Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 1001

 

 М.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00727 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ц, “Мэдлэг боловсролын парк групп” ХХК-д тус тус холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 83 754 508 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Ц-ийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ган-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Одбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.С-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Ойн булгын 6 тоот хаягт байршилтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай 704.55 м.кв талбайтай ажлын байрыг хариуцагч Д.Ц сургуулийн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн №16/02 тоот гэрээгээр 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл гэрээ үргэлжлэх ёстой байтал 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс урьдчилан мэдэгдэхгүйгээр гэрээг цуцалсан тул Түрээсийн гэрээний 6.3-т зааснаар 1 сарын түрээсийн төлбөр буюу 14.212.000 төгрөг түрээслүүлэгч талд үлдэнэ. 2017 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар түрээсийн үлдэгдэл 10.184.375 төгрөг, 5 дугаар сард 13.112.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 14.212.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард  14.212.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ээс 8 дугаар сарын 07-ыг дуустал 3.316.133 төгрөг, нийт 55.036.508 төгрөг нэхэмжилснээс сүүлд гаргасан баримтуудыг үндэслэн шаардлагаа багасгаж, түрээсийн төлбөрт 49.812.133 төгрөг, алданги 24.906.066 төгрөг, нийт 74.718.199 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Энэ дүнд нэхэмжлэлдээ нэхэмжилсэн 4 ширхэг камерийн үнэ 1.200.000 төгрөг ороогүй, хассан. Иймд хариуцагч Д.Ц-ээс төлбөрт 49.812.133 төгрөг, алданги 24.906.066 төгрөг, нийт 74.718.199 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ц болон өмгөөлөгч Ц.Ган-Од шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сая нэхэмжлэгчид камерийг буцааж өгсөн баримтыг шүүхэд өгсөн. Нэхэмжлэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гэх 10.184.375 төгрөгийн өр огт байхгүй, энэ хүртэл хугацааны төлбөрийг төлж дууссан. Анх түрээслэж эхэлсэн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сар тутам 14.212.000 төгрөг төлөх гэрээгээр 198.968.000 төгрөг, нэхэмжлэгчтэй тохиролцон төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 11.000.000 төгрөг, анх түрээслэхэд барьцаа 14.212.000 төгрөг, нийт 224.180.000 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэмжлэгч талд төлсөн. 2017 оны 5 дугаар сарын түрээс 11.000.000 төгрөгийг барьцааны 14.212.000 төгрөгөөс суутган тооцсон гэж үзэж байна. 2017 оны 6 дугаар сар болон 7 дугаар сард түрээслээгүй тул төлбөр төлөх ёсгүй. 2017 оны 5 дугаар сарын 6-нд нэхэмжлэгчийн нягтлан бодогч Ш.Одбаяр манай зөвшөөрөлгүйгээр байрны хаалгыг эвдэн цоож, түлхүүрийг сольсон байсан тул цаашид суух боломжгүйгээ илэрхийлэн 1 сарын дараа нүүн гарахаа мэдэгдсэн. 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байрыг чөлөөлөн нэхэмжлэгчийн нягтлан бодогч Ш.Одбаярт түлхүүрийг хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан ч нэхэмжлэгч М.С- гадаадад яваа гэсэн шалтгаанаар хүлээн аваагүй ч тэр өдөртөө нэхэмжлэгчийн тал цоож түлхүүрээ сольсон учир түүнээс хойш уг байрыг ашиглаагүй. Түүнчлэн 2017 оны 5 дугаар сард түрээсийн байрыг буцааж өгөх талаар ярихад Ш.Одбаяр нь наад байрыг чинь хүлээж авах хүн байхгүй М.С- нь гадаадад явж байгаа гэж хэлсэн байдаг. Гэрч нараас бол хууль сануулж мэдүүлэг авсан. Б.Чагдаржав гэж хүн хүлээлгэж өгсөн. Энэ хүн нь Ц.Монголгал хүлээлгэж өг гэсэн тул хүлээлгэж өгсөн байдаг. Засвар үйлчилгээний тухайд барьцаа хөрөнгө орохгүй гэж байгаа бол барьцаан хөрөнгийг нь яах гээд байна. Хариуцагч нэхэмжлэлээс 3.860.000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, бусад шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч “ Мэдлэг боловсролын парк групп” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь иргэн М.С-тай орон байрны түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд энэ хэргийн хариуцагч биш бөгөөд төлбөрийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн булагийн 6 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 16/02 тоот "Түрээсийн гэрээ’’-гээр түрээсэлсэн. Уг гэрээгээр барилгыг 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар, түрээсийн 1 сарын төлбөрийг 14.212.000 төгрөгөөр, нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх мөнгийг нэхэмжлэгчид барьцаалахаар тус тус тохиролцсон. Нэхэмжлэгч объектыг 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид акт үйлдэлгүйгээр хүлээлгэн өгч, хариуцагч объектийг бүхэлд нь сургалтын төвийн зориулалтаар 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ашигласан. Хариуцагч объектийг нийт 16 сар ашигласан бөгөөд ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. Иймд зохигч бие даасан бүртгэлтэй объектийг түрээслэх гэрээ байгуулсан боловч түүнийгээ хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул тэдний байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 16/02 тоот “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоны эрх зүйн үр дагавар болох түрээсийн байрыг харилцан буцааж өгсөн, түрээслэхээ зогсоосон өдрөөс хойших буюу ашиглаагүй хугацаанд ногдох төлбөрийг нөхөн төлөх үндэслэлгүй тул хариуцагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг тус тус хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгч М.С- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь объектийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бүрэн суллаж, сулласан тухайгаа Ш.Одбаярт мэдэгдсэн ба тэрээр мөн өдрөө хаалганы цоожоо сольсон гэсэн байна. 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байрыг сулласан талаар түрээслүүлэгч талын төлөөлөгч Ш.Одбаярт огт мэдэгдээгүй. Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд уг гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэн байх тул талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй ба талууд байгуулсан гэрээнийхээ хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүйгээр гэрээг үргэлжлүүлж, гэрээний үр дагаврыг бий болгосон үр шимийг олж авсан. Түрээсийн гэрээг бүртгүүлэх нь тусдаа хуулиар зохицуулдаг ба эд хөрөнгө өмчлөх болон түүнтэй холбоотой бусад эрхийг бүртгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг 2009 онд хүчингүй болгосон байдаг. Тиймээс түрээсийн гэрээнд заасан хуульд өөрөөр заагаагүй бол гэдэг заалт нь тус хуулийн заалт хүчингүй болсноор үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Тиймээс хүчин төгөлдөр мөн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1,1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц-ээс 35 600 131 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.С-д олгож, нэхэмжлэлээс 39 118 068 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.С, хариуцагч Д Ц нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 16/02 тоот Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 576,730 төгрөг, хариуцагчийн төлсөн 1 863 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Ц-ээс 335 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.С-д, нэхэмжлэгч М.С-гаас 1 863 400 төгрөг гаргуулж хариуцагч Д.Ц-эд тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомд ол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа түрээсийн гэрээгээр түрээсийн зүйлийг 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатайгаар түрээслэхээр тохиролцсон гэж тайлбарласан боловч шүүхийн үзсэн шиг хариуцагч түрээсийн зүйлийг 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс ашиглаж эхэлсэн гэх нэг ч өгүүлбэр хариуцагчийн тайлбар байхгүй. Харин түрээсийн зүйлийг 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс ашиглаж эхэлсэн тухай тайлбар хавтаст хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түрээсийн зүйлийг хариуцагчид 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн гэж шүүхэд мэдүүлсэн боловч эд хөрөнгө хүлээлцсэн актыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу түрээсийн зүйлийг хэзээ хүлээлгэж өгснөө нотлох баримтаар ноглоогүй. Үл хөдлөх эд хөрөнгийг буюу түрээснийн зүйлийг хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бүрэн сулласан болох нь нүүлгэхэд тусалсан Ү.З, Х.Б, ачиж тээвэрэсэн жолооч О.П, шинэ байрны эзний тодорхойлолт, гэрээг гэрч О.П, Н.Б, Ү.З, Б.Ч, Х.Б нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэж байна. Хариуцагч нь түрээсийн зүйлийг суллаад, хүлээлгэх болсон тухайгаа нэхэмжлэгчид хэлэх гэсэн боловч түүний гар утас холбогдохгүй байсан тул нягтлан Ш.Одбаярт энэ тухайгаа хэлэхэд нэхэмжлэгч Монгол Улсад байхгүй, хүлээж авах хүн байхгүй гэж хэлсэн. Түрээсийн зүйлийг суллах үед нэхэмжлэгчийг Монгол Улсад байхгүй байсныг Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны лавлагаа /хх-158/ нотолж байна. Гэрч Б.Чагдаржав 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн зүйлийн хаалганы түлхүүрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Одбаярг хүлээлгэж өгсөн болохоос биш хариуцагчийг төлөөлж түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөх үүргийг гэрч Б.Чагдаржав хүлээгээгүй болохоо шүүхэд мэдүүлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт нийт 227.392.000 төгрөг төлөхөөс 223.532.000 төгрөгийг төлсөн богөөд үлдэгдэл төлбөрт 3.860.000 төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд хариуцагч Д.Ц-ээс 3.860.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.С-д олгох тухай өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.С- нь хариуцагч Д.Ц-эд холбогдуулан түрээсийн  төлбөрт 49.812.133 төгрөг, алданги 24.906.066 төгрөг, нийт 74.718.199 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 16/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Түрээслүүлэгч М.С- нь 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 16/02 тоот түрээсийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн 1 дүгээр гудамжны 6 тоотод байрлах West wing /Вествинг/ төвийн 646 м.кв талбай бүхий, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгч Д.Ц-эд 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хоёр жилийн хугацаатай сарын 14 212 000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон, гэрээнд талууд гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан байна.

Гэрээний зүйл нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд талууд уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 16/02 тоот гэрээг холбогдох бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй учир гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцжээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэх түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт  зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй боловч түрээсийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан байдлыг түрээслэгч түрээслүүлэгчид биет байдлаар буцаах боломжгүй тул шүүх түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд түрээслэгчээс  түрээсийн төлбөр гаргуулсан нь  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад нийцсэн байна.

Гэрч Б.Чагдаржавын “...2017 оны 8 сард байрыг хүлээлгэн өгөхөд байлцсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 187/  болон 2017-08-07-ны өдрийн мэдэгдэл /хх-ийн 35/ байр хүлээлцэх акт  /хх-ийн 11/  зэрэг нотлох баримтаар түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдсон. Үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн эзэмшил ашиглалтад байсан дээрх хугацааг тодорхойлсон нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг хариуцагч үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй байна.

Гэрч Х.Билгүүн, Ү.Золжаргал, Б.Булган, О.Пүрэвдулам нар “ ... Сургалтын төвийг 2017-06-10-нд нүүлгэсэн..” талаар мэдүүлсэн боловч байрыг хэзээ хүлээлгэн өгсөн талаар мэдүүлээгүй байна. 

Хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны үнийн зарим хэсгийг төлөөгүй байсан тул анхан шатны шүүх нийт төлөх 259 132 131 төгрөгөөс төлсөн 223 532 000 төгрөгийг хасч 35 600 131 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн  нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.