Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2021/01675/И |
Дугаар | 001/ХТ2022/00628 |
Огноо | 2022-05-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2022/00628
Г.Б, М.Энарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/02615 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00185 дугаар магадлалтай,
Г.Б, М.Э нарын нэхэмжлэлтэй
Б.Бд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 102,928,314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэмбэрэлийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Г.Б, М.Энар Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102,928,314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/02615 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б, М.Энарын хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 102 928 314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672 592 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00185 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/02615 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Баас 51,464,157 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Эд 23,277,197 төгрөг, Г.Бд 28,186,960 төгрөг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагас үлдэх хэсэг болох 51,474,157 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг үлдээж, хариуцагч Б.Баас 573,219 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Эд 274,335 төгрөг, Г.Бд 298,884 төгрөг тус тус олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 672,592 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэмбэрэл хяналтын гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116, 116.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. 116.3. Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг зөрчсөн 2. Давж заалдах шатны шүүх хуулийг илт зөрүүтэй хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172, 172.1, 172.2, 172.2.1-т заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянуулахаар дараах гомдлыг гаргаж байна. 1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгө гаргуулж олгохоор шийдвэрлэхдээ магадлалын тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 492, 492.1.1-т заасныг баримталж байна гэжээ. Анхан шатны шүүх хурлаар Иргэний хуулийн үндэслэлгүй хөрөнгөжих бусдын эд хөрөнгийг үндэслэлгүй олж авах буюу эзэмшсэнээс үүссэн маргаантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага хянан хэлэлцээгүй, бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан эзэмшсэн нөхцөл байдал огт тогтоогдоогүй, энэ тухай нэг ч нотлох баримтыг хянан хэлэлцэж дүгнээгүй тийм нотлох баримт байхгүй нэхэмжлэгч тийм нэхэмжлэл гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй болно. Энэ нь давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн үйл баримт, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, шаардлагаас халисан хэрэг маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх хуулийн зүйл, заалт зохицуулалтанд огт нийцэхгүй хуулийг илт зөрүүтэй хэрэглэсэн шийдвэр боллоо. Хэрэв анхнаасаа үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан эзэмшсэн гэж нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бол хариуцагч анхан шатны шүүхэд тухайн нэхэмжлэлийн эсрэг өөр тайлбар нотлох баримт гаргах байсан. Харин зээлийн гэрээний үүрэг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хянан хэлэлцэхэд зээлийн зориулалтаар мөнгө шилжүүлсэн нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан тайлбар, нотлох баримт, талуудын мэтгэлцээнд үндэслэн зээлийн зориулалтаар мөнгө шилжүүлсэн нь нотлогдоогүй тул зээлийн гэрээний үүрэг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байсан. 2. Мөн давж заалдах шатны шүүх магадлалын хянах хэсгийнхээ 1-т давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав, 5 болон 6-д зээлийн зориулалтаар мөнгө шилжүүлсэн нь тогтоогдохгүй, зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүрэг үүсгээгүй байна гэсэн мөртлөө нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд огт дурдагдаагүй, анхан шатны шүүхээр огт хянагдаагүй, хэлэлцэгдээгүй, нотлогдоогүй, болсон бодит байдал нөхцөлөөс огт зөрүүтэй зүйлээр /ИХ-ийн 492-р зүйл/ хариуцагчаас мөнгө гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг илт зөрүүтэй хэрэглэсэн байна. 3. Хэдийгээр шүүх талууд цахим арилжаанд оролцсоноо нотлоогүй байна гээд байгаа ч нэхэмжлэгч өөрсдөө уг мөнгийг Б.Бд цахим форекс арилжаанд оролцож ашиг олох зориулалтаар шилжүүлсэн гэдгээ анх шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа бичсэн, цагдаа прокурорын байгууллага мөн шалгаж тогтоогоод цахим арилжаанд зориулж мөнгө шилжүүлсэн нь эрүүгийн хэрэг биш иргэний шүүхээр шийдэх асуудал байна гэж нэхэмжлэгч нарт хариуг нь өгсөн байдаг. Цахим форекс арилжаа нь үр дүнг нь урьдчилан тааварлах боломжгүй эрсдэлээ өөрсдөө хариуцдаг тоглоом, мөрийний шинжийг агуулсан олон улсын цахим валютын биржийн арилжаанаас ашиг олох зорилготой үйл ажиллагаа юм. Уг нь ийм тохиолдолд нэхэмжлэгч хэрвээ энэ зориулалтаар шилжүүлсэн мөнгөө зээл гэж байгаа бол Иргэний хуулийн 486.1. Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй. 486.2. Тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үзнэ гэж зааснаар шаардах эрхээ алдана. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэг 102298314 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг хянан хэлэлцээд хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар. мэтгэлцээнээр нэхэмжлэлийн шаардлага нотлогдож тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байсан тул хуулийг зөрүүтэй хэрэглэсэн хууль ёсны бус үндэслэлгүй магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.3-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.04.08-ны өдрийн 001/ШХТ2022/00356 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгч Г.Б, М.Энар хариуцагч Б.Баас 102,928,314 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...Б.Б нь Форекс цахим арилжаа эрхэлдэг, мөнгө өсдөг, найдвартай байдаг, хөрөнгө оруулалт их байх тусам ашиг нь өндөр байдаг, мөнгийг чинь 2 нугалж өгсөж өгье гэж төрөл бүрийн мэдээ, график үзүүлж байгаад итгэл төрүүлсэн учраас ах дүү нараасаа мөнгө зээлж 2020.03.11-2020.05.03 хүртэл хугацаанд М.Энь 5,010 ам.доллар, 9,000,000 төгрөгийг, Г.Б нь 4000 ам.доллар, 16,788,000 төгрөгийг тус тус өгсөн. Мөнгөө өсгөх зорилгоор түүнд шилжүүлсэн боловч сүүлдээ олдохгүй, зугатсан. Цагдаагийн байгууллагаар шалгуулахад Б.Б нь мөнгийг өгнө гэдгээ зөвшөөрсөн...Мөнгө зээлдүүлбэл 2 нугалж өгнө гэсэн ашигтай санал тавьсны дагуу дээрх мөнгийг зээлдүүлсэн, иймд 2 нугалж шаардаж байна” гэжээ.
9. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч нар сайн дураараа арилжаанд оролцсон, техникийн мэдлэггүй бөгөөд хүсэлт тавьсны дагуу Б.Быг цахим арилжаа эрхлэхэд нь тусалж ажилласан, ашиг олох зорилгоор мөнгөө оруулсан гэдгээ нэхэмжлэгч нар зөвшөөрч байна, энэ төрлийн харилцаа эрсдэлтэй, ашиг алдагдлаа өөрсдөө хариуцдаг болохыг ойлгож зөвшөөрсөн, алдагдлаа өөрсдөө хариуцах үндэслэлтэй, ашиг олбол нугалж нэхээд алдагдал гарвал хариуцагчаас нэхэж байгааг зөвшөөрөхгүй” гэж маргажээ. /хх-45/
10. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь нотлогдоогүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын дагуу хариуцагч Б.Баас 51,464,157 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Эд 23,277,197 төгрөг, Г.Бд 28,186,960 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 51,474,157 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
11. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, хууль хэрэглээний асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулсан нь үндэслэлтэй болсон байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.
12. Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “зээлийн гэрээ” гэж үзсэн ч талуудад зээлийн гэрээ байгуулах зорилго, хүсэл зориг байсан нь нотлогдоогүй, харин нэхэмжлэгч М.Энь 5,010 ам.доллар, 9,000,000 төгрөгийг, Г.Б нь 4,000 ам.доллар, 16,788,000 төгрөгийг хариуцагч Б.Бд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан /хх 6-14/ буюу нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч талд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
13. Форекс автомат цахим харилцаа буюу валютын биржийн арилжаатай холбогдох үйл ажиллагаа нь виртуал хөрөнгийн нэг төрөл болох аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийн дижитал хэлбэрийг шилжүүлэх, арилжих арилжаанд хамаардаг байна. Уг арилжаа нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд үүсдэг гэрээний харилцаа бөгөөд хариуцагч Б.Б нь өөрийн дансаар бүртгэл хийлгэж, гадаад брокерийн байгууллагатай харилцаж, өөрийн нэрийн өмнөөс, нэхэмжлэгч нараас авсан мөнгөөр арилжаанд оролцсон, биржийн хэлцлийн нэг тал буюу харилцагч болох нь тогтоогдсон бол харин нэхэмжлэгч нар биржийн хэлцэлд оролцоогүй нь тус тус хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.
14. Иргэний хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д биржийн хэлцэл гэдгийг “Биржийн гүйлгээнд оруулах эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрх /эд хөрөнгө, үнэт цаас гэх мэт/-ээ харилцан шилжүүлэх тухай хэлцлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулж, биржид бүртгүүлнэ.” гэж хуульчилсан, гэхдээ Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.2-т “Тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан “Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй.” гэж зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, биржийн хэлцэл мөрийтэй тоглоомын шинжийг агуулсан бол шаардах эрхийг үүсгэхгүй бөгөөд нэхэмжлэгч нар хариуцагчид итгэж, мөнгөө өсгөх боломжтой гэсэн зорилго агуулснаас форекс цахим арилжаанд оролцсон гэх байдал баримтаар тогтоогдоогүй байна.
Харин хариуцагч нь форексийн арилжаа мөрийний шинжийг агуулсан, уг арилжаанд нэхэмжлэгч нар оролцсон гэдгийг нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.2-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.
15. Хэрэгт байгаа баримтаас үзвэл, нэхэмжлэгч нар мөнгөө өсгөх зорилготой, хариуцагчтай хэлцэл байгуулсан гэж байгаа боловч үүнийгээ нотлоогүй бөгөөд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримт нь зохигчийн хооронд зээлийн үүрэг үүсгэсэн болохыг нотлохгүй, харин хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан хууль зүйн үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу үүрэг үүссэн нь тогтоогдоогүй, иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчид шилжүүлсэн мөнгөө гаргуулахаар шаардах эрхтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн, анхан шатны шүүхийн хууль хэрэглээг залруулж чадсан байна.
16. Иймд нэхэмжлэгч нарын бодитоор шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр буюу хариуцагч Б.Баас 23,277,197 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эд, 28,186,960 төгрөгийг гаргуулж Г.Бд тус тус олгосон нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасныг зөрчөөгүй, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00185 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 573,219 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ