Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 338

 

Ц.И-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Батсайхан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

шүүгдэгч Ц.И-н өмгөөлөгч Ж.Яринпил,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-н гаргасан давж заалдах гомдлоор Ц.И-д холбогдох эрүүгийн 1905 00000 0958 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Ц-н И, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: .............../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 575 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;

Ц.И нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн гадна иргэн Ё.Э-г маргааны улмаас түлхэж подвалийн шат руу унагасны улмаас биед нь сээрний 11, 12-р нугалмын бүрэн няцрал, арын холбоосуудын урагдал, бага тархины аалзан хальс доорх цус харвалт, арын голтын цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.И-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Ц-н И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-д 3 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 212 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 26 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 26 хоногийн хугацаагаар тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.И-д оногдуулсан 3 жил 26 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.И-н 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 4 сар 21 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-с 7.630.600 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 119 дүгаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүх доорх нөхцөл байдлуудыг анхааран үзээгүйд гомдолтой байна.

Шүүгдэгч Ц.И-н буруутай үйлдлийн улмаас миний ах нас барсан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг хохирогчийн төлөөлөгчийн хувьд зөвшөөрөөгүй. Шүүхийн шинжилгээгээр миний талийгаач ах хүнд гэмтэл аваад шууд үхэлд хүрээгүй, элэг хатуурал өвчтэй байсан тул нас барсан гэж дүгнэсэн нь шууд бусаар үхэлд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэхээр байна. Дахин шүүхийн шинжилгээг хийлгэхэд заавал экскумаци хийх шаардлагатай гэсэн ойлголттой байгаа тул өндөр настай ээж, аавынхаа сэтгэлийг бодоод бидний зүгээс дахин шинжилгээ хийлгээгүй билээ.

Шүүгдэгчийн санаатай учруулсан хүнд гэмтлийн улмаас ах шууд нас бараагүй ч гэсэн түүний буруутай үйлдлийн улмаас ахад маань “сээрний 11, 12 дугаар нугалмын бүрэн хугарал мултрал, нугасны гэмтэл, хатуу хальс урагдал, нурууны булчин няцрал, арын холбоосуудын урагдал,  бага тархины аалзан хальс доорх цус харвалт, арын голтын цус хурал” бүхий гэмтэл учирсан нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байсан. Ийм гэмтэл аваагүй байсан бол миний ах гэмтэл авснаас хойш хоёр хоногийн дараа нас барахгүй байсныг анхааран үзнэ үү.

Шүүгдэгч Ц.И нь хүнд гэмтэл учруулсан атлаа юу ч болоогүй юм шиг орхиод яваад өгсөн. Энэ нь Ц.И-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Подваль руу унасан байх үед нэг залуу гарч ирээд энэ хүнээ авахгүй бол цагдаа дуудлаа гээд байсан... Би нөгөө залууд ариун цэврийн өрөө орчихоод ирье гэж хэлээд явсан. ...” гэх мэдүүлэг, гэрч Х.Жавхлантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... цохисон залуу нь наашаа явахаар нь би араас нь очоод “найзыгаа очиж ав, түргэн тусламж дуудаж өгөхгүй юм уу” гэсэн. Уг цохидог залуу “би ийшээ явчихаад ирье” гэсэн. ...” гэх мэдүүлэг зэрэг шүүгдэгчийн болон гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр батлагдаж байгаа юм.

Шүүгдэгч өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан бөгөөд оногдуулсан ялыг эдэлж дуусаагүй хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт торгох, хорих ял оногдуулж болох заалттай. Шүүх хорих ял оногдуулахдаа хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Мөн шүүгдэгч нь хохирол төлбөрийг барагдуулаагүй, энэ талаар одоог хүртэл ямар нэг санаачлага гаргахгүй байгаа болно. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-н өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.И-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөдсөн гэж үзэж байна. Хохирогч талаас хэрэв Ц.И нь тухайн үедээ эмнэлгийн тусламж үзүүлсэн бол ийм нөхцөлд хүрэхгүй байсан гэж үзэж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд гэмтэл учруулаагүй байсан бол талийгаач 2 хоногийн дотор нас барахгүй байсан гэж үзсэн. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.И-н өмгөөлөгч Ж.Яринпил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түлхэж унагасан уу, өөрөө инерциэр унасан уу гэдэг дээр маргаж байсан. Гэвч шүүгдэгч нь шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргаагүй. Ц.И-д 3 жилийн хорих ялыг оногдуулахаар прокурор санал гаргасныг шүүх хүлээж авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүх хуралдааны үед хохирол төлөгдөөгүй байсан. Учир нь, Ц.И-н гэм буруутай үйлдлээс болж хохирогч нас бараагүй гэж үзэж байсан тул хохирол төлөх санаачлага бага байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ц.И нь хохирогч Ё.Э-г түлхэн унагааж, нуруу, нугасны хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Амь хохирогчийн хүнд гэмтэл авсан нь 2 хоногийн дараа элэгний ээнэгшилд орж нас барсантай хамааралгүй гэж 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Тиймээс И-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх ямар нотлох баримтаар ял оногдуулж байгаа талаар шийтгэх тогтоолдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж, ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг зүйлчлэх боломжгүй. Мөн хохирогчийн ар гэрийнхэн экскумаци хийлгэхгүй гэсэн тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Анхан шатны шүүх Ц.И-н үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ц.И нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн гадна иргэн Ё.Э-г маргааны улмаас түлхэж, подвалийн шат руу унагасны улмаас сээрний 11, 12-р нугалмын бүрэн няцрал, арын холбоосуудын урагдал, бага тархины аалзан хальс доорх цус харвалт, арын голтын цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-н: “... Манай ах Ё.Э 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хагалгаанд орсон бөгөөд 13-ны шөнийн 03 цагийн орчим ээж над руу залгаад “эмнэлэг дээр ирсэн нь дээр байх” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү явж байтал аав залгаад ахыг нас барсан талаар хэлсэн. Ц.И гэх залуугийн үйлдэлд гомдолтой байна. ...” /хх 46-47/,

гэрч Ц.Т-н “...Би 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн В1 давхарт эмнэлгийн ариутгалын ажлаа хийгээд байж байсан юм. Ингээд эмнэлгийн мэс заслын багаж хэрэгслүүдийг ариутгахаар В1 давхар луу доошоо уруудаж ордог хананы /ойролцоогоор 3 метр орчим өндөр/ дээрээс 45 орчим насны эрэгтэй хүн унаад ирсэн. Тэгээд тухайн хүнийг яасан эсэх талаар асуухад ямар нэгэн үг дуугарахгүй байсан ба тухайн ханын дээрээс найз нь бололтой 40 орчим насны эрэгтэй, бор савтай пиво гартаа барьчихсан, согтуу бууж ирээд “Би найз нь байгаа юм, би найзыгаа санаандгүй цохичихсон чинь уначихлаа, хойно нь ийм өндөр шат байсныг мэдсэнгүй” гэж хэлэхээр нь “найзыгаа үүрээд дээшээ гаргаад, эмч дуудаад үзүүл” гэж хэлсэн. Тухайн унасан эрэгтэй нь “миний нуруу өвдөөд байна, босож чадахгүй байна” гэж хэлэхээр нь би 103-т дуудлага өгөөд, ажлаасаа эмч нар дуудаад анхны тусламж үзүүлээд байж байхад түргэн болон цагдаагийнхан ирээд тухайн хүнийг аваад явсан юм. Энэ үед найз гэх эрэгтэй нь явсан байсан. ... Манай байгууллагын жижүүр Жавхаа болсон асуудлыг харсан. ...” /хх 48-49/,

гэрч Х.Ж-н “... 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би Ахмадын эмнэлэгт ажлаа хийгээд хаалганы бариул эвдэрснийг засчихаад нэг давхарт бууж ирчихээд тамхи татах гээд гарахад эмнэлгийн үүдэнд байх түшлэгтэй сандал дээр 170 см орчим өндөртэй, нэг нь бордуу царайтай, бараан өмдтэй залуу бас шардуу царайтай, зуйвандуу царайтай, бараан хувцастай, таавчиктай хоёр залуу сууж байсан. Би тамхи татдаг цэг дээр тамхиа асаах гээд байж байхад уг хоёр залуу сандлаасаа босоод хоорондоо маргалдаад заамдалцаад барьцалдаад авсан. Би “хөөе” гээд очиж явахад уг хоёр залуугийн арай туранхай шардуу царайтай, таавчиктай байсан залуу нь нөгөө бордуу царайтай залуугаа алгадахад уг бордуу царайтай залуу нь бараг гурван метр орчим өндөртэй, подваль руу уруудаж ордог шаттай хэсэг рүү уначихсан. Тэгээд цохисон залуу нь цаашаа явахаар нь би араас нь очоод “найзыгаа очиж ав, түргэн тусламж дуудахгүй юм уу” гэсэн. Тэгээд уг цохидог залуу “би явчихаад ирье” гэсэн би “тийм юм байхгүй, хүн цохиж унагаачихаад яагаад явах гээд байгаа юм бэ” гээд дагуулаад унасан залуу руу очиход цээжээрээ хагас дээшээ харчихсан, хөл нь тахимаараа нугаларсан байсан. ... Цохисон залуу нь 2.5 литрийн хуванцар савтай пиво гартаа барьсан байсан ба “би өндөр юм байсан гэдгийг мэдсэнгүй” гэсэн. Тэгээд бие засчихаад ирье гэхээр нь би “тийм юм байхгүй, манай нойлын өрөөнд ороод бие засчих” гэсэн чинь бие засахаа больчихсон. Би ажлынхаа Тогосоо эгчийг 103 дуудчих гээд дуудуулсан. Тэгэх хооронд нөгөө цохисон залуу зугтаагаад явчихсан. ...” /хх 51-52/,

гэрч Б.Б-н “... Намайг өглөө 10 цагийн үед гэртээ очиход хуучин нөхөр Ц.И нь өөрийн найз Э-н хамт архи уусан байдалтай байсан. ... Ц.И хувцасаа өмсөөд гарах гэж байхаар нь би дөрвөн давхараас дээшээ таван давхарт гарч зогсоод И-г доошоо буухаар нь би буцаж гэр лүүгээ орсон. Э ганцаараа гэрт байхаар нь “та хоёр архиа боль оо, би одоо хүүхдүүдээ гэртээ авчрах гэж байна” гээд Э-г гэрээсээ гаргасан. ...” /хх 53-54/,

шинжээч Б.Ариунзулын “... Талийгаачийн нуруу нугалмын гэмтэл нь нурууны хэсгээр унах үед багана нуруу дарагдах, шахагдах үед үүснэ. Талийгаач дээрх гэмтлүүдийг аваагүй тохиолдолд элэг хатуурал ээнэгшил алдагдлын улмаас нас барах байсан. талийгаач нь дээрх гэмтлүүдийг авсан нь ээнэгшил алдагдал нь гүнзгийрсэн. ...” /хх 61/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаачид сээрний 11, 12 дугаар нугалмын бүрэн хугарал мултрал, нугасны гэмтэл, хатуу хальс урагдал, нурууны булчин няцрал, арын холбоосуудын урагдал, бага тархины аалзан хальс доорх цус харвалт, арын голтын цус хурал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, унах үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач дээрх гэмтлийн улмаас үхэлд хүрээгүй байна. Талийгаач нь элэг хатуурах өвчтэй, уг өвчин ээнэгшил алдагдлын шатандаа орж элэгний дутагдлаар нас баржээ. ...” /хх 63-65/ гэсэн 1998 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн “... Талийгаач сээрний 11, 12 дугаар нугалмын бүрэн хугарал мултрал, нугасны гэмтэл, хатуу хальс урагдал, нурууны булчин няцрал, арын холбоосуудын урагдал, бага тархины аалзан хальс дорхи цус харвалт, арын голтын цус хуралт гэмтэл авсан нь талийгаачийн элэг хатуурах өвчин ээнэгшил алдагдлын шатанд орон нас барахад шууд нөлөөлөөгүй, харин талийгаач ГССҮТ-д хүргэгдэн ирэхдээ согтолттой байсан нь элэгний хатуурлын ээнэгшил алдагдал гүнзгийрэхэд нөлөөлсөн байх боломжтой. Талийгаачийн гэмтэл, элэг хатуурал ээнэгшил алдагдал шалтгаант холбоогүй. Талийгаач хүнд зэргийн гэмтэл авч цус алдсан нь элэг хатуурал ээнэгшил алдагдал үүсэхэд нөлөөлөөгүй. Талийгаач дээрх гэмтлийг аваад шууд үхэлд хүрээгүй бөгөөд элэгний хатуурал өвчин үгүй байсан тохиолдолд гэмтлийн явц тавилан эмчилгээ эдгэрэлтээс хамаарах байсан ба доод мөч, аарцгийн эрхтэнүүдийн саажил үүсэх тул үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй байх байсан. ...” /хх 77-78/ гэсэн 1348 дугаартай дүгнэлт,

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл “... Гэрч Ц.Т-г өрөөнд оруулж “2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ё.Э-г түлхэж унагаасан гэх хүн эдгээр хүмүүс дотор байгаа эсэхийг зааж өгнө үү” гэж асуухад тэрээр таниулж буй хүмүүс рүү харж байснаа 4 гэсэн дугаартай Ц.И-г “энэ хүн мөн байна” гэж заав. ...” /хх 27-31/,

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл “... Гэрч Х.Ж нь таниулж буй хүмүүс рүү харж байснаа 3 гэсэн дугаартай Ц.И-г зааж “энэ хүн мөн байна ... энэ ахын гадаад төрх, царайг нь хараад шууд таньж байна” гэв. ...” /хх 32-36/ гэснээр болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 37-43/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-23/, өвчний түүхийн хуулбар /хх 113-124/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул Ц.И-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна.

Прокуророос Ц.И-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Ц.И-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс Ц.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүний өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 212 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 26 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 26 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-н “... Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, ... И-н буруутай үйлдлийн улмаас ахын маань амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан. Уг гэмтлийг аваагүй байсан бол хоёр хоногийн дараа нас барахгүй байсан ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.И, амь хохирогч Ё.Э нар нь Ц.И-н гэрт 2 хоног архидан согтуурч, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ц.И-н гэрээс гараад Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Ц.И нь хохирогч Ё.Э-тай муудалцаж, түүнийг түлхсэний улмаас подвалийн шат руу унасан.

Хохирогч Ё.Э нь тэр даруй эмнэлгийн анхан шатны тусламж авч, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмчлэгдэн, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цаг 50 минутад сээрний 11, 12 нугалмын тогтворгүй бяцарсан хугарал, мултралыг засаж тогтвортой байдал үүсгэж бэхлэх яаралтай мэс засалд орсон ба мэс заслын явцад болон дараа нь хүндрэл гараагүй, биеийн байдал хэвийн байсан боловч 9 дүгээр сарын 13-ны шөнө 03 цаг 20 минутын орчим нас барсан үйл баримт тогтоогдож байна. 

Хэрэгт шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаачид сээрний 11, 12 дугаар нугалмын бүрэн хугарал мултрал, нугасны гэмтэл, хатуу хальс урагдал, нурууны булчин няцрал, арын холбоосуудын урагдал, бага тархины аалзан хальс доорх цус харвалт, арын голтын цус хурал гэмтэл үүсчээ. Талийгаач дээрх гэмтлийн улмаас үхэлд хүрээгүй байна. Талийгаач нь элэг хатуурах өвчтэй, уг өвчин ээнэгшил алдагдлын шатандаа орж элэгний дутагдлаар нас баржээ. ...” /хх 63-65/ гэсэн, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн “... Талийгаачийн гэмтэл, элэг хатуурал ээнэгшил алдагдал шалтгаант холбоогүй. ...” /хх 77-78/ гэсэн дүгнэлтүүд авагдсан байх бөгөөд хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд, шүүгдэгч Ц.И-н хохирогчийн биед учруулсан сээрний 11, 12 дугаар нугалмын бүрэн хугарал мултрал, нугасны гэмтэл, хатуу хальс урагдал, нурууны булчин няцрал, арын холбоосуудын урагдал, бага тархины аалзан хальс дорхи цус харвалт, арын голтын цус хуралт гэмтлийн улмаас талийгаачийн элэг хатуурах өвчин ээнэгшил алдагдлын шатандаа орсон гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, амь хохирогч нь элэг хатуурах өвчтэй, уг өвчин ээнэгшил алдагдлын шатандаа орж, элэгний дутагдалд орж нас барсан нь шүүгдэгч Ц.И-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй гэж дүгнэлээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.И-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор буюу 3 жилийн хугацаагаар хорих оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад шүүгдэгч гэмт хэргийн улмаас оршуулгын зардалд болон гэм хорын хохиролд 7.630.600 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.М-д төлсөн болохыг магадлалд дурдаж байна.

Харин Ц.И нь урьд 4 удаа ял шийтгүүлсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт түүнийг урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан мэтээр дутуу бичсэнийг цаашид анхаарвал зохино.