Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 237

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяннэмэх, хохирогч, иргэний хариуцагч Б.Б, Ч.О, П.У нарын өмгөөлөгч Т.Оюунчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, 201315000290 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Г-ын Д.Б-аас 69,240,000 төгрөг, П.У-ээс 20,850,000 төгрөг, Ч.О-ээс 38,600,000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Г-ыг Д.Б-аас 6,660,000 төгрөг, П.Б-аас 47,650,000 төгрөг, Ч.Г-ээс 9,500,000 төгрөг, Б.Г-аас 18,000,000 төгрөг, С.Э-аас 51,341,500 төгрөг, П.А-аас 30,000,000 төгрөг, А.Г-оос 24,300,000 төгрөг, Ю.А-аас 15,000,000 төгрөг, Ж.Д-ээс 2,000,000 төгрөг, нийт 204,451,500 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Б.Г-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Г гаргасан гомдолдоо “Өөрийгөө бусдыг санаатай залилсан гэж үздэггүй. Энэ хэргийн хохирогч гэх хүмүүстэй харилцан тохиролцож тухайн үед гарч байсан “зээл хаах үйлчилгээ”-г хамтран явуулж, тэднийг зээл хүссэн хүмүүстэй холбон зуучлах ажлыг хийж байсан. Энэ ажлыг хийж байх хугацаанд зээл авсан зарим хүмүүс хугацаа хэтрүүлэх тохиолдол гардаг байхад мөнгө гаргадаг хүмүүс үүнийг үл тоож,  хатуу тооцож байсан учраас хоногийн хүүний алданги хийсээр бизнесийн их хэмжээний алдагдалд орсон болохоос залилан мэхэлж өөртөө авсан зүйл огт байхгүй. Анх 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа, хяналтын шатны шүүхээр 1 удаа тус тус орсон. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, хохирогч нараас авсан мөнгийг юунд зарцуулсан болохыг тогтоогоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч гэх хүмүүстэй 7-8 жил гаруй хамт ажиллаж байх хугацаанд энэ гэмт хэрэгт холбогдсон байхад гэмт хэрэг үйлдэгдсэн газар тодорхойгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн өөрийн ажил хөдөлмөрөөрөө амьдарч ирсэн байтал залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон мэтээр дүгнэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн байна. Намайг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар татсанаас хойш 5 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байхад давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар татсан гэж үзэж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2, 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Анхан шатны шүүх Б.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч бусдыг залилсан үйлдэл нь 2012 оны 12 дугаар сард болж байсан ба 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр прокурорын тогтоолоор яллагдагчаар татжээ” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлалгүй Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Г- нь 2010 оноос 2012 оны 12 дугаар сарын 06-ны хооронд бусдыг залилсан гэмт хэрэгт холбогдож, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр прокурорын тогтоолоор яллагдагчаар татагдсан байхад давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 07 дугаар сараас эхлэн шалгасан мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Мөн гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй гэж үзэхэд хүргэж байна. Б.Г- нь Өвөрхангай аймгийн  Арвайхээр сумын нутаг “Түшиг” худалдааны төвд лангуу түрээслэн хүнсний худалдаа эрхэлж байхдаа хамт худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүстэй хамтран “Зээл хаах үйлчилгээ” гэх үйл ажиллагааг 2010 оноос 2012 оны хооронд явуулж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байтал давж заалдах шатны шүүх уг баримтыг үнэлээгүй.

Түүнчлэн Б.Г-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой гэсэн агуулгатай дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхийг тулгаж байгаа нь ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ зөвхөн яллах талын нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хуулийг яллах талд ашигтайгаар тайлбарласан бөгөөд прокурорт яллах дүгнэлтийг хэрхэн үйлдэх талаар зөвлөсөн нь хууль бус гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунжаргал хэлсэн саналдаа “Б.Г-т холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Б.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин давж заалдах шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан зөрчлүүд нь хэргийг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх хэмжээний ноцтой зөрчил биш байна. Хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг анхан шатны шүүх зөв тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн тохиолдолд энэ хэрэг прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болж, хохирогч нарын хохирлын асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэх, тэдний эрх ноцтой зөрчигдөх нөхцөл байдал бий болж болзошгүй байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь 2012 оны 02 дугаар сараас 10 дугаар сарын хооронд Д.Б-аас 6,660,000 төгрөг, П.Б-аас 47,650,000 төгрөг, Ч.Г-ээс 9,500,000 төгрөг, Б.Г-аас 18,000,000 төгрөг, С.Э-аас 51,341,500 төгрөг, П.А-аас 30,000,000 төгрөг, А.Г-оос 24,300,000 төгрөг, Ю.А-аас 15,000,000 төгрөг, Ж.Д-ээс 2,000,000 төгрөг, нийт 204,451,500 төгрөгийг бусдаас хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулж залилсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэнээс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно хэмээн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолохоор зохицуулсан байсныг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчлөн найруулсан байтал давж заалдах шатны шүүх хүчингүй болсон заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болно. 

Иймд шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан “магадлалыг хүчингүй болгох” тухай гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН