Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 455

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, ... оршин суугаа, Б овогт Г.Г -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, ... оршин суугаа, Б овогт Д.Б,

 Хариуцагч: Булган аймаг, Булган сум, ... оршин суугаа, Б овогт Б ын Д нарт холбогдох,

8 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Г.Г гоос 17 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г , хариуцагч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Г  нь 2016 оны 12-р сард Д.Б , Б.Д  нараас Хас банкинд 30 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэх **-** БУЛ дугаартай автосамосвал тээврийн хэрэгсэлийг 37 000 000 сая төгрөгөнд худалдаж авахаар тохиролцон гэрээ хийж, уг машины төлбөрийн урьдчилгаанд 7 сая төгрөгийг Д.Б т бэлнээр өгч, машины үнээс үлдэх 30 000 000 төгрөгийг 2017 оны 2,3,4,5,6,7 саруудад тус бүр 5 000 000 төгрөг төлөхөөр гэрээндээ тусгаж, 2016 оны 12 сарын 10-нд машиныг авч Өмнөговь аймагт ажил хийхээр явсан. Өмнөговьд 2016 оны 12 дугаар сарын 15-нд очиж “Х” ХХК-тай автосамосвал машин түрээслэх гэрээ байгуулан эхний ачаа ачиж гараад л машин эвдэрч өөрөө буулгагч нь ажиллахгүй болж, мөн 5 дугуй нь хагарч явах боломжгүй болсныг авч сольж тавьсан боловч хуучин машин учир эвдрэл гэмтэл байн байн гараад уг гэмтлийн засах хугацаанд цалин мөнгөгүй, ашиг олох боломжгүй байсан учир 2017 оны 2 сард Булганд ирсэн. Булганд ирсний дараа Д.Б , Б.Д  нар нь манай хашаанаас машинаа асаагаад аваад явсан. Д.Б , Б.Д  нар нь тус машиныг цааш зарж борлуулсан байсан.

    Иймд хариуцагч нараас машины урьдчилгаа 7 000 000 төгрөг, сэлбэг түлшний үнэ 1 500 000 төгрөг нийт 8 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Б , Б.Д  нараас Хас банканд 30 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэх **-** БУЛ дугаартай тээврийн хэрэгсэлийг 37 000 000 төгрөгөнд худалдаж авахаар тохиролцон гэрээ хийж, уг машины төлбөрийн урьдчилгаанд Булган аймгийн Төрийн банкнаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эхнэр С.Э  өөрийн нэр дээр 8 000 000 төгрөгийн цалингийн зээл авсанаасаа, 7 000 000 төгрөгийг Д.Б  гуайд бэлнээр өгч, машины үнээс үлдэх 30 000 000 төгрөгийг 2017 оны 2,3,4,5,6,7 саруудад тус бүр 5 000 000 төгрөг төлөхөөр гэрээндээ тусгаж, машиныг нэр дээрээ шилжүүлэх гэхээр банкны барьцаанд байгаад зээлээ төлж дуусахаас нааш шилжүүлэх боломжгүй байсан учир энэ талаар гэрээ хэлцэлдээ дурдаад 2016 оны 12 дугаар сарын 10-нд машиныг авч Өмнөговь аймагт ажил хийхээр явсан. Өмнөговьд 2016 оны 12 дугаар сарын 15-нд очиж “Х” ХХК-тай автосамосвал машин түрээслэх гэрээ байгуулан хэсэг хугацаанд ажиллахаар болоод ажиллах гэтэл Б  гуайгаас худалдаж авсан машин нь эвдрэл гэмтэл ихтэй, өөрөө буулгагч нь ажиллахгүй болж, ажил гүйцэтгэж чадахаа байгаад 2017 оны 2 сарын эхээр Булганд гэртээ буцаж ирсэн. 2017 онд /Цагаан сарын баяр 2 сарын 27-нд болсон/ Цагаан сараас 8-9 хоногийн өмнө буюу 2 сарын 17-18-ны үед Б  гуай манайд ирээд бидэнд худалдсан байсан машинаа манай гэрийн хашаанаас асаагаад аваад явчихсан. Тэгээд тэр машинаа цааш зарж борлуулж Банкны өрөө төлсөн талаараа өмнөх тайлбартаа бичсэн байсан. Д.Б , Б.Д  бидний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдэж, гэрээнд зааснаар 2017 оны 2 дугаар сараас сар бүр 5 сая төгрөгөөр төлбөрөө хийх байсан, уг машин хэтэрхий хуучин машин учраас ажил гүйцэтгэх боломжгүй байсан. Б  гуайтай би өөрөө Өмнөговиос утсаар ярьж буцаж ирээд байтал 2017 оны 2 сарын 17-18-ны үед Д.Б , Б.Д  нар манай гэрт ирээд уг машинаа асаагаад аваад явснаар тэд Худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 264.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсний дагуу би машиныг буцааж өгсөн харин Д.Б  надаас авсан 7 000 000 төгрөгөө одоог хүртэл өгөөгүй байна. Миний зүгээс ямар нэг хор хохирол учруулсан зүйл байхгүй, харин урьдчилгаанд өгсөн 7 000 000 төгрөг, бензин, шатахуун сэлбэгийн үнэ 1 500 000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн гэх Даатгалын гэрээнүүд нь 2016 оны 3 дугаар сард буюу надад машинаа 2016 оны 12 дугаар сард зээлээр худалдахаас өмнөх баримтууд байна. Түүний машинд тавьсан сэлбэг, зарцуулсан материалыг би буцааж аваагүй, Д.Б  машиндаа засвар арчлалт хийхэд надаас авсан мөнгөө зарцуулсан гэдгээ өөрөө нэхэмжлэдээ бичсэн байна. Д.Б  гуайн нэхэмжилсэн 17 сая төгрөг нь ямарч нотолгоогүй, үндэслэлгүй тул хэрэгсэхгүй эж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 12 сарын 10-нд гэрээ хийж Д.Б , Б.Д  нараас “SINOTRUKZZ 32” маркийн машиныг 37 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод тус тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотод 10 гаруй хоног засвар хийсэн. 2017 оны 02 сарын 20-ны өдөр төлөхөөр 7 000 000 төгрөг урьдчилгаанд өгсөн. 30 000 000 төгрөг 02 сараас эхэлж төлөхөөр байсан. 2016 оны 12 сарын 26-27-нд Өмнөговь аймагт Таван толгойд “Х” ХХК-д ажиллах гэрээ хийсэн. Машин эвдрэл ихтэй байсан учраас 1 сар болоод гэрээгээ цуцлаад ирсэн.  Ирэхээсээ өмнө “машин эвдрээд болохгүй байна” гэж 2017 оны 01 дүгээр сарын 20-д гаргаад Б  гуайтай ярьсан.  Тэгээд 2 сарын эхээр Булган аймагт ирсэн маргааш нь Б  гуайн гэрийг нь заалгаад очиж уулзсан. Эвдээд ажил үүрэг гүйцэтгэж болохгүй байна. Тэгээд Д.Б , Б.Д   нар нь машинаа 2017 оны 2 дугаар сарын 23-нд асаагаад аваад явсан.  Миний машины урьдчилгаанд өгсөн мөнгө болон бусад зардлыг өгөх байх гэж бодож байсан боловч өгөлгүй 2 жил болж болсон гэв.  

          Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Г той тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед машин эвдрэлтэй байсан ба засвар үйлчилгээнд гарах зардлыг машины үнэд оруулан тооцон 7 000 000 төгрөгийг Г.Г н гаргана. Эдгээрийн 4 000 000 төгрөг нь засварын үнэд, үлдэгдэл 3 000 000 төгрөгийг машины зээлэнд төлнө гэж тохирсон. 2017 оны 02 дугаар сарын 23-нд Хас банкинд 1 700 000 төгрөг төлөх байсан ба Г.Г г зээлээ төлөх талаар хэлэхэд төлж чадахгүй гэсэн. Тэгвэл төлж чадахгүй байгаа бол би машинаа авна гэж хэлсэн. Ингээд Б.Д тэй хамт машинаа шалгаж үзсэн. Машин бүрэн бүтэн асаж байсан тул машинаа авсан. Г.Г  нь миний банкны барьцаанд байсан машиныг 75 хоног ашигласан ба энэ хугацаанд надаас ямар нэгэн зүйл шаардаагүй намайг 3 сар хүлээлгэсэн. Энэ хугацаанд надаас 17 000 000 төгрөгийн хохирол гарсан. Одоо надаас 7 000 000 төгрөг нэхэмжилсэн учраас би 17 000 000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна гэжээ.

          Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Машин худалдах, худалдан авах гэрээний дагуу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг өгөх хуваарь заалтаар уул мөнгөнөөс тооцох ёстой юм. Г.Г  нь миний машиныг зальт аргаар 3 сар болох 75 хоног ашигласны төлбөрт нэг сарын 2 000 000 төгрөгөөр бодож 3 сарын 6 000 000 төгрөг нэхэмжилж байна. Уул машиныг гэрээгээр худалдсан учраас түрээсээр хэрэв өгсөн бол сарын 3 500 000 төгрөг байх ёстой. Энэ нь нийтийн жишиг гэрээ хэлцлийн ханштай юм. Б.Д  нь 2016 оны 3 дугаар сараас хойш мөн оны 9 дугээр сарыг хүртэл ажиллаад 21 957 515 төгрөг болсон юм. Энэ нь нэг сард дунджаар 3 500 000 төгрөг байдаг юм. Гэвч үүнийг сар тутам 1 500 000 хасч тооцов. Энэ нь 4 500 000 төгрөг болох юм. Хүү Д  нь ажилгүй 4 сар хүлээсэн. Энэ нь зээлийн гэрээний төлбөр ирэхийг хүлээгээд ажилд орж чадаагүй. Иймд энэ төлбөр найдваргүй болсон учир Д  нь сар тутам 1 000 000 төгрөгөөр хохирч өөрт 3 000 000 төгрөгийн хохирол гарсан. Эдгээрийн бүгд дүн 15 600 000 төгрөг болох юм. Миний машиныг 75 хоног хэрэглэсний элэгдлийг тооцож 1 400 000 төгрөг нэхэмжлэв. Эдгээрийн бүгд дүн 17 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн зүйл заалтыг үндэслэж худалдах худалдан авах гэрээ хийсэн. Г.Г д өгсөн машин Хятад улсад үйлдвэрлэсэн, 25-30 тонны даацын машин. Энэ машиныг худалдаж авна гэсэн санал гаргаж яриа эхэлсэн. Яриа эхлэхдээ нэгдүгээрт машинд засварт орно гэж ярьсан. Хоёр том ачаа тэнцүүлэгчийн 1 нь эвдэрсэн байсан. Манай хүүтэй таараад авна гээд 37 000 000 төгрөгөөр зарна гэж яриад тохирсон. Нилээн олон жил явсан машин бөгөөд 2 төрлийн засвар хийж өгнө гэж тохирсон. Улаанбаатар орж мэргэжлийн засварчин аваад засаад өгнө гэхэд Г.Г  “өөрөө засна” гээд засварын газарт орхиод явсан. Би Г ноос асуусан “7 000 000 төгрөг өгчихвөл үлдэгдэл 30 000 000 төгрөгийг яах вэ?” гэхэд дараа нь хуваагаад төлөөд явна гэж хэлсэн. 7 000 000 төгрөгийг надад өгөөд 350 000 төгрөгт моторт ээлж хийсэн, палмсерт засвар хийгээд машин 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бэлэн болсон. Г.Г  “явах гэсэн бензин байхгүй” гээд манай хүн түлшний мөнгө болох 400 000 төгрөг өгсөн. Тэгээд Өмнөговь руугаа явсан. 2017 оны 02 дугаар 23-ны өдөр 5 000 000 төгрөгийг өгөх ёстой байсан тэр мөнгөө өгөөгүй.  Машинаа засч байна гэж 2017 оны 01 дүгээр сарын дундуур нэг удаа ярьсан. Өөр яриагүй. Энэ хүн эвдэрхий машин авсан гэж яриад байгаа. Энэ ярьж байгаа зүйл нь худлаа. Тэр машины өөрөө өргөгч 30 тонн дээшээ өргөдөг байсан. Ерөөсөө эвдэрнэ гэж байхгүй. Тэнд очоод ажиллаагүй гэдэг нь худлаа. Миний хохирлыг төлөх ёстой. Тэгээд 5 000 000 сая төгрөг төлөөгүй тул би банкинд зээлээ өөрөө хийсэн. Нэг ч төгрөг өгөөгүй, машин чинь эвдэрхий гэж хэлсэн ор сураггүй 75 хоноод машины мөнгө өгөөгүй. Бид хоёрын дунд маргаан үүссэн. 2017 оны 2 дугаар сарын 23-нд мөнгөө нэхэж хүүтэйгээ очиход Г.Г  “мөнгө байхгүй, ажил хийж чадаагүй” гэсэн би “гэрээгээ цуцалъя хоёулаа хоорондоо тохиролцоод чиний мөнгийг төлөөд чи бас миний мөнгийг төл” гэж ярьсан. Өмнөговьд засвар орсон мөнгийг надаас авна гэж байна. Тийм зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

        Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Г  нь хариуцагч Д.Б , Б.Д  нарт холбогдуулан 8 500 000  төгрөг гаргуулах тухай, Д.Б  нь Г.Г гоос 17 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

  1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Талууд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээг бичгээр хийсэн ба уг гэрээгээр хариуцагч Г.Г  нь Б.Д гийн өмчлөлийн “SINOTRUKZZ 32” маркийн **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 37 000 000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа төлбөрт 7 000 000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 02 дугаар сараас 23-ны өдлөөс эхлэн сар 5 000 000 төгрөгөөр төлж 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлж дуусгаснаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохирч, тээврийн хэрэгслийг хүлээн авчээ.

Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгө болон түүний үнийг тохиролцсон байхыг шаардах ба зохигчдын аман болон гэрээгээр тохиролцсон тохиролцоонд дээрх хүсэл зориг илэрхийлэгдсэн байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж, тэдний хооронд Иргэний 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт  7 000 000 төгрөгийг өгсөн, үлдэх төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүр  5 000 000 төгрөг төлөхрөөр тохирсон үйл баримтын талаар маргаагүй бөгөөд гагцхүү гэрээний зүйл доголдолтой байсан эсэх, худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаар маргаж байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, мөн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаас гадна 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний зүйлийн доголдлыг худалдагчаас баталгаат хугацаа тогтоосон бол тухайн хугацаанд, хэрэв тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 /зургаа/ сарын дотор доголдлыг илрүүлснээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй болно.

Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд энэхүү тээврийн хэрэгслийн тоо хэмжээ, чанарын талаар тусгасан хэдий ч гэрээний зүйлийн ашиглалттай холбоотойгоор ямар нэгэн баталгаат хугацаа тогтоогоогүй байна.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдснаар тэрээр тээврийн хэрэгслийн  шинж чанар, одоогийн байгаа байдлыг үндэслэн нийт 37 000 000 төгрөгөөр худалдан авсан ба тэрээр тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлахад оролцсон зэргээс үзвэл нэхэмжлэгч нь маргааны зүйл болох **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “байгаа байдлаар нь” худалдаж авчээ.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.4-т тус тус зааснаар худалдан авагч буюу нэхэмжлэгч Г.Г  нь худалдан авсан тухайн автомашиныг доголдолтой гэдгийг илрүүлсэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээг цуцлах талаар нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалсан тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу гэрээнээс татгалзах үр дагавар үүсч болно.

 Нэхэмжлэгч Г.Г  тээврийн хэрэгслийн чанар байдлын талаар хариуцагч Д.Б т утсаар мэдэгдсэн гэх тайлбарыг  хариуцагч үгүйсгээгүй болно.

Улмаар Д.Б  Б.Д  нар нь дээрх тээврийн хэрэгслийг Г.Г д худалдсан хэлцэл хэрэгжих боломжгүй буюу худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахааргүй гэж үзсэний улмаас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслээ Г.Г гоос буцаан авч бусдад худалдсан үйлдэл нь тэднийг гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

Учир нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Г.Г  нь хариуцагч Д.Б , Б.Д  нараас гэрээний гүйцэтгэлийн төлбөр 7 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Харин тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, шатахууны зардал 1 500 000 төгрөг гаргуулна гэсэн хэдий дээрхи байдлаа баримтаар нотлоогүй байна.

  1. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Д.Б  нь Г.Г д холбогдуулан Б.Д гийн “Хас банк” ХХК дахь зээлийн төлбөр 6 573 061 төгрөг,  **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөр 4 500 000 төгрөг, Б.Д гийн олох байсан орлого 3 000 000, тээврийн хэрэгслийг 75 хоног ашигласны элэгдэл хорогдлын төлбөр 1 400 000 төгрөг, нийт 17 000 000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч хариуцагчийн дээрх нэхэмжлэлийн үнийг нэгтгэж үзэхэд 15 473 061 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу хэрэв худалдан авагч тал гэрээг зөрчсөнөөс худалдагч тал гэрээг цуцалсан тохиолдолд өөрт учирсан хохирлыг ийнхүү нөхөн төлөхийг шаардах эрхтэй. Гэвч хариуцагч тал гэрээний зүйл болох **-** БУЛ улсын дугаартай  тээврийн  хэрэгслийн төлбөрийг тохирсон хугацаанд худалдан авагч төлөөгүй, тээврийн хэрэгсэл ердийн зориулалтын дагуу ашиглагдаж байсан, тээврийн хэрэгслийг Г.Г д худалдсанаар Б.Д гийн зээлийн гэрээний үүрэг Г.Г д шилжсэн эсэх, талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн эсэх,  Б.Д гийн олох байсан орлогыг хэрхэн тооцоолсон, тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдлыг ямар тооцоолол, аргачлалаар тооцсон болохоо нотлохгүй байна.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2-д “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заасан. Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 7 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж,  үлдэх 1 500 000 төгрөг гаргуулах хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Б  нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 15 473 061  төгрөгт 235 315  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 243 000 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 7685 төгрөгийг буцаан олгох нь хуульд нийцнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д.Б , Б.Д  мөрөг нараас 7 000 000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах, 17 000 000 /арван долоон сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгчийн 150 950 /нэгзуун тавин мянга есэн зуун тавь/ төгрөг, хариуцагчийн 243 000 /хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөгөөс 235 315 /хоёр зуун гучин таван мянга гурван зуун арван тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 7685 /долоон мянга зургаан зуун наян тав/ төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Б т, хариуцагч нараас 126 950 /нэг зуун хорин зургаан мянга есэн зуун тавь/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Г.Г д тус тус буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           О.ОДОНЧИМЭГ