Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/00961

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.А/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б алба,

 

Хариуцагч: Н газарт тус тус холбогдох, 

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 4-ний өдрийн 7414 дугаартай шүүхийн шийдвэр гарч Хармагтайн гол ХХК-иас 756,800,852 төгрөг гаргуулж, “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү зээлийг Г.А би аваагүй байхад иргэн Г.А над дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2017 оноос явагдсан байгааг шийдвэр гүйцэтгэх газраас дуудахад мэдсэн ба иргэн надад төлбөр төлөх мэдэгдэл нь шийдвэр гүйцэтгэлийн материалд авагдсан боловч нэг ч удаа мэдэгдэл ирж байгаагүй.

Иргэн Г.А би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан иргэний хэргийн оролцогч биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр явагдах бөгөөд иргэн Г.А би Капитал банкинд 756,800,852 төгрөг төлөх үүрэг бүхий этгээд биш. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6, мөн хуулийн 19.3 дахь хэсгүүдэд зааснаар надад холбогдуулан гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна.

Миний 99102713 дугаарын утас руу 2019 оны 11 сарын 12-ны өдөр 94495250 дугаарын утаснаас “шийдвэр гүйцэтгэгч байна”, “мэдэгдэл хүргүүлнэ” гэж ярьсанд үнэхээр гайхаж байтал 2019 оны 11 сарын 14-ний өдөр дуудлага худалдааны мэдэгдэл өгсөнд гайхаад байна.

Гэтэл мэдэгдэл нь 2019 оны 11 сарын 12-ны өдөр дуудлага худалдаа явуулах тогтоол нь 2019 оны 11 сарын 04-ны өдөр байхад 10 хоногийн дараа надад хэлж байгаад гомдолтой байна. Дээрх нөхцөл байдлуудын улмаас иргэн Г.А би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол, санал гаргах боломжгүй нөхцөл байдал үүсэн учир шүүхэд хандаж байна. Иргэн Г.А би 2009 оны 10 сарын 01-ний өдөр Мантууш ХХК-иас захиалгын гэрээ байгуулан худалдан авсан ба өнөөдрийг хүртэл амьдарч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1 дэх хэсэгт зааснаар миний эрхэд бүдүүлгээр хандаж хууль зөрчсөн үйлдлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байгаа ба мөн Г.А надаас үндэслэлгүйгээр төлбөр төл гэж гэсэн шаардлагыг тавьж байгаад гомдолтой байна. Иймд иргэн Г.А над дээр явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Хармагтайн гол” ХХКомпаний гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өрийн 7414 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2016/00304 дүгээр тогтоолоор “Хармагтайн гол” ХХК-иас 756.800.852 төгрөгийг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012012 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн Вилла Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 24,25 тоот авто зогсоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж хураасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөнд төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөнд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХКомпаниар үнэлгээ тогтоолгосон.

Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон орон сууцны үнэ 880.000.000 төгрөгөөр, авто зогсоолын тус бүрийн үнэ 25.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч “Хармагтайн гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрболдод 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/23077 тоот албан бичгээр, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Ат 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/23078 тоот албан бичгээр тус тус хүргүүлж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байдаг. Гэтэл төлбөр төлөгч “Хармагтайн гол” ХХК нь хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг 3 шатны шүүхээс хянаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00632 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гурван шатны шүүхээс хянасан тогтоол шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6/3935 дугаар албан бичээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/00632 дугаар тогтоолыг өөрчлөх буюу хүчингүй болгуулахаар дүгнэлт бичих үндэслэлгүй, энэ хэргийг шүүгчийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхгүй гэж Ерөнхий шүүгч эцэслэн шийдвэрлэсэн талаар хариуг тус албанд ирүүлсэн. Төлбөр авагч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2085 дугаар албан бичгээр банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүхэд төлөөлөх эрхийн 0256 дугаарын үнэмлэхтэй өмгөөлөгч Б.Баярмаа, 0254 дугаарын үнэмлэхтэй өмгөөлөгч Ч.Зоригтбаатар нарыг томилсон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгөнд ажиллагаа явуулж анхны албадан дуудлага худалдааны 2019 оны 11/06, 11/07, 11/08, 3/15370 дугаар тогтоол мэдэгдлийг хөрөнгийн өмчлөгч Г.Ат 2019 оны 11 дүгээр сарын 14-нд гардуулахад хүлээн авсан атал шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр гарын үсэг зурахаас татгалзсан, мөн дээрх тогтоол, мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр оршин суух хаягаар баталгаат шуудангаар төлбөр төлөгч “Хармагтайн гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрболдод, барьцаа хөрөнгийн өмчлөгч Г.А нарт хүргүүлсэн байгаа. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад худалдан борлогдоогүй санал ирээгүй байна. Тиймээс үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгийн өмчлөгч Г.Аийн гарсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т.Аийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэрэгт Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 07 дугаар сард гүйцэтгэх баримт бичгийг Б албанд хүлээлгэж өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэгч ахмад Д.Даваасүрэн нь гүйцэтгэх баримт бичиг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт байхгүй тул миний эзгүйд шүүх хурлыг хийж өгнө үү. Гүйцэтгэх баримт бичиг тус газар байхгүй тул шүүх хуралд орох боломжгүй болно.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.А хариуцагч Б алба, Н газарт холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дугаартай шийдвэрийн дагуу иргэн Г.А дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б алба нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгийн өмчлөгч Г.Аийн гарсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан.

 

Хариуцагч Н газар нь гүйцэтгэх баримт бичгийг Б албанд хүлээлгэж өгсөн гэх тайлбар гаргасан.

 

2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Г.Ат Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэгт 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр утсаар, хариуцагч Б албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаярт 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан, хариуцагч Н газарт 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч зохигчид болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагч Б албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаяр, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өрийн 7414 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 00304 дугаар тогтоолоор “Хармагтайн гол” ХХК-иас 756 800 852/долоон зуун тавин зургаан сая найман зуун мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 3 999 424/гурван сая есөн зуун ерэн есөн мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан “Капитал банк” ХХК-д олгохоор, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2206012012 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, Зайсангийн тойруу 62/6 дугаар байр, А5-101 тоот орон сууц болон зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 00113 дугаар захирамж гарч, 00008 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 16280786 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өрийн 7414 дугаар шийдвэрийн болон 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлалын хуулбар, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 00304 дугаар тогтоолын болон 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00113 дугаар захирамжийн хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00008 дугаар гүйцэтгэх хуудсын болон 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16280786 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Ү-2206012012 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, Зайсангийн тойруу 62/6 дугаар байр, А5-101 тоот орон сууц болон зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолын өмчлөгч болох нь 000085983 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь А5-101 тоот орон сууц болон зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр битүүмжлэн, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хураасан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02164 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2435 дугаар магадлалын хуулбар, Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 00632 дугаар тогтоолын хуулбар, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11/06 дугаар болон 11/7 дугаар, 11/8 дугаар тогтоолуудын хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;” гэж заасан.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр авагч, төлбөр төлөгч нар А5-101 тоот орон сууц болон зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолын үнэлгээг тохиролцоогүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02164 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2435 дугаар магадлалын хуулбар, Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 00632 дугаар тогтоолын хуулбар, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгө үнэлсэн тухай тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

          “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь А5-101 тоот орон сууц болон зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг нийт 930 000 000/есөн зуун гучин сая/ төгрөгөөр үнэлсэн болох нь Үл хөдлөх хөрөнгө үнэлсэн тухай тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно.”, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас ... үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно ...” гэж заасан.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь А5-101 тоот орон сууц болон зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолын зах зээлийн үнэ цэнэ болох 930 000 000/есөн зуун гучин сая/ төгрөгийн 70/дал/ хувь болох 651 000 000/зургаан зуун тавин нэгэн сая/ төгрөгөөр А5-101 тоот орон сууц болон зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй болох нь Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11/06 дугаар болон 11/7 дугаар, 11/8 дугаар тогтоолуудын хуулбар, Өдрийн сонины 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №226(6327) дугаарын болон 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 3/15370 Албадан дуудлага худалдааны мэдэгдлийн хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байна.” гэж заасан.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өрийн 7414 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 00304 дугаар тогтоолыг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дугаартай шийдвэрийн дагуу иргэн Г.А дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дугаартай шийдвэрийн дагуу иргэн Г.А дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ