Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2022/00682

 

Х.Жийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2020/00150 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1369 дүгээр магадлалтай,

Х.Жийн нэхэмжлэлтэй

Н.Ад холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал 4,630,705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж, хариуцагч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Х.Ж нь Н.Ад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал 4,630,705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2020/00150 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Мөр Нямдаваагийн Н.Агаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал 4,040,099 /дөрвөн сая дөчин мянга ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш Х-ны Х.Жэд олгож, нэхэмжлэлээс 590,606 /таван зуун ерэн мянга зургаан зуун зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Х.Ж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.Агаас улсын тэмдэгтийн хураамж 79,591.58 /далан есөн мянга таван зуун ерэн нэгэн төгрөг, тавин найман мөнгө/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1369 дүгээр магадлалаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2020/00150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ...эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана”, мөн хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй тал бүрээс нь үнэлнэ” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 2019/шцт/321 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад нэхэмжлэгчийг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсаар байтал шүүх үүнийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн. Үүнд: 1. Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Н.Агийн эрүүгийн хэргийн шүүх хурлын хохиролд өгсөн мөнгөөр “тэргэнцэр, тохойн таяг, хөлний чиг, бүс, хөтөвч зэрэг” 7,300,00 төгрөг/хх-8/авсан хэмээн мэдүүлсэн, 2. Нэхэмжлэгч 2019.11.06-ны өдрийн 2019/шцт/321 дугаар шийтгэх тогтоол гарахын өмнө 2019.11.05-ны өдөр /хх-6/ “Монос энканто” ХХК-иас 591,050 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн, 3. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулиар олгогдсон эрхийн хүрээнд 2,100,000 төгрөг, зайлшгүй гарах шатахууны зардалтай нийт 2,500,000 төгрөг төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжийг мэдүүлсэн боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Иймд шүүх хэрэгт авагдсан бодит баримтын хэмжээнд хохирлыг тооцохоор байхад диспозитив зарчимд нийцүүлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 490,997 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн маргаангүй хэмээн нотлох баримтыг шууд үнэлж хохирлыг гаргаж байгааг, 4. 2005.05.05-ны өдрийн Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын “дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 7а-д “...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж хөлсөөр тооцно” гэж заасан байхад шүүх сарын цалин 546,286 төгрөг хэмээн шууд үзэж нэхэмжлэгчийн цалинг зэргийг тус тус гаргаж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулсан 4,040,099 төгрөгөөс 1,812,047 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч Х.Ж, хариуцагч Н.Агаас эрүүл мэндэд учруулсан хохирол 4,630,705 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс эмчилгээний зардал 1,500,000 төгрөг, шатахууны зардал 415,000 төгрөг, дэлгүүрээс худалдан авсан барааны үнэ 75,997 төгрөг, 3 сарын цалингийн зөрүү 600,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй маргасан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 4,040,099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна. Хуулийн эдгээр зохицуулалт нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

9. Н.А нь 2019.06.24-ний өглөө 7 цагийн орчимд Төв аймгийн Зуун мод сумын 4 дүгээр багийн нутагт Налайх дүүргээс Зуунмод явах чиглэлд 89-25 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас Х.Ж, Б.Даваасүрэн нарын биед хүнд, Т.Үүрцайхын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болохыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, хариуцагч гэм буруутай  болох нь маргаангүй байна. /хх.5-18/

10. Нэхэмжлэгч нь ЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн дэд станцын ээлжийн  монтёроор үргэлжлүүлэн ажиллах боломжтой байсан боловч хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж групп тогтоолгосон, шүүх авах байсан цалин 546,286 төгрөгөөс хөдөлмөрийн чадвар алдасны тэтгэвэр 174,000 төгрөгийг хасч, 2019 оны 11,12, 2020 оны 1 сарын цалингийн зөрүү 1,116,858 төгрөг,  эмчилгээний зардал 2,432,244 төгрөгийг хариуцагчаас гаргуулахдаа хэрэгт байгаа баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

11. Хөдөлмөрийн гэрээг 2019.10.30-ны өдөр цуцалсанд хариуцагчийн буруутай үйлдэл буюу нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэсэн үйлдэл нөлөөлсөн, нэхэмжлэгч нь цалингийн зөрүү хэмжээгээр хохирч байгаа тул хариуцагчаас хөдөлмөрийн хөлсний зөрүүг гаргуулсан шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2020/00150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1369 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,943 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД