Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 143/2021/00199/И |
Дугаар | 001/ХТ2022/00659 |
Огноо | 2022-05-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2022/00659
“Г Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2021/00305 дугаар шийдвэр,
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 203/МА2022/00003 дугаар магадлалтай,
“Г Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Г Ө” ХХК, А.Н, Б.А, Д.Э, Х.Бнарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,460,492,437.44 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон батлан даагчийн хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайханы гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан, Б.Билгүүн, хариуцагч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Г Б” ХХК нь “Г Ө” ХХК, А.Н, Б.А, Д.Э, Х.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,640,492,437.44 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон батлан даагчийн хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2021/00305 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г Ө” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 3 460 492 437.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Н, Б.А, Х.Буяндэлгэр, Д.Э нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Нт холбогдох батлан даалтын гэрээгээр батлан даасан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 17 671 012.19 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 203/МА2022/00003 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2021/00305 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн:
1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар “Г Ө” ХХК-иас 2,907,713.415.6 төгрөг гаргуулж “Г Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 552,779,022 төгрөгийг, Б.А, Д.Э, А.Ирмүүн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,
“2” ба “3” дахь заалтыг нэгтэн “2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Г Ө” ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд ЗБ5205112817-1 дугаартай ипотекийн гэрээнд заасан Б.Аын өмчлөлийн Ү-1105002288 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 2-р баг хүнсний 3-р дэлгүүрийн хашаанд байршилтай, 119 м2 талбайтай хувийн сууц,
Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 2-р баг хүнсний 3-р дэлгүүрийн баруун тал, 282.39 м2 талбайтай хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө,
Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 2-р баг нийтийн халуун усны баруун тал, 510 м2 талбайтай дэлгүүр, агуулахын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг,
ЗБ5205112817-2 дугаартай ипотекийн гэрээнд заасан Х.Буяндэлгэрийн өмчлөлийн Г-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 1-р баг Шат 4-4 тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газрыг,
ЗБ5205112817-3 дугаартай ипотекийн гэрээнд заасан Д.Эийн өмчлөлийн Г-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 1-р баг Шат 4-2 тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газрыг,
ЗБ5205112817-4 дугаартай ипотекийн гэрээнд заасан А.Ирмүүний өмчлөлийн Г-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 1-р баг Шат 3-2 тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газрыг,
ЗБ5205112817-5 дугаартай ипотекийн гэрээнд заасан “Г Ө” ХХК-ний Ү-1105004532 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг Далан Түмэн дэлгүүрийн урд хаягтай, 5174.84 м2 талбайтай, орон сууц үйлчилгээний зориулалттай /2,543,171,592 төгрөгөөр үнэлсэн, 80% гүйцэтгэлтэй/ үл хөдлөх хөрөнгийг,
БГ5205112817-1 дугаартай барьцааны гэрээнд заасан “Г Ө” ХХК-ний эзэмшлийн 0000000000 нэгж талбарын дугаартай, Өмнөговь аймаг Даланзадгад сум Хаш дэлгүүрийн хойд талд байршилтай, 426.2 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, 0000000000 нэгж талбарын дугаартай мөн хаягт байршилтай, 578.3 м2 талбайтай эзэмших эрхтэй газар, 4608007314 нэгж талбарын дугаартай, мөн хаягт байршилтай, 455.4 м2 талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус худалдан борлуулж үнийн дүнгээс,
БДГ5205112817-1 дугаартай батлан даалтын гэрээгээр А.Нийн харилцах батлан даагчийн харилцах дансаас,
БГ5205112817-2 дугаартай барьцааны гэрээнд заасан А.Нийн өмчлөлийн 11-91 ӨМӨ улсын дугаартай, 1С4RJРFG3СС123344 арлын дугаартай, 2011 онд үйлдвэрлэсэн “Jeep Grand Cherokee” автомашиныг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар захиран зарцуулах эрхтэйгээр нэхэмжлэгчид шилжүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр газарт даалгасугай” гэж,
“4” гэх заалтын дугаарыг “3” болгож, “3. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,671,012 төгрөгөөс 17,460,412 төгрөгийг орон нутгийн тсөвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,696,517 төгрөг, “Голомт” банк дахь МТА-ы 1165117377 дугаар данснаас 210600 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт” банкинд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Голомт” банкнаас давж заалдах гомдол гаргахдаа “Голомт” банк дахь МТА-ы 1165117377 дугаар дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,671,012 төгрөгөөс 2,763,895 төгрөгийг хэвээр үлдээж, 14,907,117 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан хяналтын гомдолдоо: ...Магадлалын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Магадлалын хянах хэсэгт: Шүүгч “...хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, тайлбараа нотолж ирүүлсэн зээлийн тооцоо гэх баримт, нэхэмжлэгч банкнаас гаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг харьцуулж үнэлбэл зээлийн тооцооны баримтууд нь дүнгийн хувьд хоорондоо зөрүүгүй байх тул дээрх нотлох баримтуудыг магадлалын үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх боломжтой. ...Талууд үндсэн зээл 2,995,171,000.00 төгрөгөөс 273,410,905.80 төгрөгийг голж 2,721,760,094.20 төгрөг төлөгдөөгүй гэх дүнгийн талаар маргаагүй. Зээлийн хүүгийн оронд нэхэмжилсэн 728,578.850.31 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч нь ямар хугацааны, хэрхэн бодогдсон хүү болохыг эргэн төлөлтийн хуваарьт үндэслэн тооцох боломжгүй боловч” /магадлалын 8-р нүүр/ гэж үзсэн. “...Зээлдэгчийн дансанд 2021.02.25, 3 сарын 02 болон 04 өдрүүдэд орлогоор хийгдсэн нийт 542,625,528.82 төгрөгийн гүйлгээнээс 127,862.100 төгрөгийг төлөгдөөгүй үндсэн зээл 2,721,760,094.20 төгрөгөөс хасаж, үлдэх 414,763,428.82 төгрөгийг нэхэмжилж буй хүү 728,578,850.31-өөс хасаж үлдэх 313.815,421.49 төгрөгийг зээлийн хүүд тус тус тооцож нийт 2,907,713,415 төгрөгийн дүнгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх 552,779.022 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн” /магадлалын 9-р нүүр/. Дээрх давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн магадлалыг холбогдох хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хассан дүн болох хариуцагчийн 2020.02.19-с хойш төлсөн нийт дүн 542,625,528.82 төгрөгийг гүйлгээнээс 273,341,100 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр, үлдэх 269,284,428.82 төгрөгийн зээлийн хүү төлбөрөөс хасагдсан нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулгаас харагдана. Банк дээрх төлбөр төлөгдсөний дараа 2021.05.25-ны өдрийн зээлийн үлдэгдлийн дүнгээр нэхэмжлэл гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх 542,625,528.82 төгрөгийн төлбөрийг хянах хэсэгтээ нотлох баримтуудыг харьцуулан дүнгийн хувьд хоорондоо зөрүүгүйг нотолсон атлаа нэхэмжлэлийн шаардлагаас дахин хасч шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн шинжлэн судалж хэргийг шийдвэрлээгүйн дээр нэхэмжлэлийн шаардлагаас дүн хасч байгаа үндэслэлээ Иргэний хуулийн 451.1-ийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дахь хэсэгтэй нийцнэ гэж үзэж байгаа нь ойлгомжгүй буюу ИХШХШ тухай хуулийн 172.2.1-т заасан шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Иймд ИХШХШ тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д зааснаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.05.06-ны өдрийн 001/ШХТ2022/00462 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нь хэргийг хяналтын журмаар хэлэлцэх үндэслэл болжээ.
8. Нэхэмжлэгч “Г Б” ХХК, хариуцагч “Г Ө” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 3,640,492,437 төгрөгийг гаргуулах, хариуцагч Б.А, Д.Э, Х.Буяндэлгэр, “Г Ө” ХХК, А.Н нарт холбогдуулан барьцааны гэрээний үүргийг буюу барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулах, хариуцагч А.Нт холбогдуулан батлан даалтын гэрээний үүргийг, батлан даасан хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг тус тус гаргажээ. /Хэргийн 01, 129-130 дугаар хуудас/
Хариуцагч “Г Ө” ХХК нь гүйцэтгэх үүргийн хэмжээ, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах зарим шаардлагын талаар маргаж, үндсэн зээлд 2,593,897,994.20 төгрөг, хүүнд 313,815,421.49 төгрөг нийт 2,907,713,415.69 төгрөг төлнө, үлдэх хэсгийг төлөхгүй, ЗБ5205112817-5 тоот ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, бусад ипотекийн болон барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх тайлбарыг гаргасан, хариуцагч Б.А, Д.Э, Х.Буяндэлгэр, А.Н нар нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар үүрэг хүлээгээгүй гэж тус тус маргасан байна.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын үүргийг дүгнэж, анхан шатны шүүхийн алдааг залруулсан нь зөв боловч зээлдэгчийн биелүүлэх үүргийн хэмжээг үндэслэлтэй тодорхойлж чадаагүйг зөвтгөж, магадлалд өөрчлөлт оруулна. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан, үүрэг үүссэн, гэрээ хэрэгжсэн байхад анхан шатны шүүх зээлдэгчийн үүргийн зөрчлийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
10. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “Г Б” ХХК, “Г Ө” ХХК-ийн байгуулсан 2019.12.19-ний өдрийн зээлийн гэрээ нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, зээл буцаан төлөх хуваарийг өөрчилж уг гэрээнд 2019.04.05, 2020.06.20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, гэрээний үүргийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 166 дугаар зүйлийн 166.1,166.2-т нийцсэн байна. Б.А нь өөрийн өмчлөлийн хувийн сууц, хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, дэлгүүр, агуулахын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг, Х.Бнь өмчлөлийн газраа, Д.Э нь өмчлөлийн газраа, “Г Ө” ХХК өмчлөлийн 5174.84 м2 талбайтай, орон сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, эзэмших эрхтэй 3 газар, А.Н нь батлан даалтын гэрээ байгуулахдаа өөрийн өмчлөлийн 2011 онд үйлдвэрлэсэн Jeep Grand Cherokee автомашиныг тус тус барьцаалжээ.
11. “Г Б” ХХК нь зээлийн гэрээний дагуу 3,000,000,000 төгрөгийг “Г Ө” ХХК-д шилжүүлэх үүрэгтэй боловч 2,995,171,000,0 төгрөгийг 18 удаагийн гүйлгээгээр хэсэгчлэн шилжүүлж /хэргийн 60,61 дүгээр хуудас/, 4,829,000 төгрөгийг дутуу олгосон, зээлдэгч “Г Ө” ХХК 2019.05.05-2021.05.05-ны хооронд 916,556,600 төгрөгийг төлснөөс 273,410,905 төгрөгийг үндсэн зээлд, 634,522,000.0 төгрөгийг зээлийн хүүд, 8,623,632 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон, үндсэн зээл 2,995,171,000 төгрөгөөс 273,410,905 төгрөгийг төлж 2,721,760.094 төгрөг төлөгдөөгүй талаар зохигч маргаагүй байна.
12. 2019.04.05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Г Бны Өмнөговь салбар 3,000,000,000 төгрөгийг, сарын 2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч “Г Ө” ХХК нь зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохирсон, 2019.04.05, 2020.06.20-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж уг гэрээний салшгүй хэсэг болох график буюу гэрээний хавсралтаар хариуцагч “Г Ө” ХХК-ийн биелүүлэх үүргийн хэмжээ тодорхойлогдсон байна. Гэрээний хавсралтад зээлдэгчийн үүргийг 3,000,000,000 төгрөгөөс тооцож сар бүр төлөх зээлийн хэмжээг тодорхойлсон хэдий ч уг хавсралтаар сар бүр төлөлт хийх, зээлийн хүү сарын 2 хувь байх гэрээний нөхцөл тодорхой тул банкны шилжүүлсэн зээлийн хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлох боломжтой байхад давж заалдах шатны шүүх “зээлийг буцааж төлөх график тодорхой бус бөгөөд хэрэгжээгүй, гэрээний хавсралт бодит байдалд нийцээгүй, зээлийн хүүг хэрхэн хэзээнээс тооцох нь ойлгомжгүй, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
13. Тухайн үед үйлчилж байсан 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно”, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж заасан тул банкны зүгээс мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, ялимгүй зөрчсөн нь зээлдэгч ашигласан зээлийн хүүг төлөхгүй байх, эсвэл үүргийг багасгах үндэслэл болохгүй юм.
14.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан. Хариуцагч “Г Ө” ХХК нь гэрээ болон хуулийн дээрх зохицуулалтын дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой байна. Гэрээний хугацаа 2021.04.05-ны өдөр дууссан ба банк 2021.05.25-ны өдрөөр үүргийг тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Банкны зүгээс шүүхэд гаргаж өгсөн “хүү тооцооллын хүснэгт” /хх-61,62,161/ баримтаар олгосон зээлийн хэмжээ, он сар өдөр, төлөх хүүгийн хэмжээ, зээлдэгчийн төлөлтийг зээлийг хэсэгчлэн олгосон өдрөөс 2021.05.25 хүртэл тооцоолж гаргасан ба энэ тооцоолол нь гэрээний нөхцөлд нийцсэн, хариуцагч “Г Ө” ХХК нь үндсэн зээлд 2,721,760,094 төгрөг, зээлийн хүүд 728,578,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,153,492 төгрөг нийт 3,460,492,437 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогджээ.
Энэ үндэслэлээс гадна давж заалдах шатны шүүх хариуцагч бус этгээд буюу А.Ирмүүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-т нийцээгүй тул залруулж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
БДГ5205112817-1 тоот батлан даалтын гэрээнд батлан даагч А.Н нь зээлдэгч “Г Ө” ХХК-ийн үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран хариуцах бус нөхөх хариуцлагыг хүлээжээ. Гэвч давж заалдах шатны шүүх батлан даалтын гэрээний үүргээс батлан даалтын хөрөнгөөс үүргийг хангуулсанд хариуцагч буюу батлан даагч А.Н гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд шийдлийг хэвээр үлдээнэ. Харин үүрэг гүйцэтгэгч “Г Ө” ХХК үүргээ гүйцэтгэх, гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээс хангуулах, үүрэг үлдвэл батлан даагчаас гаргуулах үүргийн зарчмыг шийдвэр гүйцэтгэх байгууллага баримтлах үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 203/МА2022/00003 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...2,907,713,415.6” гэснийг “...3,460,492,437” гэж, “нэхэмжлэлээс үлдэх 552,779,022 төгрөгийг”, ...”А.Ирмүүн” гэснийг тус тус хасч, “...хариуцагчаас 14,696,517 төгрөг” гэснийг “хариуцагч “Г Ө” ХХК-иас 17,460,412 төгрөг” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 2,921,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН