Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 247

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 326 дугаар магадлалтай, 1711004090123 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 8 сар хорих ял шийтгүүлснийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 12 дугаар захирамжаар 2015 оны 11 дүгээр 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, И овогт Б-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.М-ийг нууцаар, хууль бусаар, хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М гаргасан гомдолдоо “Миний бие Налайх, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд хулгайн гэмт хэргээр шалгагдаж байсан нь үнэн бөгөөд эдгээр хэргүүдийг нэгтгэж Нийслэлийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Чинбат шалгаж байна. Уг хулгайн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүргийн шүүхээр хэргийг хянан хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэж шалгуулах хүсэлтэй байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан түүнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтад байгаа эсэхийг тодруулахад Нийслэлийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгч Т.Чинбат мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа эрүүгийн 201401080443 дугаартай хэрэгт Б.М-ийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр прокурорын тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна. Энэ хэрэг нь Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцсан, одоо мөрдөн байцаалтад байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн ялыг нэмж нэгтгэх хууль зүйн боломжгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдал хүндрэхээр байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.М нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зарчмын дагуу шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, тухайн хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 34-525 тоотод оршин суух Б.Сайнзаяагийн өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Сони” загварын 40 инчийн зурагт, “Фужицу” загварын зөөврийн компьютер хулгайлж нийт 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, анхан шатны шүүхээс Б.М-д хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.М-эд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүйгээс гадна зөвхөн шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгодог тул шүүгдэгчийн гаргасан “Налайх, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд шалгагдаж буй хулгайн гэмт хэрэгт энэ хэргийг нэгтгэн шалгуулах” тухай гомдлын дагуу хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 326 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН