Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
Хэргийн индекс | 182/2020/00068/И |
Дугаар | 182/ШЗ2020/00942 |
Огноо | 2020-04-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 182/ШЗ2020/00942
2020 04 28 182/ШЗ2020/00942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах, ДЖ ХХК /20/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт байрлах, ХХ , мтнТб , албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар /52, цаашид ТБАГУТҮГ гэж товчилно/-т холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл санхүүжилтэд 82,864,983 төгрөг гаргуулах тухай хэргийг, хариуцагчийн гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 37,222,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М, хариуцагчийн төлөөлөгч Б.С, Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ДЖ ХХК нь Мэдээлэл, ХХ , технологийн газартай 2008.05.05-ны өдөр ШКТН-01/08-5 дугаар гэрээ байгуулж, Баянхонгор-Бөмбөгөр, Хүрээмаралын чиглэлд 372.220.000 төгрөгийн үнийн дүн бүхий, 148 км трассын урттай шилэн кабелийг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байдаг. Гэрээний дагуу ажлыг 2008.07.01-ний өдрөөс эхэлж, захиалагчаас ажлын урьдчилгаанд 111,666,000 төгрөгөөр хоёр удаа, 40,788,918 төгрөгөөр нэг удаа, нийт 264.120.918 төгрөгийг хүлээн авсан. Харин ажлыг хийх явцад Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК-ийн хяналт тавьж байсан бөгөөд нийт ажлын гүйцэтгэл нь 126,9 км, 346.985.901 төгрөг болсон байдаг. Энэ нь баримтаар тогтоогдсон. Ажлыг 2009.07.30-ны өдөр актаар хүлээлгэн өгч, төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг байнгын ашиглалтанд хүлээн авах Улсын комисс ажиллаж, 2010.01.15-ны өдрийн 04/04/2010 дугаар актаар зохих газарт нь хүлээлгэн өгсөн байдаг. Бидний хийсэн ажилд ямар нэгэн доголдол илрээгүй, ажлыг чанартай гүйцэтгэсэн.
Үндсэн сүлжээний нөөц байгуулах төсөл-ийн тендерийн баримт бичигт заасны дагуу улсын комисс хүлээж авснаас хойш 1 жил буюу тухайн үеийн Барилгын тухай хуулийн дагуу баталгаат хугацаа дууссаны дараа ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг олгох ёстой байсан. Үүний дагуу ДЖ ХХК-ийн суурилуулсан шилэн кабелийн сүлжээний гүйцэтгэлийн үлдэгдэл хөлсний санхүүжилт болох 82.864.983 төгрөгийг хүссэн 11/20 тоот албан бичгийг 2011.01.27-ны өдрөөс анх шаардаж эхэлсэн бөгөөд хариуцагч талаас улсын төсөвт суулгуулах арга хэмжээ авах, биднээс дахин баримт бүрдүүлж авах зэргээр 2018 оныг хүрсэн боловч өнөөдрийг хүртэл ажлын хөлсний үлдэгдлийг төлөөгүй байна. Энэ талаарх албан бичгүүд хэрэгт хангалттай авагдсан байгаа. Харин хариуцагч талаас ажлын хөлсний үлдэгдэлийг өгөхгүй гэж хэлдэггүй, харин улсын төсөвт суулгуулах талаар арга хэмжээ авч байгаа талаар хариу өгдөг. Өөрөөр хэлбэл 2011 оноос өнөөдрийг хүртэл бид ажлын хөлсний үлдэгдлийг зохих журмаар шаардаж, эрх бүхий албан тушаалтанд хандсаар явсан учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаан дотроо байгаа. Ингээд бид 2018 онд шүүхэд энэ асуудлаар хандсан, шүүх нэхэмжлэлийг 2019 оны 09 сард буцаасан, бид дахин 12 сард нь нэхэмжлэлээ гаргасан байдаг.
Иймд бид 126,9 км урт шилэн кабелийг 346.985.901 төгрөгийн хэмжээнд суурилуулсан бөгөөд уг үнийн дүнгээс урьдчилгаанд авсан 264.120.918 төгрөгийг хасаж тооцохоор үлдэгдэл нь 82.864.983 төгрөг болдог. Хариуцагч тал манай байгууллагыг 4 удаагийн гүйлгээгээр 304 сая гаруй төгрөгийн төлбөр авсан гэдэг боловч Худалдаа хөгжлийн банкны 499135040 дугаарын дансанд шилжсэн 40,788,918 төгрөгийн гүйлгээ манай байгууллагынх биш байсан. Уг данс нь манай байгууллагын данс биш, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн данс байдаг, тус байгууллагаас 40 сая төгрөгийн ямар нэгэн орлогын гүйлгээ хийгдээгүй, манай байгууллагыг нийгмийн даатгалын шимтгэлийг өргүй гэдгийг нотолж шүүхэд хариу ирүүлсэн байдаг. Тиймээс ажлын хөлсний үлдэгдэлд 82,864,983 төгрөгийг Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтын дагуу хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газраас 2008 онд Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төсөл-ийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ төсөл 11 багцтай зарлагдаж хэрэгжиж дууссан байдаг. ДЖ ХХК-ийн хувьд энэхүү төслийн 5 дугаар багц буюу Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдын чиглэлд шилэн кабель суурилуулах ажлыг 148 км урттай, 372.220.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр, 2008.06.15-ны өдрөөс эхлэн 2008.09.13-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэж захиалагчид төслийг хүлээлгэн өгөхөөр 2008.05.05-ны өдөр ШКТН-01/08-5 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Гэхдээ тус газар болон төслийг хүлээн авагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийн гүйцэтгэгч компаниудтай 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн хурлын тэмдэглэлээс харахад төслийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацааг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан байдаг, харин ДЖ ХХК нь дээрх сунгасан хугацаанд багтааж ажлыг дуусгаагүйтэй холбогдуулан төслийн захиалагч, хүлээн авагч, гүйцэтгэгч талын төлөөллөөс бүрдсэн хурлыг 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн байх бөгөөд тус хурлаар ДЖ ХХК-ийн гэрээт ажлыг дуусгах хугацааг 2009 оны 06 дугаар сарын 01-ээс 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, мөн гэрээний тусгай нөхцлийн 46-д заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 20-ноос 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 100 хоногийн алданги болох гэрээний үнийн дүнгийн 10 хувийн мөнгөн дүнг ажлын гүйцэтгэлээс хасаж санхүүжүүлэхээр харилцан тохиролцож баталгаажуулсан байна.
Ингээд ажлыг 2010.01.15-ны өдрийн 04/04/2010 дугаар актаар зохих газарт нь хүлээлгэн өгсөнд маргахгүй. Мөн манай зүгээс ажлын хөлсний урьдчилгаанд 111,666,000 төгрөгөөр хоёр удаа, 40,788,918 төгрөгөөр хоёр удаа, нийт 304,909,836 төгрөгийн санхүүжилтийг олгосон, энэ нь Сангийн яамнаас ирсэн баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны 499135040 дугаарыг бид бичээгүй, нэхэмжлэгч өөрөө даалгаврын хүсэлтэд бичсэн байдаг бөгөөд уг хүсэлтээр Сангийн яамнаас гүйлгээ хийгдсэн, тийм учраас бид нэхэмжлэгчийг уг мөнгийг авсан гэж үзэж байгаа. Харин маргаан бүхий 499135040 данс яагаад Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын данс болсныг ойлгохгүй байна. Түүнчлэн бид ажлын гүйцэтгэлийн хувьд нэхэмжлэгч нь гэрээгээр 148 км шилэн кабелийг суурилуулахаас 126.9 км суурилуулсан. Үүнийг тооцохдоо гэрээний нийт үнийн дүн 372.220.000 төгрөгийг 148 км-т хуваагаад 1 км-ыг 2,515,000 төгрөг, үүнийг 126,9 км-ээр үржээд 319,153,500 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг нэхэмжлэгчийг хийсэн гэж үзэж байгаа. Энэ үнийн дүнгээс урьдчилгаанд өгсөн 304,909,836 төгрөгийг хасаад 14,243,664 төгрөг болж байна. Бид энэ хэмжээнд шаардлагыг зөвшөөрөх боломжтой. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ДЖ ХХК нь тохиролцсон ажлаа заасан хугацаандаа хийж гүйцэтгээгүй учраас захиалагчийн зүгээс хугацааг сунгаж байсан байдаг. Ийнхүү ДЖ ХХК нь дээрх сунгасан хугацаанд багтааж ажлыг дуусгаагүйтэй холбогдуулан төслийн захиалагч, хүлээн авагч, гүйцэтгэгч талын төлөөллөөс бүрдсэн хурлыг 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн байх бөгөөд тус хурлаар ДЖ ХХК-ийн гэрээт ажлыг дуусгах хугацааг 2009 оны 06 дугаар сарын 01-ээс 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, мөн гэрээний тусгай нөхцлийн 46-д заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 20-ноос 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 100 хоногийн алданги болох гэрээний үнийн дүнгийн 10 хувийн мөнгөн дүнг ажлын гүйцэтгэлээс хасаж санхүүжүүлэхээр харилцан тохиролцож баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн сүүлийн санхүүжилт ороогүй байх бөгөөд хэрэв авахаар байна гэж үзвэл бид ч бас энэхүү тэмдэглэлд тусгаснаар нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн уг алдангийг 2008.11.20-ноос 2009.03.01-ний өдрийг хүртэл 100 хоногоор тооцож, гэрээний нийт үнийн дүн болох 372,220,000 төгрөгийн 10% буюу 37,222,000 төгрөгийг нэхэмжлэгч манайд төлөх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэхүү төлбөр суутгагдаагүй талаар бид анх 2014 онд албан ёсоор мэдсэн байдаг, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил гэж тооцвол шаардах эрх хугацаандаа байгаа. Уг нь бид 87 сая төгрөг шаардаж байсан боловч өмнөх хуралдаанаар 37,222,000 төгрөг болгон багасгасан. Энэ багасгасан шаардлага хэвээрээ тул, нэхэмжлэгчээс 37,222,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч тал ганц хурлын тэмдэглэлийг үндэслээд 37,222,000 төгрөгийн алдангийг тухайн үедээ аваагүй байсан одоо авна гэж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Яагаад тухайн үедээ суутгаж аваагүй юм бэ, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээний алдангийг заагаад байна. Тэгэхлээр манай байгууллагыг алдангийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Тэгээд ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, энэ талаар шаардаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан ямар нэгэн бичгийн баримтгүй, сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ДЖ ХХК нь хариуцагч ХХ , мэдээллийн технологийн газарт холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 82,864,983 төгрөг гаргуулах тухай үндсэн,
хариуцагч ХХ , мэдээллийн технологийн газар нь нэхэмжлэгч ДЖ ХХК-нд холбогдуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн 37,222,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
1.Үндсэн нэхэмжлэлийн талаар.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид гэрээгээр тохиролцсон ажлаа 126,9 км урттай, 346.985.901 төгрөгийн хэмжээнд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, урьдчилгаанд 264.120.918 төгрөгийг хүлээн авсан, Худалдаа хөгжлийн банкаар бид ямар нэгэн ажлын хөлс хүлээн аваагүй, данс манайх биш, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн данс байсан, үлдэгдэл 82.864.983 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй, авах талаар удаа дараа зохих газарт нь хандаж, шаардаж байсан, хариуцагч нь улсын төсөвт суулгах талаар зохих арга хэмжээ авч байгаа талаар хариу хэлдэг боловч ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна гэж тайлбарлав.
Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд ДЖ ХХК нь гэрээгээр 148 км урт шилэн кабель суулгах байсан боловч 126,9 км шилэн кабель суулгасан, бид ажлын нийт өртгийг 319,153,500 төгрөг гэж тооцон, уг дүнгээс урьдчилгаанд өгсөн 304,909,836 төгрөгийг хасаж тооцно, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж авсан 40 сая төгрөгийг манай данс биш гэж үгүйсгэж байгааг ойлгохгүй байна, тухайн үед өөрсдөө төлбөрийн хүсэлт дээр Худалдаа хөгжлийн банкны дансыг бичсэн учир гүйлгээ хийгдсэн, тийм учраас бид 14,243,664 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжтой, үлдэгдэл мөнгийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
ДЖ ХХК нь 2008 онд Мэдээлэл, ХХ , технологийн газраас зарласан Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төсөл-ийг хэрэгжүүлэх 11 багц тендерийн 5 дугаар багц буюу Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдын чиглэлд шилэн кабель суурилуулах ажилд шалгарч, зохигчдын хооронд 2008.05.05-ны өдөр ШКТН-01/08-5 дугаар Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төсөл-ийн шилэн кабелийн сүлжээ байгуулах төслийн барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ байгуулагджээ.
Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч ДЖ ХХК нь Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдын чиглэлийн шилэн кабель суурилуулах ажлыг 148 км урттай, 372.220.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр, 2008.06.15-ны өдрөөс эхлэн 2008.09.13-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн Мэдээлэл, ХХ , технологийн газарт хүлээлгэн өгөх, хариуцагч Мэдээлэл, ХХ , технологийн газар нь ажил эхлэх зөвшөөрлийг олгож, гэрээний төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Гэрээний оролцогч болох Мэдээлэл, ХХ , технологийн газар нь оноосон нэрээ ХХ , мэдээллийн технологийн газар болгон өөрчилж, 2016.08.19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд цаашид хариуцагчийг ХХ , мэдээллийн технологийн газраар дурдаж, дүгнэлт хийх болно.
Зохигчдын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.
Нэхэмжлэгч ДЖ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу тохиролцсон ажлыг заасан хугацаанд хийж амжаагүй байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 26 дугаар зүйлд зааснаар 2008.09.03-ны өдрийн нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2008.10.30-ны өдрийг хүртэл 90 хоногоор сунгасан, мөн гэрээний 28 дугаар зүйлд зааснаар хариуцагч ХХ , мэдээллийн технологийн газар /хуучнаар Мэдээлэл, ХХ , технологийн газар/ нь 2008.10.30-ны өдөр барилга угсралтын ажлын гүйцэтгэгчдийг оролцуулсан хуралдаан хийсэн байх бөгөөд уг хуралдаанаар гэрээний хугацааг 2008.11.20-ны өдрийг хүртэл, 2009.01.20-ны өдрийн хурлын тэмдэглэлээр 2009.07.01-ний өдрийг хүртэл тус тус сунгажээ.
Ийнхүү нэхэмжлэгч ДЖ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 52, 53 дугаар зүйлд зааснаар Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдын чиглэлд шилэн кабелийн трассыг 126,9 км урттай, 346,985,901 төгрөгийн хэмжээнд хийж гүйцэтгэн, ажлыг 2009.07.30-ны өдрийн 5 тоот актаар техникийн комисст, 2010.01.15-ны өдөр 04/04/2010 актаар Улсын комисст тус тус хүлээлгэн өгсөн, хариуцагч ХХ , мэдээллийн технологийн газар нь ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 48 дугаар зүйлд зааснаар ажлын хөлсний урьдчилгаанд 2008.06.24-ний өдөр 111,666,000 төгрөг, 2008.09.18-ны өдөр 111,666,000 төгрөг, 2008.12.19-ний өдөр 40,788,918 төгрөг, нийт 264,120,918 төгрөгийг нэхэмжлэгч ДЖ ХХК-нд шилжүүлж, үлдэгдэл 82,864,983 төгрөгийг төлөөгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч ХХ , мэдээллийн технологийн газраас урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөн дүнгийн цаг хугацаа нь төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, төрийн сан, бүртгэлийн дансны хуулга зэрэг баримтуудаар зөрүүтэй байх боловч шүүх шүүгчийн захирамжийн дагуу сүүлийн байдлаар Сангийн яамнаас ирсэн санхүүжилтийн эрх олгосон гурван удаагийн баримтыг үндэслэсэн болно.
Дээрх үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ, ерөнхий болон тусгай нөхцөл, нэмэлт гэрээ, техникийн тодорхойлолт, 2008.09.03-ны өдрийн нэмэлт гэрээ, 2008.10.30-ны өдрийн гүйцэтгэгч компаниудтай хийсэн хурлын тэмдэглэл, 2009.01.20-ны өдрийн ДЖ ХХК-тай хийсэн хурлын тэмдэглэл, 2010.01.15-ны өдрийн улсын комиссын акт, төлбөрийн хүсэлтүүд, санхүүжилтийн эрх, шүүгчийн захирамжийн дагуу Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-иас ирсэн 2020.04.24-ний өдрийн албан бичиг, түүний хавсралт баримтууд болох төсөв санхүүгийн тооцоо, 2009.07.30-ны өдрийн техникийн комиссын акт, далд ажлын актууд, шүүгчийн захирамжийн дагуу сангийн яамнаас ирсэн 2020.04.27-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт баримтууд, 2014.10.21-ний өдөр Сангийн яамнаас Мэдээллийн технологи, шуудан, ХХ ны газарт хүргүүлсэн ...264,120,918 төгрөгийн санхүүжилт олгож, үүнээс өөр санхүүжилт хийгдээгүй байна. гэсэн агуулга бүхий албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Иймд хариуцагч талын гаргасан дээр дурдсан тайлбар няцаагдаж байх бөгөөд, нэхэмжлэгч ДЖ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн нийт ажил нь 346,985,901 төгрөгийн үнэтэй, 126,9 км урттай шилэн кабелийн трассын ажил болох нь тус шилэн кабелийн ашиглагч болох Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-иас шүүгчийн захирамжийн дагуу ирсэн баримтуудаар нэгэнт тогтоогдсон бөгөөд, бодитой хийгдсэн уг ажлын үнийг хариуцагч талын тайлбарласанаар математикийн пропорцийн аргаар буюу 372.220.000 төгрөгийг 148 км-т хуваагаад 1 км-ыг 2,515,000 төгрөгөөр, үүнийг 126,9 км-ээр үржээд 319,153,500 төгрөг гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн хариуцагч талын үндэслэл болгосон Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга, төлбөрийн хүсэлтээр 40,788,918 төгрөгөөр 2 удаа, 111,666,000 төгрөгөөр хоёр удаа, нийт 4 удаагийн гүйлгээгээр нийт 304,909,836 төгрөгийг нэхэмжлэгч ДЖ ХХК-нд урьдчилгаанд өгсөн гэх боловч 2008.12.26-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны 499135040 дугаарын дансанд шилжүүлсэн 40,788,918 төгрөгийн гүйлгээг нэхэмжлэгч ДЖ ХХК хүлээн аваагүй байна.
Учир нь Худалдаа хөгжлийн банкны 499135040 дугаарын данс нь нэхэмжлэгч ДЖ ХХК-ийнх биш, ДЖ ХХК нь тус банкинд 499135412 дугаар төгрөгийн, 499135413 дугаар долларын данс эзэмшдэг, харин 499135040 дугаарын данс нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн данс байх бөгөөд тус байгууллагын Худалдаа хөгжлийн банкны 499135040 дугаарын дансанд 40,788,918 төгрөгийн гүйлгээ буюу орлого ороогүй, нэхэмжлэгч ДЖ ХХК-иас Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ямар нэгэн нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болох нь нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, Худалдаа хөгжлийн банкны 2019.06.27-ны өдрийн тодорхойлолт, 2019.08.08-ны өдрийн албан бичиг, 2019.09.17-ны өдрийн албан бичиг, түүний хавсралтууд болох Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн данс нээлгэх тухай хүсэлт, албан бичиг, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2020.04.24-ний өдрийн албан бичиг, түүний хавсралтууд болох ДЖ ХХК-ийн 2008 оны шимтгэл төлөлтийн тайлан зэрэг баримтуудаар нотлогдсон.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ДЖ ХХК нь хариуцагч ХХ , мэдээллийн технологийн газраас ажлын хөлсний урьдчилгаанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 304,909,836 төгрөгийг хүлээж аваагүй, харин 3 удаагийн гүйлгээгээр нийт 264,120,918 төгрөгийг хүлээн авсан байх бөгөөд энэ нь 2014.10.21-ний өдрийн 9-1/5750 дугаар Сангийн яамнаас Мэдээллийн технологи, шуудан, ХХ ны газарт хүргүүлсэн ...264,120,918 төгрөгийн санхүүжилт олгож, үүнээс өөр санхүүжилт хийгдээгүй байна гэсэн агуулга бүхий Төрийн сангийн газрын дарга Ч.Таванжилийн албан бичгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,
346 дугаар зүйлийн 346.2-т ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө,
350 дугаар зүйлийн 350.1-д ажил гүйцэтгэгч дараах үүрэг хүлээнэ: 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх,
351 дүгээр зүйлийн 351.1-д захиалагч дараах үүрэг хүлээнэ: 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах гэж заасан.
Иймд нэхэмжлэгч ДЖ ХХК нь хуулийн дээрх заалт, ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 40 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд зааснаар эцсийн тооцоог хийж, ажлын хөлсөө шаардах эрхтэй, хариуцагч ХХ , мэдээллийн технологийн газар нь хөлс төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан 2011.02.27, 2012.12.08, 2013.12.25, 2014.04.09, 2016.05.27, 2017.10.19-ний өдрүүдэд ДЖ ХХК-иас ХХ , мэдээллийн технологийн газарт хүргүүлсэн 82,864,973 төгрөгийн санхүүжилт хүсэх тухай албан бичгүүд, ХХ , мэдээллийн технологийн газраас 2015.10.23-ны өдөр, 2018.05.16-ны өдрүүдэд ДЖ ХХК-нд хүргүүлсэн албан бичиг, Мэдээллийн технологи, шуудан, ХХ ны газраас 2014.09.22, 2015.09.30-ны өдрүүдэд Сангийн яамны Төрийн сангийн газарт хандсан албан бичиг, 2015.10.08-ны өдөр Сангийн яамнаас Мэдээллийн технологи, шуудан ХХ ны газарт хүргүүлсэн албан бичиг, тус шүүхийн 2019.09.24-ний өдрийн 7652 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, хариуцагчийн төлөөлөгч нарын гаргасан 14,243,664 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч ДЖ ХХК нь ажлын хөлсний үлдэгдэлийг удаа дараа зохих журмаар шаардаж байсан байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдаж, 79.7-д зааснаар дахин шинээр тоологдох учиртай тул нэхэмжлэгч ДЖ ХХК-ийн гаргасан шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаан дотроо байна.
Тиймээс хариуцагч ХХ , мэдээллийн технологийн газраас ажлын хөлсний үлдэгдэлд 82,864,973 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДЖ ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Сөрөг нэхэмжлэлийн талаар.
Хариуцагч ХХ , мэдээллийн технологийн газар нь 2008.10.30-ны өдрийн үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийн гүйцэтгэгч компаниудтай хийсэн хурлын тэмдэглэл, 2009.01.20-ны өдрийн ДЖ ХХК-тай хийсэн хурлын тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгч ДЖ ХХК-ийг ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй 2008.11.20-ны өдрөөс 2009.03.01-ний өдрийг хүртэлх 100 хоногийн алданги болох гэрээний үнийн дүнгийн 10%-иар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн 372,220,000 төгрөгийн 10% болох 37,222,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Харин нэхэмжлэгч тал дээрх сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд бид гэрээний үүрэг буюу алдангиар үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй, гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тэгээд ч уг төлбөрөө биднээс огт шаардаж байгаагүй, сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 46 дугаар зүйлийн 46.1-д гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцроосон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө. Алдангийн нийт дүн гэрээний тусгай нөхцөлд заасан дээд хэмжээнээс хэтрэхгүй. Захиалагч нь алдангийг гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс суутган авч болно. Алданги төлсөн нь гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хариуцлагыг хөндөхгүй гэж, тусгай нөхцөлийн 46 дугаар зүйлд алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 0,1% байна, нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10% байна гэж заажээ.
Хариуцагчийн үндэслэл болгосон 2009.01.20-ны өдрийн ДЖ ХХК-тай хийсэн хурлын тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч ДЖ ХХК нь барилга угсралтын ажлыг гэрээний хугацаанд дуусгаагүйтэй холбоотойгоор зарим арга хэмжээ авах асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд, шийдвэрлэсэн хэсгийн 2 дахь заалтаар ажил гүйцэтгэх хугацааг 2009.07.01-ний өдөр хүртэл хойшлуулж байгаатай холбогдуулан гэрээний тусгай нөхцөлийн 46 дугаар зүйлийг үндэслэн 2008.11.20-ны өдрөөс 2009.03.01-ний өдрийг хүртэлх 100 хоногийн алданги болох гэрээний үнийн дүнгийн 10%-ийн мөнгөн дүнг ажлын гүйцэтгэлээс хасаж санхүүжүүлэх-ээр шийдвэрлэсэн байна.
Дээрх тэмдэглэл болон үндсэн нэхэмжлэлд дурдсан дүгнэлтийн дагуу нэхэмжлэгч ДЖ ХХК нь ажлаа хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгсөн үйл баримт нэгэнт тогтоогдсон бөгөөд тэрээр хугацаа хэтрүүлсний алдангийг төлөх үүрэгтэй байсан байх боловч хариуцагч талаас уг үүргийг тухайн үедээ шаардаагүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэж заасан.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн харилцааны онцлог нь нэг талаас гэрээний бус харилцаанд хамаардаг атлаа гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа болдоггүй, нөгөө талаас гэрээний бус харилцаа боловч гэрээний харилцаанаас үүдэлтэй байх боломжтой байдаг.
Өөрөөр хэлбэл үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд эд хөрөнгө олдсон эсхүл хадгалагдсан байх, эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, эсхүл хадгалсан байх, эд хөрөнгө олсон, хадгалсан явдал хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх гэсэн урьдач нөхцөл бүрдсэн байхыг шаардах бөгөөд нэг тал үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон бол үүрэг гүйцэтгэсэн тал өөрийн үүргийн гүйцэтгэлийг буцаан шаардах нь хэлцлээсээ татгалзсаны буюу талуудын хоорондох үүргийн харилцаа дуусгавар болсны илэрхийлэл болдог байна.
Хуулийн дээрх заалт, ойлголтоос үзвэл зохигчдын хооронд үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн ямар нэгэн харилцаа үүсээгүй байх бөгөөд хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээний үүргийн хариуцлага буюу алдангитай холбогдож байх тул нэхэмжлэгч ДЖ ХХК-ийг гэрээний үнийн дүн болох 372,220,000 төгрөгийн 10% буюу 37,222,000 төгрөгийн алдангиар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм.
Тодруулбал хариуцагч ХХ , мэдээллийн технологийн газар нь дээрх алдангиа тухайн үедээ шаардаж аваагүй, шаардаж байсан эсэх талаар баримтгүй, нэхэмжлэгч ДЖ ХХК нь ажлын хөлсний үлдэгдлийг 2011 оноос эхлэн шаардаж байсан байхад энэ талаар 2014 онд мэдсэн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байх бөгөөд, тэрээр алданги тухайн үедээ шаардаж авах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний харилцааны хувьд хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нэгэнт дууссан, уг хугацаа тасалдсан талаарх баримтгүй, хариуцагчийн гаргасан 37,222,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч ХХ , мэдээллийн технологийн газар ТБАГУТҮГ-аас 82,864,983 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДЖ ХХК-нд олгосугай.
2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ДЖ ХХК-нд холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 37,222,000 төгрөг гаргуулах тухай ХХ , мэдээллийн технологийн газар ТБАГУТҮГ-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ДЖ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 572,275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХ , мэдээллийн технологийн газар ТБАГУТҮГ-ын сөрөг нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс 572,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДЖ ХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА