| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 108/2020/0015/Э |
| Дугаар | 376 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 376
Ц.Е-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Цэрэндалай,
шүүгдэгч Ц.Е, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч П.Баясгалан, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Е, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Е-т холбогдох 1807 00000 0203 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ц-н Е, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, “Чоно гол” ХХК-д алт, мөнгөний дархан ажилтай, ам бүл 3, эх, хүүгийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй,
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжаар Шинэчлэн найруулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялд нийцүүлэн 11 жил 6 сарыг хасаж, 8 сар 16 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, мөн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан /РД: ................../;
Ц.Е нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 4-ний орой Налайх дүүргийн 3 дугаар хороо, ............ ...... дугаар гудамжны .. тоот задгай хашаанд Ц.Б-тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унаган зодсоны улмаас хохирогчийн биед гавал тархины гэмтэл учран нас барж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ц.Е-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Е-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Е-т 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Е-н цагдан хоригдсон 2 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ц.Е-с 4.759.122 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Е давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие прокурор, мөрдөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас 12 жилийн хорих ялаар шийтгүүлээд байна. Би урьд өмнө нь Налайх дүүрэгт очиж байгаагүй бөгөөд гэрч Бямбацогт, Энхмаа, насанд хүрээгүй гэрч Б.М нарыг танихгүй. Урьд өмнө нь уулзаж байгаагүй. Эдгээр гэрч нарын ихэнх нь Ш.Б-н танилууд болно. Миний холбогдсон эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж Налайх дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Мөнх-Очир нь насанд хүрээгүй гэрчид миний нэрийг хэлж өгөн гэрчээс мэдүүлэг авахдаа хөтөлж асуусан.
2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр явагдсан сэжигтнийг таниулах ажиллагаанд оролцоход Ш.Б маш их сандарч тэвдэж байсан. Тухайн ажиллагаанд оролцсон гэрч Э нь анхны мэдүүлэгтээ хажуу айлын залуутай цээж нүцгэн шивээстэй ямаан сахалтай залуу маргалдаж байгаад гэнэт заамдаж аваад баруун гараараа цохитол хажуу айлын залуу тас гэдэргээ савж унасан гэж мэдүүлсэн атлаа хоёр дахь мэдүүлэгтээ би буруу ойлгож мэдүүлсэн байна. Хажуу айлын залуу гэдэргээ савж унаагүй, модон жорлонг давж унасан гэж эхний мэдүүлгээсээ буцсан. Гэрч Э нь Ш.Б-г зааснаас хойш Ш.Б нь биеийнхээ шивээсүүдийг өөрчлүүлсэнтэй адилаар гэрч Э, насанд хүрээгүй гэрч М-н мэдүүлгүүд бүрэн өөрчлөгдсөн.
Прокурорын тогтоолоор бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа мөрдөгч, прокурор нь цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлээ явуулаагүйн улмаас талийгаачийн нас барсан цагийг нарийвчлан тогтоогоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 1421 дугаартай дүгнэлтэд талийгаачийн цогцост анх үзлэг хийсэн тэмдэглэлийг ирүүлээгүйн улмаас нас барсан цаг хугацааг тогтоох боломжгүй гэж гарсан байдаг. Өмгөөлөгч болон миний зүгээс талийгаачийн нас барсан хугацааг тогтоох талаар хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүйд гомдолтой байна. Иймд гомдлыг минь хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ... гэв.
Шүүгдэгч Ц.Е-н өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хяналтын прокурорын тогтоолоор бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлийг явуулалгүй үлдээснээс болж талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоож чадаагүй. Энэ талаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан шинжээчийн 1421 дугаартай дүгнэлтийн 6 дахь заалтад “Талийгаачийн цогцост анх үзлэг хийсэн тэмдэглэлийг ирүүлээгүй учраас нас барсан цаг хугацааг тогтоох боломжгүй” гэсэн байдаг. Шинжилгээ хийхэд шаардлагатай нотлох баримтуудыг мөрдөгч, прокурор шинжилгээний байгууллагад хүргүүлэх үүрэгтэйн дээр шинжээч шаардлагатай, дутуу баримтыг эрх бүхий байгууллагаас шаардан авч байж дүгнэлт гаргах хуулиар хүлээсэн үүргээ хэн аль нь гүйцэтгээгүй байна.
Хэрэгт авагдсан гэрч С.Б, Д.М, насанд хүрээгүй гэрч Б.М нарын мэдүүлэг, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлийг эх сурвалж болгон шүүгдэгчийг энэ хэрэгт холбоотой гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах шаардлагагүй гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн.
Гэрч С.Б мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ, тухайн үед нэлээн согтсон байсан учир Ц.Е-г амь хохирогчоос татаж, салгаж авч байснаас хойших үйл явдлуудыг санахгүй байгаагаа хэлсэн бөгөөд амь хохирогчтой Ц.Е-г маргалдаж зодолдсоноос хойш хэсэг хугацааны дараа амь хохирогчийг А.Н зодсон гэдгийг огт мэдэхгүй байгаагаа хэлсэн юм.
Гэрч Д.М нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, болж өнгөрсөн үйл явдлыг тодорхой мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлгээс үзэхэд хохирогч 3 цагийн хугацааны дотор эхлээд Ш.Б-тэй зодолдсон, түүний дараа А.Н-тай зодолдсон, хэсэг хугацааны дараа Ц.Е-тэй зодолдсон, түүнээс хойш 21 цагийн орчим А.Н-д зодуулсан байдаг.
Насанд хүрээгүй гэрч Б.М-г гэрээс гарч ирэхэд нэг хүн амь хохирогчийг зодож байсан. Түүнээс хойш ахин өөр хүн зодоогүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Насанд хүрээгүй гэрч Б.М-н мэдүүлгийг гэрч Д.М-н мэдүүлэгтэй харьцуулан дүгнэлт хийхэд хамгийн сүүлчийн зодсон хүн бол А.Н байх магадлалтай байгаа.
Гэрч нарын мэдүүлэгт Ц.Е-г цохиход “түг” гэж дуугарсан, гар нь цус болсон байсан гэх үг, өгүүлэл оруулж хүч нэмэгдүүлсэн байх бөгөөд түг гэж дуугарах, гар цус болох зэрэг нь хүнийг үхэлд хүртэл нь цохисон гэдгийг нотлох хөдөлбөргүй нотолж байгаа баримт биш юм.
Харин Ш.Б, А.Н, Ц.Е нарын хэнийх нь цохилт талийгаачийг үхэлд хүргэсэн бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай баримтаар тогтоох ёстой байсан ч тогтоож чадаагүй, талийгаачид учирсан хөнгөн гэмтлийг хэн учруулсныг нь ч олж тогтоогоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилтыг хангахын тулд мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байдаг ба энэ хэрэг дээр ажилласан мөрдөгч, хяналт тавьсан прокурор нар үүргээ бүрэн биелүүлээгүй юм.
Эрүүгийн хэрэгт цогцосны үзлэг хийж дүгнэлт гаргасан шинжээч С.Төгсбуян 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 15 цаг 20 минутад эхлүүлсэн цогцост хийсэн үзлэгээр “цогцос бүлээн, хөшилт эрүү болон мөчдөд тод илэрсэн” гэж тэмдэглэсэн атлаа Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 120 дугаартай дүгнэлтэд “цогцос бүлээн, хөшилт үүсээгүй” гэж тэмдэглэсэн байна. Нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад цогцост хийсэн үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байна гэж үзсэн нь эргэлзээтэй байдаг. Энэ шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. Тухайн үед шинжээч 10 хоногийн хугацаагаар сургалтад хамрагдсан баримт шүүхэд хүргүүлсэн байсан ба сургалтын нь дараа хурлыг хуралдуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй юм. 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 14 цаг 20 минутад үзлэг хийхэд цогцос бүлээн байгаа нь нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох чухал болохыг харуулж байгаа.
Нас бараад 6-8 цаг өнгөрчихөөд байхад цогцос бүлээн байх боломжтой юу гэдгийг мухарлаж, эцэслэж дүгнэлт гаргаагүй. Нас барсны дараа 2 цагаас нааш цогцосыг моргод хүлээж авдаггүй. Энэ хугацаанд цогцос бүрэн хөрдөг ба хөрсөн цогцосыг цогцос хадгалах өрөөнд авдаг журамтай юм билээ. Талийгаачийн нас барсан цаг хугацааг үнэн зөв тодорхойлоогүй тохиолдолд хэргийн бодит байдлыг олж тогтооно гэж байхгүй бөгөөд энэ ажиллагааг зайлшгүй гүйцэтгүүлэх шаардлагатай байсан.
Хэргийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Н, Ш.Б нар нь талийгаачийг цохисон болох нь тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгосон. Талийгаачийн нас барсан цагийг нарийн тогтоогдоогүй гэж байна. Цогцос бүлээн байсан гэдгийг мөрдөгч буруу ойлгоод бичсэн гэж ярьдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Е-н үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Ц.Е нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 4-ний орой Налайх дүүргийн 3 дугаар хороо, ............. тоот задгай хашаанд Ц.Б-тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унаган зодсоны улмаас хохирогчийн биед гавал тархины гэмтэл учран нас барж, хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н “... Би юу болсон талаар Б-с асуухад өглөө Б ахыг хоёр хүүхдээ хараад ир гэхэд унтаж байсан гэж хэлсэн. ... Талийгаачийн оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. ... Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. ...” /1 хх 26-28/,
гэрч Ц.Бямбацогтын “... Өглөө 11 цагийн үед Б над руу залгаад уулзъя гэхээр нь С.Б, Сувдаа хоёрыг дагуулж очоод Гордок руу явахаар болсон. Замдаа архи аваад Гордокт Б ахын хашаан дээр очоод Б гурван найзтайгаа, С.Б нар архи ууцгаасан. Сувдаа бид хоёр уугаагүй. ... Манай охин Эрдэнэзул над руу залгаад “Ц.Б ах архи уучихсан, тэрэг зарах гээд агсам тавиад байна” гэхээр нь бид нар бөөндөө Гордокоос манай гэр лүү явсан. Гэрт очиход Б ах гэртээ байхгүй гараад явсан байсан. Би Б-тэй гэртээ ороод юм яриад сууж байтал Б ах гаднаас нэлээд согтуу орж ирсэн. ... Б ахыг гарахаар нь араас нь гараад хартал манай найзуудын явж байсан машин дээр очоод архи нэхээд байсан. Тэгэхээр нь “та гэртээ орооч ээ” гэж хэлчихээд би гэртээ орсон. Тэгээд гэртээ байж байтал гадаа машины хаалга түс гээд дуугарахаар нь охин Б.М-г гараад юу болоод байгааг харчих гэтэл манай охин гарч харчихаад орж ирээд “Б ах газар хэвтэж байна” гэсэн. Араас нь С.Б орж ирэхээр нь би “гадаа юу болоод байгаа юм бэ” гэтэл “Б ах архи нэхээд агсам тавиад байна, гэрт нь оруулаад унтуулаад өгөөч” гэсэн. ...” /1 хх 31-32/, “... Би өмнө мэдүүлэг өгөхдөө сэтгэл санааны хувьд шоконд орчихсон байсан тул болсон зүйлийг маш дутуу мэдүүлсэн байна. ... Би Б ахыг “гэр лүүгээ ор” гээд нэг хашаанд манай хажуу талын гэрт амьдардаг тул өөрийн гэрээсээ хөөгөөд гаргасан. Манай охин гараад явсан хойно Б “бие засчихаад ирье” гээд гараад төд удалгүй манай охин Б.М “Б-г Б ахтай муудалцаад байна” гэж хэлсэн. Тухайн үед манай хажуу айлын Энхмаа тэр хоёрыг хараад Б.М-д “ээждээ хэл” гэсэн юм байна лээ. Тэгээд би тэр даруй гараад хартал Ш.Б Ц.Б ахыг жорлонгийн хажуу талын хашааны дэргэд хоёр биенээ заамдчихсан зогсож байсан. Ш.Б дээгүүрээ өмссөн хувцасаа тайлчихсан байсан. Тэгэхээр нь би Б-д “наадах чинь манай ах, яах гээд байгаа юм” гэтэл Б “өө манай хүргэн ах юм байна ш дээ” гээд тэр хоёр эвлэрцгээгээд муудалцахаа больсон. Би Ш.Б-д уурлаад “маргалдаж, муудалцах гэж ирсэн бол найзуудаа аваад яваарай” гэтэл Ш.Б уучлалт гуйгаад манай гэрт ороод унтаад өгсөн. Би хэсэг байж байгаад гэрээс гартал Ц.Б ах автомашинд байсан хүмүүстэй хамт сууж байсан. Тэгэхээр нь би машинаас гэр лүү нь оруулаад гаднаас нь цоожилчихсон. Гэртээ ороод хоёр цаг орчмын дараа Ганбаатар гэх хөгшин ах манай гэрт орж ирээд унтаад өгсөн. Үүнээс хойш 1 цаг орчмын дараа 20 цагийн үед гэрийн гадаа түс гээд автомашины хаалга дуугарах шиг болохоор нь би охин Б.М-г “гараад хараадахаач” гээд гаргахад зөрөөд гаднаас Сувдаа орж ирсэн. Тэгтэл Ганбаатар сэрчихсэн. Би юу болсныг асуухад “мэдэхгүй ээ, С.Б-с асуу” гэсэн. Удалгүй араас нь С.Б манай охин Б.М-н хамт орж ирсэн. Тэгээд Б.М “Ц.Б ахыг хоёр шанаадаад цохисон” гэж хэлэхээр нь би С.Б-с юу болсныг асуухад “Ц.Б ах тасраад уначихлаа, ... хурхираад л унтаж байна” гэсэн. ... Би хэсэг байж байгаад “Ц.Б ахыг гэрт нь оруулъя” гэтэл С.Б “согтуу хүн сэргэчихээд, чамд агсам тавиад байвал яахын” гэж байсан. ... Тэгээд С.Б-г гарч явахад би охин Б.М-г “хамт гараад ахыгаа гэрт оруулчих” гээд гаргасан. Тэгтэл удалгүй гаднаас С.Б, Ц.Е, А.Н, манай охин Б.М нар ороод ирсэн. Орж ирэхдээ Ц.Е-н хоёр гарын хурууны үе, яг нударга хэсэг нь нэлэнхүйдээ цус болчихсон байхаар нь би С.Б-с “хөөе Ц.Е-н гар цус болчихсон байна, эмнэлэг, цагдаа дуудах уу” гэж асуутал С.Б “Ц.Е, Ц.Б ахыг гарынхаа араар уруул руу нь цохиод цус гарчихсан юм аа” гэсэн. ...” /1 хх 33-34/,
насанд хүрээгүй гэрч Б.М-н “... Ээж удалгүй найзуудтайгаа ирээд нэг найз нь гэрт орж ирээд бусад нь машин дотроо хашааны гадаа байж байтал Ц.Б ах гаднаас нэлээд согтуу орж ирээд манай гэрт байсан ах руу “чи хэн бэ” гэтэл би манай дүүгийн найз байна гэтэл Ц.Б ах “чи манай дүүгээр яах гээд байгаа юм... маргааш шар тайлж өгөхгүй бол машиныг чинь хагална шүү” гээд гараад явсан. Тэгээд төд удалгүй хашааны гадаа машин дотор байсан хүмүүс хашгиралдаад байхаар нь ээж намайг “гараад хараадах” гэсэн. Би гэрээсээ гараад хартал Ц.Б ах гартаа тоосго барьчихсан “машиныг чинь хагална, надад пивоноосоо хийж өг” зогсож байсан. Тэгтэл машинд байсан 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гарч ирээд Ц.Е гэх ах нь Ц.Б ахыг “ямар ядаргаатай хүн бэ” гэтэл Ц.Б ах “би ядаргаатай байна уу” гээд Ц.Е ахыг гартаа тоосго барьчихсан байснаа газар шидээд тэр гараараа нэг удаа алгадсан. Тэгсэн чинь Ц.Е гэх ах нэг гараараа 2-3 удаа нүүр лүү нь цохисон чинь Ц.Б ах хүчтэй толгойгоороо саваад дээшээ хараад газар шороон дээр унаад өгсөн. Тэгтэл нөгөө Ц.Е гэх ах Ц.Б ахыг уначихсан хойно нь хажуугаас нь 1-2 удаа бие рүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь Ц.Б ах нүдээ аниад хурхираад босохгүй байхаар нь нөгөө хүмүүс машин руугаа орчихсон. Ц.Б ах 10-20 минут яг тэр чигээрээ хурхираад хэвтээд байсан чинь нөгөө зодсон ах тэнд байсан хүмүүстэй Ц.Б ахыг өргөөд гэрт нь оруулсан. ... /1 хх 37/,
гэрч Д.М-н “... Миний жинхэнэ нэрийг Д.М гэдэг, багын хоч маань Цудваа гэж байгаад яваандаа Сувдаа гээд дууддаг болчихсон. Би тэр хүмүүст өөрийгөө Сувдаа гээд танилцуулсан. ... Төд удалгүй талийгаач Ц.Б буцаад гэрээсээ гарч ирээд архи нэхтэл Ц.Е гарынхаа хойд хэсгээр нэлээд хүчтэй нүүр хэсэг рүү нь хоёр удаа алгадаад авсан. Тэгээд машинаас буунгуутаа хойгуур нь тойрч очоод талийгаач Ц.Б-г гараа атгаж байгаад нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгтэл талийгаач Ц.Б газар саваад уначихсан. Тэгтэл машинаас А.Н, С.Б хоёр буусан. Тэр үед Ц.Е талийгаач Ц.Б-г дэвсээд байх шиг байсан. Би автомашин дотор байсан тул хөл нь харагдаагүй, гэхдээ биеийн хөдөлгөөнөөр нь өшиглөөд байна гэдгийг нь мэдсэн. Яг энэ үед өшиглөхөд нь нэг удаа чанга “түг” гээд дуугарсан. ... Би машинаас буугаад талийгаачийн гүрээний судсан дээр нь дарж үзэхэд судас нь цохилж байх шиг байхаар нь Ц.Бя-н гэр лүү ороод “Ц.Б ахыг оруулах уу” гэтэл Бямбацогт “яах юм бэ, архи нь гартал унтаж байна биз” гэхээр нь би гараад машиндаа орж суусан. ... удалгүй би Ц.Бя-н гэр лүү ороод бараг цаг орчмын дараа бие засах гээд гэрээс гартал Ц.Е, А.Н, Г, С.Б дөрөв талийгаачийг дөрвөн талаас нь өргөөд гэрт нь оруулж байгаа харагдсан. ...” /1 хх 39-41/,
гэрч С.Б-н “... Би тухайн үед нэлээд согтчихсон байсан. ... Ц.Е машинаас талийгаач Ц.Б-тай маргалдаад буусан. Тэгэхээр нь би араас нь буугаад автомашинаа тойроод яваад очтол Ц.Б, Ц.Е хоёр зууралдчихсан байхаар нь Ц.Е-т “чи боль” гээд салгасан. ... Тухайн үед талийгаач Ц.Б Ц.Е тэр хоёр маргалдсан газраа дээшээ хараад шороон дээр хурхираад хэвтэж байсан. ... талийгаач Ц.Б муудалцахаасаа өмнө зүгээр байсан. Ц.Е-т зодуулаад унаснаас хойш дахиж босоогүй. ... ” /1 хх 47-50/,
шинжээч С.Төгсбуянгийн “... Хүний биед үүсэх гавал тархины битүү гэмтэл, их тархины аалзан бүрхүүл доорх цусан хураа гэмтлийг авсан даруйд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ухаан алдах, унтаа байдалд шилжих зэрэг шинж тэмдгүүд илэрч болох ба цусан хураа хэлбэржиж бүлэгнэж тархины эдийг дарснаар үхэлд хүргэдэг. ... Гавал тархины битүү гэмтлийн улмаас их тархины хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа үүссэн үед цусан хураа нь тархины бор давхаргыг дарж, бор давхаргын үйл ажиллагаа алдагдсанаар тухайн хүн унтах шинж тэмдэг илэрдэг. Ингэж унтах үеийн гол онцлог нь хурхирах хэлбэрээр илэрдэг. ...” /1 хх 108-109/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн чамархай, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүл доорх цусан хураа /8х6х0.5см, 250мл/, тархины эдийн дарагдал, хүзүү, баруун зүүн мөр, цээж, зүүн шуунд зулгаралт, баруун хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн чамархай, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, баруун хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хүзүү, баруун, зүүн мөр, цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /1 хх 103-107/ гэх 08 шэ/120 дугаартай дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлт шинжилгээний “... Талийгаачийн биед үүссэн гавал тархины битүү гэмтэл: их тархины зүүн чамархай, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүл доорх цусан хураа /8х6х0.5см, 250 мл/ гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед үүссэн гавал тархины битүү гэмтэл: их тархины зүүн чамархай, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүл доорх цусан хураа /8х6х0.5см, 250мл/ гэмтэл нь толгойн тус газар хүч үйлчилсэн даруйд үүсэж эхэлнэ. Задлан шинжилгээгээр талийгаачийн биед гавал тархины хуучин гэмтэл оношлогдоогүй. Талийгаачид учирсан гэмтлүүдийг үүсгэсэн хүчний үйлчлэлийг нарийн тогтоох боломжгүй учраас цохилтын хурд, хүч, ямар жинтэй, ямар өндөртэй хүн учруулсныг тогтоох боломжгүй. ...” /2 хх 55-58/ гэх 08 шэ/156 дугаартай дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... Шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 шэ/120 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Цохиж дэвслэх үед гадна үзлэгээр ил гэмтэл үүсэхгүй байж болно. ... Ц.Б нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас үхэлд хүрсэн байна. Ц.Б-н бие цогцост тогтоогдсон биеийн ил хэсгийн гэмтлүүд нь үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэлд хамаарна. ...” /2 хх 82-84/ гэсэн 436 дугаартай дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... Шинжээч эмч С.Төгсбуянгийн 08 шэ/120 дугаартай дүгнэлт, №436 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Амь хохирогч Ц.Б-н биед тархины гэмтэл болох тархины зүүн тал бөмбөлгийн дагз чамархай хэсгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоолойн төвөнх, баруун зүүн мөр, эгэм, зүүн шууны зулгаралт, баруун хацар, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба яг ямар үйлдэл хөдөлгөөний улмаас үүссэнийг тогтоох боломжгүй. Талийгаачийн үхэлд хүргэсэн тархины гэмтэл нь толгойн хэсэгт хүч үйлчилснээс цохилт доргилтын нөлөөгөөр үүснэ. Хүн тархиндаа гэмтэл авч хатуу хальсан доор цус алдаж, уг алдаж буй цусны хэмжээ аажмаар нэмэгдэн тархийг дарж үхэлд хүргэх хүртэл тодорхой хугацаа болдог. Эд эсийн шинжилгээнээс үзэхэд талийгаач нь 6-12 цагийн өмнө тархины гэмтлийг авсан байна. ... Хүн тархиндаа гэмтэл авч хатуу хальсан доор цус алдаж, уг алдаж буй цусны хэмжээ аажмаар нэмэгдэн тархийг дарж үхэлд хүргэх хүртэл үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой, эсвэл үйлдэл хөдөлгөөн хийх чадваргүйгээр ухаан алдах шинж тэмдэг илэрдэг. Эдгээр нь тухайн хүний бие махбодын онцлогоос шалтгаална. ...” /2 хх 213-217/ гэсэн 1421 дугаартай дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “... Амь хохирогч Ц.Б-н өмсөж байсан ... хар өнгийн ноосон цамцанд 170 мм, хөх өнгийн өмдөнд 35 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. ...” /1 хх 114/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 8-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 16-18/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Е-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Е-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Мөн шүүгдэгч Ц.Е-т анхан шатны шүүхээс 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Е-с “...Мөрдөгч Мөнх-Очир нь насанд хүрээгүй гэрчид миний нэрийг хэлж өгөн гэрчээс мэдүүлэг авахдаа хөтөлж асуусан. Гэрч Э, насанд хүрээгүй гэрч Б.М-н мэдүүлгүүд бүрэн өөрчлөгдсөн. Талийгаачийн нас барсан хугацааг тогтоохоор удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүйд гомдолтой. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн,
түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрээс “... Талийгаачийн нас барсан цаг хугацааг үнэн зөв тодорхойлоогүй, Ш.Б, А.Н, Ц.Е нарын хэнийх нь цохилт талийгаачийг үхэлд хүргэсэн бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай баримтаар тогтоогоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн хэлбэрийг тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Ц.Е нь “архи нэхлээ” гэх шалтгаанаар хохирогч Ц.Б-н толгойн тус газар нь гараараа цохисны улмаас арагшаа савж унан гавал тархины битүү гэмтэл учирч нас барсан үйл баримт хангалттай тогтоогдож байна.
Хэрэг учрал болох үед гадаа машин дотор Ц.Е, А.Н, Д.М, С.Б нар байсан, С.Б нь архи уусан байсан учраас хэргийн үйл баримтын талаар цаг хугацааны болон учир зүйн дараалалтайгаар тодорхой мэдүүлдэггүй.
Харин гэрч Д.М нь Ц.Е-г хохирогч Ц.Б-г 2-3 удаа нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж байсан, түүний үйлдлийн улмаас талийгаач газар унаад босож ирээгүй талаар тодорхой мэдүүлдэг бөгөөд Д.М-н уг мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч Б.М-н “... Ц.Е гэх ах нэг гараараа 2-3 удаа нүүр лүү нь цохисон чинь Ц.Б ах хүчтэй толгойгоороо саваад дээшээ хараад газар шороон дээр унаад өгсөн. Тэгтэл нөгөө Ц.Е гэх ах Ц.Б ахыг уначихсан хойно нь хажуугаас нь 1-2 удаа бие рүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь Ц.Б ах нүдээ аниад хурхираад босохгүй байхаар нь нөгөө хүмүүс машин руугаа орчихсон. Ц.Б ах 10-20 минут яг тэр чигээрээ хурхираад хэвтээд байсан чинь нөгөө зодсон ах тэнд байсан хүмүүстэй Ц.Б ахыг өргөөд гэрт нь оруулсан. ... /1 хх 37/ гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
А.Н нь хохирогчийг цохиж байсан талаар гэрч Д.М мэдүүлдэг боловч шинжээчийн “... дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, хоолойн төвөнх, баруун зүүн мөр, эгэм, зүүн шууны зулгаралт, баруун хацар, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба яг ямар үйлдэл хөдөлгөөний улмаас үүссэнийг тогтоох боломжгүй...” гэсэн 436 дугаатай дүгнэлтээр А.Н, Ш.Б нарын үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан гэх байдал тогтоогдохгүй байна гэж үзэн, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, А.Н, Ш.Б нарын үйлдлээс талийгаач Ц.Б-д шууд үхэлд хүргэх гавал тархины гэмтэл болон шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хөнгөн гэмтэл учирсан гэх хэргийн үйл баримт тогтоогдсонгүй.
Хэрэгт талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхойлох зорилгоор шинжээчийн 4 удаагийн дүгнэлт гарсан байх бөгөөд эдгээр дүгнэлтүүд нь бие биенээ үгүйсгэсэн болон эргэлзээтэй байдлаар бичигдээгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлж болохуйц байх ба талийгаачийн нас барсан хугацааг тогтоох зорилгоор хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний “...Цогцосны гадна үзлэг: ... хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр бүдэг ягаан өнгөөр үүсч дарахад арилж 5-6 секунтийн дараа тодорно ... ” гэсэн 08 шэ/120 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн “... хоёр хөл шулуун жийсэн, баруун гар биеийн дагуу шулуун тавьсан, хамар амнаас цус гарч, эрүүл нүүр хэсэг бохирлогдсон, эрэгтэй хүний цогцос байлаа...” гэсэн тэмдэглэл /1 хх 20/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 11-12/ зэргээр талийгаач нас барсан байсан бөгөөд хэргийн газрын үзлэгээр нэгэнт нас барсан эрэгтэй хүний цогцос байсан нь нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн “... талийгаач нас бараагүй байсан байх боломжтой, цогцос бүлээн байсан гэж бичигдсэн ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан насанд хүрээгүй гэрч Б.М, гэрч Б.Э нарын мэдүүлгүүдэд хэргийн талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн байдал тогтоогдоогүй, харин хэрэг учралын талаар мэдэж буй зүйлээ нэмж тайлбарлах байдлаар мэдүүлэг өгснийг буруутгах боломжгүй юм.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгана...” гэсэн зохицуулалтын хүрээнд хууль ёсны төлөөлөгч Ц.Б, сурган хүмүүжүүлэгч Я.М нарыг оролцуулан насанд хүрээгүй гэрч Б.М-с авсан мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Е, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.