Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 324

 

Ё.П-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч нарыг оролцуулан хийж, Ё.П-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0306 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.5, 26 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын 2, 3 дугаар заалтыг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10084, 1/10083 дугаартай албан бичгийн 1 дүгээр хэсгийн Ё.П-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад Төрийн албаны зөвлөл, аймгуудын Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт залруулга албан бичиг явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0306 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Ё.П-ын гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай А/138 дугаар тушаалын 2, 3 дугаар заалтыг, мөн өдрийн Анхааруулга хүргүүлэх тухай 1/10083 дугаар албан бичгийн 1-ийн Ё.П-д холбогдох хэсгийг, мөн өдрийн Мэдээлэл хүргүүлэх тухай 1/10084 дүгээр албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ё.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2016 оны А/138 дугаар тушаалын 2, 3 дугаар заалт, мөн өдрийн Анхааруулга хүргүүлэх тухай 1/10083 дугаар албан бичгийн 1, мөн өдрийн Мэдээлэл хүргүүлэх тухай 1/10084 дугаартай албан бичиг нь бүхэлдээ миний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, цаашид төрийн албанд орж ажиллах эрхийг хууль бусаар хязгаарласан бөгөөд уг бичгүүд нь дотоод зохион байгуулалтын шинжийг агуулаагүй, төрийн захиргааны албан хаагч миний эрхийг ноцтой зөрчсөн үр дагавар үүсгэсэн тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн гэж үзэж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул магадлалыг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ё.П нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/138 дугаар тушаалын 2, 3 дахь заалт, 2016 оны 1/10083, 1/10084 тоот албан бичгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...тушаалын эдгээр заалт, албан бичгүүд нь миний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, цаашид төрийн албанд орж ажиллах эрхийг хууль бусаар хязгаарласан” гэж маргажээ.

Давж заалдах шатны шүүхийн, маргаан бүхий тушаалын 2,3 дахь заалт, албан бичгүүд нь захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж дүгнэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар “захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгч Ё.П нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” А/33 дугаар тушаалаар нэр бүхий 1307 сонгогчдын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр А/138 дугаар тушаал гарган, тушаалын 1 дэх заалтаар “илт хууль бус захиргааны акт гаргасан” гэсэн үндэслэлээр дээрх А/33 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч тушаалын энэ заалттай маргаагүй.

Хариуцагч нь дээрх А/138 дугаар тушаалын 2, 3 дахь заалтаар Ё.П-ын эрх мэдлээ хэтрүүлэн ноцтой зөрчил гаргасан талаар Төрийн албаны зөвлөлд мэдээлэх, мөн бүртгэлийн байгууллагын нийт ажилтан, албан хаагчдад мэдээлэн сэрэмжлүүлэхийг ажил хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгож, даалгасан нь байгууллагын дотогш чиглэсэн буюу өөрийн байгууллагын албан тушаалтанд үүрэг даалгавар хүлээлгэсэн агуулгатай байна.

Дээрх А/138 дугаар тушаалыг үндэслэн гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын “Анхааруулга хүргүүлэх тухай” 1/10083 тоот, “Мэдээлэл хүргүүлэх тухай” 1/10084 тоот албан бичгүүд нь хуульд заасан “захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй, тодруулбал, “Анхааруулга хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан алдаа зөрчлийг дахин давтан гаргахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах, сахилга хариуцлагыг чангатгаж ажиллахыг үүрэг болгосон, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох заалтыг зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авахыг анхааруулсан агуулгатай, мөн л байгууллагын дотогш чиглэсэн, дотоод зохион байгуулалтын шинжтэй байна.

Мөн Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн 1/10084 тоот албан бичигт “...Ё.П-ын гаргасан ...А/33 дугаар тушаалыг хянаад ...хүчингүй болгов. Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга Ё.П нь ... Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын Б/36 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба ...цаашид төрийн албанд ажиллуулах боломжгүйг уламжлая” гэжээ.

Уг албан бичиг нь нэхэмжлэгчийн гаргасан хууль бус тушаалыг хүчингүй болгосон, нэхэмжлэгч нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болон цаашид төрийн албанд ажиллуулах боломжгүй болохыг уламжилсан байх бөгөөд гаргасан шийдвэрийнхээ талаар Төрийн албаны зөвлөлд мэдээлсэн нь захиргааны актын шинжийг агуулахгүй, үр дагаварт хүргэх боломжгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн, дээрх албан бичигт дурдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын Б/36 дугаар тушаалтай нэхэмжлэгч Ё.П марган, хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0205 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор түүнийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, 1/10084 тоот албан бичиг захиргааны актын шинжийг агуулахгүй тул Төрийн албаны зөвлөл нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах эрхийг хязгаарлах үр дагавар бий болгох боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0306 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                          ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА