Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00586

 

“Б Т” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01188 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1179 дүгээр магадлалтай,

“Б Т” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Г.Аэд холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 999,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Аийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Б Т” сууц өмчлөгчдийн холбоо нь Г.Аэд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 999,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01188 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Г.Аээс дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр 989.300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б Т сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 10.580 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28547 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Аээс 28293 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б Т” сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1179 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 294 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Г.А хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадпалыг тус тус эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Гомдлын үндэслэл нэгдүгээрт: ...шийдвэр, магадлалаар хэргийг тус тус шийдвэрлэхдээ ИХШХШ тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж иргэн би үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.4-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна хэмээн заасан байдаг. “Б Т” СӨХ нь оршин суучдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн нэг ч ажил хийж байгаагүй хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, бүх гишүүдийн хурал хийгээгүй тайлан тооцоо санхүүгийн талаар нийтэд мэдээлдэггүй энэ бүх хууль бус үйл ажиллагаанд дүгнэлт өгөөгүй төдийгүй үндэслэлгүйгээр нэг өдөр гэнэт өчнөөн олон жилийн буюу 5 жилийн төлбөр нэхсэн байхад шүүх Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.4-т заасан заалтыг ноцтой зөрчиж хэт нэг талд үйлчилж шийдвэр гаргасан. Хавтас хэргийн 1-р хуудаст нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13-р хорооллын 9 дүгээр байрны 47 тоот орон сууцны 2014.03 дугаар сараас 2019.12 дугаар сарын СӨХ-ийн төлбөр болох нийт 999,880 төгрөгийг төлж барагдуулах” хэмээн тодорхойлсон гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт “...2019.02-р сараас 2020.03-р сарыг дуусталхи хугацааны зардалд 193,700 төгрөг, нийт 989,300 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ” хэмээн шүүх өөрийн үзэмжээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж нэхэмжлэгч оруулаагүй шаардлагыг оруулж тооцсон шүүгч нэхэмжлэгчийн эрхийг хэрэгжүүлсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хавтас хэргийн 5-6 хуудасны Банкны хуулга дээр төлбөрийн үлдэгдлийг 954,880 төгрөг хэмээн заасан хавтас хэргийн 7-12 хуудасны төлбөрийн дэлгэрэнгүй хуулга 968,800 төгрөг байхад баримтанд үндэслээгүй 989,300 төгрөгийг гаргаж ирсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй хэмээн иргэн би үзэж байна. Гомдлын үндэслэл хоёрдугаарт: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШ тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.2-т заасан “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” хэмээн иргэн би үзэж байгаа бөгөөд Давж заалдах журмаар гомдол гаргахдаа энэ талаар дурьдсан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.29-ний өдрийн 1179 дугаартай магадлалд энэ талаар огт дурьдаагүй, хэргийг бүхэлд нь хянах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтыг хүлээн авч, үнэлсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн 101/Ш32020/05489 дугаартай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй. “Б Т” СӨХ нь 2020.04.06-ний өдрийн 04 дугаартай нотлох баримт хүргүүлэх тухай албан тоотод “Айл өрхөөс мөнгө цуглуулсан эдгээр баримтыг нотариатаар батлуулах боломжгүй баримт тул хуулбарлан хүргүүлэв” хэмээн дурьдсан нь ИХШХШ тухай хуулийн 44-р зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасныг ноцтой зөрчсөн. Иймд шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэлээр хянан хэлэлцээд, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “Б Т” СӨХ нь хариуцагч Г.Аэд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 2014.03-2020.03 сар хүртэл хугацааны төлбөрт 999,880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...тус байрны 12 давхарт амьдардаг ба 2006 оноос хойш дээврээс байнга ус, дусаал гоождог бөгөөд дээврийн хэсгийг өөрийн зардлаар засварласан, мөн 2 удаа дотор засал хийсэн, уг зардлыг СӨХ-ноос гаргуулахаар баримтыг өгсөн боловч одоо болтол хариу өгөөгүй, 2019 онд СӨХ дээврийн засвар хийлгэхдээ 100,000 төгрөг авсан тул хасч тооцно гэж маргасан байна.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 989,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул залруулж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байна.

8. Нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэсэн хэм хэмжээг хоёр шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Г.Аийн хуулиар хүлээсэн үүргийг зөв дүгнэжээ.

9. Харин хариуцагч Г.А нь барилгын дээврийн хэсгийг өөрийн зардлаар зассан гэж баримт, нотолгоо гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 162,000 төгрөгийн зардал нь баримтаар тогтоогдож байна, зөвшөөрч байна гэж, 2019 онд өрх бүрээс дээврийн засварт 20,000 төгрөгийг авсан атлаа манайхаас 100,000 төгрөг авсан гэж нэхэмжлэгч маргасныг хариуцагч 80,000 төгрөг илүү авсан гэдгээ илэрхийлж тус тус мэтгэлцсэн байхад шүүх үүргийг харилцан тооцоогүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно.” гэж заасан. Талууд мэтгэлцсэн тул сөрөг нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамаарч, дээрх мөнгөн төлбөрийн үүргийг харилцан тооцох боломжтой болохыг шүүх анхаараагүй байна.

Иймд хариуцагчийн илүү төлсөн 80,000 төгрөг, 2019 оноос өмнө дээврийн засварт зарцуулсан 162,000 төгрөг нийт 242,000 төгрөгийг харилцан тооцож, /989,300-242,000/ шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Энэ агуулгаар хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангана.

10. Хариуцагч нь орон сууцны өмчлөгч буюу сууц өмчлөгч биш гэж, үүрэг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн асуудлаар тус тус маргаагүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4. дэх хэсэгт ”Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу дүгнэлт хийсэн, давж заалдах болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлаар дүгнэлт хийхгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

“Б Т” СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг тооцохдоо 2014 оны 3 сараас 2018 оны 12 сар хүртэл 1 сарын 13,360 төгрөгөөр,  2019 оны 01 сараас 2020 оны 3 сар хүртэл 1 сарын 15,000 төгрөгөөр тус тус тооцсон, нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр тодруулсан байх тул “нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, шүүх санаачлагаараа тогтоосон” гэх гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1179 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...989,300” гэснийг “...747,300” гэж, “...10.850” гэснийг “...252,580” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...28,293” гэснийг “22,485” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.23-ны өдөр төлсөн 28,294 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                             ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД