хянагдах ёстой, ...техник эдийн засгийн үндэслэлээ батлуулсан байх, ...ямар ч үйлдвэрлэл явагдаагүй байна зэрэг үндэслэлүүд дурдаж дэлгэрүүлэн тайлбарлажээ. Хариуд нь манай итгэмжлэгдсэн төлөөлөгч ...төрийн бодлого хэрэгжүүлэгч субъект биет бус хөрөнгийн талаар академик мэдлэг огт байхгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлж, хариу няцааж, яагаад хуулиас дээгүүр шаардлага тавиад байгааг... лавлах байдлаар уулзалт өндөрлөсөн байдаг юм. Уулзалтын дараа хариу няцаалт болох саналд холбогдох тодруулгаа бичгийн хэлбэрт буулгаж 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 169 дугаартай албан тоотоор мөн өгсөн юм.

Гэтэл манай 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай албан тоотоор уламжилсан санал болон 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 169 дугаартай албан тоотоор хүргүүлсэн саналд холбогдох тодруулга мэдээллийг Төсвийн тухай хуулийн 6.5, 14.2.2, 14.2.4, 18.5, 31.1.4, Засгийн Газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.38, 6.2.11, 26.1, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 14.1 дэх хэсгийн заалтыг тус тус журамлан сонсож төсвийн дараагийн жилийн Үйлдвэрлэлийг дэмжих сангийн хэрэгцээг тооцон төлөвлөх ёстой ажиллагааг гүйцэтгэхээс Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам татгалзсан. Энэ татгалзлаа 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01/3257 дугаартай албан тоот-/хариу гэх/-оор илэрхийлсэн юм.

Энэ хариунд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7.1.5-д заасан энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан шалтгаан үндэслэлээ тоочин дурджээ. Тоочсон шалтгаан үндэслэл нь доор дурдсан байдлаар хуульд нийцэхгүй байна:

1. Тоочсон үндэслэл нь бүхэлдээ Үйлдвэрлэлийг дэмжих сангаас дэмжлэг олгогдох үеийн шаардлагууд юм. Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт заагдсан төсвийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах үе шатанд хамаарах ажиллагааг Төсвийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт заагдсан төсвийн хэрэгжилт, гүйцэтгэлийн үе шатны шаардлагаар сольжээ. Тухайлбал, 2020 онд сангаас дэмжлэг авах хүсэлт гаргах үедээ хавсарган бүрдүүлж өгөх ёстой олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг шаардсан байна. Гэтэл 2019 оны санхүүгийн тайлант жил дуусаагүй байх ба олон улсын аудит нь дотоодын ижил төрлийн ажил үйлчилгээтэй харьцуулахад хэд дахин өндөр өртөгтэй бөгөөд дэмжлэг төсвийн төсөлд суугдаагүй, Засгийн газар хянаж, Улсын Их Хурал батлаагүй тохиолдолд бид уг ажиллагааг урьдчилан гүйцэтгүүлэх нь эдийн засгийн хувьд асар их хохиролтой билээ.Бид яамны шийдвэрээс шалтгаалан 2018 оны санхүүгийн тайлангаа дотоодын эсхүл олон улсын аудитаар баталгаажуулах эсэхээ шийдэж чадахгүй хүлээж байна. Аудитаар баталгаажуулсан байх хуулийн эцсийн хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр юм.

2. Татгалзсан үндэслэлээ тоочихдоо манай амаар болон албан тоотоор өгсөн тайлбар, мэдээлэл мөн нэхэмжлэлийн үндэслэлд тус тус дурдсан үндэслэл, тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй няцаагаагүй байна. Зүй нь манай тайлбар, үндэслэлийг няцаах замаар шаардлагаа хууль ёсны гэдгийг нотлох ёстой билээ. Тухайлбал, яагаад патент буюу мэдлэг үйлдвэрлэл явагдаж байгааг нотлох олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайлан мөн биет бус хөрөнгийн санхүүгийн тайлан дахь бүртгэл нь өндөр үр ашиг бүхий дэвшилтэт болон өндөр технологи бий болгосныг нотлох баримт болж чадахгүй байгааг дотоодын болон олон улсын эрх зүйн үндэслэлтэй няцаагаагүй.

3. Мөн Монгол улсын олон улсын гэрээ Патентын хамтын ажиллагааны гэрээг мөрдөхгүй байх тухай үндэслэл мөн дотоодын үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд байхгүй тохиолдолд дотоодын үнэлгээ зайлшгүй шаардагдах хуулийн заалтыг хэрэгжүүлэх эсэх талаарх зөвлөмж болон эрх зүйн үндэслэл мөн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийг мөрдөхгүй байх эрх зүйн үндэслэлээ тус тус тайлбарлан тайлаагүй байж үнэлгээ хийлгэсэн байна гэсэн ерөнхий шаардлагыг биелүүлээгүй гзж Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийг журамлан дурджээ.

4. Цаашлаад дэмжлэгийн хэрэгцээг урьдчилан тодорхойлж улсын төсвийн төсөлд санал хүргүүлэх эрхээ дэмжлэг олгогдох үеийн шаардлагаар нэмэгдүүлж хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн байдал нь Улсын Их Хурал, Засгийн Газрын бүрэн эрхэд мөн халдсан үйлдэл юм. Тухайлбал, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 6.1.6-д заасан Засгийн Газрын мөн хуулийн 14.2-д заасан Улсын Их Хурлын эрхэд тус тус халджээ.

Түүнчлэн бид Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3.2 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан юм. Монгол улсын Засгийн Газарт мэдээллийг шилжүүлж шийдвэрлэсэн тухай албан хариуг Үндсэн хуулийн цэц 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2/466 дугаартай албан тоотоор өгсөн юм. Учир нь: Олон улсын урьдчилсан шүүлтийн тайланг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал нь Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн заалт хэрэгжих эсэх, Мэдлэгт суурилсан экспортыг төр бодитойгоор олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний хүрээнд дэмжих эсэхэд хариулт болох учиртайгаас гадна олон улсын гэрээний хэрэгжилтийг хангахад мөн чухал алхам болно.

Иймээс бид хууль зүйн үндэслэлгүй Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01/3257 дугаартай албан тоотоор ирүүлсэн хариуг эс зөвшөөрч 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан 178 дугаартай албан тоотоор гомдлоо уламжилсан юм. Гомдлын хариуг зохих журмын дагуу өгөөгүй болно. Иймд:

1. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлагыг хангах явцын мэдээллийг сонсох ажиллагаанд үндэслэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7.1.5-д заасан энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах... ажиллагааг гүйцэтгэхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдад тус тус даалгана уу.

2. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсын нэгдэн орсон 59.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон 66.Патентын хамтын ажиллагааны гэрээг тус тус журамлан гүйцэтгэсэн технологийн утгаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой дэлхийн хэмжээнд шинэ арга, шинэ техникийн түвшин гэж үзэх эсэх тухай олон улсын эрхтэй шинжээчдийн үнэлгээ дүгнэлт бүхий Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3.2-д заасан эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ хийлгэсэн байх дотоодын үнэлгээний шалгуурыг хангасанд тооцон мөрдөхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус даалгана уу гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт бид олон улсын технологийн түвшний асуудлыг Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамнаас асууна гэсэн байсан. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Патентын тухай хуулийг хэрэглэх эсэх асуудал нь Улсын Дээд шүүхийн асуудал гэсэн албан бичиг ирснийг хавсаргаж бидэнд өгсөн. Бид Олон улсын хэм хэмжээг Монгол Улсын Үндсэн хуулийн хэмжээнд захиргааны байгууллага мөрдөх үүрэгтэй гэж ойлгож байгаа. Энэ үүргээ биелүүлэхгүйгээр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан бичгийг хавсаргаж өгч байна. Энэ талаар судлаад үндэсний хууль тогтоомжид байхгүй, технологийн түвшинд үнэлгээ хийх эрх бүхий байгууллага одоо хүртэл байхгүй. Энэ тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Засгийн газрын тухай хуулийн дагуу гаргалгааг нь гаргаж өгөх ёстой байсан.

Гэтэл Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам ийм хариу өгсөн гэж нэгээс нөгөөд хариу уламжилж байгааг ойлгохгүй байна. Энэ талаар яам шийдвэр гаргах ёстой байсан. Төсвийн тухай хуульд суулгах асуудлын талаар болохоор танайх үйлдвэрлэлээ эхлээгүй байна гэсэн хариу өгсөн. Патент маань бидний өмч гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Үйлдвэр гэдгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам юу гэж ойлгож байна гэхээр патент нь бий болоод дараа нь үйлдвэрлэл явагдаж биет бараа бүтээгдэхүүн экспортолно гэж ойлгож байна. Патентын хоёрдогч боломжийн талаар бид нэхэмжлэлдээ дурдсан. Олон улсад байгаа стандартыг Монгол Улс Олон улсын гэрээ конвенцын дагуу Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Патентын тухай хуульд бүгдийг тусгасан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9, 10 дугаар зүйл, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд хуульчилсан. Тээвэр хийх юм бол бид лицензээ Америк улсад эсхүл Хятад улсад үйлдвэрлэл хийхэд тэндээс лицензийн орлого орж ирнэ. Энэ нь Монгол Улсын экспортын орлого болно. Ийм орлого өмнө бүртгэгдэж байсан эсэх талаар Татварын ерөнхий газар болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас лавлагаа авахаар хүсэлт гаргасан боловч хариу авч амжсангүй. Тийм орлого байхгүй гэдгийг бид уншиж судалж мэдсэн. Энэ нь шинэ асуудал тул Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам практик байхгүй, хариуцсан мэргэжилтэн байхгүй тул төсөвт суулгаагүй. Тиймээс хийхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хуулиар журамлаж гүйцэтгэлийг нь даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс нэхэмжлэгчийн ... төсөвт тусгуулах тухай мөн ... шалгуур хангасанд тооцон мөрдөх-ийг даалгасан тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргэж байна. Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын хүрээнд:

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7.1.5 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгах асуудлыг тавьсан байна.

Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтад энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан байна.

Мөн Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад төрөөс үйлдвэрлэлийг дэмжих хэлбэрүүдийг заасан байдаг. С.Б ХХК, Сэлэнгэ гурван булаг ХХК-ний хувьд тус яаманд ирүүлсэн баримт бичигт Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1 дэх заалтад дурдсан дэмжлэгийг авах шаардлагыг хангаж байгааг нотлох баримтуудыг ирүүлээгүй, тухайн ирүүлсэн баримтад үндэслэн хуульд заасны дагуу Дэмжлэгийн хэрэгцээг тооцоолох боломж тухайн хүсэлт гаргасан төсвийн жилүүдэд үүсээгүй байх тул тус хуулийн 7.1.5 дахь заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байсан байна.

Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хүрээнд:

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйл Дэмжлэг хамрагдах аж ахуйн нэгжид тавигдах шаардлага-ын талаар зохицуулжээ. Энэ зүйлийн 9.3.2 дахь заалтын эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ-г хийлгэх шаардлагыг хангасанд тооцон мөрдөхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдад даалгах асуудлыг тавьсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан тухай үндэслэл"-дээ уг бүтээлийн /төсөл/ давуу талууд болон олон улсын зах зээл дэх бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гүйцэтгэл, борлуулалтын талаар дурджээ.

Мөн эрх бүхий эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологийн үнэлгээ хийлгэхээр Төрийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудад хандсан тухай дурдаж холбогдох баримтууд, төрийн байгууллага хоорондын албан бичгүүдийг хавсаргаж шүүхэд ирүүлсэн байна.

Гэхдээ нэхэмжлэгч хуульд заасны дагуу Нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ нотлох баримтаар баталгаажуулан хүргүүлэх үүрэгтэй бөгөөд нотлох баримтуудынхаа үнэн зөв байдлыг хариуцах үүрэгтэй юм. Хэрэгт ирүүлсэн баримтуудаас үзэхэд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1 дэх заалтад дурдсан дэмжлэгийг авах шаардлагыг хангаж байгаа тухай нотлох баримт ирүүлээгүй, нэгэнт эрх бүхий байгууллагаар үнэлгээ хийсэн эсэх талаар ямар ч баримт ирүүлээгүй байх тул 1 дүгээрт: Монгол Улсын Нэгдэн орсон олон улсын конвенц, хамтын ажиллагааны гэрээг журамлан гүйцэтгэсэн технологийн утгаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой дэлхийн хэмжээнд шинэ арга, шинэ техникийн түвшин гэж үзэх эсэх тухай олон улсын эрхтэй шинжээчдийн үнэлгээ дүгнэлт бүхий Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг олон улсын гэрээний эрх зүйн хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3.2-т заасан эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ хийлгэсэн байх дотоодын үнэлгээний шалгуурыг хангасанд тооцон мөрдөх боломжгүй байна.

2 дугаарт: 2019 оны тайлант жилд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бүтээл /төсөл/ ирээгүй тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2020 оны төсөвт тусгах боломжгүй байна. Тухайлбал 2020 оны салбарын төсвийн төсөл Санхүүгийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад хүргэгдэж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж байгаа бөгөөд Хуульд заасны дагуу 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлахаар заасан байх тул Нэхэмжлэгчийн гаргаж буй .... үнэлгээний шалгуурыг хангасанд тооцож мөрдөхийг даалгах тухай, ... дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах... гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авч, хангах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ 2020 оны Төсвийн тухай хуулийн хүрээнд хийгдэх ажиллагаа байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс аливаа хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, үйлдвэрлэлийг дэмжиж ажилладаг. Энэ үүднээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа шинэ технологийг манайхаас дэмжих боломжтой. Дэмжих хэлбэр байдаг. Зөвхөн энэ чиглэлийг биш бусад өндөр технологи болон дэвшилтэд технологитой үйлдвэрийг боломжоороо дэмжиж хөнгөлөлттэй зээл, тусламж, шинжилгээ судалгааны ажлын захиалга гэх хэлбэрээр дэмждэг. Нэхэмжлэгч талын дурдаж байгаа төслийн ажлыг хуулийн дагуу бүх шаардлагаа хангасан бол дэмжих боломжтой байсан. Эрх авсан эрдэм шинжилгээний байгууллага байхгүй гэж байна. Манайд энэ чиглэлээр эрх авсан эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдаг. Би Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 2019 оны 10 дугаар сард ажилд орсон. Өмнө нь ой модны салбарт 22 жил ажилласан судлаач доктор. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ой модны сургалт судалгааны хүрээлэнд ажиллаж байсан. Манай хүрээлэн энэ чиглэлийн хүрээлэн. Манай хүрээлэнд хандах боломж байсан. Шинжлэх ухааны академийн хими, хими технологийн хүрээлэн гэж байдаг. Гэх мэт төрийн байгууллагууд байдаг. Урьдчилсан дүгнэлт нь патент биш. Энэ нь патентыг дэмжих боломжтой эсэхийг дүгнэх зүйл. Гэтэл урьдчилсан дүгнэлт 2020 онд гарна гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь патент гараад түүнийг экспортын бүтээгдэхүүн болсны дараа үзүүлэх дэмжлэгийг хүсэж байна. Тиймээс бий болоогүй ирээдүйд болох зүйлд Сангийн яам төсөвт тусгуулах асуудлыг шийдвэрлэх хүсэлт гаргаж байгаа нь хүлээж авах боломжгүй байна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн ирүүлсэн материалын хувьд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01/3257 дугаар албан бичгээр хариу хүргүүлэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төсөвт уг мөнгийг суулгах боломжгүй вэ гэдэг талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл 6,9 тэрбум төгрөгийг төсөвт суулгах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан. 2020 оны төсөв батлагдсан ийм цаг хугацаанд өнөөдрийн шүүх хуралдаан болж байна. Гэтэл 2020 оны төсөвт суулгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Төсөвт суулгуулах асуудал нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө бүх материалаа бүрдүүлж өгч, бүх шаардлагаа хангаад хуулийн дагуу бүх нотлох баримтаа бүрдүүлж өгөх боломжтой байсан. Гэвч энэ ажиллагааг өөрсдөө хийгээгүй гэж үзэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн албан бичигт Патентын тухай хууль болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар ямар ямар оюуны өмчийг эзэмшиж байгаа этгээдүүд яаж бүрдүүлэх боломжтой вэ гэдгийг хангалттай дурдсан байна. Мөн Гэгээрлийн сайдын 1998 оны 271 дүгээр тушаалын хавсралтаар технологийн түвшний үнэлгээ хийх журам батлагдсан. Тусгай зөвшөөрөл авсан технологийн түвшний үнэлгээ хийх хуулийн этгээд байхгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийх хуулийн этгээдийг бий болгох шаардлага нь яаж үүсэх ёстой вэ гэхээр шаардлага хангасан материалууд яаманд ирсэн байх ёстой. Тухайлбал оюуны өмчийг үнэлүүлнэ гэдэг нь энэ компани өөрийн хийсэн ажлыг үнэлүүлэхийн тулд төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байгаа. Төрийн захиргаанд ажиллаж байгаа мэргэжилтэн бид үүнийг үнэлж өгье гэхгүй. Хэн хаана юу хийж байгааг бид мэдэх боломжгүй. Нэхэмжлэгч тал бол аль байгууллагад хандаж ямар үнэлгээ хийлгэх вэ гэдгийг зөв шийдсэн байж эцсээ хүртэл яваагүй. Өөрийгөө нотлох баримтаа бүрэн бүрдүүлээгүй. Хэрэв нотлох баримт нь бүрдсэн байсан бол энэ байгууллагын мөнгийг төсөвт суулгах асуудлыг нэгэнт хуулиар сайдад эрх олгогдсон байхад төсөвт суулгах ажлыг сайд хийх үүрэгтэй. Энэ нэхэмжлэлээрээ нэгэнт бий болоогүй байгаа биет бус хөрөнгийн төлөө манай сайд эрх оны төсөвт мөнгө суулгуулаад тэр ажил нь 2020 онд хийгдэхгүй бол бид нэг ажлыг хийгээгүй байна гэж төсөвт суулгасан мөнгө хураагдана. Ямар ч үр ашиггүй сайдын багцад мөнгө тавигдаж хураагдах нөхцөл байдал үүсэх байсан. Хэрэв нэхэмжлэгч компаниуд хуулийн дагуу бүх нотлох баримтаа бүрдүүлж сайдын зөвлөлөөр хуралдуулаад төсөвт суулгасан бол бид үүнийг хийхгүй байх үндэслэл байхгүй байсан.

2019 онд хийж ажиллах боломжтой байсан талаар нотлох баримтаа гаргаж өгөх боломж нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл байсан. Тиймээс нэгэнт 2020 оны Төсвийн тухай хууль батлагдсан тул даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оноос хойш төсвийн тодотгол хийгдэхээ больсон. Харин 2020 онд материалаа бүрдүүлж өгвөл 2021 оны төсөвт суулгах боломжтой. Үнэлгээ хийлгэх асуудлыг хийлгэнэ гэдэг нь манай яамны асуудал биш. Үнэлгээг хийх эрхтэй хуулийн этгээд байхгүй гэдийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас албан бичгээр манай яаманд мэдэгдсэн. Бид үнэлгээ хийх эрхгүй этгээд тул манай яаманд даалгах нь агуулгын хувьд алдаатай нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Бит бус хөрөнгө үнэлүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтыг үзэхэд Олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүсгэл борлуулалтын мэдээ тайлан байхгүй байна. Тиймээс хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй. Тиймээс бид хангасанд тооцож мөрдөж ажиллах боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б ХХК, Сэлэнгэ Гурванбулаг ХХК-иуд нь анх шүүхэд хандаж Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлагыг хангах явцын мэдээллийг сонсох ажиллагаанд үндэслэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7.1.5-д заасан энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах... ажиллагааг гүйцэтгэхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдад тус тус даалгах, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсын нэгдэн орсон 59.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон 66.Патентын хамтын ажиллагааны гэрээг тус тус журамлан гүйцэтгэсэн технологийн утгаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой дэлхийн хэмжээнд шинэ арга, шинэ техникийн түвшин гэж үзэх эсэх тухай олон улсын эрхтэй шинжээчдийн үнэлгээ дүгнэлт бүхий Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3.2-д заасан эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ хийлгэсэн байх дотоодын үнэлгээний шалгуурыг хангасанд тооцон мөрдөхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа ...6,9 тэрбум төгрөгийн дэмжлэгийн хэрэгцээ байгаа гэж тодруулсан.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодруулж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд үнэлэлт, дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч С.Б ХХК болон Сэлэнгэ Гурванбулаг ХХК-иас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд болон тус яаманд хандаж өөрсдийн хэрэгжүүлж буй Модны шинэ хими төсөлд шаардлагатай 6,9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг улсын төсөвт суулгуулах хүсэлт гаргасан гэх ба Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/3257 тоот албан бичгээр ... өндөр технологи бий болгон нэвтрүүлж, нутагшуулсныг нотлох баримт байхгүй, ... технологийн түвшний үнэлгээ байхгүй, ... танай байгууллага олон улсын аудитын байгууллагаар 2017 оны санхүүгийн тайланг 2019 оны 11-12 сард, 2018 оны санхүүгийн тайланг 2020 оны 1-2 сард, 2019 оны санхүүгийн тайланг 2020 оны 3-4 дүгээр сард хийлгэх гэж байгаа нь үнэлгээ хийлгэсэн байх гэсэн заалтыг хангахгүй тул 6,9 тэрбум төгрөгийг төсөвт суулгах боломжгүй гэсэн хариуг өгчээ[1].

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Төрөөс үйлдвэрлэлийг дараах хэлбэрээр дэмжинэ гэж, 8.1.2-т өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгон, нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс тухайн үйлдвэрт буцааж олгох гэж тус тус заажээ.

 

Хуулийн энэхүү зохицуулалт нь дэмжлэг шаардлагатай хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг захиргааны байгууллага хүлээн авч, шаардлагатай дэмжлэгийн хэрэгцээг тооцоолсны үндсэн дээр тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөлд оруулж, хэлэлцүүлэх замаар хэрэгжих тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч захиргааны байгууллагууд нь Монгол улсын нэгдэн орсон 59.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон 66.Патентын хамтын ажиллагааны гэрээгээр хүлээн зөвшөөрсөн болон хуулийн дээрх зохицуулалтаас давсан шаардлагуудыг биелүүлсэн байхыг шаардаж, хуулийн шаардлагыг бүрэн хангасан нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн өндөр үр ашиг бүхий дэвшилтэд технологи бүхий үйлдвэр байгуулахад шаардлагатай 6,9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг улсын төсөвт тусгуулах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус гэж тайлбарлан маргасан бол хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь хуульд заасан шаардлагатай баримтуудыг бүрдүүлж захиргааны байгууллагад хүсэлтээ ирүүлээгүй ба үйлдвэрээ байгуулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлээгүй атлаа дэмжлэг үзүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 7.1.1-д .үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах гэж заасан бүрэн эрхийн аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр зааснаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи, эсхүл өндөр технологийн үр дүнд нутагшсан экспортын үйлдвэрт уг үйлдвэрийг байгуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртлэх хугацаанд гаргасан зардлын 75 хүртлэх хувийг буцаан олгох замаар үйлдвэрлэлийг дэмжих боломжтой байна.

Мөн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т хуулийн дээрх зохицуулалтын дагуу дэмжлэг авах аж ахуйн нэгжид тавигдах шаардлагыг, 9.2-т дэмжлэг авах аж ахуйн нэгжийн давуу эрхийг, 9.3-т дэмжлэг хүсч буй аж ахуйн нэгжийн хийлгэсэн байвал зохих санхүүгийн болон технологийн үнэлгээг тус тус нэрлэн заасан байх ба дэмжлэг хүсч буй аж ахуйн нэгж нь сүүлийн гурван жилийн санхүүгийн тайландаа олон улсын аудитын байгууллагаар, нэвтрүүлсэн дэвшилтэд болон шинэчилсэн технологидоо эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар технологийн түвшний үнэлгээг тус тус хийлгэж хүсэлтдээ хавсаргасан байх шаардлагатай юм.

Гэтэл нэхэмжлэгч С.Б ХХК, Сэлэнгэ гурванбулаг ХХК-иуд нь хамтран Модны шинэ хими төсөл[2]-ийг хэрэгжүүлж байх боловч уг төслийн боловсруулж буй модны устөрөгчийн түлш боловсруулах технологийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аливаа үйлдвэр байгуулагдаагүй тухайдаа маргаагүй, мөн тус төсөл нь 2035 оноос таримал ойгоо мод бэлтгэж улмаар 2040 оноос Холимог органик шингэн төлвийн завсрын бүтээгдэхүүнийг нано эцсийн бүтээгдэхүүн болгох шугамын үйлдвэрүүдийг байгуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар экспортлохоор төлөвлөсөнөөс үзвэл, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан дэмжлэг авах шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байхын зэрэгцээ нэхэмжлэгч хуулийн этгээдээс захиргааны байгууллагад хүсэлтдээ хуульд заасны дагуу хавсаргавал зохих баримтуудыг хавсаргаж хүргүүлээгүй атлаа дэмжлэг авах нөхцөл нь үйлдвэр байгуулагдсан байхыг шаардахгүй, хариуцагч захиргааны байгууллага нь хуулиас давсан шаардлага тавьж дэмжлэг олгохгүй байгаа нь хууль бус хэмээн тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

 

1/ Хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх маргааны тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдлэгийн үйлдвэрлэл буюу шинэ дэвшилтэд технологийг бий болгосон явдал нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу дэмжлэг авах боломжтой хэмээн тайлбарлан маргах боловч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д боловсруулалт хийх зориулалтын дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө, техник, технологи, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөц, дэд бүтцийн цогцолбор бүхий аж ахуйн нэгжийг үйлдвэр гэж тодорхойлсон байна.

Мөн хууль тогтоогчоос Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зорилтыг Энэ хуулийн зорилт нь өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний экспортын чиг баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон байх ба хуулийн үйлчлэх хүрээг Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцаанд хамаарна үзвэл энэ хуулийн дагуу олгох дэмжлэг нь импортыг орлох экспортын бүтээгдэхүүн бодитоор үйлдвэрлэгдсэн тохиолдолд хэрэгжихээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч хуулийн этгээд нь ...бий болгосон технологийг нэвтрүүлж, нутагшуулсан байх шаардлагыг хангаагүй гэсэн тайлбар илүү бодитой, үндэслэл бүхий байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдлэгийн үйлдвэрлэл буюу шинэ дэвшилтэд технологийг бий болгосон явдал нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу дэмжлэг авах боломжтой гэсэн тайлбар нь шинжлэх ухааны хөгжилд нэн хэрэгцээ, шаардлага бүхий болохыг үгүйсгэх боломжгүй ч хуулийн дээрх зохицуулалтын дагуу өндөр технологийг бий болгосон мэдлэгийн үйлдвэрлэл нь бодит байдалд биелэлээ олж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд уг технологийг бий болгоход зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан олгох байдлаар хэрэгжихээр байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Нөгөө талаас, С.Б ХХК-аас Сэрүүн бүсийн навчит болон шилмүүст модноос нүүрстөрөгчийн өндөр агуулгатай модны нүүрс мөн устөрөгчийн өндөр агуулгатай хий, мөн шингэн төлвийг бүтээгдэхүүнийг хамтад нь хослуулан боловсруулах өндөр хэмт пиролизын арга-д шинэ бүтээлийн патент авахаар эрх бүхий байгууллагад мэдүүлэг[3] гаргасан боловч шинэ бүтээлийн аливаа патентийг шүүхэд ирүүлсэнгүй.

Монгол Улсын Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол оюуны өмчид хамаарах оюуны үнэт зүйлийг бүтээсэн этгээдийн өмчлөх эрх уг зүйлийг бүтээсэн үеэс үүснэ гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч нарын боловсруулсан модноос устөрөгчийн түлш боловсруулах технологийн зохиогчийн эрх бий болсныг үгүйсгэхээргүй боловч мөн хуулийн 84.5-д Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна, Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг патент гэж тодорхойлсноос үзвэл, шинэ бүтээл нь эрх бүхий этгээдээс олгосон патентаар баталгаажсанаар эдийн бус хөрөнгөд тооцогдохоор байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү шинэ бүтээл-д патент олгогдоогүй, олон улсын шүүлтийн шатанд хүлээгдэж байгаа, 2020 оны 06 дугаар сарын олон улсын шинжээчдийн урьдчилсан дүгнэлт ирнэ гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/3257 тоот албан бичгээр ... өндөр технологи бий болгон нэвтрүүлж, нутагшуулсныг нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардаж буй дэмжлэгийг улсын төсвийн төсөлд тусгахаас татгалзсаныг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдлэгийн үйлдвэрлэл буюу тухайн өндөр технологийг боловсруулах үйл ажиллагаа нь 59.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон 66.Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу шинэ бүтээлийн мэдүүлэг гаргасан анхдагч огноогоор хамгаалагдана гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй боловч шинэ бүтээлийн анхдагч огноо тогтоогдсон байдал нь тухайн шинэ бүтээлд патент олгогдсон тохиолдолд л эдийн бус хөрөнгийн үр шимийг хүртэж эхлэх хугацааг тодорхойлохоос бус патент олгогдоогүй байгаа тохиолдолд шууд эзэмшигч этгээддээ ашиг өгөхүйц эдийн бус хөрөнгөд тооцогдохгүй тул өндөр технологи бий болгон нэвтрүүлж, нутагшуулсан гэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, маргааны тохиолдолд С.Б ХХК-ийн Сэрүүн бүсийн навчит болон шилмүүст модноос нүүрстөрөгчийн өндөр агуулгатай модны нүүрс мөн устөрөгчийн өндөр агуулгатай хий, мөн шингэн төлөвийг бүтээгдэхүүнийг хамтад нь хослуулан боловсруулах өндөр хэмт пиролизын арга-д патент олгогдох эсэхийг захиргааны байгууллагаас урьдчилан таамаглах боломжгүйн тул уг шинэ бүтээлийг эдийн бус хөрөнгө гэж үзэж түүнийг бүтээхэд гарсан зардлыг буцаан олгохоос татгалзсаныг буруутгах боломжгүй байна.

 

2/ Хуулиас давсан шаардлага тавьсан гэх маргааны тухайд:

Нэхэмжлэгч нь манай боловсруулсан өндөр технологид технологийн түвшний үнэлгээ хийх эрх бүхий байгууллага байхгүй болохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мэдэгдсэн байхад ийм үнэлгээ хийлгэхийг, түүнчлэн 2019 оны санхүүгийн жил дуусаагүй байхад мөн оны санхүүгийн тайланд аудит хийлгэсэн байхыг тус тус шаардсан нь хууль бус хэмээн тайлбарлан маргасан.

Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/3257 тоот албан бичигт ... танай байгууллага олон улсын аудитын байгууллагаар 2017 оны санхүүгийн тайланг 2019 оны 11-12 сард, 2018 оны санхүүгийн тайланг 2020 оны 1-2 сард, 2019 оны санхүүгийн тайланг 2020 оны 3-4 дүгээр сарын хийлгэх гэж байгаа нь үнэлгээ хийлгэсэн байх гэсэн заалтыг хангахгүй гэсэн байх ба энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтэд дурьдсан санхүүгийн тайландаа ирээдүйд аудит хийлгэхээр төлөвлөж байгаа чинь үнэлгээ хийлгэсэн байх шаардлагыг хангахгүй гэсэн утгыг илэрхийлэхээс бус дуусаагүй байгаа санхүүгийн жилийн тайланд аудит хийлгэсэн байхыг шаардсан агуулгагүй байна.

Нэхэмжлэгчээс БДО аудит ХХК-ийн аудитын үйлчилгээний саналыг шүүхэд ирүүлсэн[4] боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үйлчилгээний хөлснөөс хамааран аудитын дүгнэлтийг албажуулж аваагүй гэж тайлбарласан. Энэ тохиолдолд захиргааны байгууллага нэхэмжлэгчээс хүргүүлсэн тухайн эдийн бус хөрөнгийг бий болгоход гарсан зардал/санхүүгийн тайланд тусгагдсан дүнгээр/ нь, тэр дундаа нэхэмжлэгчээс төсөвт тусгуулахаар шаардаж буй 6,9 тэрбум төгрөг бодитой эсэхийг шалган тогтоох боломжгүй тул олон улсын аудитын байгууллагын дүгнэлт ирүүлэхийг шаардсаныг буруутгахааргүй.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13/1689 тоот албан бичигт ...Гэгээрлийн сайдын 1998 оны 271 дүгээр тушаалын хавсралтаар Технологийн түвшний үнэлгээ хийх журам батлагдсан. Тус яамнаас тусгай зөвшөөрөл авсан технологийн түвшний үнэлгээ хийх эрхтэй хуулийн этгээд байхгүй гээд ...сайдын 2015 оны А/83 дугаар тушаалаар батлагдсан Шинжлэх ухаан, технологийн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах шинжээчдийн жагсаалт, 2016 оны А/110 дугаар тушаалаар батлагдсан Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчийг ажиллуулах журам-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байна[5] гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх албан бичгийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шинжээч томилуулахаар хандаагүй, гомдол хүсэлт гаргаж маргаагүй гэж тайлбарласан.

Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээд өөрсдийн боловсруулсан Сэрүүн бүсийн навчит болон шилмүүст модноос нүүрстөрөгчийн өндөр агуулгатай модны нүүрс мөн устөрөгчийн өндөр агуулгатай хий, мөн шингэн төлвийг бүтээгдэхүүнийг хамтад нь хослуулан боловсруулах өндөр хэмт пиролизын арга-д хийгдсэн дотоод, гадаадын үнэлгээний байгууллага, эсхүл шинжээчийн аливаа үнэлгээ гарсан тухай тайлбарлаж маргаагүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Олон улсын патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу олон улсын шинжээчдийн дүгнэлт 2020 оны 06 дугаар сард ирнэ[6] гэж тайлбарласан.

Дээрхээс үзвэл хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь хуулийн зохицуулалтаас давсан шаардлага тавьсан гэж үзэхээргүй, харин нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийг авах үйлдвэр дараах үнэлгээ хийлгэсэн байна 9.3.1-т олон улсын аудитын байгууллагаар сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангийн үнэлгээ, 9.3.2-т эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ гэж заасан болон Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/3257 тоот албан бичигт ... танай байгууллага олон улсын аудитын байгууллагаар 2017 оны санхүүгийн тайланг 2019 оны 11-12 сард, 2018 оны санхүүгийн тайланг 2020 оны 1-2 сард, 2019 оны санхүүгийн тайланг 2020 оны 3-4 дүгээр сарын хийлгэх гэж байгаа нь үнэлгээ хийлгэсэн байх гэсэн заалтыг хангахгүй гэсэн агуулгыг тус тус буруу ойлгон маргаж байна.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан гэдэгт нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь өнгөрсөн оны буюу 2016, 2017, 2018 оны санхүүгийн тайлангуудад олон улсын аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж хүргүүлэх, харин технологийн түвшний үнэлгээ гэдэгт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шинжээч томилуулахаар хандаж технологийн түвшний үнэлгээ гаргуулж хүргүүлэх боломжтой байсан байхад нэхэмжлэгч эдгээр ажиллагааг хийгээгүй, хуульд заасан материалуудыг бүрдүүлж хүсэлтдээ хавсаргаагүй атлаа хуулиас давсан шаардлага тавьж дэмжлэгийг төсөвт тусгаагүй хэмээн тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

 

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагаанд бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчмыг баримтлах заасан нь захиргааны байгууллагаас хуулийн этгээдийн гаргасан хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтад үндэслэж, хуулиар олгогдсон эрх хэмжээний дотор шийдвэр гаргахыг шаардсан агуулгатай.

Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь хуульд заасан хавсаргавал зохих баримтуудыг хүсэлтдээ хавсаргаж захиргааны байгууллагад хүргүүлээгүй атлаа патентын талаарх олон улсын шинжээчдийн дүгнэлт 2020 оны 6 сард ирнэ, 2020 оны төсөвт манай хүссэн дэмжлэг суучих юм бол экспортыг дэмжих бодлого бодитой хэрэгжинэ гэж ирээдүйд бий болж магадгүй үйл явдлыг үндэслэн дэмжлэг авахаар шаардаж байгаа нь бодитой бус байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн шинэ бүтээлд шинэ бүтээлийн патент олгогдох эсэх, эсхүл патент олгогдсон байлаа ч үйлдвэрлэлд нэвтэрч, үр ашгаа өгөх эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй тул Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу шүүлт хийгдэж байгаа олон улсын шинжээчдийн урьдчилсан дүгнэлт нь гараагүй уг бүтээлийг технологийн түвшний үнэлгээ хийлгэсэн байх дотоодын шалгуурыг хангасан гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч С.Б, Сэлэнгэ Гурванбулаг ХХК-иудын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон тус яаманд холбогдуулан гаргасан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлагыг хангах явцын мэдээллийг сонсох ажиллагаанд үндэслэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7.1.5-д заасан энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах... ажиллагааг гүйцэтгэхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдад тус тус даалгах, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсын нэгдэн орсон 59.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон 66.Патентын хамтын ажиллагааны гэрээг тус тус журамлан гүйцэтгэсэн технологийн утгаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой дэлхийн хэмжээнд шинэ арга, шинэ техникийн түвшин гэж үзэх эсэх тухай олон улсын эрхтэй шинжээчдийн үнэлгээ дүгнэлт бүхий Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3.2-д заасан эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ хийлгэсэн байх дотоодын үнэлгээний шалгуурыг хангасанд тооцон мөрдөхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б, Сэлэнгэ Гурванбулаг ХХК-иудын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон тус яаманд холбогдуулан гаргасан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлагыг хангах явцын мэдээллийг сонсох ажиллагаанд үндэслэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7.1.5-д заасан энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах... ажиллагааг гүйцэтгэхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдад тус тус даалгах, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсын нэгдэн орсон 59.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон 66.Патентын хамтын ажиллагааны гэрээг тус тус журамлан гүйцэтгэсэн технологийн утгаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой дэлхийн хэмжээнд шинэ арга, шинэ техникийн түвшин гэж үзэх эсэх тухай олон улсын эрхтэй шинжээчдийн үнэлгээ дүгнэлт бүхий Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3.2-д заасан эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ хийлгэсэн байх дотоодын үнэлгээний шалгуурыг хангасанд тооцон мөрдөхийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ