Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 16

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй,    

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                        Д.Сүрэнхор

         Шүүгдэгч                                         Э.У , Ц.Ц

          Нарийн бичгийн дарга                  Т.Батсайхан нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолтой Э.У , Ц.Ц  нарт холбогдох 1915005570008 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурор Н.Мөнхнарангийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Э. У.

Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт Орхон аймгийн ... оршин суух хаягтай, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Ц.Ц .

Шүүгдэгч Шүүгдэгч Э.У , Ц.Ц  нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос 2.50 метр куб мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр **-** ОРА улсын дугаартай “Kia Fronter 0” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэж байгаль экологид 71410 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 01 дүгээр сарын 31-ний өдрийн 27 дүгээр шийтгэх тогтоолоор:

 1. Шүүгдэгч Монгол овогт Э. У , Б овогт Ц.Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.У, Ц.Ц  нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарт сануулж,

5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.У , Ц.Ц  нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 66 ширхэг буюу 2.5 м3 шинэс төрлийн түлээний хуурай мод, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 65000 /жаран таван мянга/ төгрөгийн үнэ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлж, **-** ОРА улсын дугаартай “Kia Fronter 0” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.У ын эзэмшилд үлдээж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Н.Мөнхнаран эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...техник хэрэгсэлийг ойлгоно”. Мөн хуулийн 4 дэхь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд шүүүх түүнийг хураан авч хадгалах...” гэж заасан бөгөөд тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд шүүх түүнийг хураан авч улсын орлого болгохоор үнийг дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаах эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Д.Сүрэнхор дүгнэлтэндээ: ”...Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Э.У , Ц.Ц  нар нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Чулуут” гэх ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн түлээний хуурай 2.50 м3 мод бэлтгэж, Э.У ын эзэмшлийн **-** ОРА улсын дугаартай “Kia Fronter 0” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаль экологид 71.410 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан, анхан шатны шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмыг тус тус зөрчсөн байх тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаас гаргасан хүсэлтийн /хх-124/ дагуу прокурор мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж тогтоол /хх-125/ гарган хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гээд мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ялын төрлүүдийг хуульчилсан. Гэтэл прокуророос “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан яллагдагч Э.У , Ц.Ц  нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагч Э.У , Ц.Ц  нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх.” гэсэн санал /хх-129/ гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасныг зөрчиж “саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулаагүй, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулна” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх байтал ялаас чөлөөлөх буюу тэнсэж үүрэг хүлээлгэх санал гаргасан нь хуульд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокуророос “ хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, ” гэх санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ/, 5.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилснаас үзэхэд хорих ялаас чөлөөлөх, тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал болохыг тэмдэглэж байна.

Шүүх нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргасан байх, үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимд нийцсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар” гаргасан саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд прокурорын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гаргасан “Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх” санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байхаас гадна мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан яллагдагчийн хувийн байдалд тохирсон байх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол ... прокурорын саналын хүрээнд ял оногдуулах нь үндэслэлтэй хэдий ч Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн ялын төрөлд “хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж”  гэсэн ялын төрөл хуульчлагдаагүй тул  “эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

2. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй буюу яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар санал гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.-т заасан нөхцөл байдлыг нягтлан шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.-т зааснаар шүүх нь прокурорын сонсгосон ялыг яллагдагч хүлээн зөвшөөрсөн эсэхийг нягтлан шалгах бөгөөд прокуророос санал гарган яллагдагч нарт  танилцуулж, гарын үсэг зуруулаагүй нь “прокуророос сонсгосон ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн” гэж үзэх үндэслэлгүй. Учир нь прокурорын дээрх саналыг “шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг” тодорхойлсон гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй буюу хуульд заасан нөхцөл байдал хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмыг алдагдуулсан гэж үзнэ.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд албадлагын арга хэмжээний төрөлд “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, хөрөнгө, орлогыг хураах арга хэмжээг” тус тус багтаан хуульчилсан бөгөөд албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон этгээдэд хүлээлгэх ялын бус шинжтэй нөлөөллийн арга хэмжээ юм.

Шүүх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор тусгасныг тэнсэж үүрэг хүлээлгэх ойлголттой нэгэн адилаар адилтгаж ойлгохгүй байвал зохино.   

Мөн прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид  “эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар” санал болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлах бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын уг саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчим болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ.

4. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд “...тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд шүүх түүнийг хураан авч улсын орлого болгохоор үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 66 ширхэг буюу 2.5 м3 шинэс төрлийн түлээний хуурай мод, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 65000 /жаран таван мянга/ төгрөгийн үнэ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлж, **-** ОРА улсын дугаартай “Kia Fronter 0” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.У ын эзэмшилд” үлдээсэн байна.

Шүүгдэгч Э.У ын эзэмшлийн **-** ОРА улсын дугаартай “Kia Fronter 0” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаль экологид 71.410 төгрөгийн шууд хохирол учруулсан үйлдэлд мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.У ын эзэмшилд үлдээсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзнэ. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулна.” гэж зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэснээр “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод” шүүгдэгч Э.У  эзэмшлийн  **-** ОРА улсын дугаартай “Kia Fronter 0” загварын тээврийн хэрэгсэл хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх заалтаар “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах”-аар хууль тогтоогч үүрэг болгосон байхад тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.У ын эзэмшилд үлдээсэн нь дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** ОРА улсын дугаартай “Kia Fronter 0” загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Э.У ын өмчлөл, эзэмшилд байгаа, шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн эрхэлсэн тодорхой ажилгүй, уг тээврийн хэрэгслээр ачаа ачих, айл нүүлгэх зэргээр орлого олж гэр бүлийн гишүүдийн амжиргааг залгуулдаг гэх мэдүүлэг нь түүний хувийн байдлын талаархи нотлох баримтаар нотлогдож байна, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож түүний эзэмшилд үлдээж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд дурьдаагүй тохиолдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж тээврийн хэрэгслийг гэм буруутай этгээдээс гаргуулж, улсын орлого болгуулахаар хуулиар зохицуулсан заалтыг хэрэглээгүй нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид нь олгож, тээврийн хэрэгсэлийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж улсын орлого болгоно.

Хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд Булган аймгийн Хангал сумын засаг даргын орлогч Ж.Батдоржийг хохирогчоор тогтоож, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл үйлджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь бие, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө , эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ.”, тус хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохиролыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, мөн тус хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохиролыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Булган аймгийн Хангал сумын засаг даргын орлогчийг хохирогчоор тогтоон байцаасан нь дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь Ж.Батдоржийн амь бие, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн тохиолдолд хохирогчоор тогтоож, мэдүүлэг авч тэмдэглэл үйлдэх байжээ.

Хууль зүйн дүгнэлт хийгдээгүй яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх нөхцөл байдлын “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн  шаардлагыг хангаагүй нь тус хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.6-д зааснаар шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул энэхүү зөрчлийг засаж дахин шийдвэрлүүлэх нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд сахих, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцэх тул  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт  буцааж, Булган аймгийн Прокурорын газрын дээд шатны прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3. дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарт холбогдох эрүүгийн 1915005570008 дугаартай хэргийг прокурорын газарт буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН

                                      ШҮҮГЧИД                                     М.ХҮРЭЛБААТАР

                                                                                           Д.МӨНХӨӨ