Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00475

 

“ТХ Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02447 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар магадлалтай,

“ТХ Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“А Т” ХХК, Я.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,239,132,054.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Эрдэнэбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, М.Мөнгөншагай, хариуцагч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ТХ Б” ХХК нь “А Т” ХХК, Я.Б нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,239,132,054.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02447 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Я.Б, А Т ХХК нараас 1.239.132.054,79 /нэг тэр бум хоёр зуун гучин есөн сая нэг зуун гучин хоёр мянга тавин дөрвөн төгрөг далан есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, ТХ БХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох а. Ү-0000000000, №000182643 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байр, 201 тоот хаяг байршилтай, 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я.Б/ б.Ү-0000000000, №0000000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 42б байр, зоорийн давхар хаяг тоот байршилтай, 216 м.кв талбай бүхий гаражийн зориулалтын үл хөдлөх хөрөнгө /А Т ХХК/ в. Ү-0000000000, №0000000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 21 дүгээр байр 26 тоотод хаяг байршилтай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Батцэцэг/ г. Ү-0000000000, №0000000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байр, 24, 11, 04 тоот хаягт байршилтай, 122.4 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А Т ХХК/ д. Ү-0000000000, №0000000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу гудамж, 42в байр, зоорийн давхарт хаяг тоот байршилтай, 216 м.кв бүхий 10 машины зогсоолтой гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А Т ХХК/ е. Ү-0000000000, №0000000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байрны 02, 03 тоот хаягт байршилтай, 294.7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А Т ХХК/ ё. Ү-0000000000, №0000000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байрны 1503 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я.Б/ ж. Ү-0000000000, №0000000000 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /З. Ангар/ з.Ү-0000000000, №0000000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай 61.32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /З.Ангар/ и. Ү-0000000000, №0000000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байр, 70 тоот хаягт байршилтай, 138 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я.Б/ зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ТХ БХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.967.218,49 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 5.157.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5.967.218.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХ БХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02447 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “А Т” ХХК, Я.Б нараас 1 000 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ТХ БХХК-д олгож, нэхэмжлэлээс 239 132 054.79 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн нийт 11 739 710 төгрөгийн 6 423 810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 315 900 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн /100200600941/ тоот данснаас, хариуцагч нараас 5 228 150 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж, 5 дах заалтыг 4 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 353 615 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Эрдэнэбаяр хяналтын гомдолдоо: “ТХ Б”-ны нэхэмжлэлтэй иргэн Я.Б, “А Т” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалт, 167 дугаар зүйлийн 167.5 дахь заалтыг үндэслэн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 62 тоот Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, доор дурьдсаны дагуу хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Дээрх магадлалын үндэслэх хэсэг /6-р хуудас/-т “Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар буруу дүгнэлт хийж, зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ” гэжээ. Нэхэмжлэгч нь хариуцагч Я.Б, “А Т” ХХК нараас нийт 1,147,813,698.62 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 91,318,356.17 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч нараас 1,239,132,054,79 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх тал дээр огт маргаагүй бөгөөд харин ч хариуцагч тал банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлбөрөө хэсэгчлэн төлөх, харилцан тохиролцох, эвлэрлийн гэрээ байгуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж, хариу тайлбараа гаргаж байсан. Анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын гаргасан нотлох баримт, хариу тайлбарын хүрээнд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх талуудын хүсэл зорилгоос гадуур, зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй үндэслэлээр мөн ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гаргаагүй, хариу тайлбарт огт дурдаагүй байхад хэргийг ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг буруу тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Банк нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны тусгай зохицуулалттай, зохицуулагч байгууллагаас гаргасан эрх зүйн хэм хэмжээний актад нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Хариуцагч Я.Б нь тус хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс банкийг алдагдалд оруулсаар байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ эдгээр хуулиудын нарийвчилсан, тусгай зохицуулалтыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалт болон хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байхаар хуульчилсан 40 дүгээр зүйлд заасан заалт болон мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” хэмээн хуульчилсан байдлыг анхаарч үзээгүй, үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2. Магадлалын үндэслэх хэсэг /7-р хуудас/-т “Гэвч нэхэмжлэгч “ТХ Б”” ХХК, хариуцагч Я.Б нарын байгуулсан зээлийн гэрээ нь дээрх хуулийн зохицуулалт болон гэрээний заалтад нийцээгүй буюу “ТХ Б” ХХК, “А Т” ХХК-ийн хооронд 2017.12.04-ний өдөр байгуулагдсан зээлийн шугамын гэрээний дагуу олгогдсон зээлийг хаах зорилгоор байгуулагдсан болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 54-р тал/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “ТХ Б” ХХК нь 2019.07.04-ний өдөр 1,000,000,000 төгрөгийг хариуцагч Я.Бийн дансанд шилжүүлж, мөн өдрөө хариуцагч “А Т” ХХК-ийн зээлэнд татсан болох нь дансны хуулгаас тодорхой харагдаж байна. /хх-ийн 57-р тал/...” гэж дүгнэсэн. Талуудын хооронд 2019.07.03-ны өдөр байгуулсан 2019/57-01 тоот зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.2 дахь заалтад заасны дагуу зээлдэгчид эргэлтийн хөрөнгийн зээлийг 9000005515 тоот дансанд олгосон. Энэхүү зээлийн гэрээ нь “ТХ Б” ХХК, “А Т” ХХК-ийн хооронд 2017.12.04-ний өдөр байгуулагдсан зээлийн шугамын гэрээний дагуу олгогдсон зээлийн төлбөрийг барагдуулах зорилго байгаагүй. Зээлдэгч Я.Б өөрийн дансандаа хүлээн авсан мөнгийг зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу хэрхэн яаж захиран зарцуулах нь зээлдэгчийн эрхийн асуудал байх бөгөөд өөрийн хүсэл зоригоо илэрхийлж өөрийн гарын үсэг бүхий зарлагын баримт үйлдэн зээлийг мөнгийг захиран зарцуулсан байдаг. Гэтэл энэхүү үйл баримтыг буруу үнэлэн давж заалдах шатны шүүх “...зээлийг хаах зорилгоор байгуулагдсан болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна” гэж нотлох баримтыг буруу үнэлэн дүгнэж, ИХШХШТХуулийн 40 зүйлд заасныг буруу тайлбарлан, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйд гомдолтой байна. 3. Магадлалын үндэслэх хэсэг /7-р хуудас/-т “Иймд зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн аваагүй, ашиглаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглагдаагүй, өөр компанийн зээлэнд төлөгдсөн байх тул талуудын хооронд 2019.07.03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул хариуцагч нарт гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсэхгүй юм...” гэж зээлдэгч Я.Бийг зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн аваагүй, ашиглаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд 2019.07.03-ны өдөр байгуулсан 2019/57-01 тоот зээлийн гэрээний дагуу 1,000,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 1.6%-ийн хүүтэй зээлдэгчид олгосон бөгөөд зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг дансандаа хүлээн авч, ашиглаж, захиран зарцуулсан бөгөөд 2019.08.06-ны өдөр, 2019.08.13-ны тус тус зээлийн хүүний төлбөр төлсөн байдаг бөгөөд хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогддог. Гэвч Я.Бийн бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлаас шалтгаалан 2019.09 дүгээр сараас хойш зээлээс ямар ч төлөлт хийгээгүй, зээлийн үндсэн төлбөрөөс төлөөгүй, улмаар зээлийн гэрээний хугацаа 2019.10.04-ний өдөр дууссан боловч Я.Б нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Тус зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.4,2.1.5 дахь заалтад заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, зээлдэгч нь төлөх үүрэг хүлээнэ. Талуудын хооронд 2019.07.03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах үндэслэлгүй бөгөөд шүүх тус хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана” гэж заасан нь зээлдэгчийн эрх, харин хяналт тавих нь банкны эрхийн хүрээнд тавигдах асуудал гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” эсэх үндэслэлээр хэргийг хянан хэлэлцээд, гомдол үндэслэлтэй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

6. Анхан шатны шүүх хэргийг нэгтгэснээр “ТХ Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “А Т” ХХК, Я.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,239,132,054.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нараас 1,000,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэлийн үндэслэл болсон “ТХ Б” ХХК, Я.Б нарын байгуулсан 2019.07.03-ны өдрийн гэрээгээр 1,000,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 19,2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх, үүргийн гүйцэтгэлд хариуцагч нарын өмчлөлийн нийт 10 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, анхан шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус гэж үзэж, зөрүүтэй шийдвэрийг гаргажээ.

8. Давж заалдах шатны шүүх “...Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.2-т зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор тохиролцсон байхад “ТХ Б” ХХК нь 2017.12.04-ний өдрийн “А Т” ХХК-ийн /захирал нь Я.Б/ зээлийн шугаман гэрээний дагуу олгогдсон өмнөх зээлийг хаах зорилгоор байгуулагдсан, “ТХ Б” ХХК нь 2019.07.04-ний өдөр 1,000,000,000 төгрөгийг хариуцагч Я.Бийн дансанд шилжүүлж, мөн өдрөө хариуцагч “А Т” ХХК-ийн зээлэнд татсан болох нь тогтоогдсон, иймд зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн аваагүй, ашиглаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй, 2019.07.03-ны өдрийн зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул хариуцагч нарт гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсэхгүй...” гэж дүгнэж, зээлийн мөнгөн хөрөнгө 1,000,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

9. Давж заалдах шатны шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдалд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж чадаагүй байна. Учир нь хууль зөрчсөн хэлцэл гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсвэл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцлийг ойлгох ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байдаг.

Хэлцэл хүчин төгөлдөр эсэхэд хэлбэрийн шаардлагаас гадна агуулга нь чухал бөгөөд зээлийн гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулсан, уг гэрээний дагуу авсан мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу бус өмнөх зээлд шилжүүлсэн тохиолдол бүрийг хууль зөрчсөн гэж үзэх нь эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй. “А Т” ХХК-ийн захирал нь Я.Б байх ба эдгээр хариуцагч нар хоорондоо хамааралтай байна. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “ТХ Б” ХХК, Я.Б нарын байгуулсан 2019.07.03-ны өдрийн гэрээ агуулгын хувьд хууль зөрчөөгүй, талууд эрх зүйн чадамжтай, Я.Б нь зээл авах хүсэлт гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангасан гэрээг байгуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

“ТХ Б” ХХК нь 2019.07.04-ний өдөр 1,000,000,000 төгрөгийг хариуцагч Я.Бийн дансанд шилжүүлсэн байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно.” гэж заасны дагуу зээлийг олгосон гэж үзэх үндэслэлтэй. Мөн өдрөө зээлийн мөнгө хариуцагч “А Т” ХХК-ийн зээлэнд төлөгдсөн баримт байх боловч Я.Б нь  зээлийг олгоогүй гэж үзэж, нэхэмжлэгч талд хандаж байгаагүй байна. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа уг гэрээний үндсэн дээр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн нь зөрчилтэй болсон. Иймд магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

10. “А Т” ХХК нь “ТХ Б” ХХК-тай 2019.07.03-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан, тус гэрээний 3.1.1-т зээлийн төлбөрийг батлан даагчаас зээлдэгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, 4.2.2-т зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь хамтарч хариуцахаар заасан байх тул Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.” гэж зааснаар зээлийн үүргийг хамтран хариуцах талаар шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

11. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 1,239,132,054 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар заахдаа Иргэний хуулийн 451, 460 дугаар зүйлийн 460.2, 156, 175 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.27-ны өдөр төлсөн 1,353,615 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Б.МӨНХТУЯА

                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД