Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

   2020           3              26                                       2020/ДШМ/353                 МАЛАЛ

 

А.Шт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч А.Ш, түүний өмгөөлөгч Б.Болортуяа, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЗ/178 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцлээр А.Шт холбогдох 201625030705 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Сартуул овгийн А.Ш, 1984 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй, Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 12 дугаар байрны 49 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа 2 дугаар хороолол, 1020-21 тоотод оршин суудаг, /РД:ЧД84013014/;

А.Ш нь Ганзоригийн Шинэбаяр нэрээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан;

А.Ш нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулах үйлдлүүдээр “өөрийгөө Төрийн банкинд ажилладаг, бага хүүтэй зээл гаргаж өгнө” гэж 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хооронд “Буманган” компаниас 27.000.000 төгрөгийг залилсан,

2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Тэргүүн эгнээ” компаниас 25.000.000 төгрөгийг залилсан,

2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ц.Ганбаатараас 45.000.000 төгрөгийг залилсан,

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хохирогч Б.Энхжаргалаас 17.300.000 төгрөгийг залилсан,

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хохирогч С.Ариунсайханаас 10.970.000 төгрөгийг залилсан,

2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хохирогч Л.Баттулгаас 10.970.000 төгрөгийг залилсан,

2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хохирогч Ч.Мөнхчулуунаас 11.360.000 төгрөгийг залилсан,

2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хохирогч Ц.Мөнхбатаас 11.360.000 төгрөгийг залилсан,

2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хохирогч Б.Амгалантөрөөс 7.000.000 төгрөгийг залилсан,

2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Т.Баттулгаас 5.000.000 төгрөгийг залилсан,

“Мобикомоос 9911-тэй дугаар хямдхан авч өгнө” гэж Г.Хосбаяраар дамжуулан 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Б.Иш-Одоос 3.500.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Н.Чинзоригоос 3.500.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Б.Очирмаагаас 3.500.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр А.Анараас 3.500.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Б.Бат-Амгалангаас 3.500.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Б.Баатараас 3.500.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Ундармаагаас 3.500.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Г.Ууганбаяраас 3.500.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр О.Үүрцайхаас 3.500.000 төгрөгийг тус тус залилсан,

Мобикомоос 9911-тэй дугаар авч өгнө гэж 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Үүрцайхаас 10.000.000 төгрөгийг залилсан,

 А.Амгаланд “Мобиком ХХК”-ийн 9911-тэй дугаар 6 ширхэгийг авч өгнө” гэж 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 62-07 тоотод 30.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

Ц.Анхбаярт 9911-тэй дугаар авч өгнө гэж 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 22.500.000 төгрөгийг залилан авсан,

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Премиум" зочид буудалд “9911-тэй дугаар худалдана” гэж О.Эрдэнэ-Очироос 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр урьдчилгаа мөнгө гэж 3.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 20.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөгийг залилсан,

Б.Нэргүйд “манай найз Мобикомд ажилладаг, 9911-тэй дугаар хямдхан худалдаж авах боломжтой” гэж 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрүүдэд 3 удаагийн үйлдлээр нийт 20.200.000 төгрөгийг залилсан,

 “Баянгол дүүргийн тамгын газарт ажилд оруулж өгнө” гэж 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Н.Хишигбаяраас 1.500.000 төгрөгийг залилсан,

 “Дээд сургуулийн диплом гаргаж өгнө” гэж 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогч П.Нарангэрэлээс 2.000.000 төгрөгийг залилсан, бусдыг залилсны улмаас нийт 312.160.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч А.Шт холбогдох эрүүгийн 201625030705 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай байна. Үүнд:

8 дугаар хавтаст хэргийн 138 дугаар талд, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын дугаар 298 тоот зөвшөөрлөөр “...Саналд хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл байгаа эсэхийг тодруулахаар Б.Саруулын /РД: ЛЮ85062088/ өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 /17121/ Өлзийтийн зам гудамж, 1020 дугаар байрны 21 тоот орон сууцанд нэгжлэг хийхээр тусгажээ. Тус саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3 дугаар зүйлийн 2, 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон прокурорын зөвшөөрөл олгов” гэсний дагуу 8 дугаар хавтаст хэргийн 141-143 дугаар талд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт бүхий тэмдэглэлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үйлджээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Болортуяагаас гаргаж ирүүлсэн Б.Саруулын гар утсанд агуулагдаж байгаа гэрэл зургийн мэдээлэл бүхий 8 кадр зураг бүхий баримт, өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Шинэбаярын эхнэр Саруулыг гэрчээр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр асуусан байх ба мэдүүлэг өгөөд гараад явж байхад нь байцаагч утсаараа А.Шт битгий хэлээрэй, гэрийнхээ юмыг ундуй сундуй болгож, хаалга үүдийг онгойлгож байгаад зургийг нь аваад ир” гэсний дагуу Саруул утсаараа 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өглөө ажилдаа явахаасаа өмнө 07 цаг 19 минутаас 07 цаг 49 минутын хооронд зургийг авч бэхжүүлээд, цайны цагийн үеэр Багшийн дээдийн өмнөх зурагчин дээр угаалгаад цагдаа руу очиход мөрдөгч Батзаяа байхгүй, утсаар “доор жижүүрийн цагдаа дээр үлдээгээд явчих” гэхээр нь орхиод явсан. 2 хоногийн дараа мессежээр танай ажил хаана байдаг юм гэхээр нь ирээд зуруулж болох уу, хүн явуулаад ч юм уу, заавал очих шаардлагатай байна уу” гэхэд “хаана билээ” гэхээр нь “Драммын хажуу талын Монгол телевиз” гэхэд “очлоо” гээд 09 цаг 30 минутаас 10 цагийн үед өөрийн биеэр ирээд нэгжлэг хийсэн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулж аваад явсан байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааг хууль ёсны дагуу хийгээгүйг, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг ёс төдий гүйцэтгэж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнийг нотолж байна. ...” гэх тайлбар зэргээр хавтас хэрэгт авагдсан нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу тэмдэглэлд дурьдсанаар “...нэгжлэг хийх байр нь яллагдагч А.Шын амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2, Өлзийтийн зам гудамжны 1020 дугаар байрны 21 тоот байр байв...” гэж бичигдсэний дагуу нэгжлэгийн тэмдэглэлд тусгагдсан 13 цаг 10 минутаас 14 цагт явагдсан эсэх, нэгжлэг хийх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Ж.Золжаргал, Н.Аюуш нар оролцсон эсэх зэргийг прокурор тодруулан шалгаж, нэгжлэг хийх ажиллагаа хуульд заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна”, мөн хуулийн 24.1 дүгээр зүйл “Нэгжлэг хийх” гэсний 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэргийн эд мөрийн баримт, бичмэл нотлох баримт, эсхүл эрэн сурвалжилж байгаа хүн, эд зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэхээр прокурорын зөвшөөрөлд заасан орон байр, бусад газар, хүний биед нэгжлэг хийнэ”, мөн хуулийн 24.3 дугаар зүйлийн “Орон байр, бусад газарт нэгжлэг хийх” гэсний 1 дэх хэсэгт “Мөрдөгч орон байр, бусад газарт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийхэд тухайн газарт нэвтрэх, эсхүл түгжээтэй зүйлийг нээх, шаардлагатай бол хана, тааз болон шалыг салгах, задлах зэрэг ажиллагаа явуулж болно”, 2 дахь хэсэгт “Орон байр, бусад газарт нэгжлэг хийхэд энэ хуулийн 23.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална”, 9.7 дугаар зүйлд “хөндлөнгийн гэрч” гэсний 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна” гэж заасан хуулийн заалтуудыг баримтлан нэгжлэг явуулах ажиллагааг гүйцэтгэсэн, хөндлөнгийн гэрчүүд оролцсон эсэх, хэрэв оролцоогүй, эсхүл нэгжлэг хийх ажиллагаа явагдаагүй байхад нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцсон бол түүнийг прокурор шалган тогтоох шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурорын хянах ажиллагаа” гэсний дотор “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулж болно” гэсэн байх бөгөөд нэгжлэг хийх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шалгах боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж, хяналтын прокурор дээрх ажиллагааг хянаж, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журам зөрчигдсөн бол нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа буюу дээрх нэгжлэг хийх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэн нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасныг үндэслэн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчсөн талаар гаргасан гомдлыг шийдвэрлүүлэх, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байгаа эсэхийг шалгуулж, хянуулахаар яллагдагч А.Шт холбогдох эрүүгийн 201625030705 дугаартай хэргийг прокурорт буцаав.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.Шт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020/ШЗ/178 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хохирогчийн өмгөөлөгч О.Хосбаяраас гаргасан хүсэлтийн дагуу яллагдагч А.Шын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийн /мөнгө/ захиран зарцуулалт, эд хөрөнгийг хувиргасан эсэх, нуугдмал эд хөрөнгө байгаа эсэхийг нэгжлэг хийх ажиллагаагаар шалгах зорилгоор прокурорын зөвшөөрөл олгосон байдаг.

Хавтас хэрэгт прокурорын зөвшөөрлийн дагуу нэгжлэг хийж,  энэ талаар тэмдэглэл үйлдэж, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хянаж үзэхэд уг ажиллагааны явцад хөрөнгө хамгаалах зорилгоор эд хөрөнгө хураан авах, битүүмжлэх ажиллагаа хийгдэх шаардлага үүсээгүй, тухайн айлын хэрэгцээт эд хөрөнгө байсан тул нэгжлэг хийх ажиллагаа хийсэн тэмдэглэлийг яллагдагч А.Шын гэмт хэрэг үйлдсэн үйлдлүүдийг нотолсон нотлох баримтаар үнэлээгүй, яллах дүгнэлт болон шинжлэн судлах нотлох баримтыг жагсаалтад дурдаагүй болно.

Иймээс ч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэгжлэг хийсэн ажиллагаа хууль бус, нотлох баримт хуурамчаар үйлдсэн болох нь тодорхой болоход прокуророос дээр дурдсан үндэслэлийг заан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “нэгжлэг хийсэн ажиллагааны тэмдэглэл” нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын саналыг шүүхэд гаргасан.

Шүүх прокурорын гаргасан саналд хуульд заасны дагуу шийдвэр гаргалгүй орхигдуулан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр А.Шт холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэхэд нөлөөлөхүйц нотлох баримт биш байхад хэргийг прокурорт буцаан өөр субъект болох мөрдөгчийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн үйлдлийг тус хэргийн хамт шалгуулахаар буцаасныг хангах шаардлагагүйгээс гадна прокуророос мөрдөгчийн гаргасан асуудалд холбогдох арга хэмжээг хэзээ ч авах боломжтой юм.

Захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт прокурорын хянан шалгах ажиллагааг мэдүүлэг, дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор эсхүл өөрийн санаачилгаар хуульд заасан тодорхой ажиллагаануудыг биечлэн хийж болохоор хуульчилсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэгжлэг хийсэн ажиллагаа нь хууль зөрчиж хийгдчихсэн мөрдөн шалгах ажиллагаа биш, харин нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдэл, мөн энэ ажиллагааг хийлгүүлэхээр оролцогчоос гомдол гаргаагүй байхад дээрх ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр захирамжилсан нь хуулийн үндэслэлгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЗ/178 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч А.Ш “...тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч А.Шын өмгөөлөгч Б.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч О.Хосбаяр биш, О.Хосбаяр нь хохирогч, өмгөөлөгч нь А.Анхбаяр юм. Нэгжлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зураг зэргийг яллагдагч А.Шын гэмт хэрэг үйлдсэн үйлдлүүдийг нотолсон нотлох баримтаар үнэлээгүй, энэ нь гэмт хэрэг үйлдсэн үйлдлүүдийг нотолж байгаа мөрдөн шалгах ажиллагаа биш гэж байна. Прокурорын тогтоолоор хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж гаргасан шийдвэрийн дагуу хийгдэж буй ажиллагаа юм. Энэ хэрэгт авагдсан бүх нотлох баримтууд уг хэрэгт ямар нэг хэмжээгээр үнэлэгдэж хавсаргагдсан байх ёстой. Сая прокурор уг нэгжлэг хийсэн ажиллагаа, фото зургийн үзүүлэлт нь мөрдөн шалгах ажиллагаа биш гэж байна. Тэгвэл өөрийнх нь зөвшөөрлийн дагуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа нь хаана байгаа юм бэ. Хуурамч нотлох баримт үйлдсэн үйлдлийг хэргийн хамт шалгуулахаар буцаасныг хангах шаардлагагүй гэж байна. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн итгэлээр үнэлэх эрх нь байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно. Илт хуурамч, хууль бус ажиллагаа байсан учраас би үүнийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж тавьсан. Улсын яллагч эсэргүүцэлдээ “анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэгжлэг хийсэн ажиллагаа нь хууль зөрчиж хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа биш, харин нотлох баримт хуурамчаар үйлдсэн үйлдэл. Энэ ажиллагааг хийлгүүлэхээр оролцогчоос гомдол гаргаагүй байхад” гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч” гээд хэргийн оролцогч нарыг тодорхой заасан. Би өмгөөлөгчийн хувьд урьдчилсан хэлэлцүүлэгт энэ асуудлыг гаргаж тавьсан. Прокурорт хэрэгт хяналт тавих эрх нь байгаа. Гэтэл нэгжлэг хийсэн гэх хууль бус нотлох баримтыг тооцохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж байгаа нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнууд ингээд явж болдог юм байна гэдэг ойлголтыг төрүүлнэ. Ийм байдал энгийн үзэгдэл болох нөхцөл байдал үүснэ. Прокурор, мөрдөгч нарыг хууль ёсны дагуу ажиллагаа хийх ёстойг хэлэх ёстой. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн дагуу цуглуулж, бэхжүүлсний дараа шүүхэд хэргийг шилжүүлэх нь үндэслэлтэй гэдэг дүгнэлтийг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч А.Шт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, А.Шт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын  талаар шалгажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нотлох баримтаар тооцохгүй байх” эсэхийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр шийдвэрлэх бөгөөд энэ талаар прокурор хүсэлт гаргасан байхад шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

Түүнчлэн, шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ хууль зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байхаар хуульд заажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг анхааран үзэж хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, шүүгдэгч А.Шын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.  

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд. ...” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч А.Шт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЗ/178 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч А.Шт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлтэл А.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ