Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00463

 

Ц.Ж, Ж.С, “А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00161 дүгээр шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1454 дүгээр магадлалтай,

Ц.Ж, Ж.С, “А” ХХК нарын нэхэмжлэлтэй,

“Г б” ХХК, “М д” ХХК нарт холбогдох,

2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124,469,197 төгрөгт хүү тооцохыг зээлдэгч Д.Алтанцэцэгийн нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоохыг Хариуцагч Г б ХХК-д даалгах, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 12,467 төгрөг, нийт 4 сарын амь насны даатгалын төлбөрт 49,971 төгрөгийг М д ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Г б ХХК-д даалгуулах, Ж.Сувд, Ж.Цолмон нарын хариуцагч М д ХХК-д холбогдох зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-д зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах тохиолдолд эрсдэлээс бүрэн хамгаалахаар заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдэлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Г б ХХК-д төлж барагдуулахыг М д ХХК-д даалгуулах, Хамтран нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Г б ХХК-д холбогдох, ЗГ1705017992 тоот зээлийн гэрээнд хүү бодохыг Д.Алтанцэцэгийн нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г б ХХК-иас нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нарт холбогдох Ж.Ц, Ж.С нараас зээл 124,469,197 төгрөг, хүү 73,678,230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 535,367 төгрөг буюу нийт 198,682,794 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ипотекийн гэрээгээр барьцаалагдсан хөрөнгөөс хангуулах, Г б ХХК-иас нэхэмжлэгч А ХХК-д холбогдох зээл 44,049,695 төгрөг, хүү 22,931,104 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,225,921, нийт 71,161,537 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ипотекийн гэрээгээр барьцаалагдсан хөрөнгүүдээс хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч “Г б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч “М д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нар болон А ХХК нь хариуцагч Г б ХХК, М д ХХК-д холбогдуулан 2013.10.11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124,469,197 төгрөгт хүү тооцохыг зээлдэгч Д.Алтанцэцэгийн нас барсан өдөр буюу 2015.01.29-ний өдрөөр тасалбар болгон зогсоохыг хариуцагч Г б ХХК-д даалгах, ЗГ1705017992 тоот зээлийн гэрээнд хүү бодохыг мөн, 2015.01.29-ний өдрөөр тасалбар болгон зогсоолгох, 2014.10.17-ны өдрөөс 2015.02.17-ны өдрийг хүртэлх 12,467 төгрөг, нийт 148,739 төгрөгийг амь насны даатгалын төлбөрт М д ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Г б ХХК-д даалгуулах, зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-д заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдэлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Г б ХХК-д төлөхийг “М д ХХК-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч “Г б” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч марган, ...нэхэмжлэгч Ц.Ж, Ж.С, “А” ХХК нарт холбогдуулан Ж.Ц, Ж.С нараас зээлийн гэрээний үүрэгт 198,682,794 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, А ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 71,161,537 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00161 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч Д.Алтанцэцэгийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124,469,197.52 төгрөг болон зээлдэгч А ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 44,049,695.52 төгрөгт тус тус хүү тооцохыг зээлдэгч 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоохыг хариуцагч Г б ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх амь насны даатгалын хураамж 148,739.9 төгрөгийг М д ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Г б ХХК-д даалгуулах болон зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдэлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Г б ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нараас 124,469,197.52 төгрөг гаргуулж, хариуцагч Г б ХХК-д олгож, нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нар нь уг төлбөрийг биелүүлэхгүй бол ипотекийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205046120 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө 68 дугаар байрны 57 тоот 93,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74,213,597.38 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас 44,049,695.52 төгрөг гаргуулж Г б ХХК-д олгож, зээлдэгч А ХХК уг төлбөрийг биелүүлэхгүй бол ипотекийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203018315 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58 дугаар байрны 104 тоот, 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203018487 дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58 дугаар байрны 106 тоотын 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203018489 дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58 дугаар байрны 108 тоотын 2 өрөө 84.96 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдээс албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 27,111,841.74 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,140 төгрөг, хариуцагч Г б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,949,320.26 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 442,148 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч Г б ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нарт олгож, хариуцагч Г б ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нараас 780,296 төгрөг гаргуулж, хариуцагч Г б ХХК-д олгож, нэхэмжлэгч А ХХК-иас 378,198 төгрөг гаргуулж, хариуцагч Г б ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1454 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00161 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780,296 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Ц.Ж, Ж.С, “А” ХХК-ний нэхэмжлэлтэй, “Г б” ХХК, “М д” ХХК-д холбогдох, “Г б” ХХК-иас иргэн Ц.Ж, Ж.С, “А” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 182/ШШ2020/00161 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн 1454 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. “Г б” ХХК болон “М д” ХХК-иуд 2013.06.01-ний өдөр “Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах тухай” №26А1300001 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байсан бөгөөд банк өөрийн зээлдэгчтэй даатгалын байгууллагыг төлөөлөн эд хөрөнгийн болон амь насны даатгалын гэрээ байгуулж ирсэн бөгөөд “Г б” ХХК нь “М д” ХХК-ийн даатгалын үйлчилгээний төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэхээр уг гэрээнд заасан билээ. Хариуцагч “Г б” ХХК нь даатгалын төлөөлөгчийн хувиар зээлдэгч Д.Алтанцэцэгтэй 2013.10.17-ны өдрөөс 2014.10.16-ны өдөр хүртэлх амь насны даатгалын төлбөрийг авч даатгалын гэрээ байгуулсан бөгөөд “Г б” ХХК болон “М д” ХХК-иуд хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр даатгуулагчтай жил бүр гэрээг шинэчлэн хийж байхыг шаардсан зүйл байхгүй, харин ч даатгалын төлөөлөгчийн хувьд “Г б” ХХК нь даатгалын хураамжийг даатгуулагчаас төвлөрүүлэн авч “М д” ХХК-ийн дансанд шилжүүлэх, мөн даатгалын гэрээний 7.4-т банк зээлдэгчтэй зөвшилцөн даатгалын гэрээний сунгалт хийж байх эрхийг олгосон байдаг. Даатгалын гэрээний 2.1.3, 3.3, 3.4, 5.2.4, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний 3.1.3-т зааснаар зээлдэгч Д.Алтанцэцэг даатгалын төлөөлөгч “Г б” ХХК-тай даатгалын гэрээг байгуулсан бөгөөд даатгалын гэрээний 7.4-т зааснаар зээлдэгч нь барьцаалагч банктай зөвшилцөн зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикт зааснаар зээлийн эргэн төлөлтийг амь насны даатгалын хураамжийн хамт cap бүр төлөхөөр тохиролцсон бөгөөд даатгуулагч нь 2014.11.05-ны өдөр буюу даатгалын хураамж төлөх болсон тухайн сард 2,200,000 төгрөг төлсөн байснаар нотлогдохоос гадна зээлдэгч Д.Алтанцэцэг нь зээлийн илүү төлөлттэй байгаа тухай Г б ХХК-иас ирүүлсэн албан бичиг зэрэг баримтаар нотлогдож байна. Шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэх хэсгээс дүгнэж үзэхэд “Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах тухай гэрээнд “Г б” ХХК нь даатгуулагчийг төлөөлж гарын үсэг зурсан хэмээн үзсэн атлаа зээлдэгчтэй зөвшилцөж хураан төвлөрүүлж байгаа даатгалын хураамжийг “М д” ХХК-д шилжүүлэх үүрэг нь Г б ХХК-д байсан бөгөөд төлөөлөгч “Г б” ХХК нь “М д” ХХК-д шилжүүлээгүй буруутай үйлдлээс болж даатгуулагч Д.Алтанцэцэгийн даатгалын үйлчилгээ авах, даатгалын байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг хязгаарлах нь үндэслэлгүй юм. “Г б” ХХК болон зээлдэгч Д.Алтанцэцэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс харахад амь насны даатгалын хураамжийг тусгайлсан дансанд төлж байхыг заасан заалт байхгүй, өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн төлбөр болон амь насны даатгалын хураамжийг зээлийн дансандаа төлж байхыг заасан байна. Харин зээлийн дансанд төлөгдсөн мөнгийг Г б зээлийн үндсэн төлбөр зээлийн хүү, амь насны даатгалын хураамж хэмээн хуваарилах үүрэгтэй байсан. Г бин дахь зээлдэгчийн зээлийн дансны хуулгаас харахад Д.Алтанцэцэг нь 2014.10.16-нд бичгээр хийсэн даатгалын гэрээний үйлчлэх хугацаа хэдийгээр дууссан боловч дууссанаас хойш зээлийн төлбөрийг, даатгалын хураамжийн хамт шилжүүлсэн болох нь 2015.11.05-ны өдрийн 2,200,000 төгрөг төлсөн байгаагаас тодорхой харагдаж байна. Мөн “Г б” ХХК-иас ирүүлсэн албан бичигт Д.Алтанцэцэгийн зээлийн төлбөр илүү төлөлт хийгдсэн байна гэх баримтаас тодорхой харагдаж байгаа билээ. Харин даатгалын хураамжийг хамтран ажиллах гэрээнийхээ дагуу тооцоог хийж шилжүүлэх шилжүүлэн авах нь гэрээний талууд буюу Г б ХХК, М д ХХК хоёрын асуудал бөгөөд энэ нь даатгуулагч хамааралгүй юм. Бичгээр хийсэн даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш үргэлжлүүлэн төлөлт хийгдсэн нь дээр дурдсанчлан нотлогдож байгаа нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар гэрээг тодорхой хэлбэр шаардахгүйгээр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. “М д” ХХК-иас “Г б” ХХК-д даатгалын нөхөн төлбөр болох 124,469,197 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх энэ талаар үнэн зөв дүгнэлт хийлгүй хуулийг буруу хэрэглэн шийдвэрээ гаргалаа. Иймд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.20-ны өдрийн 182/ШШ2020/00161 дугаар шийдвэр болон уг шийдвэрийг хэвээр үлдээсэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн 1454 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, Д.Алтанцэцэгийн зээлийн төлбөрт илүү төлсөн төлбөрөөс амь насны даатгалд төлсөн 148,739.9 төгрөгийг Г б ХХК-иас гаргуулж М д ХХК-д шилжүүлэхийг Г бинд даалгах тухай,М д ХХК амь насны даатгалын гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлж орон сууцны зээлийн ЗГ1705040981 тоот гэрээний үлдэгдэл төлбөрийг Г б ХХК-д шилжүүлэхийг М д ХХК-д даалгах тухай Ж.Сувд, Ж.Цолмон нарын нэхэмжлэлийг хангаж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нар болон А ХХК нь хариуцагч Г б ХХК, М д ХХК-д холбогдуулан 2013.10.11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124,469,197 төгрөгт хүү тооцохыг зээлдэгч Д.Алтанцэцэгийн нас барсан өдөр буюу 2015.01.29-ний өдрөөр тасалбар болгон зогсоохыг хариуцагч Г б ХХК-д даалгах, ЗГ1705017992 тоот зээлийн гэрээнд хүү бодохыг мөн, 2015.01.29-ний өдрөөр тасалбар болгон зогсоолгох, 2014.10.17-ны өдрөөс 2015.02.17-ны өдрийг хүртэлх 12,467 төгрөг, нийт 148,739 төгрөгийг амь насны даатгалын төлбөрт М д ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Г б ХХК-д даалгуулах, зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-д заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдэлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Г б ХХК-д төлөхийг “М д ХХК-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

7. Хариуцагч “Г б” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч марган, ...нэхэмжлэгч Ц.Ж, Ж.С, “А” ХХК нарт холбогдуулан Ж.Ц, Ж.С нараас зээлийн гэрээний үүрэгт 198,682,794 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, А ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 71,161,537 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. 

8. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй гэж үзлээ.  

10. Зээлдэгч Д.Алтанцэцэг нь Г б ХХК-тай 2013.10.11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 127,490,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар 180 сарын хугацаатай, жилийн 17,4 хувийн хүүтэй зээлж авч, улмаар ипотекийн гэрээ байгуулан, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төв бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө 68 дугаар байрны 57 тоот 93.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байх ба тэрээр “М д ХХК-тай 2013.10.17-ны өдөр орон сууцны 26Р1359657, амь насны даатгалын 26Р1359857 тоот гэрээг байгуулж, даатгалын хураамжийг зээлийн төлбөрийн графикт заасан хугацаа, хэмжээгээр төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн “А ХХК нь Г б ХХК-тай 2010.10.29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар, 60 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлд нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан, “А” ХХК-ийн үүсгэн байгуулагч, зээлдэгч Д.Алтанцэцэг нь 2015.01.29-ний өдөр нас барсан үйл баримтууд тогтоогджээ.

11. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан нь үүрэг дуусгавар болох үндэслэл болохыг заасан. Хоёр шатны шүүх ...зээлдэгч Д.Алтанцэцэг 2015.01.29-ний өдөр нас барсан тул тухайн өдрөөр зээлийн хүү төлөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэн, 2013.10.11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124,469,197.52 төгрөг болон А ХХК-ийн, 2010.10.29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 44,049,695.52 төгрөгт хүү тооцохыг 2015.01.29-ний өдрөөр тасалбар болгон зогсоохыг хариуцагч Г б ХХК-д даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

12. Нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нарын ...даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш үргэлжлүүлэн төлөлт хийгдсэн нь нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар гэрээг тодорхой хэлбэр шаардахгүйгээр хүчин төгөлдөр гэж үзнэ. ...“М д” ХХК-аас “Г б” ХХК-д даатгалын нөхөн төлбөр болох 124,469,197 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар үнэн зөв дүгнэлт хийлгүй хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргалаа. Иймд, ...магадлалд өөрчлөлт оруулж, Д.Алтанцэцэгийн зээлийн төлбөрт илүү төлсөн төлбөрөөс амь насны даатгалд төлсөн 148,739.9 төгрөгийг Г б ХХК-аас гаргуулж М д ХХК-д шилжүүлэхийг Г бинд даалгах тухай,М д ХХК нь амь насны даатгалын гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлж орон сууцны зээлийн ЗГ1705040981 тоот гэрээний үлдэгдэл төлбөрийг Г б ХХК-д шилжүүлэхийг М д ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

13. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлдэгч Д.Алтанцэцэг, М д ХХК нарын хооронд байгуулагдсан амь насны даатгалын гэрээний 5.2.4-т даатгалын хураамж төлөх нь даатгуулагчийн үүрэг байхаар зааснаас гадна, мөн 7.1-д уг гэрээг даатгалын хураамжийг даатгагчийн харилцах дансанд шилжүүлсэн өдрөөс хойш 1 жилийн турш тухайн даатгалын хариуцлага хүчин төгөлдөр үйлчилнэ, ...7.2.1-д даатгалын гэрээгээр тохирсон хугацаа дууссанаар даатгалын гэрээний баталгаа дуусгавар болно гэж талууд тохиролцжээ. /1хх-ийн 25-26/

Мөн 2013.10.11-ний өдрийн ЗГ170504981 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариар зээлдэгч нь сар бүрийн 05-ны өдөр даатгалын хураамжийг оролцуулахгүйгээр зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт 1,993,629 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. /1хх-ийн 21/

Хэргийн баримтаас үзэхэд Д.Алтанцэцэг нь даатгалын гэрээний хугацааг 2013.10.17-ны өдрөөс 2014.10.16-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулж, 2013.10.17-ны өдөр даатгалын үнэлгээний 0,12 хувиар тооцон нэг жилийн даатгалын хураамжид 152,988 төгрөгийг төлжээ. /1хх-ийн 25/

Түүнчлэн зээлдэгч даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш 2014.11.05-ны өдөр 2,200,000 төгрөг, 2014.12.06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015.01.08-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус зээл төлөв” гэж Г б ХХК-ийн 1709030953 тоот зээлийн дансанд төлсөн байна. /3хх-ийн 31-39/

Дээрх баримтуудаас дүгнэхэд зээлдэгч нь 2014 оны 11, 12 сар, 2015 оны 1 дүгээр сард ЗГ1705040981 тоот гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээлийг төлсөн, нэхэмжлэгчээс ...уг хуваарьт заасан амь насны даатгалын сарын хураамжийг Г б ХХК-д төлсөн гэх боловч даатгалын гэрээг сунгахгүйгээр, даатгалын хураамжийг банкинд шилжүүлсэн гэж үзэхгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

14. Иймд хоёр шатны шүүх ...гэрээ сунгагдаагүй, гэрээний харилцаа үргэлжлээгүй байхад хариуцагч М д ХХК-аас даатгалын нөхөн төлбөр төлөх үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй, Д.Алтанцэцэг нь амь насны даатгалын хураамжийг сар бүрийн зээлийн төлбөрийн хамт тус дансанд байнга байршуулж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2-т зааснаар хууль, гэрээгээр тогтоосон даатгалын хугацаа дуусгавар болсноор даатгалын гэрээ дуусгавар болно гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

15. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн тухайд, анхан болон давж заалдах шатны шүүх ...зээлдэгч Д.Алтанцэцэгийн “Г б” ХХК-тай байгуулсан 2013.10.11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээ, мөн зээлдэгч А ХХК-ийн “Г б” ХХК-тай байгуулсан 2010.10.29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар түүний өвлөгч болох Ж.Ц, Ж.С нар болон “А ХХК хариуцуулж буюу хариуцагч Ж.Ц, Ж.С нараас зээлийн гэрээний үүрэгт 124,469,197.52 төгрөг, “А ХХК-аас 44,049,695.52 төгрөгийг тус тус гаргуулж Г б ХХК-д олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцжээ.

16. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00161 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1454 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Сувд, Ж.Цолмон нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.25-ны өдөр төлсөн нийт 785,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                                    ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                       Б.МӨНХТУЯА                                                                                                 

            С.СОЁМБО-ЭРДЭНЭ