Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0766

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С овгийн Ж.А/РД: *********/,

 

Нэхэмжлэгч: Т овгийн Б.Б/РД: ********/,

 

Нэхэмжлэгч: Б овгийн М.Бэ/РД:************/,

 

Нэхэмжлэгч: Б овгийн О.Ш/РД: **************/,

 

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Гаалийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 23,444,169 төгрөгийг Ж.А, 30,964,595 төгрөгийгБ.Б, 27,262,197 төгрөгийг гаргуулж М.Б, 21,223,700 төгрөгийг О.Ш олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах,

2. Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалын Ж.А, Б.Б, М.Б, О.Ш нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

3. Мөн нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 17,975,958 төгрөг/Ж.А/, 23,742,290 төгрөг/ББ.Б/, 20,903,454 төгрөг/М.Б/, 16,273,400 төгрөг/О.Ш/--ийг хариуцагчаас гаргуулах,

4. Нэхэмжлэгч Ж.А намайг урьд эрхэлж байсан Улс хоорондын шуудан илгээмжийн газарт гаалийн улсын байцаагчийн, Б.Б намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, М.Б намайг урьд эрхэлж байсан Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, О.Ш намайг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалд тус тус эргүүлэн томилуулах,

5. Нэхэмжлэгч Ж.А, Б.Б, М.Б, О.Ш нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б, О.Ш болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа:

... Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тогтоолоор ..маргаан бүхий захиргааны актын үндэслэлд холбогдуулан авч үзвэл, зөрчилтэй гэж тогтоогоогүй "техникум"-ын дипломтой зарим нэхэмжлэгч нарын хувьд тэднийг гаалийн албанаас халсан хууль зүйн үндэслэл эргэлзээтэй, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн зарим диплом нь тэдний хувийн хэрэгт байгаагүй шалтгаан юу болох, нэхэмжлэгч нарын ажилд орохдоо бүрдүүлж өгсөн гэх боловсролын диплом, өгөөгүй өөрт байсан гэх диплом-д холбогдуулан тэдний ямар боловсрол эзэмшсэн, анх тухайн ажил, албан тушаалд анх томилогдоход "боловсролын-ын хувьд ямар шаардлага тавигдсан, үүнтэй холбоотой бүрдүүлж өгсөн баримт сэлт нь шаардлага хангасан байсан зэргийг тодруулах нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой..." хэмээн дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх-ээр заасныг хэрэглэж, Галийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаартай тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч нь шинээр захиргааны акт гаргахдаа Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тогтоолд заасан ажиллагааг хийлгүйгээр 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б/310 дугаар тушаалаар "Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг болон нэр бүхий их, дээд сургуулиуд, холбогдох архивын лавлагаагаар нотлогдож байгаа тул хавсралтад нэр дурдагдсан гаалийн ажилтнуудыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халсугай" хэмээн гаалийн улсын байцаагчийн ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна.

Улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс хойш 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нэг ч удаа нэхэмжлэгч нараас боловсролын бичиг баримтын талаар тайлбар тодруулга аваагүй, хуульд заасны дагуу сонсгох ажиллагааг явуулаагүй нь дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийгээгүйг илтгэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М миний бие 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Гаалийн ерөнхий газар орж нэхэмжлэгч нартай холбоотой шинээр захиргааны акт гарсан эсэхийг тодруулахад маргаан бүхий Б/310 дугаар тушаалыг танилцуулаагүй, гардуулж өгөөгүй болно.

Хариуцагчийн гаргасан Б/310 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлтэй танилцахад тухайн тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Мэргэжлийн хяналтын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 тоот албан бичгийг үндэслэн ажил, албан тушаалаас халсан нь үндэслэлгүй бөгөөд дээрх албан бичгийг дагалдах лавлагаа, дипломуудыг хуурамч болохыг эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон зүйл байхгүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б/310 дугаартай тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.", 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ" гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь өөрсдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Мөн хуулийн 93.2-д "Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно " гэж заасан байх бөгөөд заавал маргаан бүхий захиргааны актыг гаргасан байгууллагад урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах үүргийг хүлээлгүй тул шууд шүүхэд хандаж болно.

Түүнчлэн Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно" гэж заасан байх тул хуульд заасны дагуу зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулахаар хандаж байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар "Гаалийн албанаас халах тухай" тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч нарын урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Гаалийн улсын байцаагчийн ажилд эргүүлэн томилж, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны олговор /цалин/-г хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Маас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б, О.Ш нарын хувьд 5 нэхэмжлэлийн шаардлагатай байгаа. Нэхэмжлэгч Б.Бийн хувьд Гаалийн ерөнхий газар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 тушаалаар тус газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн Б/310 тушаалыг хүчингүй болгосон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 30,964,595 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах,

Хоёрдугаар шаардлагын тухайд Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 тушаалыг өөрт ногдох хэсгийг хүчингүй болгох,

Гуравдугаар шаардлагын тухайд нэхэмжлэгч Б.Б миний бие ажиллаж байсан хугацааны нөхөн олговор цалинг нэхэмжлэлийн шаардлага тодруулж өгөх өдрийн байдлаар буюу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 282 хоногийн цалин хөлс болох 23,742,290 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дах гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргаж байна.

О.Шийн хувьд 5 нэхэмжлэлийн шаардлагатай. Тодруулаад хэлэхэд Б/610 тушаал хүчингүй болсонтой холбогдуулан Б/310 тушаал гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 373 хоног болох 21,233,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Б/310 тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах. О.Ш нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах өдрийн байдлаар 286 хоног ажилгүй байсан цалин хөлс болох 16,273,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Бичиг дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн албан тушаалтанд эгүүлэн томилуулах, энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасан. Энэ шаардлагаа О.Ш, Б.Б нарын хувьд дэмжиж байгаа.

Гаалийн ерөнхий газрын дарга 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/620 тушаал гаргаад нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнийг эс зөвшөөрөөд нэхэмжлэл гаргаад хяналтын шатны шүүх 3 сарын хугацаатай түдгэлзүүлээд энэ хугацаад шинэ акт гаргаагүй бол тус актыг хүчингүй болохоор шийдвэрлэсэн. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий акт гарсан. Тушаалын эхний заалтаар боловсролын хуурамч бичиг ашиглаж гаалийн улсын байцаагч томилогдсон нь мэргэжлийн хяналтын албан бичиг болон нэр бүхий их дээд сургууль холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халсугай. Хоёр дах заалтаар даалгаад, дөрөвдөх заалтаар Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/320 тушаалын хавсралтад заасан М.Б, Ж.А, Н.Л*******, Б.Б, П.Г*******, П.С*******, О.Ш нарт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэж тушаал гарсан. Б/620 тушаал хүчингүй болоод 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нарыг ажлаа хийж байсан гэж үзэхээр байна. 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн байдаг. Ингээд харах юм бол энэ хүмүүс 373 хоногийн цалин хөлс авах үндэслэлтэй байна. Учир нь Б/310 тушаалыг хүчингүй болгосон. 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хангагдах бүрэн боломжтой гэж харж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд захиргааны актын талаар тодорхой заагаад өгсөн. Боловсролын хуурамч бичиг ашиглаад гаалийн улсын байцаагч болсон гэдэг. Нэхэмжлэгч нарын хувьд боловсролын хуурамч бичиг баримт ашиглаад гаалийн албанд томилогдсон зүйл байхгүй.

Б.Бийн хувьд 1993 онд гаалийн албанд ажилд орсон. 2011 он хүртэл ажиллаж байгаад 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаалийн улсын байцаагч болсон.

О.Шийн хувьд 1995 онд гаалийн албанд орсон байдаг. Маллагч үйлчлүүлэгч албан тушаалд томилогдсон. 1999 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 437 дугаар тушаалаар гаалийн улсын байцаагч болсон. 1996 оны Гаалийн тухай хуулиар шалгагч гэж хэн бэ? гэдгийг хуульчилж зааж өгсөн. 1996 оны О.Шийг гаалийн улсын байцаагч болж байхад дээд боловсрол шаардахгүй байсан. Тушаалд дурдагдаад байгаа хуурамчаар үйлдсэн нөхцөл байдал тогтоогдох боломжгүй. Яагаад гэвэл дээд боловсрол шаарддаггүй байсан. Энэ хүн 1999 онд гаалийн улсын байцаагч болсон. Тухайн үед хуульд нийцүүлэн улсын байцаагч болсон. Б.Бийн хувьд Үндэсний их сургуулийг 2002 онд төгссөн. Үүнтэй холбоотой лавлагаа мэдээллийг тодруулахад төгсөөгүй гэж ирдэг ч шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01514 шийдвэрээр энэ хүнийг суралцаж байсан талаар тогтоосон. Өөрөөр хэлбэл энэ хүнийг тус сургуулийг төгссөн гэж үзэх юм.

Захиргааны ерөнхий хуульд захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр үндэслэл бүхий зарчимд энэ акт нийцээгүй гэж байна. Эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдийн оролцоог хангах зарчимд нийцэж чадаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлын хууль зүйн үндэслэлийг заагаад хуульчилж өгсөн. Хууль зүйн үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг барьсан байдаг. 37 дугаар зүйлд 18 заалт бүхий ерөнхий үүрэг байгаа. 18 заалтын алийг зөрчиж байгаа талаар тодорхой заагаагүй. Зүгээр л гаалийн албанаас чөлөөлсөн. Захиргааны байгууллага ийм шийдвэр гаргаж болохгүй гээд хуульчилж байхад хуулийг зөрчөөд гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Цаашлаад Үндсэн хуульд заасан бусдын эрхийг зөрчиж байна. Энэ акт хууль зүйн хувьд хуульд нийцээгүй акт байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч О.Шийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 12 дугаар сарын 28-ны өдрийн албан тоотод төгсөөгүй гэх, үүнтэй холбоотой баримт байхгүй. Зүгээр мэдээлэл байхгүй гэдэг асуудал хэлэхэд ажлаас халах үндэслэл болохгүй. Ямар үндэслэлээр ажлаас халж байгаа талаар ойлгомжгүй байна. Мөн хуурамч анкет оруулсан гэж гаалийн улсын байцаагчийг ажлаас нь халсан уу гэдэг асуудал мөн адил байна. 1999 онд гаалийн улсын байцаагчаар томилоход дээд боловсрол шаардахгүй байсан. Хуулиас дээгүүр үндэслэлээр ажлаас халах үндэслэлгүй. Иймд О.Шийг буцааж ажилд нь авах үндэслэлтэй. Төрийн албаны тухай хуульд төрийн албанд нийцсэн тогтвортой байна гэсэн зарчим байдаг. Нэхэмжлэгч нарын тухайд мэргэшсэн байна. 1993, 1996 онуудад гаалийн байгууллагад орсон. Улсад 25 жил ажиллаж байна. Мэргэшсэн албан хаагчийг дээд боловсрол шаардахгүй байхад дээд боловсролын үндэслэлээр халж байгаа хууль бус байна.

Б.Бийн тухайд 2011 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон. Нотлох баримтын харахад Б.Бийн хувьд хуурамч дипломтой талаар онцгой анхаарал хандуулах ёстой. Монголын Үндэсний их сургуулийн эдийн засгийн анги болон эрх зүйн анги гээд эхэлж байгаа. Эдийн засгийн анги өөрөө 379 төгсөлтөөр төсгөөд эрх зүйн анги 581-ээр эхэлж байгаа. Диплом олгоход тухайн жил тасалдахгүй яваад дуусдаг. Б.Бийн хувьд 580 гэсэн диплом байгаа. Гэтэл 579-ээр эдийн засгийн анги эхлээд эдийн засгийн ангийн хамгийн сүүлийн оюутан болох Б.Бийн диплом байхгүй. 581 гээд эрх зүйн ангиар эхэлсэн. Энэ дугаартай диплом өөр хүнд олгогдсон байна гэсэн. Гэтэл албан бичгийн 1, 3 дахь хэсгээр тийм дугаартай диплом олгогдоогүй байна гэж Үндэсний их сургууль бичсэн. Тухайн жилийн тушаалын хуулбар хэрэгт авагдсан байгаа учраас хуурамч биш байна гэж харагдана. 2008 онд нэгдсэн байдлаар архивлаад үндэсний архив луу шилжүүлсэн. 2002 онд байгаагүй хүмүүсийн мэдээллийг архивд шилжүүлэхдээ 581 гэдгийг хаясан гэж бид нар хувьдаа харж байгаа. Өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөх эрх зөрчигдөөд байна. Ажилгүй, орлогогүй байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хариуцагч байгууллага зөрчиж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01516 дугаартай шийдвэрээр 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл суралцаж байсныг зааж өгсөн. Шийдвэрийн үндэслэл хэсэгт тодорхой мэдүүлсэн. Мөн сурч байсан гэж мэдүүлсэн байдаг. 2002 оны 05 дугаар сарын 10-нд сургуулиа төгсөөд 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл дипломын дугаар байгаа учир гээд шүүхэд тайлбарлаад ингээд төгссөн гэдэг үйл баримт энэ нөхцөлөөс харагдана гэдэг байдлаар итгэл үнэмшил аваад иргэний шүүхийн шийдвэр гарч ирсэн. Маргаан бүхий тушаалтай холбоотой 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халсан. Тушаалын 4 дэх заалтад өмнө ажлаас халсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 тушаалын О.Ш холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Б/620 тушаал хүчинтэй байсан бол маргаад явах байсан. 4243 дугаартай албан бичиг нь баасан гарагийн албан бичиг юм. 12 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг нь даваа гарагийн тушаал байгаа. Ямар ч сонсох, мэдэгдэх ажиллагаа хийхгүйгээр тушаал гаргасан. Ийм зүйлийг ярих боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн.

Хуульд заасны дагуу явах ёстой, хуулийг давсан асуудал байх ёсгүй. Сахилгын зөрчлийн талаар ямар учраас ярихгүй байгаа вэ гэдэг асуудал байна. Б/620 дугаар тушаал сахилгын шийтгэл оногдуулж гаалийн албанаас халсан тушаал юм. Сахилгын зөрчил илэрснээс хойш 6 сарын дотор хариуцлага тооцох гэж заасан. Энэ зөрчлийн тухайд хуульд заасан хугацаа дууссан учир боломжгүй гэсэн. Энэ хугацаа сунгаад ороод ирснээс биш дахиад сунгах боломжгүй. Үүнээс зайлсхийхийн тулд хариуцагч тал Төрийн албаны тухай хуулийн 37 дах заалтыг зөрчсөн гэж тайлбарлан ажлаас халсан.

Хариуцагч нар энэ хүмүүсийг ажлаас яаж халах уу? гэж бодсон. Тэрнээс биш хуульд нийцэж байна уу? гэж хараагүй. Хариуцагчаас дээд шүүхийн үүдэнд уулзсан мөн төгссөн зүйлээ нотлох юм бол авна гэж хэлж байсан. Эдгээр хүмүүс үнэхээр мухардаад байна. Сургууль дээрээ очихоор таны диплом байхгүй байна гээд хаалга хаадаг. Хаашаа ч хандах боломжгүй шүүхээр явж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой. Бичгээр гаргах захиргааны актыг зөрчиж байна. Бодит нөхцөл байдалд нийцсэн байх ёстой. Зорилго нь шалгасан асуудал хуульд нийцэж байна уу? гэдэг асуудал болохоос биш шууд ажлаас халах ёсгүй. Бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстой. Сахилгын шийтгэл оногдуулж сануулах юм уу арга хэмжээ аваагүй. 2009 онд хуурамч дипломын асуудал гараагүй мөртлөө 2018 онд асуудал үүссэн. Дээд боловсрол эзэмшүүлэх боломжийг хангаад хэрвээ эзэмшээгүй бол ажлаас хална харин эзэмшээд ирэх юм бол ажиллуулна гэдэг зарчмаар явж байсан. Ийм учраас маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэл нар нь Гаалийн байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байсан хүмүүс бөгөөд эдгээр хүмүүсийн их дээд боловсрол, бакалавр болон түүнээс дээших боловсролын бичиг баримтыг Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Эрүүл мэнд боловсрол, Соёлын хяналтын газар нь гүйцэтгэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2018 онд нягтлан шалгасан байна.

Нэхэмжлэл нар болон бусад хүмүүстэй холбоотой боловсролын бичиг баримт хуурамч, зарим нь хүчингүй, их дээд сургууль төгссөн эсэх нь нотлогдохгүй, эсхүл тухайн боловсролын диплом нь нэхэмжлэл гаргасан эдгээр хүмүүст олгогдоогүй харин өөр бусад хүмүүст хууль ёсоор олгогдсон гэх зэргээр хүн тус бүрээр хийсэн шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, Боловсpoл, Соёлын хяналтын газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаартай албан тоот, хавсралтын хамт Гаалийн ерөнхий газар болон Монгол Улсын Сангийн сайдад 2018 оны 12 дугаар сард ирсэн болно.

Дээрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 06/4243 дугаартай албан тоотод тус шүүхэд нэхэмжлэл гаргасан хүмүүсийн боловсролын бичиг баримтын зөрчлийг тодорхой дурдсан байх тул энэ албан бичигт үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 тоот тушаал гаргаж, гаалийн албанаас халсан болно.

Дээрх Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар Ж.А нарын нэр бүхий нэхэмжлэгчид Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд өмнө нь хандсанаар:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.21-ний өдрийн 128/ШШ2019/0710 дугаартай шийдвэр,

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.1- ний өдрийн 601 дугаартай магадлал,

3. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.03.04-ний өдрийн 96 дугаартай тогтоолууд гарч хүчин төгөлдөр болсон.

Улсын Дээд шүүхийн 96 дугаартай тогтоолын ТОГТООХ хэсгийн 1-т хариуцагчаас дахин шинэ акт гаргах нөхцөл бүрдсэн тул холбогдох хуулийн зүйл заалт, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаартай албан тоот, нэхэмжлэгч нарын суралцаж төгссөн гэх их дээд сургуулиудаас ирсэн албан тоот, уг албан тоотууд өмнөх хэргийн нотлох баримтад авагдсан/, архивын лавлагаа зэрэгт үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч нарыг Гаалийн албанаас халсан болно.

Эдгээр нэхэмжлэгч нар их дээд сургуулийг суралцаж төгссөн эсэх болон боловсролын бичиг баримт нь хууль ёсных гэдэг нь одоогоороо тогтоогдоогүй, эсхүл боловсролын бичиг баримт нь хуурамч биш гэсэн нөхцөл байдал өнөөг хүртэл баталгаажаагүй бөгөөд хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд шалгалт хийсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 албан тоот хүчинтэй байгаа энэ цаг үед нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Гаалийн улсын байцаагч нь төрийн жинхэнэ албан хаагч юм. Тодорхой эрх хүлээсэн төрийн өмнө үүрэг хүлээдэг. Тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн боловсролыг үндэслэж дэвших, цаашаагаа албан тушаал дэвших асуудал яригддаг. Гэтэл тухайн эрх үүрэг хүлээсэн албан хаагч төрийн байгууллагад анх орохдоо боловсролын хуурамч бичиг баримт ашигласан. Тухайн үедээ боловсрол шаарддаггүй байсан. Тийм ч учраас үргэлжлээд суралцах боломжтой байсан. Энэ хүмүүс заавал хуурамч баримт бичиг ашиглан төрийн албанд орох боломж байгаагүй. Гэтэл өөрсдөө ийм үйлдэл гаргасан. 2009 оны шалгалтаар илрээгүй гэж байна. Гэтэл мэргэжлийн байгууллага шалгаад тус албан бичгийг гаалийн байгууллага үндэслэж байгаа. Хөдөлмөрлөх эрхийг зөрчөөд боловсролын сургууль төгссөн байхад төгсөөгүй гээд эрхийг зөрчсөн гэж байгаа боловч чиг албан бичгийг ирүүлсэн байгууллага нь Мэргэжлийн хяналтын байгууллага юм. Мэргэжлийн хяналтын байгууллага нь чиг үүрэгт нь шалгаад гаалийн байгууллагад ирүүлснийг гаалийн байгууллага үндэслэсэн. Энэ асуудлаар тус сургууль төгссөн гэдгийг улсын байцаагч тус албан бичгийг хуурамч юм гээд хандах боломж нээлттэй байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл тус бичиг хүчинтэй байна. Сонсох ажиллагаа тухайн нөхцөл байдлыг тогтоохын тулд оролцох боломжийг олгож байгаа. Гэтэл 2018 оноос 2021 оны хугацаанд миний диплом жинхэнэ гээд тогтоосон зүйл байхгүй. Гаалийн байгууллагыг манайх тогтоох ёстой гээд байна. Гэтэл манай чиг үүрэгт энэ асуудал байхгүй. 4243 дугаар бичигт дурдагдсан бичиг баримт жинхэнэ гэх юм бол гаалийн байгууллага буцаагаад авахад бэлэн гэтэл өдий болтол тогтоогдоогүй. Иймээс гаалийн байгууллагаас гаргасан захиргааны акт үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 064243 дугаар албан бичгээр гаалийн байгууллагад хуурамч диплом ашиглана гаалийн улсын байцаагч болсон нэр бүхий хүмүүсийн нэр ирсэн байдаг. Үүнд нэхэмжлэгч нар явж байгаа. Өнөөдрийг хүртэл тус сургуулийг төгссөн гэдгийг нотолж чадаагүй. Гаалийн байгууллагад тухайн сургуульд суралцаж байсан нотлох юм бол гаалийн байгууллагад буцаана томилж байгаа. Томилсон тохиолдол зөндөө байгаа. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б, О.Ш болон нэхэмжлэгч Ж.А, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа,

1. Гаалийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 23,444,169 төгрөгийг Ж.А, 30,964,595 төгрөгийгБ.Б, 27,262,197 төгрөгийг гаргуулж М.Б, 21,223,700 төгрөгийг О.Ш олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах,

2. Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалын Ж.А, Б.Б, М.Б, О.Ш нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

3. Мөн нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 17,975,958 төгрөг/Ж.А/, 23,742,290 төгрөг/ББ.Б/, 20,903,454 төгрөг/М.Б/, 16,273,400 төгрөг/О.Ш/--ийг хариуцагчаас гаргуулах,

4. Нэхэмжлэгч Ж.А намайг урьд эрхэлж байсан Улс хоорондын шуудан илгээмжийн газарт гаалийн улсын байцаагчийн, Б.Б намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, М.Б намайг урьд эрхэлж байсан Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, О.Ш намайг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалд тус тус эргүүлэн томилуулах,

5. Нэхэмжлэгч Ж.А, Б.Б, М.Б, О.Ш нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах гэж тус тус тодруулсан [1].

Нэхэмжлэгч Б.Бээс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, нэхэмжлэгч О.Шоос 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлээ дэмжиж байгаагаа тус тус бичгээр илэрхийлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хуралдааны нарын бичгийн даргаас нэхэмжлэгч М.Бтэй 88098915 дугаарын утсаар холбогдоход мөн нэхэмжлэлээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн[2].

Шүүх дээрх тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэв. Үүнд:

Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор ....Улс хоорондын шуудан илгээмжийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.А, Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Б, Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Б, Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан О.Ш нарыг Боловсролын хуурамч бичиг баримт ашиглан гаалийн албанд томилогдсон гэсэн үндэслэлээр гаалийн албанаас халж шийдвэрлэсэн Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд шинэ акт гаргаагүй бол Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Улмаар Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг болон нэр бүхий их, дээд сургуулиуд, холбогдох архивын лавлагаагаар нотлогдсон гэсэн үндэслэлээр нэр бүхий албан хаагчдыг гаалийн албанаас халж шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Ж.А, Б.Б, М.Б, О.Ш нар багтжээ[3].

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шийдвэрийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхийн тогтоолд дурьдсаны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийлгүйгээр агуулгын хувьд зөрчилтэй захиргааны акт гаргаж төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгогдсон баталгааг зөрчсөн гэх агуулгаар маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Гаалийн ажилтны боловсролын баримт бичгийг хянах чиг үүрэг гаалийн байгууллагад хуулиар олгогдоогүй, харин хянах чиг үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж хуурамч болохыг мэдэгдсэн, шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч Ж.А, Б.Б, М.Б, О.Ш нарын боловсролын баримт бичгийн зөрчил арилаагүй тул гаалийн албанаас халах тушаалын эрх зүйн зохицуулалтыг өөрчилж алдааг залруулсан нь хууль тогтоомжид нийцсэн гэх агуулгаар тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

- Б.Б нь анх Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 168 дугаар тоот тушаалаар Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар[4],

- М.Б нь Гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 495 тоот тушаалаар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар[5],

- О.Ш Гаалийн ерөнхий газрын даргын 1999 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 437 дугаар тушаалаар гаалийн улсын байцаагчийн эрх олгогдож, мөн өдрөөс Замын-үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар[6] тус тус томилогдон ажилласан тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэлд дурьдсан Б.Б, М.Б, О.Ш нарт олгогдсон дипломууд нь хуурамч эсэх асуудлыг эрх бүхий этгээдээр тогтоолгоогүй, уг дипломууд нэхэмжлэгч нарт олгогдоогүй болохыг нотлоогүй гэх агуулгаар тайлбарлан маргах боловч,

- Б.Б нь Монголын үндэсний дээд сургуулийг 2002 онд эдийн засагч мэргэжлээр D200207580-ийм дугаартай дипломтойгоор төгссөн гэж төрийн албан хаагчийн анкетдаа бичиж, уг дипломын хуулбарыг гаргаж өгсөн нь төрийн албан хаагчийн хувийн хэрэгт хадгалагдсан[7] байх боловч тус сургуулийн захирлын 1998-2002 оны төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг олгох тухай тушаалд Б.Бийн нэр байхгүй, тус сургуулиас шүүхэд ирүүлсэн 1/4987 тоот албан бичгийн хариунд Б******* овогтой Б*******тэй холбоотой ямар ч мэдээлэл байхгүй, манай сургуулийг төгсөөгүй нь үнэн болно[8] гэжээ.

Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01516 дугаартай шийдвэрээр Б.Бийг 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сурч байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байх боловч энэхүү шийдвэр нь түүнийг тус сургуульд сурч байсныг тогтоосон болохоос бус амжилттай суралцаж, төгссөн гэсэн утгыг илэрхийлэхгүй.

- М.Б олгогдсон гэх Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн гэсэн D******* тоот дипломын хуулбар нь түүний төрийн албан хаагчийн хувийн хэрэгт авагдсан байх ба М.Бэс анх гаалийн байгууллагад ажилд орохдоо гаргасан өргөдөл болон төрийн албан хаагчийн анкетад уг сургуулийг төгссөн гэж тус тус бичсэн нь[9] байх боловч тус сургуулийн 1999 оны төгсөгчдийн нэрсийн жагсаалтад М.Б*******ийн нэр байхгүй байна[10].

- О.Ш олгогдсон гэх Улсын багшийн их сургуулийг 1997 онд техник урлалын багш мэргэжлээр 18276/төгссөн гэх мэдээлэл байхгүй/ дугаартай дипломын хуулбар нь түүний төрийн албан хаагчийн хувийн хэрэгт авагдсан байх ба О.Шоос анх гаалийн байгууллагад ажилд орохдоо 1996 онд гаргасан өргөдөл болон төрийн албан хаагчийн анкетад уг сургуулийг төгссөн гэж тус тус бичсэн[11] байх боловч тэрээр мөн Улсын багшийн их сургуулийг 1997 онд техник урлалын багш мэргэжлээр 18276/төгссөн гэх мэдээлэл байхгүй/ дугаартай дипломтойгоор тус тус төгссөн болох нь хангалттай тогтоогдохгүй байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

1996 оны 07 дугаар сарын 01-ээс 2008 оны 07 дугаар сарын 01-ний хооронд хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн тухай хууль/1996 он/-ийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэн нь гаалийн улсын байцаагчаар ажиллаж болохоор заасан байсан бол 2008 оны 07 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Гаалийн тухай хуулийн 253.5-д Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол Улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байх шаардлагыг хангасан байхаар хуульчилж, Гаалийн ерөнхий газрын даргын 2004 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан Гаалийн улсын байцаагчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт-д гаалийн улсын байцаагчид тавигдах боловсролын шаардлагыг тодорхойлоогүй, харин 2008 оны 713, 2010 оны 200 дугаар тушаалуудаар гаалийн улсын байцаагч нь боловсролын хувьд дипломын дээд боловсролтой, бакалавр, магистр зэрэгтэй байхаар заажээ[12].

Ховд аймгийн Булган дахь Гаалийн газраас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гаалийн улсын байцаагч Б.Бийн ажил байдлын тодорхойлолтод түүнийг уг сургуулийг төгссөн гэж тодорхойлж байжээ.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нарыг анх гаалийн улсын байцаагчаар томилогдох үед дээд боловсролтой байх шаардлага тавигдаж байгаагүй байх байх боловч Б.Б нь Монголын үндэсний их сургуульд, М.Б нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд, О.Ш нь Монгол Улсын боловсролын их сургуульд тус тус суралцаж төгсөөгүй атлаа төгссөн мэтээр боловсролын баримт бичгийг бүрдүүлж ашигласан, улмаар энэ гаалийн байгууллагад ажилд орох, эрх бүхий албан тушаалтнаар тодорхойлуулах үндэслэлүүд болж байсан гэж үзэхээр байх тул маргаан бүхий Б/310 дугаар тушаал нь хариуцагч байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцэж гарсан, үндэслэлтэй шийдвэр болжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар гаалийн улсын байцаагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д зааснаар албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх үүрэг-тэй атал энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүй, өөрсдөө хууль бус үйлдэл гаргаж, өөртөө давуу байдал бий болгож байсан гэж үзэхээр байх тул маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон ... байх зарчимд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий акт нь хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, ерөнхий зохицуулалтуудыг хэрэглэсэн тул утга агуулгын хувьд алдаатай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй боловч хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй энэхүү алдаа нь хууль бус үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна. Учир нь:

Маргаан актын үндэслэлд дурьдсан Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон гэх үйл баримт нь 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан цаг хугацаанд хамаарч байхад хариуцагчаас маргаан бүхий Б/310 дугаар тушаалыг гаргахдаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг бүхэлд нь, 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалтыг баримталсан нь буруу байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар актад дурьдсан Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон гэх үйл баримт үгүйсгэгдсэнгүй.

Мөн нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс өмнө нь Улсын Дээд Шүүхийн 96 дугаар тогтоолоор Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/620 дугаар тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад хариуцагч нь шүүхийн тогтоолд дурьдсан ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий актыг өмнөхөөсөө агуулгын хувьд зөрүүгүй гаргасны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх агуулгаар тайлбарлан маргах боловч Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалаар Боловсролын хуурамч бичиг баримт ашиглан гаалийн албанд томилогдсон гэсэн үндэслэлээр гарсан бол Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг гаалийн албанаас халж шийдвэрлэсэн байх ба дээрх тушаалуудын үндэслэл болсон үйл баримт нэг боловч гаалийн албан хаагч болон гаалийн улсын байцаагч нь эрх зүйн байдлын хувьд ялгаатай бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч болох гаалийн улсын байцаагчийн хувьд хууль ёсны дагуу олгогдоогүй боловсролын баримт бичиг ашигласан зөрчлийг зөвтгөх аливаа нөхцөл байж болохгүй.

Харин дээрх тохиолдолд хариуцагч нь Төрийн албаны тухай хуул/2002/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-т Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: гэж заасны дагуу алба хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг хэрхэн зөрчсөнийг шалган тогтоох сахилгын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу явуулах, мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийг сонсох ажиллагаа явуулж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 24.2-т заасан ...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх... үүрэгтэй байх боловч хариуцагчаас маргаан бүхий Б/310 дугаар тушаалыг гаргахдаа энэ үүргээ хэрэгжүүлсэн талаарх аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Гэвч Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор ...Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд шинэ акт гаргаагүй бол Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэсний дагуу хариуцагчаас шинэ акт гаргах үүрэг хүлээсэн байхад нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь шинэ акт гаргахад шаардлагатай мэдээлэл баримт сэлтийг өөрсдийн санаачилгаар хүргүүлээгүй байх тул хариуцагчаас шинэ акт гаргахдаа тусгайлан мэдэгдэл хүргүүлж, тайлбар санал гаргуулахаар дуудаагүй нь хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгах хангалттай үндэслэл болохооргүй байна.

Хэдийгээр сонсох ажиллагааг явуулах нь хариуцагчийн үүрэг боловч энэ ажиллагааны зорилгыг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох гэж тодорхойлсон, мөн ... эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж эрхийг нь хангах, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох боломжийг захиргааны байгууллага, албан тушаалтнаар гүйцэтгүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон, уг тогтоолыг нэхэмжлэгч нар мэдсэн, гардаж авсан тохиолдолд дахин акт гаргахад шаардлагатай өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эергээр нөлөөлөхүйц тайлбар, саналыг гаргах замаар хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүйд дан ганц хариуцагчийг буруутгах нь өрөөсгөл болно.

Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагаа явуулах талаарх захиргааны байгууллагын үүрэг нь тайлбар, санал гаргах оролцогчийн эрхийг хязгаарлаагүй байхад нэхэмжлэгч талаас Улсын Дээд Шүүхийн тогтоолыг зөвхөн хариуцагч биелүүлэх үүрэгтэй мэтээр тайлбарлан маргаж байх тул мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэхгүй.

Дээрхээс үзвэл, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалын Б.Б, М.Б, О.Ш нарт холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор ...Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд шинэ акт гаргаагүй бол Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь хариуцагчаас өмнө гаргасан Б/620 тушаалыг хууль бус болохыг тогтоосон агуулгагүй, мөн маргаан бүхий Б/310 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ж.А нь анх 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 10/6273 тоот[13] лавлагаагаар тогтоогдож байх тул Ж.Агаас гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б*******, М.Б, О.Ш нарын Гаалийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 30,964,595 төгрөгийгБ.Б, 27,262,197 төгрөгийг гаргуулж М.Б, 21,223,700 төгрөгийг О.Ш олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалын Б.Б, М.Б, О.Ш нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 23,742,290 төгрөг/Б.Б/, 20,903,454 төгрөг/М.Б/, 16,273,400 төгрөг/О.Ш/-ийг хариуцагчаас гаргуулах, НБ.Б намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, М.Б намайг урьд эрхэлж байсан Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, О.Ш намайг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалд тус тус эргүүлэн томилуулах, Б.Б, М.Б, О.Ш нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д заасныг баримтлан Ж.Агаас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б, М.Б, О.Ш нараас тус бүр 23400 төгрөгийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Л.БАТБААТАР

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ