| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 183/2019/00648/И |
| Дугаар | 001/ХТ2022/00521 |
| Огноо | 2022-04-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2022/00521
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00472 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 902 дугаар магадлалтай,
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Хаан банк” ХХК-д холбогдох,
Гэм хорын хохиролд 355,208,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “Хаан банк” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 355,208,850 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00472 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилтны буруугаас учирсан гэм хорын хохиролд 355,208,850 /гурван зуун тавин таван сая хоёр зуун найман мянга найман зуун тавь/ төгрөгийг ажил олгогч “Хаан банк” ХХК-иас /РД:2693321/ гаргуулах тухай “*******” ХХК-ийн /РД:2623803/ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,933,995 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 902 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 1,933,995 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Монгол тамхи сo” ХХК шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ 188,095.50 ам.долларын гүйлгээг хийхдээ ХААН банк манай харилцагч Митцүбиши Пластикс компанийн данс мөн эсэх, хүлээн авагчийн хаяг байршилтай тохирч байгаа эсэхийг нягтлалгүйгээр гүйлгээ хийснээс шалтгаалан гэм хорын хохирол учирсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан үндэслэлээр банкийг буруутгаж 355,208,850 төгрөгийн хохирол гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх ИХШХШТухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж, хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар төөрөгдсөн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Давж заалдах шатны шүүх свифт мессежүүдийг ИХШХШТухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гэж буруутгасан. Гэвч ХААН банкны 5208 мэргэжилтний 0200 гэсэн дардас дарсан баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэдгийг давж заалдах шатны шүүх харгалзаж үзсэнгүй. Хариуцагчийн хувьд эдгээр баримтуудыг хэрэгт гаргаж өгөхдөө нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу банк өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч байсан болохоо нотлох зорилгоор гаргаж өгсөн бөгөөд эдгээр мессежийн утга агуулгын талаар талууд мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлтэй холбогдуулан гаргаж өгсөн баримт биш юм.
4.2. Давж заалдах шатны шүүх Монгол банкны шинжээчийн дүгнэлтийг зөв ойлгоогүйгээс гадна, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй гэж үзэж байна. Шинжээчид тавьсан асуулт нь нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл байсан бөгөөд ХААН банкийг нэхэмжлэгч тал буруутгахдаа хүлээн авагчийн банкин дахь нэр данс зөрүүтэй эсэхийг нягталж шалгалгүйгээр гүйлгээ хийснээс болж гэм хорын хохирол учирсан гэж үзсэн. АНУ-ын банкны харилцагчийн нэр болон дансны дугаар хоорондоо таарч байгаа эсэхийг МУ-ын арилжааны банк шууд мэдэх боломжтой гэсэн агуулгаар нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлтэй эсэхийг тодруулахын тулд шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан. Тиймээс хариуцагч Монгол банкийг шинжээчээр томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх “...ямар зүйлийг тодруулах гээд байгаа нь ойлгомжгүйгээс гадна ...тусгай мэдлэг шаардах асуудалд шинжээч томилсон гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн. Хан-Уул дүүргийн шүүхийн 2019.04.10-ны өдрийн 183/ШТ2019/00199 дугаар тогтоолд Арилжааны банкаар дамжуулан хийж байгаа гадаад гуйвуулгын гүйлгээнд данс эзэмшигчийг /хүлээн авагч/ гүйлгээ хийж байгаа банк нягталж шалгах боломжтой эсэхийг тодруулахаар асуулт тавьсан бөгөөд ямар зүйлийг тодруулах гээд байгаа нь шүүхийн тогтоолд ойлгомжтой заасан байсан. Монгол банк уг асуултанд хариулахдаа “Арилжааны банк нь гадаад гуйвуулгын гүйлгээг харилцагчийн төлбөрийн даалгаварт бичсэнээр хийнэ. Хүлээн авагчийн гадаад банк дахь нэр дансны мэдээлэл свифтийн гүйлгээнд харагдах бөгөөд тухайн харилцагчийн данс мөн эсэхийг нягтлан шалгах боломжгүй” гэж дүгнэсэн. Гэтэл энэ дүгнэлтийг давж заалдах шатны шүүх ойлгоогүй. Мөн түүнчлэн “Шүүх хариуцагчийн гаргасан хуульд заасан шаардлага хангаагүй баримтуудыг үндэслэн Монгол банкийг шинжээчээр томилсон нь буруу гэж үзсэн атлаа ...шинжээч томилох шаардлагатай асуудал гэж үзэх боломжгүй” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийж, нэг үндэслэлээ нөгөө үндэслэлээр няцаасан магадлал гаргасан. Энэ нь ИХШХШТухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй гэж үзэж байна.
4.3. INVOICE гэх баримт монгол хэл дээр орчуулагдаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгасан. Энэ баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой байсан, уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эсэхийг харгалзаж үзсэнгүй. Үл ялих зүйлээр шалтаглан өчнөөн олон cap үргэлжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин эхлүүлэхээр буцаасан нь ИХШХШТухай хуулийн 6.3-т заасан Зохигч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж заасан зарчмыг зөрчиж талуудын мэтгэлцээн явагдаагүй баримтыг үндэслэж шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
4.4. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч байгууллагад бодит хохирол учирсан эсэх, хэрвээ хохирол учирсан бол нэхэмжлэгчид учирсан хохирол хариуцагчийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг зайлшгүй шүүх тодруулах шаардлагатай гэж, мөн “анхан шатны шүүх 143,260.57 ам доллар хүлээн аваагүй талаар баримтгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй” гэж тус тус дүгнэсэн нь ИХШХШТухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтын үндсэн дээр гаргана гэж, мөн хуулийн 107.2-т “...нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж заасантай нийцэхгүй байна. Өчнөөн олон cap үргэлжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй байхад ийнхүү нотолж чадаагүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон явдалд шүүхийг буруутгаж, шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөө талаар нэхэмжлэгч талд илүү боломж олгож нотлох баримтаа засаж шүүхэд дахин гаргах боломж олгосноороо хариуцагчийн эрхийг зөрчсөн ИХШХШТухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмын эсрэг үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Мөн түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 27.1 “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэж заасан байтал дээд шатны шүүх нь хуульд байхгүй үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгасан нь хууль зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна.
4.5. Магадлалын үндэслэх хэсэгт “хариуцагч талаас программд үзлэг хийх хүсэлт маргаанд хамааралтай хэргийн үйл баримтыг шүүх тогтооход ач холбогдол бүхий байж болохоор байхад шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсон” гэжээ. Уг хүсэлтийг хариуцагч тал гаргахдаа нэхэмжлэгч талын тайлбартай холбоотойгоор гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаар маргахгүй гэж тайлбарласан тул бид хүсэлтээсээ татгалзаж үзлэг хийлгэх шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх талуудын маргаагүй үйл баримтыг зааж шийдвэрийг буруутгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн үндэслэлийг няцаахдаа Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17.1, 17.3, Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 болон 445.5, Зөрчлийн тухай хуулийн 11.8-д заасныг үндэслэж байгаа бөгөөд хэрэгт авагдсан 2018.09.18-ны өдрийн 4/445 тоот “Тамхи Со” ХХК-ийн албан бичиг, 2018.09.10-ны өдрийн Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан нэхэмжлэгчийн гомдол, Баянгол дүүргийн Прокурорын газарт 2018.10.26-ны өдөр ХААН банк ХХК-ийг иргэний хариуцагчаар татахаар гаргасан хүсэлт, уг хүсэлтдээ “манай байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын системд гадны хэн нэгэн хууль бусаар нэвтэрсэн хэдий ч ...” гэж тайлбарласан байдал, ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн алба хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тогтоол зэрэг баримтуудыг зааж мэтгэлцсэн. Эдгээр баримт болон хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч талд хохирол учирсан явдалд нэхэмжлэгч өөрөө буруутай болох нь нотлогдож байгаа гэж үзэж байна.
Иймд ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.18-ны өдрийн 183/ШШ2020/00472 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 902 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “Хаан банк” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 355,208,850 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “*******” ХХК нь 2018.09.10-ны өдөр******* дахь өөрийн эзэмшлийн 5007526972 тоот долларын данснаас 188,095.50 ам.долларыг Япон улсын “Мицүбиши корпорейшн пластик” компанид, ирүүлсэн нэхэмжлэхэд заасан хаягаар шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу хариуцагч банкны ажилтан гүйлгээг хийсэн байх ба уг гүйлгээ хийгдсэнээс хойш, нэхэмжлэгч нь 2018.09.10-ны өдөр цахим шуудангаар ирсэн нэхэмжлэх хуурамч болохыг “Хаан банк” ХХК-д мэдэгдэж, хариуцагч нь дансанд байсан 44,834,93 ам долларыг 2018.09.21-ний өдөр нэхэмжлэгч компанийн данс руу буцаан шилжүүлсэн байна.
8. Нэхэмжлэгч нь ...“Хаанбанк” ХХК-ийн ажилтны буруугаас тус компанид хохирол учирсан тул гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж маргасан, хариуцагчаас ...хууль, журам, тогтсон заншлын дагуу гүйлгээг хийсэн, өөрсдийнх нь буруутай, хайхрамжгүй ажиллагаанаас хохирол учирсан, Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан ч үр дүн гараагүй, банкийг буруутгаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэсэн тайлбар гаргажээ.
9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүхийн ...хэргийн оролцогчийн гаргасан зарим нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй, хариуцагч талаас гаргасан программд үзлэг хийлгэх хүсэлт нь маргаанд хамааралтай, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болохоор байхад шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, мөн нэхэмжлэгч байгууллагад бодит хохирол учирсан эсэх, хэрвээ хохирол учирсан тохиолдолд учирсан хохирол, хариуцагчийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай гэсэн дүгнэлтүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцсэн байна.
10. Анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, маргааны үйл баримтыг тогтоож, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, дээрх хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх ИХШХШТухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж, хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар төөрөгдсөн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн” хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
12. Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 902 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.26-нд төлсөн 1,933,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.ЭРДЭНЭСУВД