| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 129/2020/00213/И |
| Дугаар | 001/ХТ2022/00567 |
| Огноо | 2022-05-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2022/00567
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00469 дүгээр шийдвэр,
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар магадлалтай,
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
С.Од холбогдох
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 565,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Лхагвасүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Б” ХХК нь С.Од холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 565,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00469 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Оээс 565,000 /таван зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.600 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч С.Оээс 17.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00469 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан С.Од холбогдох 565 000 төгрөг гаргуулах “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагч С.Оийн 17 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Лхагвасүрэн хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчаар С.Оийг тодорхойлон түүнд холбогдуулсан нэхэмжлэл гаргасан. Учир нь: 2019.04.01-нээс 2019.04.23-ныг дуусталх хугацаанд манай компанийн “Жаргалан” зочид буудалд ирсэн Р.Уг байрлуулах түүний төлбөр тооцоог өөрөө хариуцан төлөхөөр хэлцэл хийсэн. Хэлцлийн нөхцөлийг тохирсон, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээг амаар байгуулсан хүн нь С.О юм. Р.Убол өөрөө хөлслөх, хөлс төлөх талаар бидэнтэй гэрээ байгуулаагүй, тохиролцоогүй, үүрэг хүлээгээгүй хүн. С.О Р.Угэдэг хүнийг байрлуулж өрөөний хөлсийг төлөхөөр тохирч, үүрэг хүлээсэн юм. Хэдийгээр С.Отэй бичгээр гэрээ тухайн үед байгуулаагүй ч С.О эд хөрөнгө хөлслөх гэрээг амаар байгуулсаныг бид нотолж чадсан байгаа. Гэрчүүд энэ талаар хангалттай, тодорхой, ойлгомжтой мэдүүлэг өгсөн. Хариуцагч С.Оийн маргаж байгаа шиг Р.Угэдэг хүн орно шүү, ганцаараа орно, төлбөр тооцоогоо энэ хүнээс аваарай гэж “хэлсэн бол манай байгууллага Р.Угаас төлбөр тооцоог нь аваад өрөөнөөсөө гаргах байсан”. Мөн Р.Уд холбогдуулан нэхэмжлэл гаргах байсан. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан Р.У, С.Тэгшжаргал, Г.Дэлгэрмаа нарын мэдүүлэг болон хариуцагчийн хариуцлагаас зайлсхийж байгаа тайлбаруудыг хуулийн хүрээнд үнэлж дүгнэж чадаагүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээг С.Отэй байгуулсан бөгөөд түүний зөвшөөрлөөр Р.Уг өрөөнд байрлуулсан. С.О нь уг гэрээний дагуу хөлсийг төлөх үүрэг хүлээсэн үйл явдлууд нь нотлогдож байна. Маргаан бүхий үйл явдлыг буруу дүгнэж нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болгосон нь Давж заалдах шатны шүүх С.Отэй байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээг гэрээ байгуулагдаагүй үүрэг үүсээгүй гэж дүгнэж Иргэний хэргийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч С.Од холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 565,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...С.О нь өөрийн урилгаар авчирсан Р.Угэдэг хөгжмийн зохиолчийг манай зочид буудалд 2019.04.01-2019.04.23-ныг дуустал 22 хоног байрлуулсан... нийт төлбөр 565,000 төгрөгийг өгнө гэж ярьсаар сүүлдээ утсаа ч авахаа больсон” гэж тодорхойлсон байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй тул үүрэг үүсэхгүй, зочид буудалд байрлаагүйгээс гадна бусдын өмнөөс хөлс төлөх үүрэг хүлээгээгүй гэж маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээв.
8. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд “Б” ХХК-ийн Жаргалант зочид буудалд 2019.04.01-2019.04.23-ны өдрийг хүртэлх хугацаанд Р.Убайрласан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтыг зохигч талууд маргаагүй, харин С.О нь зочид буудлын хөлс төлөх үүрэг хүлээсэн эсэх асуудал маргааны зүйл Бээ.
9. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч “Б” ХХК өөрийн өмчлөлийн зочид буудлын өрөөг Р.Угийн эзэмшилд хөлслүүлсэн байх тул тус хэлцлийн үүрэг гүйцэтгэгч нь Р.Убайна. С.О нь буудлын захиалгыг өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч “Б” ХХК, С.О нарын хооронд анхнаасаа эрх зүйн харилцаа үүсээгүй, уг өрөөнд Р.Убайрласныг аль аль нь мэдэж байгаа, бодит байдалд Р.Ууг өрөөг хөлсөлсөн талаар маргаагүй, С.О тухайн өрөөний төлбөрийг хариуцан төлөх талаар ямар нэгэн хэлцэл хийгдээгүй нөхцөлд нэхэмжлэлийг хариуцах хуулийн үндэслэлгүй” гэж дүгнэхдээ гэрээний зүйл нь зочид буудал, үүнээс хамаарч хөлслөгч этгээд нь өөрөө эсвэл бусдын өмнөөс гэрээ байгуулж, үүрэг хүлээж болдог нөхцөлийг анхаараагүй, зөвхөн эд хөрөнгийг эзэмшил ашиглалтад шилжүүлж авсан этгээд үүрэг хүлээнэ гэж үзсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.
Зочид буудлын өрөөг хөлслөх нь эд хөрөнгө хөлслөх гэрээний нэг төрөл боловч гэрээний зүйл, гэрээний талуудаас хамаараад өөрийн онцлогтой бөгөөд Иргэний хуульд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах журам хамаардаггүй болохыг Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.5-д заажээ. Хөлс төлөх хөлслөгчийн үүрэг нь заавал биечлэн гүйцэтгэдэг үүрэг биш тул эд хөрөнгийг эзэмшиж буй этгээд бус гэрээг байгуулсан тал хөлс төлөх үүрэг хүлээсэн байж болно.
10. “Б” ХХК-иас өрөө хөлслөх тохиролцоог С.О хийсэн, үүний үндсэн дээр Р.Узочид буудалд байрласан бөгөөд Р.Угэрчээр мэдүүлэг өгөхдөө “...С.О нь намайг ая зохиолгохоор урьж, зочид буудалд байрлуулсан, төлбөрийг төлөх ёстой байсан...” гэсэн, гэрч Г.Дэлгэрмаа нарын мэдүүлгээр хариуцагч нь хөлс төлөх үүргийг хүлээсэн нь тогтоогдсон, эдгээр баримтыг үгүйсгэх өөр баримт хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг зөрчсөн тул хүчингүй болгоно.
11. Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.09-ний өдөр төлсөн 17,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН