Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 374

 

  Э.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

            шүүгдэгч Э.Б,

            хохирогч Д.Энхбат, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Пүрэвсүрэн,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, Б.Цэнгүүн,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, Б.Цэнгүүн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.Бд холбогдох эрүүгийн 1805000540054 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 1983 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уул 28 дугаар гудамжны 16 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө 157-3 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “Милко” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос бэлэн 156.014.551 төгрөгийг завшиж “Милко” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

мөн Э.Б нь “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, мөн компанийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.Батчулуунаар дамжуулан 2017 оны 10 дугаар сард 70 хайрцаг “Голден милко” хуурай сүү ачуулах шаардлагатай байна” гэж хуурч, компаниас 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 70 хайрцаг сүүг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах автобусны буудлын хажууд автомашинд ачуулах замаар авч, улмаар сүүний үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Н.Мэндсайханаар дамжуулан “Голден милко” нэртэй хуурай сүүний захиалга ирлээ, над дээр дангаараа ийм их хэмжээний хуурай сүү компаниас гаргахгүй, та компаниас захиалчих, надтай олон жил харилцаж байгаа найдвартай хүн захиалаад байгаа юм” гэж хуурч, 69.120.000 төгрөгийн үнэ бүхий 800 хайрцаг сүүг, мөн 2017 оны 11 дүгээр сард компаниас Н.Мэндсайханд зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 392.280 төгрөгийн барааг зээлээр авах нэрийдлээр хуурч аван нийт 69.512.280 төгрөгийн сүү, бараа бүтээгдэхүүнийг,

Д.Оюунаар дамжуулан “Надад “Голден милко” сүүний захиалга орж ирсэн, тооцоог нь би сарын сүүлээр хийе” гэж хуурч компаниас 34.560.000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг, нийт 103.680.000 төгрөгийн үнэ бүхий 1.200 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-4 цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоолд байрлуулсан 80-75 УНХ улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч,

2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Г.Нарантуяагаар дамжуулан “50 хайрцаг “Голден милко” сүүг машинд ачуулаад өгөөч, би энэ сарын дундуур мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 4.320.000 төгрөгийн үнэ бүхий 50 хайрцаг сүүг гаргуулан авч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гадна байрлах автомашины зогсоолд 55-31 БОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачуулан авч,

2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр “100 хайрцаг “Голден милко” сүү хэрэгтэй байна, надад захиалга ирээд байна, яаралтай аваад ирээч, би сарын сүүлээр мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 8.640.000 төгрөгийн үнэ бүхий 100 хайрцаг сүүг гаргуулан авч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн замын урд байрлах контейнерт буулгуулан авч, нийт 12.960.000 төгрөгийн үнэ бүхий 150 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч,

2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Баянхонгор аймгийн Отгонбаяр гэх харилцагчид 200 боодол “Хаан” чипсийг автомашинд ачуулчих, тооцоог нь би орой юм уу, аль эсвэл маргааш өглөө хийе” гэж худалдааны төлөөлөгч Л.Ганганцэцэгийг хуурч компаниас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн байсан 2.256.750 төгрөгийн үнэ бүхий 180 боодол “Хаан” чипсийг гаргуулан авч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гаднах автомашины зогсоол дээр 51-58 БНХ улсын дугаартай автомашинд ачуулан авч, нийт 1470 хайрцаг “Голден милко” нэртэй хуурай сүү, 180 боодол “Хаан” чипс зэрэг нийт 121.289.030 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг залилан авч “Милко” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

мөн Э.Б нь “Милко” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан,

“Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.Пунцагбалжирт “Голден милко” сүүний захиалга орж ирээд байна, автомашинд ачуулчих” гэж хуурч 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр компаниас 34.560.000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ТЭЦ-4 цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоол дээр 80-75 УНХ улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч, улмаар сүүний үлдэгдэл мөнгө 19.000.000 төгрөгийг бусдад төлөх өрөндөө өгөх замаар өөртөө шилжүүлэн авч, иргэн Б.Пунцагбалжирт үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Нарантуул” худалдааны төвийн 10 дугаартай павилионд хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг иргэн Д.Энхбатад “манай компани гадагш их хэмжээний мөнгө шилжүүлэх шаардлага гарсан юм байна, тэгээд мөнгөний хэрэг компанид гарсан учраас хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм, танд бол хуучин өгч байсан 6.480 төгрөгөөр сүү өгч болно гэж байна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 124.416.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч, иргэн Д.Энхбатад их хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “компанид тушаах мөнгөнөөс дутчихлаа, 2.000.000 төгрөг зээлээч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан Л.Ганганцэцэгийг хуурч 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 103 дугаар байрны 138 тоот

гэрээсээ өөрийн харилцагч, Баянхонгор аймгийн иргэн Ч.Отгонбаярт “2 хувийн хөнгөлөлт хасаад “Хаан” чипс захиалах уу, элсэн чихэр 1 шуудайг нь 70.000 төгрөгөөр авах уу, компаниас урьдчилж захиалга авч байгаа юм, хэрэв элсэн чихэр захиалах бол 10 хоногийн дараа ирнэ, мөнгөө гялс шилжүүлчих” гэж, мөн бараа материалын захиалга авах нэрийдлээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4.814.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3.415.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авснаас 18.477.650 төгрөгийг өр зээлдээ тооцон өгөх замаар иргэн Ч.Отгонбаярт үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 103 дугаар байрны 138 тоот гэрээсээ өөрийн харилцагч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Баттогтоход түүний эхнэр Д.Оюун-Эрдэнээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Хаан” чипсний захиалга авч байна, элсэн чихрийн захиалга авч байна, захиалгаа өгөөрэй, бараа 2017 оны 12 дугаар сард буухаар машинаа явуулаад ачуулж аваарай” гэх зэргээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.941.600 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19.500.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.204.000 төгрөгийг, нийт 22.058.900 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авч, иргэн Б.Баттогтоход үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан, бусдад нийт 306.241.580 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ....................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баас 277.303.581 төгрөгийг гаргуулан “Милко” ХХК-д, 19.000.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Пунцагбалжирт, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Ганганцэцэгт, 18.477.650 төгрөг гаргуулан хохирогч Ч.Отгонбаярт, 22.058.900 төгрөг гаргуулан хохирогч Б.Баттогтоход тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд буюу “Милко” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу иргэний хариуцагч “Милко” ХХК-иас 124.416.000 төгрөг гаргуулан Д.Энхбатад олгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Милко” ХХК нь гэм буруутай этгээдээс 124.416.000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Э.Бы асрах хүнгүй үлдэж буй бага насны хүүхдэд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж, оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, Б.Цэнгүүн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхээс “...ажилтныхаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт нь тогтмол хяналт тавьж чадаагүй нөхцөл байдал, хохирогч Д.Энхбатын мөнгөнөөс Э.Бы өрийг тооцсон гэх тайлбар, түүнчлэн хохирогч Д.Энхбатын захиалгыг хүлээн авч зарлагын болон НӨАТ-ын баримтыг хэвлэж өгсөн зэргийг харгалзан шүүх “Милко” ХХК буюу хуулийн этгээдийг хариуцагчаар татаж, хохирогч Д.Энхбатын хохирол болох 124.416.000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар гаргуулах хууль зүйн үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтанд нийцээгүй, иргэний хариуцагчийг хэрхэн тодорхойлох, гэм хорын хохирол гаргуулах талаар харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг болон Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан. Иймд “Милко” ХХК нь зөвхөн шүүгдэгч Э.Бы үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хариуцах хууль ёсны буюу хуульд заасан үндэслэл бүхий үүрэг үүссэн нөхцөлд л иргэний хариуцагчаар энэ хэрэгт оролцох боломжтой юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасныг үндэслэж “Милко” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж шийдвэрлэхдээ дараах үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан журмын дагуу гэм хорын хохирол гаргуулах тохиолдолд ажилтан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад хохирол учирсан байх шаардлагатай гэж ойлгож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 1.3-т “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог...”, 6.2. “Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Э.Б нь хохирогч Д.Энхбатаас 124.416.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдэхдээ “Милко” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ямар нэгэн ажил үүргийг гүйцэтгээгүй бөгөөд хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлээгүй, аливаа үйлдэл гаргаагүй, тус үйлдлийн улмаас хохирогчид ямар нэгэн хохирол учраагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Иймд “Милко” ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Э.Бы залилах гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй билээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг нь хохирогчийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эзэмшил өмчлөлд байгаа эд юмс, түүнийг чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг гэж ойлгож байна. Худалдах- худалдан авах, түрээслэх, эд хөрөнгө хөлслөх, бэлтгэн нийлүүлэх зэрэг гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг нь анхнаасаа хууль, гэрээнд заасан эд хөрөнгийг нийлүүлэхгүй, үнэ болон хөлсийг зохих журмаар төлөхгүй байх гэсэн субъектив санаа зорилгыг агуулж, түүнийгээ хэрэгжүүлсэн байдаг. Э.Б нь “...манай компанид ихээхэн хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа. ...хямдралтай бараа нийлүүлнэ. ...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, Д.Энхбатын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж өөртөө ашиг олох зорилгоор 124.416.000 төгрөгийг шилжүүлэн авсан байдаг. Түүний энэ шилжүүлэн авсан 124.416.000 төгрөгийн төлбөрт ирэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдэх боломжгүй, иргэн Д.Энхбатын нэрээр ямар ч захиалга хийгдээгүй, хямдралтай бараа бүтээгдэхүүн байхгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон болно. Түүний хийсэн энэхүү хууль бус үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүрэгтэй нь огт холбоогүй, өөрийнхөө гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж, өөртөө давуу байдал олж ашиг олох зорилгоор хийсэн санаатай гэмт хэрэг бөгөөд хөдөлмөрлөх үүрэг, албан тушаалтай нь огт холбоотой зүйл биш юм. Шүүхээс зарлагын баримт болон НӨАТ-ын баримт бичигдэж Д.Энхбатад очсон гэж буруутгах боловч уг баримтыг Э.Б нь гэмт хэргээ үйлдэж дууссан буюу хохирогчийн мөнгийг бүрэн шилжүүлж авсны дараагаар бодит нөхцөл байдлыг төөрөгдүүлж, огт захиалга өгөөгүй “Клейр скай” ХХК-ийг бараа бүтээгдэхүүн худалдан авах захиалга өгсөн, захиалгын мөнгө нь миний дансанд орсон байгаа мэтээр компанийн санхүүгийн ажилтнуудыг төөрөгдүүлэн бичүүлж авсан болох нь нотлогдсон. Мөн тэрээр дээрх баримтыг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй, хохирогч Д.Энхбатад итгэл төрүүлэх нөхцөл байдал үүсгэх зорилгоор гаргаж өгөөгүй бөгөөд зөвхөн гэмт хэрэг үйлдэж дууссаны дараагаар хугацаа авах итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор Д.Энхбатад гаргаж өгсөн байдаг. Компанийн дансанд орсон гэх 66.650.000 төгрөгийг Д.Энхбатын бараа захиалгын төлбөр гэж шилжүүлээгүй бөгөөд өмнөх барааны төлбөрт шилжүүлсэн болох нь аудитын дүгнэлтэд тодорхой тусгагдсан, үлдэгдэл мөнгийг өөрийн хувийн өр зээлийг төлөхөд зориулж шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэх авч, захиран зарцуулах боломжтой болсноор дуусгавар болдог бөгөөд тухайн этгээд уг хөрөнгийг хэрхэн захиран зарцуулсан явдал нь иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг “...ажил олгогч хэнд итгэж ямар шалгуураар гэрээ байгуулах, хэрхэн яаж хяналт тавих асуудлаар харилцагч болоод нийгмийн өмнө хариуцлага хүлээх явдал...” гэж тайлбарласан нь хуульд тогтоомжид заагаагүй бодит бус үндэслэл болох бөгөөд хяналт шалгалт дутуу хийгдсэн төлбөрийг ажилтны дансаар авсан гэх үндэслэл нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, иргэний хариуцагч болох хуульд заасан үндэслэл болохгүй. Уг хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөлөө Э.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...өөрийн өр төлбөрөө барагдуулах зорилгоор...” гэдгээ, хохирогч Д.Энхбатын захиалгыг баталгаажуулаагүй гэдгээ мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “Милко” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж 124.416.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Энхбатад олгуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хариуцагчаар татахад хуульд заасан үндэслэл байх ёстой. Шүүхээс “...ажилтныхаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт нь тогтмол хяналт тавьж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан шүүх “Милко” ХХК буюу хуулийн этгээдийг хариуцагчаар татаж, хохирогч Д.Энхбатын хохирол болох 124.416.000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар гаргуулах хууль зүйн үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад нийцээгүй, иргэний хариуцагчийг хэрхэн тодорхойлох, гэм хорын хохирол гаргуулах талаар харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг болон Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан журмын дагуу гэм хорын хохирол гаргуулах тохиолдолд ажилтан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад хохирол учирсан байх шаардлагатай гэж ойлгож байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хувийн сэдэлтэй, өөрт ашиг сонирхол олох гэсэн зорилготой, хөдөлмөрийн гэрээнд заагдсан үйл ажиллагаатай холбоогүй байна. Иймээс энэхүү гэмт хэргийн иргэний хариуцагчаар “Милко” ХХК-ийг тогтоосон нь үндэслэлгүй байна. Мөн шүүхээс зарлагын баримт болон НӨАТ-ын баримт бичигдэж Д.Энхбатад очсон гэж буруутгах боловч уг баримтыг Э.Б нь гэмт хэргээ үйлдэж дууссан буюу хохирогчийн мөнгийг бүрэн шилжүүлж авсны дараагаар бодит нөхцөл байдлыг төөрөгдүүлж, огт захиалга өгөөгүй “Клейр скай” ХХК-ийг бараа бүтээгдэхүүн худалдан авах захиалга өгсөн, захиалгын мөнгө нь миний дансанд орсон байгаа мэтээр компанийн санхүүгийн ажилтнуудыг төөрөгдүүлэн бичүүлж авсан болох нь нотлогдсон. Мөн 124.416.000 төгрөг бүхэлдээ “Милко” ХХК-ийн дансанд ороогүй, Э.Бы өр, зээлийн төлбөрт барагдсан. Үлдэгдэл төлбөрийг өөрийнхөө өмнөх байгууллагад учруулсан байсан төлбөртөө шилжүүлчихсэн байсан нь тогтоогдсон. Иймд “Милко” ХХК-ийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээх этгээд биш, хуульд заасан үүргээ гүйцэтгэж байсан тохиолдол байхгүй учир иргэний хариуцагчаар татаж 124.416.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч Д.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүгдэгч Э.Баас 7 удаа бараа захиалж байсан. Өмнө нь 6 удаа мөнгө шилжүүлж бараа авч байхдаа баталгаажуулж НӨАТ-ын баримт авч ирнэ шүү гэж хэлж байсан. Тэр болгонд Э.Б компаниасаа шаардагдах баримтуудыг авч ирж өгч байсан. 7 дахь удаа бараа захиалахдаа залилуулсан.” гэв.

Хохирогч Д.Энхбатын өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Милко” ХХК нь иргэний хариуцагч биш гэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг үгүйсгэдэг. Энэхүү заалтыг Улсын Дээд шүүх тайлбарлахдаа “ажиллагсад гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан, албан тушаалтан. Харин ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн иргэнийг ажиллуулж байгаа байгууллага, этгээдийг хэлнэ” гэжээ. Э.Б тухайн үед “Милко” ХХК-д борлуулагч хийж байсан. Ажлаасаа халагдахаас өмнө хохирогч Д.Энхбатын мөнгийг шилжүүлэн авсан, мөн хөдөлмөрийн гэрээгээр худалдан борлуулах чиг үүрэгтэй тухайн компанид ажиллаж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Э.Б нь энэхүү худалдан борлуулах чиг үүрэгтэй холбоотойгоор итгэл эвдэж залилсан. Иймээс анхан шатны шүүхээс иргэний хариуцагчийг зөв тогтоосон гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн тайлбарт “Гэрээний бус үүрэг буюу 4 дүгээр ботийн 57-58 дугаар талд “ажилтны учруулсан гэм хорын үүргийг ажил олгогчид хуулиар ноогдуулсан байгаа нь ажил олгогч нь ажилтныхаа хөдөлмөрлөх явцыг холбогдох хууль тогтоомж, заавар журмын үндсэн дээр хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай” гэсэн байна. Тэгэхээр “Милко” ХХК-ийн хяналт маш дутмаг байсан. Э.Б нь 10 гаруй жил энэхүү компанид борлуулагч хийж байхдаа дандаа хувь хүний дансаар мөнгө авдаг байсан. Тэгэхээр үүнд хяналт тавих ёстой байсан нь компанийн үйл ажиллагаатай холбоотой учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж, хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Гэхдээ шүүх хуралдааны явцад “Милко” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах эсэх нь тодорхойгүй байж байгаад, шүүхээс гэм буруутайд тооцохдоо “Милко” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж процессын алдаа гарсан. Тэгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулах болов уу гэж бодтол шууд эрүүгийн хариуцлагын асуудал яригдаж эхэлсэн. Гэхдээ анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2-т “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж, мөн зүйлийн 3-т “Иргэний хариуцагч, түүний төлөөлөгч дараахь эрх эдлэнэ”, 3.3-т “энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.10, 1.11, 1.12-т заасан эрхийг эдлэнэ” гэж тус тус заажээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “Милко” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан тогтоол, захирамж гараагүй бөгөөд анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа “Милко” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, төлбөр хариуцуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, дээрх хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

Анхан шатны шүүх хуралдаанд “Милко” ХХК нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцсон бөгөөд шүүх хуралдааны явцад иргэний хариуцагчийн талаас мэтгэлзээн өрнөөгүй бөгөөд шүүх иргэний хариуцагчийг тогтоох үе шатыг буруу тодорхойлж, хуульд заасан эрх үүргээ эдлэх боломжийг олгож, шүүх хуралдаанд мэтгэлзэх боломжоор хангасны дараа төлбөр хариуцуулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх болсон учир хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, Б.Цэнгүүн нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                    Д.МЯГМАРЖАВ