Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/01214

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б E C

 

Нэхэмжлэгч: Ц ХХК

 

Хариуцагч: Г Л

Хариуцагч: Б М

 

Хариуцагч: Б Б

 

2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Ч ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, Ч ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ч ХХК-ийн эрх болон 100 хувийн хувьцаа, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45а хаягт байршилтай, нэгж талбарын 1331704678 дугаартай, 4436м2 талбай бүхий газрын, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45б хаягт байршилтай, нэгж талбарын 1331704679 дугаартай, 7888м2 талбай бүхий газрын, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45в хаягт байршилтай, нэгж талбарын 1331704680 дугаартай, 2448м2 талбай бүхий газрын эзэмших эрх, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо Улиастай 3а хэсэг 45 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017897 дугаарт бүртгэлтэй, хувийн орон сууцны зориулалттай 58.4 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Г.Т, М.Б

хариуцагч нарын төлөөлөгч Б.Ц

хариуцагч нарын өмгөөлөгч Б.О

нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн үүсгэн байгуулсан Ц ХХК-ийн өмчлөлийн зүйл болох Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, 2765098 тоот регистрийн дугаартай Ч ХХК-ийн нийт хувьцааг Таван зуун сая төгрөгөөр үнэлж хариуцагч Гаравын Лд худалдахаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ гэх гэрээнүүдийг байгуулж, Чингэлтэй дүүргийн 187 дугаартай нотариатч У.Өнөрцэцэгээр гэрчлүүлсэн болно. Уг гэрээнүүдийг байгуулахаас өмнө хариуцагчтай бизнесийн харилцаатай байсан бөгөөд түүнд удаа дараа зээлээр мөнгө өгч авлага үүсээд байсан ба Ч ХХК-аа худалдах тухай ярихад хариуцагч нь мөнгийг нь даруй төлөх нөхцөлтэйгөөр зээлээр худалдан авахаар заримдаа гуйж, заримдаа дарамталж шахсаар байгаад энэ гэрээнүүдийг хийж, мөн Ц ХХК-ийн нэрийн өмнөөс улсын бүртгэлд хандсан албан тоот зэрэг шаардагдах бичиг баримтыг хийлгэж аваад, Өөрийн нэр дээр шилжүүлмэгцээ Ч ХХК-н эзэмшлийн зүйл болох БЗД-н нутаг дэвсгэрт Улиастайд орших 14800 м2 газрыг дээр нь орших объектын хамт банкны барьцаанд тавьж, 500,000 төгрөгийг зээлдэн аваад, тэр дариу компани худалдаж авсан мөнгө болох Таван зуун сая төгрөгөө төлнө гэж хэлж итгэл төрүүлэн хуурч мэхлэн гэрээнүүдийг байгуулаад тэр үеэс хойш зугтааж булзаж алга болох болсон юм. Ингээд араас нь хөөцөлдсөөр улмаар өмгөөлөгч авч, 2017 оны нэгдүгээр сард цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хуулийн 148.2 зүйлд заасан хэрэг үүсгэн шалгаж байгаад Чингэлтэй дүүрэгт шилжүүлэн шалгаж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 520 дугаартай, "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарч хэргийг хаасан тул одоо иргэний журмаар гэрээнүүдийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. Прокурорын тогтоолд: Г.Лийн хохирогч E Chimood-c Ч ХХК-н эрхийг эзэмшлийн зүйл болох газар объектынх нь хамт 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулах замаар мэхлэн шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч яллагдагчаар татах боломжгүй болсон... үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон хэрэг бүртгэлтийн 201725010158 дугаартай хэргийг ЭХХШТХ-н 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасугай, хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай... гэж тогтоосон болно. Иймд дээр дурьдсан гэрээнүүдийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасанчлан хууран мэхлэх замаар хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахаар шаардаж байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, шилжүүлэн өгсөн компанийн хувьцааг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг газар үл хөдлөх хөрөнгийн хамт буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулахаар шаардаж байна. Нэгдүгээрт: Хариуцагч Г.Лтэй 2014 оны 01 сарын 17-ны өдөр хийсэн нэхэмжлэгчийн өмчлөлийн, 2765098 регистртэй ЧХХК-н эрхийг шилжүүлэх тухай Компанийн эрх шилжүүлэх гэрээ" -г хүчин төгөлдөр бусад тооцуулах; Хоёрдугаарт: Хариуцагч Г.Лтэй 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн, мөн ЧХХК-н хувьцааг шилжүүлэх тухай Хувьцаа худалдах,худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Гуравдугаарт: Хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулж Ч ХХК-н эрхийг болон 100 хувь хувьцааг болон түүний эзэмшлийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007.12.25-ны өдрийн 420 тоот захирамжаар олгогдсон, Баянзүрх дүүргийн 10-р хороонд Улиастайн 345-16 хаягт байрлах, 3037Ю111 нэгж талбарын дугаартай, 0148552 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, 14800 м2 талбайтай газрыг, мөн энэ газар дээр байрлах, Баянзүрх дүүргийн 10-р хороо,Улиастайн 345/1 хаягтай, Ү-2201017897 бүртгэлийн дугаартай, 000181626 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, 58,4 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Ц ХХК болон АНУ-ын иргэн E Cнараас хариуцагч Г.Лд холбогдуулан дараах шаардлагыг гаргасан. 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн Ч ХХК-ийн эрхийг шилжүүлэх тухай компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн Ч ХХК-ийн хувьцааг шилжүүлэх тухай хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч ХХК-ийн өмчлөх эрхийг шилжүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 18-ны хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дахь хэсгүүдэд заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулж Ч ХХК-ийн эрхийг болон 100 хувь хувьцааг болон түүний эзэмшлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/246 тоот захирамжаар олгогдсон, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд Улиастайн 3А хэсгийн 45А, 45Б, 45В тус тус хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-2204001861, Э-2204001862, Э-2204001860 дугаарт бүртгэлтэй нийт 14784 метр квадрат талбайтай газрыг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 345/1 тоот хаягтай Ү-2201017897 бүртгэлийн дугаартай 000181626 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалттай 58,4 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагч Г.Л, Б.Б нарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, өмнө уг иргэний хэрэгт Б.Мөнхтулгыг хариуцагчаар татсаныг татгалзаж байна.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаан дээр ярьсан нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж ярих зүйл байхгүй. Өмнө нь ярьсан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дэмжиж байна. Нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдаан хойшлуулснаас хойш нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгсөн. 2 дугаар хавтаст хэргийн 214 дүгээр талд байгаа. Энэ нь 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Л.Л, E Cнар Эзу транс, Ч ХХК-ийн эрх шилжүүлэх тооцоо гэж баримт үйлдээд 242,500 доллар төлөх хуваарийн дагуу 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 10-ны дотор төлөхөөр тохирсон. Хариуцагчаас өгсөн гэж байгаа 100,000 доллар, 50,840,000 төгрөгийн баримтаас хойш Эзу транс ХХК, Ч ХХК-тай холбоотой ийм мөнгө өгнө гэж тохирсон байгаа. Нэхэмжлэгч E Cнь Ч ХХК, Эзу транс ХХК-ийн өр төлбөрийг Л.Л ингэж бичсэн гэж хэлдэг, ямар ч байсан энэ хүнээс ийм төлбөрийн тооцоо үүсгэнэ гэдгийг нийт дүнгээр нь бодож гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Тооцооллыг нийтэд нь авч үзвэл, Ч ХХК, Эзу транс ХХК-ийн эрх шилжүүлэх гээд нийт тооцоог ярих юм бол Л.Лийн өмнө нь шилжүүлсэн 100,000 доллар, 50,840,000 төгрөг дээр 242,500 ам доллар нэмэгдэх байдлаар гарна. Сүүлд 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн гэрээ нь зээлийн гэрээ мэт боловч зээл олгох зориулалтаар хийгээгүй. 110,000 долларын өр төлбөртэй гэдгээ нотолсон зээлийн гэрээг байгуулсан. 2014 оны 4 сард байгуулсан 137,400 долларын зээлийн гэрээ бий. Энэ 2 зээлийн гэрээг авч үзвэл нийтдээ 247,400 доллар буюу 2013 онд үйлдэж байсан баримттай үнийн дүнгийн хувьд дүйцдэг.

Хууль буюу гэрээний дагуу Ч ХХК-ийг нэгээс нөгөөд бэлэглэлийн гэрээ эсхүл худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүхэд эсхүл цагдаагийн байгууллагад шалгагдах явцад Г.Л нь Б.Б гээд хамаатныхаа дүүдээ зүгээр хэлбэрийн төдий шилжүүлсэн харагдаж байгаа. Эхлээд Б.Б рүү, дараа нь Б.Мд шилжүүлж, буцаад Б.Б рүү шилжүүлж дүр үзүүлсэн хэлцэл хийсэн. Хэрэгт авагдсан баримтаар энэ компани нь Төрийн банкинд 1,000,000,000 орчим төгрөгийн зээлтэй байдаг. Иймд 1,000,000,000 төгрөгийн өрийг зүгээр л бусдад шилжүүлнэ гэж байхгүй. Хууль зүйн хувьд болон бодит байдалд ийм байх боломжгүй, үнэмшилгүй юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлсэн хэлцэл байх боломжтой юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсгийн тухайд, бид анхнаасаа энэ хэргийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзсэн. Тиймдээ Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2 жил орчим шалгуулсан. Үүний дагуу прокурорын шат шатны шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг цаашид үргэлжлүүлэн шалгах, Г.Лийг яллагдагчаар татах боломжгүй гэж үзээд, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан. Хууль ёсны эсэхийг мэдэхгүй байна. Бүх шатны шийдвэр гарсан учир цааш хандах боломжгүй болсон. Арга буюу иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цагдаагийн байгууллагад шалгуулах үед Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Шат шатны прокурорын тогтоолд залилах гэмт хэргийн шинж байна гэдгийг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд дүгнэсэн. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхлэх хэлцэх хийсэн гэж үзэж байна. Үүний үндсэн дээр дараагийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан гэж үзэх бүрэн боломжтой, хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Л нь 3 удаагийн долларын шилжүүлгийн баримтаар 100,000 ам доллар, 50,840,000 төгрөг шилжүүлснээрээ Ч ХХК-ийг худалдаж авсан мөнгөний төлбөр гэж өмгөөлөгчдөө ойлгуулсан учир ийм байдлаар тайлбарладаг. Хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтууд нь Г.Лийн тайлбарыг нотлохгүй харин ч эсрэг байдаг. 100,000 ам долларыг Ч ХХК-ийг худалдан авсан төлбөрт оруулах байсан бол 2014 оны 1 сар болон 2014 оны 4 сард 2 хувааж зээлийн гэрээ хийхдээ 100,000 ам доллараа хасуулах яриа ярих байсан. 2014 оны 1, 4 дүгээр сард зээлийн гэрээ маягаар байгуулж байгаа төлбөр тооцооны асуудал нь Ч ХХК-ийн эрхийг шилжүүлсэн гэрээнээс хойш хийгдсэн. Энэ компанийн хувьцааг худалдан авсан үнийн дүнг тодорхойлсон баримтууд болж харагдаж байгаа. Хавтаст хэрэгт эрүүгийн хэргээс татаж авсан материал, E Chimood-н эрүүгийн хэрэгт хохирогчоор өгч байсан тайлбар, гэрч н.Ариунболдын тайлбар, мэдүүлэг авагдсан. Үүнээс харахад, н.Ариунболд, Г.Л, E Cгурвын дундын өөр компани буюу Эзу транс ХХК-тай холбогдолтой өр авлагын тооцоо дуусч байгаа утгатай гэж харагдаж байгаа. Түүнээс Ч ХХК-ийг худалдан авсны төлбөр гэж харагддаггүй бөгөөд энэ төлбөр төлөгдөөгүй. М.Б өмгөөлөгч энэ талаар сайн тайлбарласан. Сүүлийн 2 зээлийн гэрээг байгуулж байгаа асуудал нь залилан мэхлэх асуудлын шинж тэмдэг юм. 500,000,000 төгрөг буюу 240,000 орчим доллараар компанийг чинь худалдаж авна, төлбөрийг удахгүй өгнө гэж E Chimood-д хэлсэн ч өгөөгүй. 2013 оны 8 сараас 2014 оны 1 сар хүртэл мөнгийг маань буцааж өгнө гэж тохирсон учир дуустал нь хараад байсан. Мөнгө өгөхгүй нь тодорхой болонгуут мөнгөө авах гэж явсаар өдийг хүрсэн. Хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй. 2016 оны 7 дугаар сард Төрийн банкинд Ч ХХК-ийн хөрөнгийг барьцаанд тавьж зээл авсан хэрнээ төлбөрөө төлөгүй, шууд холбоо таслаад утсаа ч авахаа больсон. Энэ нөхцөл байдлаас Л.Л нь өмчлөх эрхийг шилжүүлж авахдаа анхнаасаа мөнгийг нь буцаан өгөх ямар ч санаа бодолгүй, итгэл эвдэж хуурч мэхлэх аргаар гэрээ хийсэн нь харагдаж байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Ч.Болдбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Лтэй 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн нэхэмжлэгчийн өмчлөлийн, 2765098 регистртэй Ч ХХК-н эрхийг шилжүүлэх тухай, Компанийн эрх шилжүүлэх гэрээг-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Хоёрдугаарт- Хариуцагч Г.Лтэй 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн, мөн Ч ХХК-н хувьцааг шилжүүлэх тухай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Гурвадугаарт- Хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулж Ч ХХК-н эрхийг болон 100 хувь хувьцааг болон түүний эзэмшлийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 тоот захирамжаар олгогдсон, Баянзүрх дүүргийн 10-р хороонд Улиастайн 345-1б хаягт байрлах, Баянзүрх дүүргийн 10-р хороо 345/1 хаягтай, Ү-2201017897 бүртгэлийн дугаартай, 000181626 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалттай 58,4м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах гэжээ. Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах болон Ч ХХК-н хувьцааг шилжүүлэх тухай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг-г хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа бөгөөд гуравдугаарт заасан ...дагалдах гэсэн шаардлага хангагдахгүй болж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн хувьд тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэлд дурдсан прокурорын тогтоолтой холбоотой асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ч ХХК-ийг бусдад шилжүүлэхийг зогсоох, Улсын бүртгэлд аливаа өөрчлөлт оруулахгүй байхыг, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн 345/1 хаягтай Ү-2201017897 бүртгэлийн дугаартай, 000181626 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалттай 58,4м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэхийг зогсоох, тус хөрөнгөтэй холбоотой бүртгэл хийхгүй байхыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт мөн Ч ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 10-р хороонд Улиастайн 345-1б хаягт байрлах 3037/0111 нэгж талбарын дугаартай 0148552 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй 14800м2 талбайтай газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг зогсоох газар эзэмших эрхтэй холбоотой аливаа үйлдэл хийхгүй байхыг харьяа дүүргийн Засаг дарга, Газрын албанд тус тус даалгаж өгнө үү хэмээн хүсчээ. Уг хүсэлтэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар ...зогсоох, ... даалгаж өгнө үү гэсэн хүсэлт нь хууль зүйн хувьд дээрх хуулийн заалттайгаа нийцэхгүй байгаа тул хүсэлтийг хангах үндэслэлгүй, нотлох баримт бүрэн бус хүсэлт байна.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгө авч шилжүүлсэн зээлийн гэрээн дээр тусгагдаагүй асуудлыг таамаглаж ярьж байна. Зээлийн гэрээ байгуулахад огт дурдагдаагүй зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Үнэхээр өр авлагатай, төлбөр төлөгдөөгүй байсан бол хамгийн сүүлд зээлийн гэрээг байгуулахдаа энэ тухай гэрээн дээр дурдаж, мөнгөн дүн өөр байх байсан гэж бодож байна. Гэрээнд тусгагдаагүй үндэслэлгүй тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эзу транс ХХК, Ч ХХК хоёрын хоорондын нийлсэн тооцоо байгаа гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Эзу транс ХХК-тай холбогдох материалыг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн. Үүнээс харахад Эзу транс ХХК-ийн хувьцааг шилжүүлэхдээ 100,000 ам доллар, 500,000,000 төгрөгийн талаар дурдаагүй. Д.Ариунболд, E Cхоёрын хооронд хийсэн гэрээ, E Chimood, Г.Л нарын хооронд байгуулсан хувьцаа шилжүүлэх гэрээг харахаар нийт 1,117 доллараар шилжүүлэх гэрээ хийгдсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр ч байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Г.Лтэй байгуулсан нэхэмжлэгчийн өмчлөлийн 27670198 регистртэй Ч ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай байгаа. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээн дээр төлбөрийн талаарх зүйл огт байхгүй. Хуульд заасан журмаар хэний ч нөлөөнд автахгүйгээр өөрийн хүсэл зоригийн хүрээнд байгууллаа гэж гэрээн дээр тусгасан. Компанийн хувьцаа шилжүүлэхээс өмнө Ч ХХК-ийн нэр дээр байдаг 14,800 м.кв зэрэг зөрүүтэй талбай бүхий газрын эрхийг тодорхой үнээр буюу 210,000 орчим ам доллароор үнэлсэн. Үүнээс 100,000 долларыг нь урьдчилж өгсөн. Урьдчилж өгсөн баримтан дээр газрын төлбөр гээд Г.Лээс E Cруу шилжүүлсэн байгаа. Үүний үлдэгдэл дэээр талууд зээлийн гэрээ байгуулсан. Энэ талаар өөрсдөө ч эрүүгийн хэрэг шалгагдах явцад мэдүүлсэн. Эзу транс ХХК-ийн материалыг татуулж ирүүлчихээд Эзу транс ХХК, Ч ХХК хоёулангийнх нь нийлсэн төлбөр гэж ойлгомжгүй зүйл ярьж байна. Ерөөсөө тийм зүйл байхгүй. Танай нэхэмжлэлийн шаардлага дээр ч тийм зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага дээр компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар байгаа. Ямар ч үнэлгээний асуудал байхгүй. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэлийн хэлбэр өөр байгааг өмнөх хурал дээр хэлсэн. Тэр тайлбар хэвээр байгаа. Нэхэмжлэгч нь анхны нэхэмжлэл дээрээ ч тэр, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ч тэр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг үндэслэж хуурч мэхлэх замаар байгуулсан учир хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж байгаа. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хэлцлийн тухайд, хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардахдаа 3 жилийн хугацаанд байх ёстой учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг анхаарч үзнэ үү. Эзу транс ХХК-ийг 40,000 доллар, 100,000 доллараар авна гэсэн хэлцэл гэрээ хаана байна вэ? Эзу транс ХХК-тай холбоотой шүүхэд ирүүлсэн материалаас 100,000 орчим ам долларын үнэлгээ огт харагдахгүй байна. Юуг үндэслэж шилжүүлсэн 100,000 ам долларыг Эзу транс ХХК-ийн тооцоо гэж байгаа вэ? Үүнийгээ нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Ч ХХК-ийн нэр дээр байдаг газрын эрхийг тодорхой хэмжээгээр үнэлсэн. Г.Л нь 400,000,000 орчим төгрөг билүү 230,000 орчим ам доллар гэж ярьдаг. E Cнь 500,000,000 төгрөг гэж яриад байдаг. 14,800 м.кв талбай бүхий газар Ч ХХК-д үлдэж байгаа гэдэг утгаар газрыг Ч ХХК-д үлдээж байгаа нөхцөл дээр талууд тодорхой хэмжээний мөнгө ярьсан. Энэ мөнгөний тал хувийг шилжүүлсэн, үлдэгдэл- дээр нь зээлийн гэрээ байгуулсан. Эзу транс ХХК-тай холбоотой дараа нь төлбөрийг хэн нэгэн авна гэсэн ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Өөр гэрээ рүү чихэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр 500,000,000 үнэлсэн гэдэг ч үүнийг нотолсон зүйл хавтаст хэрэгт байхгүй. Газрын эрхтэй холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхэд огт хамааралгүй асуудал юм.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч E Chimood, Ц ХХК нь хариуцагч Г.Л, Б.Б, Б.М нарт холбогдуулан 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Ч ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, Ч ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч ХХК-ийн эрх болон 100 хувийн хувьцаа, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45а хаягт байршилтай, нэгж талбарын 1331704678 дугаартай, 4436м2 талбай бүхий газрын, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45б хаягт байршилтай, нэгж талбарын 1331704679 дугаартай, 7888м2 талбай бүхий газрын, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45в хаягт байршилтай, нэгж талбарын 1331704680 дугаартай, 2448м2 талбай бүхий газрын эзэмших эрх, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо Улиастай 3а хэсэг 45 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017897 дугаарт бүртгэлтэй, хувийн орон сууцны зориулалттай 58.4 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Ч ХХК-ийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Ч ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Ч ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Ч ХХК-ийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох гэж ихэсгэснийг шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2019/15505 дугаар захирамжаар ихэсгэсэн шаардлага гэж үзэх үндэслэлгүй тул хүлээн авахаас татгалзсан ба дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хамтран хариуцагчаар Б.Б, Б.М нарыг оролцуулжээ. Иймд дээрх байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ ихэсгэсэн гэж үзсэн болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцдоггүй бөгөөд ийм хэлцэл хийгдсэн тохиолдолд анхнаасаа хүчин төгөлдөр бус, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, тухайн гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үр дагавар агуулж байдаг. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл нь нэхэмжлэлийн шаардлага биш нэхэмжлэлийн үндэслэл болно. /I-ХХ-ийн 97-105 дугаар тал, II-ХХ-ийн 159 дүгээр тал/

 

Талуудын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Ч ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр E Cкомпанийн 100 хувийн хувьцаа болон эрхийг Г.Лд шилжүүлэх үүрэг хүлээж, хариу төлбөр болох гэрээний үнийг гэрээндээ заагаагүй боловч хариу төлбөр төлөх үүрэгтэй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрөв. Дээрх гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн байх ба энэ талаар зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ компанийн нэр дээрх эд хөрөнгийг шилжүүлж аваад зээл авч төлбөрийг төлнө гэж итгэл үнэмшил төрүүлж гэрээ байгуулаад одоо хүртэл мөнгөө төлөөгүй хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан, шилжүүлсэн 100,000 ам доллар өөр гэрээний төлбөр байсан, хууль бусаар шилжүүлэн авсан компанийн хувьцааг бусдад дүр үзүүлэн шилжүүлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд харин хариуцагч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээний үнийг 500 сая төгрөгөөр тогтоогоогүй, гэрээний үнийг 210,000 орчим ам доллароор тохиролцож 100,000 ам долларыг төлсөн, хууран мэхлэсэн үйлдэл хийгээгүй гэж маргаж байна.

 

Ч ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон эрхийг 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээгээр Ц ХХК шилжүүлэн авч 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигчээр, 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр Г.Л 100 хувь хувьцаа эзэмшигчээр, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээгээр Б.Б 100 хувь хувьцаа эзэмшигчээр, 2019 оны 3 дугаар сарын 22, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээний дагуу Б.М 100 хувь хувьцаа эзэмшигчээр, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээгээр Б.Б 100 хувь хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгэгджээ. /I-ХХ-ийн 78-203 дугаар тал/

 

Маргаан бүхий газрын эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх Ч ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь Г.Лээс 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 1 дүгээр сарын хооронд 100,000 ам доллар, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 48,840,000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг авсан үйл баримт тогтоогдсон, мөнгөн дүнгийн хэмжээнд маргаагүй, харин Ч ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөр эсэх, Эзутранс ХХК-тай холбоотой төлбөр эсэх асуудлаар маргав.

 

Хариуцагч Г.Л нь Ч ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгүүдийг эзэмшил, өмчлөлдөө шилжүүлж авмагц зээл авч төлбөрийг төлнө гэж итгэл үнэмшил төрүүлж хууран мэхлэж 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг байгуулсан болох нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 520 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор тогтоогдсон гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Дээрх тогтоолд Г.Л нь Ч ХХК-ийн хувьцаа, компанийн эзэмшилд байгаа газрын хамт худалдаж авахаар тохиролцсон нь тогтоогдож байна, энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байх ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул яллагдагчаар татаж болохгүй гэж дурдаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. Энэхүү баримтаар Г.Лийн үйлдэлд гэмт хэргийн шинж байж болох боловч түүний үйлдлийг гэмт хэрэг мөн эсэхийг шалгахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал буюу тухайн төрлийн гэмт хэрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэргийг хаасан үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Г.Лийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг хөдөлбөргүй тогтоосон баримт биш бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасанд хамаарах нотлох баримт биш болно. Иймд дээрх тогтоолоор Г.Л нь нэхэмжлэгч нарыг хууран мэхлэж хэлцэл хийсэн үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч E Cнь цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ ...Л 2012 оноос Ч ХХК-ийг авч газар эзэмшихээр намайг байнга шаарддаг болсон. 2014 оны 1 дүгээр сард Лд компанийг 500 сая төгрөгөөр зарахаар болсон. Компаниа зарахдаа гэрээ хийгээгүй, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэгт 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээ байгуулдаг өдөр Л манайд ирээд гуйх, шахах зэрэгцсэн, би сүүлдээ дарамттай санагдаад энэ хүнээс хурдан салъя гэж бодоод л ийм гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа дараа нь мөнгөө авахад хангалттай нотлох баримт гэж үзсэн гэсэн байх бөгөөд Г.Лээс газрын төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20,000 ам доллар, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 30,000 ам доллар, 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 50,000 ам доллар нийт 100,000 ам доллар хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. /II-ХХ-ийн 230-232, 240-243, 252 дугаар тал, III-ХХ-ийн 1 дүгээр тал/

 

Мөн талууд 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ч ХХК, Эзутранс ХХК-ийн эрх шилжүүлэх тооцоо гэсэн баримт үйлдэж Г.Лийг 242,500 ам доллар төлөх үүрэгтэй болохыг баталгаажуулсан байна. /II-ХХ-ийн 214 дүгээр тал/

 

Дээрх баримтуудаас дүгнэвэл талуудын хооронд Ч ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний тохиролцоо 2012 онд хийгдсэн, компанийн эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэх зорилгоор гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр хийж баталгаажуулсан гэж үзэв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарласанчлан Ч ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг анх 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Ч ХХК-ийн хувьцаа болон эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулсан өдөр буюу 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр талууд 110,000 ам долларын зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Г.Л нь 110,000 ам долларыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн хүүтэй төлөх, мөн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 137,400 ам долларын зээлийн гэрээ байгуулж, уг мөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн хүүтэй төлөх үүргийг Г.Л хүлээжээ. Дээрх гэрээг хариуцагч тал нэг гэрээ, нэхэмжлэгч тал 2 тусдаа гэрээ гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар Г.Л 100,000 ам долларыг төлснөөс хойш огт төлбөр төлөөгүй нь тогтоогдсон, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн төлбөр баталгаажуулсан баримтаар 242,500 ам доллар төлөх үүрэгтэй байсан зэргээс үзвэл 2014 оны 1 дүгээр сарын 17, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрүүдийн гэрээг нэг гэрээ гэж үзэх үндэслэлгүй байх ба тус тусдаа үүрэг хүлээсэн хэлцэл байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч Г.Л нь үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэсэн баталгаа гаргасан гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Г.Лийг 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хэлцлийг хууран мэхлэж хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд тухайн өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй байдлыг нэхэмжлэгчийг хууран мэхлэж хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч E Cнь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ Лд мөнгө байгаагүй, тийм болохоор надаас компанийг зээлээр худалдаж авч байгаа маягтай уг гэрээг байгуулсан, 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 110,000 ам долларын зээлийн гэрээ нь Ч ХХК-ийг авч байгаа гэж, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 137,400 ам долларын зээлийн гэрээ нь Эзутранс ХХК-ийн төлбөрийг төлж байгаа гэж Л хэлж яриад гарын үсэг зуралцсан гэснээс үзвэл Ч ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрөөс өмнө төлсөн 100,000 ам долларыг хасаж, үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан гэж үзэв. Тодруулбал, нэхэмжлэгч E Cнь 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 110,000 ам долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсныг тухайн хэлцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болох ба Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна.

 

Иймд Г.Лийн газрын төлбөр гэсэн утгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн 100,000 ам долларыг Ч ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэж өгнө гэж заасны дагуу Г.Лийг Ч ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 100,000 ам доллар төлсөн гэж үзэв.

 

Мөн маргаан бүхий асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад талуудын хэн аль нь 2011 онд Г.Лээс газрын төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн 50,840,000 төгрөгийн асуудлаар хэн аль нь тайлбар гаргаагүй, хэрэгт авагдсан баримтуудаар Ч ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнээс хасаж тооцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул 50,840,000 төгрөгийг гэрээний үнийн дүнд оруулж тооцох үндэслэлгүй байна. Гэрээний үнийг нотлуулах зорилгоор нэхэмжлэгч тал Д.Ариунболдоос гэрчийн мэдүүлэг авахуулсан ба гэрч 500 сая төгрөгөөр худалдаж авч байгаа гэж Г.Л хэлсэн гэж мэдүүлжээ. Гэрч хариуцагчаас сонссон зүйлийн талаар мэдүүлсэн байх бөгөөд энэ нь талууд гэрээний үнийг 500,000,000 төгрөгөөр тогтоосон гэж үзэх шууд үндэслэл болохгүй. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ч ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийг 210,000 ам доллар гэж тодорхойлов. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээний үнийг 500,000,000 төгрөгөөр тогтоосон болохоо баримтаар, эргэлзээгүйгээр нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Г.Лээс Б.Бөд, Б.Бөөс Б.Мд, Б.Мас Б.Бөд Ч ХХК-ийн хувьцаа болон эрх шилжүүлсэн хэлцлүүдийг дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Ч ХХК-ийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Ч ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Ч ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Ч ХХК-ийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй. Иймд энэ үндэслэлээр Б.Бөөс хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шаардах эрхгүй болно.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хууран мэхлэж хэлцэл хийсэн гэж тодорхойлж, үүнийг зээл авч төлбөр төлнө гэж итгэл үнэмшил төрүүлсэн гэж тайлбарласан боловч гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах боломжтой эсэх буюу гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй эсэхийг шүүх шийдвэрлэх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлд гэрээний нэг тал гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхийг зохицуулсан боловч гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Энэ талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт зохицуулсан. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт үүргийн ялимгүй зөрчсөн гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв. Үүнд:

 

Хариуцагч Г.Л нь Ч ХХК-ийн эзэмших эрхтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо /хуучнаар/-нд байршилтай 14800м2 талбай бүхий газрыг худалдан авах зорилгоор Ч ХХК-ийн хувьцааг худалдан авсан болох талуудын тайлбараар тогтоогддог бөгөөд уг газар дээр 298м2 талбай бүхий ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 260м2 болон 702м2 талбай бүхий гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бий болгон улсын бүртгэлд бүртгүүлж, уг хөрөнгүүдээр болон газар эзэмших эрхээр банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрхийг бүртгүүлсэн болох нь тогтоогдсон байна. Мөн барьцааны эрх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болох ба барьцаа хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцааны эрх дуусгавар болохгүй юм. Үүнээс гадна үүрэг гүйцэтгэгч гэрээний үнээс 100,000 ам доллар төлж, үүргийн зарим хэсгийг гүйцэтгэсэн байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн талуудын хэн алиных нь ашиг сонирхлын үүднээс хариуцагч Г.Лийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг ялимгүй зөрчилд тооцох нь зүйтэй. Иймд Г.Лийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж болохгүй тул гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн ба энэ хугацаанд талуудын маргаан үргэлжилж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Л, Б нарт холбогдох 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Ч ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, Ч ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ч ХХК-ийн эрх болон 100 хувийн хувьцаа, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45а хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 4436м2 талбай бүхий газрын, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45б хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 7888м2 талбай бүхий газрын, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45в хаягт байршилтай, нэгж талбарын 1331704680 дугаартай, 2448м2 талбай бүхий газрын эзэмших эрх, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо Улиастай 3а хэсэг 45 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017897 дугаарт бүртгэлтэй, хувийн орон сууцны зориулалттай 58.4 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч E C, Ц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч E, Ц ХХК нь хариуцагч Б.Мд холбогдох шаарлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,798,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА