Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00498

 

Л.Чгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 293 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалтай,

Л.Чгийн нэхэмжлэлтэй

Н.Аод холбогдох

3,426,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхзаяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Л.Чгийн нь Н.Аод холбогдуулан 3,426,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 293 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Аоос 1,464,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 1,682,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Л.Ч нь нэхэмжлэлийн шаардлагаас онгоцны зардал 280,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзсаныг баталж, энэхүү шаардлагатай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,766 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Аоос улсын тэмдэгтийн хураамж 39,686 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чд олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 293 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Аоос 1,464,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 1.682.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.3-т тус тус зааснаар хариуцагч Н.Аоос 1.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 1.746.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 3 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.766 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Аоос улсын тэмдэгтийн хураамж 39.686 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чд олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.766 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Аоос улсын тэмдэгтийн хураамж 35.136 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чд олгосугай...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 38.400 төгрөг төлсөнийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа миний бие тус шүүхэд хандаж дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. 293 тоот шийдвэр, 44 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан: “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг хангаагүй буюу анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа дараах үндэслэлүүд байна. Анхан шатны шүүх хариуцагч Н.Аоос 1,464,000 төгрөг гаргаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримталсан нь зохигчдын хооронд үүссэн харилцаа, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй нийцээгүй буюу нэхэмжлэгч зохигчдын хооронд 2018.09.12-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байхад шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт: “...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2018.09.12-ны өдрийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч дээрхи гэрээний дагуу шаардах эрхгүй болно” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй хуулийн заалт буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь заалтыг баримтлан үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж ашигласны төлбөрийн үлдэгдэл 1,400,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн заалт нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг зохицуулсан буюу хөрөнгөө буцаан шаардах харилцааг зохицуулсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй дээрхи заалтыг хэрэглэн хүчин төгөлдөр бус гэж тооцсон гэрээний заалтыг баримтлан төлбөр гаргуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээд “Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлж үнэлээгүй байна.” гэсэн дүгнэлт хийж зохигчдын хооронд үүссэн маргааныг “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.3”-т заасныг баримтлан хариуцагч Н.Аоос 1,400,000 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа болно. Учир нь хариуцагч Н.А нь буяны цогц үйлчилгээ явуулахын тулд Увс аймагт очиж аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга түрээслэсэн байдаг, түрээслэгчийн зорилго нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж ашиг орлого олох зорилготой байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэнд гомдолтой байгаа болно. Дээр дурьдсан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулан хариуцагч Н.Аоос гаргуулахаар шийдвэрлэсэн 1,400,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” эсэх үндэслэлээр хянаад, хангах үндэслэлгүй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч Н.Аоос түрээсийн төлбөр, алданги, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол нийт 3,426,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус, ...Увс аймагт байрладаг нэхэмжлэгчийн хашаа, байранд үйл ажиллагаа явуулсан боловч ашиггүй байсан тул 2 сарын дараа гэрээгээ цуцалъя гэхэд нэхэмжлэгч нь Улаанбаатарт байна, очиж чадахгүй гэсэн учир харж хамгаалуулахаар дүүдээ үлдээсэн, манай дүү эд хөрөнгийг ашиглаагүй, 2019.01.10-ны өдөр нэхэмжлэгч эд хөрөнгөө авсан байдаг...” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 1,460,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1,400,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

8. Талууд 2018.09.12-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, Л.Ч нь Увс аймгийн Улаангом суманд байрлах өөрийн эзэмшлийн 7х9 хэмжээтэй, халаалт, цэвэр устай 3 өрөө хувийн сууцаа, гараж, хашааны хамт 1 жилийн хугацаатайгаар хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Н.А нь сар бүр 600,000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээжээ. /хх-5/

9. Анхан шатны шүүх гэрээний харилцааг түрээсийн гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэрээр байгуулагдаагүй, нэхэмжлэгч эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдоогүй гэж дүгнэж гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Харин давж заалдах шатны шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, талууд гэрээг цуцалсан гэж хууль хэрэглээний хувьд өөр дүгнэлт хийжээ.

10. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээ субъектын болон түүний үйл ажиллагааны зорилгын онцлогоос шалтгаалан эд хөрөнгө хөлслөх харилцааны тусгай төрөлд хамаардаг гэрээ юм. Түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний адил бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн харилцааг үүсгэдэг учир түрээслүүлэгчийг зайлшгүй тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхыг шаарддаггүй болно. Энэ талаар анхан шатны шүүх хуульд нийцээгүй дүгнэлтийг хийжээ.

Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшлийн тухайн эд хөрөнгийг хариуцагч ашигласнаар төлбөр төлөх үүрэг хүлээсэн, гэхдээ зориулалтыг нь тохироогүй, “...хариуцагч буяны цогц үйл ажиллагаа явуулж байсан юм билээ...” гэх нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд эд хөрөнгийг тодорхой зориулалтаар ашиглахыг тохироогүй, гэрээний зорилго нь түрээсийн шинжийг агуулаагүй байх тул талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээ оновчтой байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

11. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Н.А нь Увс аймагт байрлах дээрх сууц болон гаражид буяны цогц үйлчилгээ явуулж, 2018 оны 9, 10 дугаар сарын төлбөр 1,200,000 төгрөгийг төлсөн, үүнээс өөр төлөлт хийгээгүй, хөлслүүлэгч Л.Ч 2019.01.10-ны өдөр эд хөрөнгөө хүлээн авсан үйл баримтыг шүүх үндэслэлтэй дүгнэсэн, давж заалдах шатны шүүх 2018.11, 12 сар, 2019.01 дүгээр сарын эхний 10 хоногийн төлбөр 1,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй юм. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 38,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ