Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/01713

 

                                       

 

 

 

 

 

 

 

       2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/01713

               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: УСХХКомпанийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: УПХХКомпанид холбогдох,

 

632 610 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Согоосүрэн, өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Э.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч УСХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани Баянгол дүүргийн 6 дугаар хороо Чингүнжавын гудамж 50/1 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн Y-2205018404 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон 1944 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгч юм. Манай өмчлөлийн барилгын баруун залгаа УПХХКомпанийн өмчлөлийн барилга байдаг. Гэтэл 2012 онд УПХХКомпани манай барилгын ханыг цөмлөн өөрсдийн хэрэгцээнд ашиглагдах ариун цэврийн өрөөг манай өмчлөлийн талбайд хийсэн, хэтрүүлэн барьсан ариун цэврийн өрөө нь 252 м.кв талбайг эзэлж байна. Бусдын өмчлөлийн хөрөнгийг дур мэдэн эвдсэн, ашигласан энэ үйлдэл нь хууль зөрчиж байна. Бид өөрсдийн өмчлөлийн барилгаа засаж тохижуулан ашиглахад УПХХКомпанийн барьсан ариун цэврийн өрөөний баригдсан хэсэг саад болж байна. УПХХКомпани зөвшөөрөлгүй манай өмчлөлийн барилгад ариун цэврийн өрөө барьснаар манай компанид хохирол хүлээлгэж 7 жилийн хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байна. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын 1 м.кв талбайн сарын түрээс дунджаар 30 000 төгрөг байдаг. Зөвшөөрөлгүй барьсан ариун цэврийн өрөөний 252 м.кв талбайгаар тооцон үзэхэд 2012 оноос 2019 он хүртэл 7 жилийн хугацаанд 635 040 000 төгрөг болж байна. Иймд УСХХКомпанийн өмч болох  Баянгол дүүргийн 6 дугаар хороо Чингүнжавын гудамж 50/1 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн Y-2205018404 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон 1944 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгад зөвшөөрөлгүй ариун цэврийн өрөө барьсны хохирол 635 040 000 төгрөгийг У ПХХКомпаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:УСХХК нь Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжав гудамж, 50/1 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн Ү-2205018404 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон 1944 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгч юм. УСХХК-ийн өмчлөлийн барилгын баруун талд У ПХХК өмчлөлийн барилга байдаг. Гэтэл 2012 онд У ПХХК-ийн барилгын ханыг цөмлөн өөрсдийн хэрэглээнд ашиглах ариун цэврийн өрөөг УСХХК-ийн өмчлөлийн барилгын талбайд хийсэн. Энэхүү үйлдэл нь өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар удаа дараа албан бичиг болон мэйлээр У ПХХК-д хүргүүлэхэд шаардлагыг хүлээн аваагүй одоог хүртэл зөрчлөө арилгахгүй байна. Хэтрүүлэн барьсан ариун цэврийн өрөө нь шинжээчийн дүгнэлтээр 288 м.кв талбайг эзэлж байна. Бусдын өмчлөлийн хөрөнгийг дур мэдэн эвдсэн, ашигласан энэхүү үйлдэл нь хууль зөрчиж байна. Бид өөрсдийн өмчлөлийн барилгаа засаж тохижуулан ашиглахад У ПХХК-ийн барьсан ариун цэврийн өрөөний баригдсан хэсэг саад болж байгаа болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, мөн хуулийн 495 дугаар зүйлийн  495.1-д “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг. У ПХХК зөвшөөрөлгүй манай өмчлөлийн барилгад ариун цэврийн өрөө барьж төлбөртэй ашиглуулснаар манай компанид ихээхэн хохирол хүлээлгэж байна. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу ашиглах тохиолдолд УСХХК-д түрээсийн төлбөр төлөх ёстой байсан бөгөөд ямар нэгэн байдлаар эд хөрөнгийг ашиглаж байгаагийн түрээсийн төлбөрийг төлөөгүй хууль бусаар 2012 оноос 2020 оны 04 дүгээр сар хүртэл ашигласаар байдаг ба үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байна. Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний барилгын 1 м.кв талбайн сарын түрээс дунджаар 20 000 төгрөг байхаар тооцон гаргаж байна. Зөвшөөрөлгүй барьсан ариун цэврийн өрөөний 288 м.кв талбайгаар тооцон үзэхэд 2012 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл 8 жил 3 сарын хугацаанд нийт 570 240 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.3-д “Эрх бүхий этгээдийн эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр захиран зарцуулсан бол түүнээс олсон орлогыг эрх бүхий этгээдэд учирсан хохирлыг тооцно хэмээн заасан. Тиймээс У ПХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан ариун цэврийн өрөө төлбөртэй бөгөөд өдөрт 21 000 төгрөгийн орлого олсон хэмээн тооцон үзэхэд 2012 оны 01 сараас 2020 оны 04 сар хүртэл 8 жил 3 сарын хугацаанд нийт 62 370 000 төгрөг болж байх тул хохиролд тооцож байна. Иймд УСХХК-ийн өмч болох Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжав гудамж, 50/1 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн Ү-2205018404 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон 1944 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгад зөвшөөрөлгүй ариун цэврийн өрөө барьсан, орлого олсны улмаас учирсан хохирол 632 610 000 төгрөгийг У ПХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч У ПХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа: УСХХКомпани нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж 50/1 тоот хаягт байршилтай Спорт цогцолборын хөнгөн атлетикийн манежийн дуусаагүй барилга буюу У Пцогцолборыг бүхэлд нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн өмч хувьчлах комиссын шийдвэрийн дагуу 2013 онд өмч хувьчлалаар худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 онд авсан. У Пцогцолбор нь 2013 он хүртэл буюу өмч хувьчлал явагдах хүртэлх хугацаанд Нийслэлийн өмч байсан тул 2003 оны 7 дугаар сарын 03-ны өдөр түүний зарим хэсгийг хувь хүн хувьцааг нь 100 хувь эзэмшдэг компанийн өмч болгон бүртгэж 0088603 дугаартай гэрчилгээ олгож бүртгэсэн болон энэхүү хууль бус бүртгэлийг үндэслэн хийгдсэн бусад бүртгэл, УСХХКомпанид 2016 онд олгосон 000459489 дугаартай гэрчилгээ олгосон бүртгэл нь тус тус хууль бус бүртгэл болсон. Уг асуудлаар У ПХХКомпани нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх хөрөнгийн одоогийн бүртгэлийг хүчингүй болгуулах, У ПХХКомпанид үл хөдлөх хөрөнгийг бүртгэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэл гаргасны дагуу улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга буюу ерөнхий бүртгэгчийг хариуцагчаар татан захиргааны хэргийн шүүхээс хэрэг үүсгэн хянагдаж байна. Мөн  УСХХКомпанийн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийн оршин буй газрыг олгосон, шилжүүлсэн, сунгасан Нийслэлийн Засаг даргын 4 захирамжийг хүчингүй болгуулах, У ПХХКомпанийн эзэмшил газар болохыг газрын кадастрын санд зөвтгөж оруулах нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд У ПХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээд байна. Иймд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: УСХХК нь 2016 онд энэхүү өмчийг шилжүүлэн авсан бөгөөд 2017, 2018, 2019 онд ийм их хэмжээний мөнгийг бид ариун цэврийн өрөөнөөс хураамж төлбөр авч ашиг олох боломжгүй, огт үндэслэлгүй тооцоо гарган нэхэмжилжээ. Манай компани нь үзвэр үйлчилгээ, ваар караоке, худалдаа зэргээр үйлчлэх үйлчилгээний байгууллага бөгөөд үйлчилгээний газарт мөрдөх стандарт шаардлагад нийцүүлэн улсын мэргэжлийн комиссын шалгалт хяналтан дор үйлчилгээ явуулах ажлын байрны дүгнэлт, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог журамтай. Олон нийтэд үйлчлэх үйлчилгээний газар зайлшгүй ариун цэврийн өрөөтэй байх стандарт шаардлага тавигддаг бөгөөд уг шаардлагыг хангаагүй тохиолдолд үйлчилгээ эрхлэх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл болон тусгай зөвшөөрлийг олгодоггүй журамтай. Иймд манай компани нь үйлчилгээний газар мөрдөх стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн өрөөтэй байх нэн шаардлагатай, мөн үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй, 2014 оны НИХТ-ын 07 тоот тогтоолоор үзвэр болон үйлчилгээний газруудад дагаж мөрдөх нийтлэг журам гаргаж баталсан байдаг. Энэхүү журамд үзвэр үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөнөөс хураамж төлбөр авахыг хориглосон байдаг. Энэ журмын дагуу У ПХХК нь журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2014 онд гаргасан тогтоол, нийтлэг журам гаргахаас өмнө нь ариун цэврийн өрөөг үнэ төлбөр, хураамж авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. У ПХХК нь 2000 онд байгуулагдан 2000-2001 онд 1200 хүний багтаамжтай диско клуб, 3059 хүний суудалтай концертын их танхим байгуулж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Манай компанид жилдээ 70-80 удаа урлаг соёлын тоглолт, уулзалт, хурал зөвлөгөөн зохион байгуулагдаж 200 гаруй мянган иргэдэд үйлчилж үйл ажиллагаа явагддаг. УСХХК-ийн нэхэмжлэлд 2012 онд У ПХХК нь барилгын ханыг цөмлөн ариун цэврийн өрөөг барьсан ашиглаж байгаа гэж огт үндэслэлгүйгээр гүтгэн нэхэмжлэлд дурджээ. Тус компани нь анх нээгдэхдээ (2000 онд) үйлчилгээний байгууллагад тавигдах стандарт шаардлагын дагуу ариун цэврийн өрөөг барьж байгуулсан. Бид ханыг цоолж дур мэдэн ажиллаагүй бөгөөд анх ашиглалтанд орохдоо ариун цэврийн өрөөтэй байсан. УСХХК-ийн өмч гээд байгаа талбай объектыг 2003 онд Үүрэг Трейд ХХК-ийн захирал О.Баяр, Номин Холдинг ХХК-д уг өмчлөлийг шилжүүлэн өгч, түүнээс хойш 7-8 компаниар дамжин өмчлөл шилжигдсэн байдаг. У ПХХК нь галын аюулгүй байдал, хулгай дээрэм гарахаас урьдчилан сэргийлж хаалга үүдийг нь цоожилж битүүлэх, байнга эргэж тойрох арга хэмжээг авч санаа тавьж ажилласаар ирсэн. НИТХурлын 2004 оны 3/15 дугаар тогтоол Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01-р тогтоолоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо спорт цогцолборын хөнгөн атлетикийн дуусаагүй барилгыг 1 739 226 000 төгрөгөөр худалдан авах давуу эрхийг зөвхөн У ПХХК-д олгож бид худалдан авах гэрээг байгуулан хуулийн дагуу 100 хувь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

             Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч УСХХК нь хариуцагч У ПХХК-д холбогдуулан 632 610 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            У ПХХК нь зөвшөөрөлгүй барьсан ариун цэврийн өрөөний 288 м.кв талбайг 2012 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл 8 жил 3 сарын хугацаанд ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн 570 240 000 төгрөг, уг ариун цэврийн өрөөг төлбөртэй ашиглан өдөрт 21 000 төгрөгийн орлого олсон гэж тооцоход 2012 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл 8 жил 3 сарын хугацаанд нийт 62 370 000 төгрөг болсон тул хохиролд тооцож нийт 632 610 000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэгч УСХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлан шаардаж байхад тухайн барилгыг шилжүүлэн авахад ариун цэврийн өрөөтэй байсан, уг ариун цэврийн өрөөг төлбөртэй ашиглаагүй гэж хариуцагч УПХХК-ийн төлөөлөгч тайлбарлан маргаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

 

            Хариуцагч байгууллага нь 288 м.кв талбайг 2012 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл 8 жил 3 сарын хугацаанд ашиглаж, 570 240 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь баримтаар тогтоогдож нотлогдоогүй байна.

 

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”, 492.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай”  гэж заасан байна.

 

            УПХХК нь ариун цэврийн өрөөний 288 м.кв талбайг 8 жил 3 сарын хугацаанд ашиглан хөрөнгө бий болгосон гэх үйл баримт нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзэх боломжгүй байна.

 

            Нөгөө талаар уг ариун цэврийн өрөөг өдөрт 21 000 төгрөгийн орлого олсон гэж тооцоход 2012 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл 8 жил 3 сарын хугацаанд нийт 62 370 000 төгрөг болсон гэж шаардаж байгааг нэхэмжлэгч байгууллагад бодитоор учирсан хохирол гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч байгууллага нь дээрх хугацаанд 62 370 000 төгрөгийн орлого олсон байх гэж хийсвэрлэн тооцож шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.3-т “Эрх бүхий этгээдийн эд хөрөнгийг хариу төлбөртэйгээр захиран зарцуулсан бол түүнээс олсон орлогыг эрх бүхий этгээдэд учирсан хохиролд тооцно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч УСХХК-ийн эд хөрөнгийг хариу төлбөртэйгээр хариуцагч У ПХХК нь захиран зарцуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

            Нэхэмжлэгч байгууллага нь дээр дурдсан нэг цаг хугацаанд буюу 2012 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл 8 жил 3 сарын хугацаанд, нэг үйл баримтаар хариуцагч байгууллагыг өөртөө 62 370 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өөрөө 570 240 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйл, 495 дугаар зүйлийн 495.3-т заасан үндэслэлд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.3-т заасныг баримтлан УПХХК-иас 632 610 000 /зургаан зуун гучин хоёр сая зургаан зуун арван мянган/ төгрөгийг гаргуулах тухай УСХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 333 500 /гурван сая гурван зуун гучин гурван мянга таван зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН