Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 181/2020/00138/и |
Дугаар | 1672 |
Огноо | 2020-05-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 1672
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Ж ХХК-нд холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 228,145,800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, өмгөөлөгч Э, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани хариуцагч Ж ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, өөрсдийн үйлдвэрлэдэг бетон зуурмагийг тус компанийн барилгын талбайд нийлүүлсэн. Гэрээний дагуу барилгын ажил гүйцэтгэж байгаа талбайд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 84,171,000.00 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 97,650,000.00 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын*******-ны өдөр 63,175,000.00 төгрөг, нийт 244,996,000.00 төгрөгийн зуурмагийг нийлүүлсэн.
Бид, нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний тусгай нөхцөлийн 4.2 дахь хэсэгт зааснаар 30 хувьд М ХХК -ийн цементийг авахаар тохиролцож, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 42,898,800.00 төгрөгийн цементийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 50,000,000.00 төгрөгийн хамт нийт 92,898,800 төгрөгийн төлбөрийг авсан.
Хариуцагч нь уг бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр нийлүүлсэн зуурмагийн 70 хувийг хүлээн авсаны дараа сарын эхний 7 хоногт тооцоо нийлж, тухайн сарын 15-ны өдөр төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн боловч бүрэн төлөлгүй 152,097,200.00 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэрээний тусгай нөхцөлийн 6 дугаар хэсэгт төлбөрийг хугацаанд төлөөгүй бол алданги төлөх үүргийг хариуцагч Ж ХХК нь хүлээсэн тул үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч нь 2019 оны 03 дугаар сарын*******-ны өдөр сүүлийн бетон зуурмагийг хүлээн авсан тул 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 223 хоногоор тооцоход 1 хоногийн алданги 760,486.00 төгрөг, хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож нийт алданги 76,048,600.00 төгрөг болсон.
Иймд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, бетон зуурмаг нийлүүлэх гэрээний тусгай нөхцөлийн 4.2-т заасныг үндэслэн хариуцагч Ж ХХК-иас үлдэгдэл төлбөр 152,097,200.00 төгрөг, алданги 76,048,600.00 төгрөг, нийт 228,145,800.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл тооцоогоо тодорхойлсон талаар маргахгүй. Харин Ж ХХК нь энэ хэргийн хариуцагч биш, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад Ж ХХК-ийн гэрээтэй хамааралгүй гэж үзэж нэхэмжлэлийг буцаасан. Гэрээний 4 дүгээр зүйлйин 4.2-т зааснаар төлбөрийн 30 хувьд цемент төлөхөөр тохирсон бөгөөд 244,996,000 төгрөгөөс 73,498,800.00 төгрөгт цемент авах ёстой байснаас 42,898,800.00 төгрөгт цемент авсан ч хариуцагч нь үлдэгдэл төлбөрт цемент өгөөгүй, үүрэг гүйцэтгэгчийн буруугаас хамаарахгүйгээр төлбөрөө төлж чадаагүй гэдгээ баримтаар нотлохгүй байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Манай компани 2018 оны 11 дүгээр сарын 14-ий өдөр нэхэмжлэгч П ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 244,996,000.00 төгрөгийн бетон зуурмаг худалдаж авсан. Гэрээний дагуу төлбөрийн 30 хувь буюу 73,498,800.00 төгрөгт цемент, үлдэгдэл 171,497,200.00 төгрөгийг мөнгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээний дагуу 42,898,800.00 төгрөгт цемент өгсөн.
Талууд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж, 202,097,200.00 төгрөгийн 50,000,000.00 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөнгөөр нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 152,097,200.00 төгрөгийн 30 хувьд нь цемент өгч, бусад хэсгийг мөнгөөр төлөх боломжтой хэдий ч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй
Бид нарын байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.2-т нийлүүлэлт бүрээс 3 хоногийн дараа төлбөрийн 30 хувийг цементээр төлнө гэсэн. М ХХК болон Ж ХХК-иуд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 700,000,000.00 төгрөгийн цемент нийлүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээг үндэслэн нэхэмжлэгчид төлбөрийн 30 хувийг цементээр төлөхөөр гэрээнд тусгасан.
Гэвч нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл М ХХК -иас цементийг нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй, өөрсдөө төлбөр авах үүргээ биелүүлээгүй байна. Мөн гэрээний 4.2-т тухайн сард нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн 70 хувийг дараа сарын эхний долоо хоногт багтаан тооцоо нийлж, сар бүрийн 15-ны өдрийн дотор нийлүүлэгчид төлнө гэж заасан. Гэвч талуудын аль аль нь энэ үүргээ биелүүлээгүй. Хэрэв тайлан тооцоо нийлсэн бол хариуцагч нь сар бүрийн 15-ны өдрийн дотор төлбөр төлөх үүрэгтэй болох байсан.
Гэрээний үүргийг талууд аль аль нь биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алданги төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.7-д захиалагчийн эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулна гэсэн байхад хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй. Манай компани бүтэн жил бизнес хийхэд 76,000,000.00 гаруй төгрөгийн ашиг олохгүй, нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчаас мөнгөө нэхэж байгаагүй, гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.
Ж ХХК нь хариуцагч компанитай нэг байранд байрладаг тул хоорондоо тооцоо нийлэх, мөнгөө нэхэх бүрэн боломжтой байсан. Хариуцагч нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 7 сургуулийг барилгыг барьж байгаа бөгөөд цаанаас олгох санхүүжилт удсан учраас гэрээний төлбөрийг төлөх боломжгүй болсон. Иймд, манай компани дээр дурдсан үндэслэлээр 152,097,200.00 төгрөгийн 30 хувийг цементээр, 70 хувийг мөнгөөр төлөх саналтай байгаа бөгөөд алдангийг төлөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ХХК-иас хариуцагч Ж ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 228,145,800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч П ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Ж ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 1,279,272.000.00 төгрөгийн үнэтэй 8,000 куб метр бетон зуурмагийг хариуцагчид барилга барихад нь зориулж нийлүүлэхээр тохирсон байна /х.х-ийн 6-13 хуудас/.
Тодруулбал, зохигчид М150 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 152,000.00 төгрөг, М200 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 166,000.00 төгрөг, М250 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 175,000.00 төгрөг, М300 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 186,000.00 төгрөг, М350 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 197,000.00 төгрөг, М400 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 216,000.00 төгрөг, М450 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 234,000.00 төгрөг, М500 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг*******3,000.00 төгрөгөөр тус тус авахаар тохирчээ.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч П ХХК нь гэрээний зүйл болох бетон зуурмагийг өөрийн үйлдвэрт бэлтгэж, хариуцагч Ж ХХК-д нийлүүлж байсан бөгөөд хариуцагч нь 8,000 куб метр бетон зуурмагийг *******,*******, *******,*******,*******, болон *******нд барих хүүхдийн сургуулийн барилгад ашиглахаар болжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болон худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч П ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 куб метр нь 175,000.00 төгрөгийн үнэтэй М250 төрлийн 195 куб метр бетон зуурмагийг 34,125,000.00 төгрөгөөр, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр М250 төрлийн 73 куб метр бетон зуурмагийг 12,775,000.00 төгрөгөөр, мөн тус өдөр 1 куб метр нь 186,000.00 төгрөгийн үнэтэй М300 төрлийн 56 куб метр бетон зуурмагийг 10,416,000.00 төгрөгөөр, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М300 төрлийн 141 куб метр бетон зуурмагийг 26,226,000.00 төгрөгөөр, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр М250 төрлийн куб метр бетон зуурмагийг 18,550,000.00 төгрөгөөр, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М250 төрлийн 298 куб метр бетон зуурмагийг 52,150,000.00 төгрөгөөр, мөн М250 төрлийн*******6 куб метр бетон зуурмагийг 44,800,000.00 төгрөгөөр, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр М250 төрлийн 354 куб метр бетон зуурмагийг 61,950,000.00 төгрөг, нийт 261,000,000.00 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг хариуцагч Ж ХХК-д нийлүүлсэн байна /х.х-ийн 14-21 хуудас/.
Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.7-д зааснаар захиалагч буюу худалдан авагчийн эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулаагүй гэсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 152,097,200.00 төгрөгийг төлнө үнэн гэж тайлбарласан тул зохигчдыг бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан эсэх талаар маргасан гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагчид нийт 244,996,000.00 төгрөгийн үнэтэй бетон зуурмагийг нийлүүлсэнээс хариуцагч нь мөнгөөр 50,000,000.00 төгрөгийг төлж, 42,898,800.00 төгрөгт цемент өгсөн боловч 152,097,200.00 төгрөгийг төлөөгүй” гэж тайлбарласныг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан.
Иймд, талууд нэгэнт 244,996,000.00 төгрөгийн үнэтэй бетон зуурмагийг хариуцагчид нийлүүлсэн эсэх талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Гэтэл нэхэмжлэгч П ХХК-иас хариуцагч Ж ХХК-д холбогдуулан үндсэн төлбөрийн үлдэгдэл 152,097,200.00 төгрөгийг алданги 76,048,600.00 төгрөгийн хамт нэхэмжилсэн боловч хариуцагч нь “талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд төлбөрийн 30 хувийг цементээр, 70 хувийг мөнгөөр төлнө гэж тохирсон учраас өмнө нь нэхэмжлэгчид мөнгөөр төлсөн 50,000,000.00 төгрөгийг хасч, 152,097,200.00 төгрөгөөс мөнгөөр 121,497,200.00 төгрөгийг төлнө, харин 42,898,800.00 төгрөгт цемент өгсөн тул үлдэх 30,600,000.00 төгрөгт М ХХК-ийн үйлдвэрлэсэн цементийг нэхэмжлэгчид өгнө, алдангийг төлөхгүй” гэж маргасан.
Зохигчдын байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Барааны нийлүүлэлт бүрээс 3 хоногийн дараа нийлүүлсэн барааны төлбөрийн 30 хувийг монцементээр төлж барагдуулна. М ХХК-ийн 22-ын товчооны үйлдвэрээс нийлүүлэх 1 тонн цементийг 140,000.00 төгрөг /НӨАТ, тээвэр ороогүй/-өөр харилцан тохиролцов. Тухайн сард нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн 70 хувийг дараа сарын эхний 7 хоногт багтаан тооцоо нийлж, сар бүрийн 15-ны өдрийн дотор нийлүүлэгчид төлнө” гэж заажээ.
Уг заалтыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус зааснаар тайлбарлавал зохигчид худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн 70 хувийг мөнгөөр, 30 хувийг арилжаа хэлбэрээр буюу тодорхой хөрөнгийг харилцан солилцохоор тохирсон байна.
Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу нэг талаас эд хөрөнгийг мөнгөөр үнэлэн худалдах, худалдан авах тухай гэрээ, нөгөө талаас мөнгөөр үнэлж болох эд хөрөнгийг харилцан солилцох нөхцөлөөр холимог гэрээний эрх, үүргийн хувьд нэгджээ.
Гэвч тус хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна” гэж, мөн 274 дүгээр зүйлийн 274.3-т “Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтаар шийдвэрлэх нь илүү зохимжтой байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон уг бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг тус тус үзэхэд нэхэмжлэгч П ХХК нь нийт 244,996,000.00 төгрөгийн 70 хувь буюу 171,497,200.00 төгрөгийг мөнгөөр, үлдэх 30 хувь болох 73,498,800.00 төгрөгт цемент авах ёстойгоос 50,000,000.00 төгрөгийг мөнгөөр авч, 42,898,800.00 төгрөгт цемент авсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ж ХХК-ийн одоо мөнгөөр төлбөл зохих төлбөрийн хэмжээ /171,497,200-50,000,00/ 121,497,200.00 төгрөг, бараа бүтээгдэхүүн буюу цементээр төлбөл зохих төлбөрийн хэмжээ /73,498,800-42,898,800/ 30,600,000.00 төгрөг ажээ.
Гэвч Валютын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Валют гэж Монгол Улсын үндэсний валют, гадаад валют, улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж, мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ” гэж, мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “үндэсний мөнгөн тэмдэгт гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд ..............” гэж бичнэ” гэж, түүнчлэн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба ................................” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, зохигчид Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна” гэж зааснаар тийнхүү мөнгөөр үнэлж болох цементийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцож болох хэдий ч нэхэмжлэгчийг 30,600,000.00 төгрөгийг мөнгөөр илэрхийлэн хариуцагчаас нэхэмжилсэнийг буруутгах боломжгүй юм. Учир нь, мөнгө нь бүх эд хөрөнгөтэй тэнцүү орлуулгын мэдрэцтэй, солилцооны үнэ цэнэтэй тул зохигчид анхнаасаа цементийн үнийг мөнгөөр илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн төлбөрөө шаардах эрхийг заавал цемент ав гэж үүрэгжүүлэх нь буруу юм.
Иймд, нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч хариуцагч Ж ХХК-иас 152,097,200.00 төгрөг /121,497,200+30,600,000/-ийг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа бүрэн гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол түүнийг үүргээ зөрчсөнд тооцох журамтай.
Зохигчдын байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар хариуцагч Ж ХХК нь тус 244,996,000.00 төгрөгийн 30 хувийн төлбөр болох 73,498,800.00 төгрөгт ногдох цементийг бетон зуурмагийг хүлээн авсаны 3 хоногийн дараа, 171,497,200.00 төгрөгийг дараа сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч П ХХК-д төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөрийг хүртэлх хугацаанд төлөөгүй ажээ.
Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэнд тооцож, нэхэмжлэгчид 222.7, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасны дагуу хариуцагчаас учирсан хохирол, гэрээнд заасан бол алданги шаардах эрх үүснэ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний тусгай нөхцөлийн 6 дугаар зүйлд зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, түүнчлэн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.
Нэгэнт хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөр 152,097,200.00 төгрөгийг төлөх хугацааг хэтрүүлсэн учраас тэрбээр гэрээний дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээнэ. Гэвч нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилсэн 76,048,600.00 төгрөгийн алдангиас 30,600,000.00 төгрөгт ногдох 15,300,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 60,748,600.00 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Учир нь, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч П ХХК нь өөрт шаардлагатай байгаа цементийн хэрэгцээгээ тодорхойлж, гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар хариуцагч Ж ХХК-ийн заасан газраас /22-н товчоо/ авдаг байсан тул нэхэмжлэгч нь 30,600,000.00 төгрөгт ногдох цементийг очиж аваагүйд хариуцагчийг цемент өгөх хугацааг хэтрүүлсэн гэж шууд буруутгах үндэслэл болохгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүрэг гүйцэтгэх газрыг дараахь байдлаар тодорхойлно” гээд 207.1.4-д “бусад бүх үүргийг үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар” гэж заасны дагуу талууд цемент авах газрыг тухайлан тохирсон тул цементийг хүргэж өгөх үүргийг хариуцагч Ж ХХК нь хүлээгээгүй байна.
Үүнийг тус хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж, мөн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “Премиум бьюлдинг материалс” ХХК-ийг гүйцэтгэсэн үүргийг хүлээн аваагүй гэж тооцох ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нь энэ хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж зааснаар 30,600,000.00 төгрөгт ногдох 15,300,000.00 төгрөгийн алдангийг нэхэмжлэх эрхгүй болно.
Харин 121,497,200.00 төгрөгийн хувьд хариуцагч Ж ХХК нь бетон зуурмагийг хүлээн авсаны дараа сарын 15-ны өдрийн дотор төлөх ёстой байхад хамгийн сүүлд буюу 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 61,950,000.00 төгрөгийн үнэтэй М250 төрлийн 354 куб метр бетон зуурмагийг хүлээн авсан өдрөөс хойш төлбөрийг төлөөгүй байна.
Ингээд хариуцагчийн төлбөл зохих 121,497,200.00 төгрөгөөс алдангийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 26 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 60,748,600.00 төгрөг гэж тогтоов /121,497,200x0.5%=607,486 /1 өдрийн алданги/ 607,486x620=376,641,320/.
Хэдийгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол хугацаа хэтрүүлээгүй гэж үзэх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх талаар үндэслэл бүхий тайлбарыг нотлох баримтын хамт өгөөгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх шаардлагатай гэж үзвэл нотлох баримтыг бүрдүүлэхээр шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах зохицуулалттай ч энэ нь талуудын тэгш байдлын зарчмыг зөрчихгүй байх учиртай.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй, гэрээнд заасан төлбөрийг төлөхөд санхүүжүүлэгч байгууллагаас төсвийг хугацаанд нь шилжүүлээгүй гэх тайлбараа тодорхой баримтаар нотлоогүй тул уг үйл баримтыг тодруулахаар шүүхээс нотлох баримт бүрдүүлэх нь нэхэмжлэгчид давуу байдал олгох учраас дээр дурдсан зарчимд нийцэхгүй юм.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 152,097,200.00 төгрөг, алданги 60,748,600.00 төгрөг, нийт 212,845,800.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,300,000.00 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР