Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00559

 

“К б” ХХК дахь банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/02966 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 133 дугаар магадлалтай,

“К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 6,698,673,995 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “Б” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 6,698,673,995 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчаас ...зээлийн гэрээний үүрэгт нийт 6,349,452,787.12 төгрөг төлсөн, ...нэхэмжлэлийн шаардлагаас, зээлийн гэрээг цуцлах болон зээлийн үндсэн төлбөрт 5,045,877,061.59 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 570,890.188 төгрөг төлөхийг зөвшөөрнө, бусад хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулах болон ...Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, 62 тоот хаягт орших 7346 м.кв талбайтай, үйлдвэрийн барилгыг барьцаанаас чөлөөлсөн тул уг үл хөдлөх хөрөнгө болон 4194.75 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан байна.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/02966 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 6,698,673,995.32 /зургаан тэрбум зургаан зуун ерэн найман мянга зургаан зуун далан гурван мянга есөн зуун ерэн таван төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний зээлийн барьцаанд барьцаалсан ...2 үл хөдлөх эд хөрөнгө, 55 хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хариуцагч “Б” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, 62 тоот хаягт байрлах 7346 м.кв талбайтай, Ү-2201028819 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 33,651,319 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 184/ШЗ2020/08489 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 133 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/02966 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Буян холдинг” ХХК-иас 6,432,636,013 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 266,037,982 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 2.1-ийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын, улсын бүртгэлийн НТ-8028/0104, ГД-0000272 дугаартай, “Буян холдинг” ХХК-ийн өмчлөлийн 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар” гэдгийг хасч, тогтоох хэсгийн “2.2” дугаарыг “2.1” гэж, “2.3”-ыг “2.2” гэж, “2.4”-ийг “2.3” гэж, “2.5”-ыг “2.4” гэж, “2.6”-г “2.5” гэж, “2.7”-г “2.6” гэж, “2.8”-ыг “2.7” гэж, “2.9”-ийг “2.8” гэж, “2.10”-ыг “2.9” гэж, “2.11”-ийг “2.10” гэж, “2.12”-ыг “2.11” гэж, “2.13”-ыг “2.12” гэж, “2.14”-ийг “2.13” гэж, “2.15”-ыг “2.14” гэж, “2.16”-г “2.15” гэж, “2.17”-г “2.16” гэж, “2.18”-ыг “2.17” гэж, “2.19”-ийг “2.18” гэж, “2.20”-ыг “2.19” гэж, “2.21”-ийг “2.20” гэж, “2.22”-ыг “2.21” гэж, “2.23”-ыг “2.22” гэж, “2.24”-ийг “2.23” гэж, “2.25”-ыг “2.24” гэж, “2.26”-г “2.25” гэж, “2.27”-г “2.26” гэж, “2.28”-ыг “2.27” гэж, “2.29”-ийг “2.28” гэж, “2.30”-ыг “2.29” гэж, “2.31”-ийг “2.30” гэж, “2.32”-ыг “2.31” гэж, “2.33”-ыг “2.32” гэж, “2.34”-ийг “2.33” гэж, “2.35”-ыг “2.34” гэж, “2.36”-г “2.35” гэж, “2.37”-г “2.36” гэж, “2.38”-ыг “2.37” гэж, “2.39”-ийг “2.38” гэж, “2.40”-ийг “2.39” гэж, “2.41”-ийг “2.40” гэж, “2.42”-ыг “2.41” гэж, “2.43”-ыг “2.42” гэж, “2.44”-ийг “2.43” гэж, “2.45”-ыг “2.44” гэж, “2.46”-г “2.45” гэж, “2.47”-г “2.46” гэж, “2.48”-ыг “2.47” гэж, “2.49”-ийг “2.48” гэж, “2.50”-ыг “2.49” гэж “2.51”-ийг “2.50” гэж, “2.52”-ыг “2.51” гэж, “2.53”-ыг “2.52” гэж, “2.54”-ийг “2.53” гэж, “2.55”-ыг “2.54” гэж, “2.56”-г “2.55” гэж, “2.57”-г “2.56” гэж, тогтоох хэсгийн 2.56-ийн “...2 үл хөдлөх хөрөнгө...” гэснийг “...1 үл хөдлөх хөрөнгө...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Б” ХХК-ийн төлсөн 5,455,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн №0133 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Шүүх Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “К б” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Албадан татан буулгах үйл ажиллагааг “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч гүйцэтгэж байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар түүний эрх зүйн чадвар дуусгавар болох ёстой. Гэтэл “К б” ХХК улсын бүртгэлээс хасагдаагүй, эрх зүйн чадвартай хэвээр бөгөөд Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлж, банкны актив /зээл, авлага/-ыг төлүүлэх ажиллагааг гүйцэтгэж байгаагийн нэг нь “Б” ХХК-д холбогдох зээлийн гэрээний маргаан болно. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох бөгөөд шүүх Монголбанк “К б” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэснээр эрх зүйн чадваргүй болсон гэж дүгнэж байгаа нь тус хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэх үндэслэл болж байна. Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрхэн дуусгавар болгох талаар Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйлд тодорхой заасан. Нөгөө талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн байгууллага нь татан буугдсан хуулийн этгээдийн тухай мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулснаар тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцох зохицуулалттай. Банкны эрх хүлээн авагч банкийг татан буулгах үйл ажиллагааг гүйцэтгэхдээ Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэг, 69 дүгээр зүйлд заасан бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлэх бөгөөд үүний нэг хэсэг нь банкны актив /зээл, авлага/-ыг төлүүлэх ажиллагаа байдаг. Хуулийн этгээдийн эрх зүйн чадвар дуусгавар болсноор иргэний эрх зүйн харилцаанд оролцох, нэхэмжлэгч, хариуцагч байх боломжгүй үр дагавар үүсэх бөгөөд шүүх Монголбанк “К б” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэснээр эрх зүйн чадваргүй болсон гэж дүгнэлт хийж байгаа нь Банкны тухай хуульд заасан банкны эрх хүлээн авагчийн хуулиар олгогдсон эрх, үүргийг шууд хязгаарлаж байгаа буруу ойлголт, жишиг төрүүлж байна.

4.2. Шүүх Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 240 дүгээр зүйлийн 240.1.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор зөвхөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Банкны эрхлэх үйл ажиллагаа”-г явуулахгүй болох бөгөөд энэ тохиолдолд “К б” ХХК-ийн эрх зүйн чадвар нь хэвээр байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4 дэх хэсэг нь хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсанаар түүний бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болох зохицуулалт бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд үүргээс чөлөөлөгдөх зохицуулалт байхад үүрэг гүйцэтгүүлэгчийн тухайд хэрэглэгдэх ёсгүй зохицуулалт болно.

4.3. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг буюу Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийг хэрэглэсэнгүй. Шүүх “К б” ХХК-ийг 2019.04.08-ны өдрөөс татан буулгасан, “К б” ХХК-ийн эрх мөн өдрөөр цуцлагдсан тул нэхэмжлэгч “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч уг хугацаанаас хойш хэтэрсэн хугацааны хүү нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болно гэж үндэслэлгүй дүгнэсэн. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх хүлээн авагчид банкны эрх бүхий албан тушаалтны эрх, банкны зээл, авлагыг төлүүлэх эрх шилжихээс гадна банкнаас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах шаардлага гаргах эрхтэй этгээдийн нэхэмжлэлийг хангах, банкны өр төлбөрийг барагдуулах үүрэг шилжин ирдэг. Иймд Банкны эрх хүлээн авагч К бны хэвийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд бусадтай байгуулсан гэрээний үүргийг шаардах бүрэн эрхтэй тул шүүх Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийг хэрэглэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх байсан. Барьцаа хөрөнгийн тухайд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь “Буян” ХК-ийн эзэмшлийн 154,200 м.кв газрын зарим хэсэгт оршдог учир талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнүүдэд барьцаа хөрөнгийн хамаарах эзэмших эрхтэй газрын хамт барьцаалахаар тохиролцож бичгээр үйлдсэн. Иймд газрын зарим хэсгийг барьцаалж байгаа тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага байгаагүй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч Б.Цогтсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн 0133 дугаартай магадлалтай танилцаад дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт: “...2017.04.30-ны өдрөөс хойш зээлийн гэрээнд заасан ноцтой зөрчил үүсч, гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байхад “К б” ХХК гэрээний ...8.3.3-т заасан 60 хоногоор тооцож, 2017.06.30-ны өдөр гэрээг цуцлаагүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй” гэсэн гомдлыг хангах боломжгүй юм гэжээ. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 8.3-т “Дараах нөхцөлд Банк зээлийн гэрээг цуцалж, өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, ...хохирлыг шаардана гэж заасан бөгөөд гэрээнд заасан агуулгаас үзэхэд зээлийн гэрээний 8.3 дахь заалт бол гэрээг цуцлах үүрэг бүхий заалт юм. Хариуцагч Б ХХК нь хамгийн сүүлд 2017.04.30-ны өдөр 1,644,240.00 төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3-т заасан ноцтой зөрчил үүсч, гэрээг цуцлах үндэслэл хангалттай бүрдсэн байдаг. К бны “Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам”-ын 11.6-д “хэрэв зээлдэгч нь банкны удаа дараагийн шаардлагаар тухайн сарын зээл хүүгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцалж, зээл хүүг бүрэн төлж барагдуулах мэдэгдэл хүргүүлнэ”, 11.19 “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн ажилтан шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн журмаар маргааныг шийдвэрлүүлэх..., 14.4. “Зээлдэгчийн үндсэн зээл болон хүүний хугацаа 90 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд хариуцсан зээлийн ажилтан холбогдох хорооны хурлаар танилцуулж, нэг талын санаачилгаар гэрээг цуцлан, шүүхэд шилжүүлэх эсэх талаар шийдвэр гаргуулна” гэж тус тус заасан. Дээрх “Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-н заалтуудаас үзэхэд Зээлийн гэрээний 8.3 дахь заалтууд нь үүрэг гүйцэтгүүлэгчид үүрэг хүлээлгэсэн болох нь нотлогдоно. Мөн 2014.04.08-ны өдөр байгуулсан 126-2 тоот Барьцааны гэрээний 2.6-д “Барьцаалуулагч Зээлийн гэрээний дагуу зээл, хүүний төлбөрөө төлөөгүй нөхцөлд зээлийн барьцаанд бариулсан эд хөрөнгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу худалдан борлуулах замаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж заасан бөгөөд Зээлийн гэрээний 8.3.3-т заасан нөхцөл байдал бүрдсэн байхад үүрэг гүйцэтгүүлэгч тал Зээлийн гэрээг цуцалж, үүрэг гүйцэтгүүлэх талаарх шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас 2017.06.30-наас хойш хугацаанд хүү ихээр нэмэгдэх нөхцөл болсон. Зээлийн хүүгийн төлбөр ихээр нэмэгдэж, зээлдэгч өрийн дарамтанд орох болсон явдалд үүрэг гүйцэтгүүлэгч К б буруутай. Зээлийн төлбөрийг төлөх үүрэг нь зээлдэгчийн үүрэг мөн боловч үүргийн гүйцэтгэл хангагдаагүй, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зээлдүүлэгч К бны үүрэг юм. Үүрэг гүйцэтгүүлэгч нь Зээлийн гэрээ болон Зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх? Хүү нэмэгдүүлэн тооцсон өнгөрсөн хугацаанд зээл төлүүлэх талаарх ямар ажиллагаа явуулсан болох талаарх нотлох баримт хэрэгт байдаггүй бөгөөд Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талын нэг үндэслэл болох нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т заасан үр дагавар үүсэх болохыг анхаарч үзээгүй, хариуцагчийн татгалзалтай холбоотойгоор энэ үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй байна.

5.2. Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ Б ХХК-ийн өмчлөлийн 55 нэр төрлийн ноолуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж гаргасан. Цаг хугацааны дарааллаар тооцож үзвэл 2012.03.05-ны өдрийн 126 тоот Зээлийн гэрээ байгуулж 10,000,000,000 төгрөг зээлж авах үедээ 2012.03.05-ны 126 тоот Барьцааны гэрээний дагуу 4,200,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг барьцаалсан. Мөн Нэмэлт барьцааны гэрээгээр 5,000,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. 2013.12.03-ны өдөр 5,045,877,061.59 төгрөгийн зээлийн үлдэгдэлд 126-2 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 5,500,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө барьцаалж, 2014.04.08-ны өдөр байгуулсан 126-2 тоот Барьцааны гэрээ шинэчлэн байгуулж, өмнө нь барьцаалсан эд хөрөнгүүдийг барьцаанаас 2014.07.01 тоот албан бичгээр чөлөөлсөн байдаг. 2012.03.05-ны өдрийн 126 тоот Зээлийн гэрээ, 2013.12.03-ны өдрийн 126-2 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан 2014.04.08-ны өдөр байгуулсан 126-2 тоот Барьцааны гэрээ л ганцхан хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Учир нь Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.1-д зааснаар “...гэрээний нөхцөлийг нэмэлт гэрээ болон шинэчлэн байгуулах замаар өөрчилж болно” гэж заасан бөгөөд хамгийн сүүлд байгуулсан 2014.04.08-ны өдрийн 126-2 тоот Барьцааны гэрээ нь шинэчлэн байгуулсан барьцааны гэрээ юм. 2012.03.05-ны Барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгийг нэмэгдүүлж, 2013.03.18-ны өдрийн “Нэмэлт барьцааны гэрээ” байгуулсан байдаг бол барьцааны гэрээгээ шинэчилж, 2014.04.08-ны өдөр 126-2 тоот Барьцааны гэрээ байгуулсан. 2014.04.08-ны өдрийн барьцааны гэрээ бол Нэмэлт барьцааны гэрээ биш. Барьцаа хөрөнгөө нэмэгдүүлж байсан бол “Нэмэлт барьцааны гэрээ” байгуулах ёстой байсан. Гэвч барьцаа хөрөнгөө нэмэгдүүлээгүй, барьцаа хөрөнгөө сольсон учир барьцааны гэрээгээ шинэчилж байгуулсан. Хамгийн сүүлд байгуулсан 2014.04.08-ны өдрийн 126-2 тоот Барьцааны гэрээний 2.1-д тусгагдаагүй хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дээрх үндэслэлийг хариуцагч талаас гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

5.3. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. (Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь заалтыг хэрэглээгүй.) Барьцааны гэрээний 4.1.5-д “Барьцаалуулагч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Зээлийн гэрээний 8.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө Банк дангаар цуцалсан тохиолдолд энэхүү гэрээний 2.1-д дурдсан барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 453.2-т заасны дагуу захиран зарцуулах... эрхтэй гэж заасан. Мөн Барьцааны гэрээний 2.2-т заасан хөрөнгүүд нь 55 нэр төрлийн хөдлөх хөрөнгө байх бөгөөд Иргэний хуулийн 453.2-т заасны дагуу Зээлдүүлэгч К б Барьцааны зүйл болох хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах ёстой байсан. К б нь энэхүү эрхээ хэрэгжүүлэлгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 453.2-т заасныг зөрчсөн явдал юм. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

5.4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “нотлох үүргээ хэрэгжүүлэх боломж олгоогүй”) Хариуцагч “Б” ХХК-ийн зүгээс 2020.07.21-ний өдөр шүүхэд хүсэлт гаргаж К бинд хадгалагдаж байгаа 2012.03.05-ны 126 тоот Зээлийн гэрээний “зээлийн хувийн хэрэг”-ийн материалыг нэхэмжлэгч талаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлт гаргасан байдаг бөгөөд уг нотлох баримтууд нь Зээлийн гэрээний хугацаанд буюу 2017.04.30-ны өдөр хүртэл хугацаанд болон түүнээс хойш хугацаанд нэхэмжлэгч тал нь зээл төлүүлэх талаар ямар арга хэмжээг авах ёстой байсан талаар, ямар арга хэмжээг авч хэрэгжүүлсэн болох? 2012.03.05-ны өдрийн барьцааны гэрээг дуусгавар болгож, 7346 мкв талбайтай Ү-2201028819 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн талаар, 2013.03.18-ны өдрийн 126-1 тоот Нэмэлт барьцааны гэрээг дуусгавар болгосон эсэхийг тодорхойлох зэргээр хариуцагч тал нь татгалзлын үндэслэлээ нотлоход ач холбогдолтой байсан. К бны “Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам”-ын 11.6, 11.19, 14.4-т заасны дагуу ямар арга хэмжээг авч хэрэгжүүлсэн болох, 2017.04.30-ны өдрөөс хойш 60 хоног болон 90 хоног өнгөрсний дараа зээлийн хорооноос ямар шийдвэр гаргасан болох талаарх үйл баримтыг нотлох шаардлагатай байсан. Гэвч анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан бөгөөд мөн энэ асуудлыг давж заалдах гомдлынхоо нэг үндэслэл болгосон боловч давж заалдах шатны шүүх энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Иймд Хариуцагч “БХХК-ийн хувьд Зээлийн хүүгийн төлбөр 2017.06.30-наас хойш 2019.04.08-ныг хүртэл хугацааны хүү 753,490,013 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,006,706 төгрөг, нийт 779,496,719 /долоон зуун далан есөн сая дөрвөн зуун ерэн зургаан мянга долоон зуун арван ес/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хасч, мөн үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шийдвэрлэсэн эд хөрөнгүүдээс анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан 55 нэр төрлийн хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг хасч, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.29-ний өдрийн 02966 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн 0133 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

7. Нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “Б” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 6,698,673,995 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагчаас ...зээлийн гэрээний үүрэгт нийт 6,349,452,787.12 төгрөг төлсөн, ...нэхэмжлэлийн шаардлагаас, зээлийн гэрээг цуцлах болон зээлийн үндсэн төлбөрт 5,045,877,061.59 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 570,890.188 төгрөг төлөхийг зөвшөөрнө, бусад хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулах болон ...Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, 62 тоот хаягт орших 7346 м.кв талбайтай, үйлдвэрийн барилгыг барьцаанаас чөлөөлсөн тул уг үл хөдлөх хөрөнгө болон 4194.75 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан байна.

8. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 6,698,673,995.32 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, барьцааны 2 үл хөдлөх эд хөрөнгө, 55 хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, “Б” ХХК-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, 62 тоот хаягт байрлах 7346 м.кв талбайтай, Ү-2201028819 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шүүхийн шийдвэрт ...хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 6,432,636,013 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 266,037,982 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 2.1-д заасныг буюу “Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын, улсын бүртгэлийн НТ-8028/0104, ГД-0000272 дугаартай, “Буян холдинг” ХХК-ийн өмчлөлийн 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар” гэснийг хасч, “...2.1-2.56” гэсэн дугаарыг болон 2.56-ийн “...2 үл хөдлөх хөрөнгө...” гэснийг “...1 үл хөдлөх хөрөнгө...” гэж тус тус өөрчилжээ.  

9. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.8, 240 дүгээр зүйлийн 240.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, үүргийг шууд хязгаарлан, буруу ойлголт, жишиг төрүүлж байна. ...шүүх Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийг хэрэглэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх байсан. ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй байна.

10. “Б” ХХК нь К бтай 2012.03.05-ны өдөр 126 тоот зээлийн гэрээ байгуулж, 10,000,000,000 төгрөгийг жилийн 7.0 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зориулалтаар зээлсэн байх бөгөөд зээлдүүлэгч банк нь зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлжээ. Улмаар гэрээний талууд харилцан тохиролцож, 2013.12.03-ны өдөр 126-2 тоот, 2015.11.30-ны өдөр 126-3 тоот, 2016.07.04-ний өдөр 126-4 тоот, 2017.03.15-ны өдөр 126/1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнүүд байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн, мөн 2012.03.05-ны өдрийн 126 тоот Барьцааны гэрээ, 2012.03.18-ны өдрийн 126-1 тоот Нэмэлт барьцааны гэрээ, 2014.04.08-ны өдрийн 126-2 тоот Барьцааны гэрээг байгуулж, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ. /хх-ийн 14-50 тал/

11. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96, А-97 тоот тушаалаар “К б” ХХК-ийг татан буулгаж, “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг томилсон байх ба 2020.04.03-ны өдрийн 4-111 тоот тушаалаар банкны эрх хүлээн авагчийн хугацааг сунгасан байна. 

12. Анхан шатны шүүх ...талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд хуульд заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 заасанд нийцжээ.

13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд зээлдэгч “Б” ХХК нь 2017.04.30-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, авсан зээлээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь зээлийн гэрээнээс татгалзаж, 2020.03.05-ны өдрийн байдлаар үүссэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардсан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт буюу зээлийн үндсэн төлбөрт 5,045,877,061.59 төгрөг, зээлийн хүүнд 1,553,657,229 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 99,121,704.73 төгрөг, нийтдээ 6,698,673,995 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцжээ. 

14. Давж заалдах шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, “К б” ХХК-ийг 2019.04.08-ны өдөр татан буулгасан тул тус банк хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадваргүй болж, үүрэг дуусгавар болсон, өөрөөр хэлбэл тус банкны зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх 2019.04.08-ны өдөр цуцлагдсан тул нэхэмжлэгч нь уг хугацаанаас хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж дүгнэн, хариуцагчийг үндсэн зээлд 5,045,877,061 төгрөг, зээлийн хүүнд 1,360,752,246 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 26,006,706 төгрөг, нийт 6,432,636,013 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна.

Учир нь, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96, А-97 тоот тушаалаар “К б” ХХК-ийг татан буулгаж, эрх хүлээн авагчийг томилсон тул “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

Иймд, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “...2017.06.30-наас 2019.04.08-ныг хүртэл хугацааны хүү 753,490,013 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,006,706 төгрөг, нийт 779,496,719 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хасч, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн эд хөрөнгүүдээс анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан 55 нэр төрлийн хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг хасч, ...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгөх”-ийг хүссэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

15. Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгө болох 3 үл хөдлөх, 55 хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэж тодорхойлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан, анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК-ийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгө, 55 хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тус компанийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, 62 тоот хаягт байрлах 7346 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалданагэж заасанд нийцсэн байна.  

16. Харин, давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг үндэслэн, “Б” ХХК-ийн өмчлөлийн, 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу, учир нь дээр дурдсан Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын, улсын бүртгэлийн НТ-8028/0104, ГД-0000272 дугаарт бүртгэлтэй, тус компанийн өмчлөлийн 4194.75 м.кв газар нь дангаар барьцааны зүйл болоогүй, уг газар дээр баригдсан “Б” ХХК-ийн өмчлөлийн 5188 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилгын хамт барьцаалагдсан тул анхан шатны шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, уг үл хөдлөх хөрөнгө болон газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

17. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд Иргэний хуулийн дээр дурдсан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна. 

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0133 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/02966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.10-ны өдөр төлсөн 4,125,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.БАНЗРАГЧ 
ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ
            ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА                                                                                                
                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ
                                                               Д.ЦОЛМОН