Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00732

 

 

Б.Мгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01664 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1568 дугаар магадлалтай,

Б.Мгийн нэхэмжлэлтэй

Л.Дид холбогдох

Гэм хорын хохиролд 49,585,746 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.М нь Л.Дид холбогдуулан гэм хорын хохиролд 49,585,746 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01664 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.Доос гэм хорын хохиролд 28.390.099 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.852.179 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Л.Доос улсын тэмдэгтийн хураамжид 299.900 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1568 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01664 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 299 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаяр хяналтын гомдолдоо: ...Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдал, талуудын хүсэл зориг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж шийдвэрлэсэн ба Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй магадлал болсон байна. Иймээс хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд буюу 2020.05.12-ны өдөр нэхэмжлэгч Б.М нь 2017.06.30-ны өдрийн зам тээврийн осолд тодорхой хэмжээний гэм буруутай байж болохуйц нөхцөл байдлыг илэрхийлсэн нотлох баримт хэрэгт авагдсан байх тул /хх122, 123/ шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан болно. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2017.11.24-ний өдрийн дугаар 489 шийтгэх тогтоол нь хариуцагч Л.Дийн гэм буруугийн талаар авч хэлэлцсэн бөгөөд түүнийг буруутай эсэх, хэрэв буруутай бол ямар ял, шийтгэл оногдуулах талаар хянан хэлэлцэж шийдвэрээ гаргаснаас бус нэхэмжлэгч Б.Мгийн гэм буруугийн талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй болно. Хэргийн 122, 123 талд авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч тухайн үед жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоо барьж байсан нь тогтоогдож байгаа бөгөөд гэм хор учрах үед нэхэмжлэгчийн гэм буруу байсан эсэх, зөрчлийн шинжтэй үйлдэл байсан эсэх асуудлыг илүү нарийвчлан, тодорхой авч үзэх зайлшгүй шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Тус хүсэлт хангагдаж шинжээчийн дүгнэлт гарснаар нэхэмжлэгчид учирсан хохирол бий болоход түүний холбогдох хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нөлөөлсөн эсэхийг тогтоож, хэрэв тухайн гэм хор учрахад нэхэмжлэгч тал буруутай байсан болох нь тогтоогдвол Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнгээс багасгах хууль зүйн боломж бий болох байсан хэдий ч шүүх бүрэлдэхүүний зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтаас /хх123 тал/ үзвэл нэхэмжлэгч Б.Мгийн жолоодох эрхийн үнэмлэхний хугацаа нь дууссан нь тодорхой байна, иймд нэгэнт тэрээр холбогдох хэм хэмжээг зөрчсөн нь тодорхой байх тул тодорхой нөхцөл байдлыг тодруулахаар шинжээч томилуулах шаардлагагүй хэмээн дүгнэсэн. Тодруулбал, Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны үед нэхэмжлэгч осол гарах үед нэгэнт жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан нь тодорхой байх бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм” (Тухайн үед буюу 2017 оны 6-р сард хүчин төгөлдөр үйлчилж байсан хэм хэмжээний акт)-ийн 2.1 дэх хэсэгт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна:”, мөн зүйлийн 2.1.а/-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, гэж заасан, мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:”, 2.2.а/-д “замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэж заасан, мөн зүйлийн 2.7 дахь хэсэгт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно”, 2.7.6/ дэх хэсэгт “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх”-г, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно18.1.1-д “жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан” гэх хууль тогтоомж, хэм хэмжээний актыг зөрчсөн нь тодорхой байх тул тодорхой нөхцөл байдлыг дахин тогтоолгохоор шинжээч томилуулах шаардлагагүй хэмээн уг хүсэлтийг хангахаас татгалзсан хууль зүйн үндэслэлээ тайлбарласан. Хэрэв шүүх нэхэмжлэгчийн бурууг шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрсөн бол Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасны дагуу Б.Мд гэм хор учрах үед түүний жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоо барьсан үйлдэл нөлөөлснийг харгалзаж үзэж үнийн дүнг багасгах бүрэн хууль зүйн боломжтой байсан хэдий ч шүүх ийнхүү шийдвэрлээгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд орчуулгын төлбөрийн 166,800 төгрөгний санхүүгийн баримтаас өөр ямар ч санхүүгийн баримтыг гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнгээс 15,000,000 төгрөг хүртэл хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой байх хэдий ч тухайн мөнгөн дүнд эмчилгээ хийлгэсэн зардлын санхүүгийн баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх бөгөөд энэ үүргээ биелүүлж, өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хангалттай нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эмчилгээний зардлын төлбөрийг гаргаж өгөх боломжгүй байна. Мөн хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн цагаас эхлэн нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгч, өөрийн нэхэмжлэлийн үндэслэлийг нотолж буй нотлох баримтууд дунд нэхэмжлэгчийн шүднүүдэд гэмтэл үүссэн болох, түүнийг эмчлүүлж буй хугацаанд авхуулсан зураг байхгүй байсан бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн гаргаж өгөхийг, мөн шүүхийн журмаар гаргуулахыг удаа дараа шаардаж байсан ба 2020.01.10-ны өдөр нэмэлт нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүртэл гаргаж байсан юм. Гэвч анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хэрэгт бэхжүүлэлгүйгээр шийдсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь нотлох баримтад бүрэн дүүрэн үндэслэгдсэн, үндэслэл бүхий шүүхийн магадлал гэж үзэхэд учир дутагдалтай. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хууль зүйн үндэслэл муутай, шаардлагатай нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй, хэргийг тал бүрээс нь бодитой хараагүй гаргасан магадлал өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг санхүүгийн баримтаар нотлогдсон хэмжээнд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Л.Дид холбогдуулан гэм хорын хохиролд 49,585,746 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж, 42,242,278 төгрөг болгожээ. Хариуцагч 15,000,000 төгрөгийн хэмжээнд гэм хорыг маргаагүй, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, маргасан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 28,390,099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

8. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.24-ний өдрийн 489 дугаар шийтгэх тогтоолоор Л.Д нь 2017.06.30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Эмээлтийн замд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 25-д заасныг зөрчин замын тусгаарлах хэсгийн үргэлжилсэн цагаан шугамыг давж эсрэг урсгалд орсноор шулуун замаар явсан нэхэмжлэгч Б.Мгийн автомашины баруун хойд дугуйн урд хэсгийг мөргөж, Б.Мгийн биед хэлэн доор ясны хугарал, үүдэн дээд зүүн 1, 2, 3, 4 дүгээр шүдний хугарал, булгарал, зүүн шилбэнд цус хуралт буюу амьд насанд аюултай, хүнд гэмтэл учруулсан болохыг тогтоожээ. Шүүхийн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг дахин нотлохгүй тул хариуцагч талын хууль бус ажиллагаа, гэм буруугийн асуудал энэ хэргийн маргааны зүйл болоогүй байна.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хариуцагчийн хууль бус ажиллагаа болон гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

10. Иймд шүүх нотлогдсон хэмжээнд нэхэмжлэлийг хангасан нь буруу биш, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул “хохирлыг хэмжээг зөв тогтоогоогүй, төлбөр төлсөн санхүүгийн баримтууд хэрэгт байхгүй, зарим эмчилгээ хариуцагчийн үйлдэлтэй холбоогүй” гэсэн хариуцагч талын гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ. Хэргийн 9-11, 17-40, 92-94 хуудас дахь Солонгос Улсын Парк Авенью эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, төлбөр төлсөн тухай баримт, эмчийн магадлагаа, онгоцны тийз зэрэг баримтуудаар хариуцагчийн татгалзал, гомдол үгүйсгэгджээ. Түүнчлэн, нэхэмжлэгч жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан нь осол гарахад нөлөөлсөн гэх байдлыг нотлох баримт хэрэгт байхгүй, ийнхүү нөлөөлсөн талаар зам ослын актад ч тусгагдаагүй тул “нэхэмжлэгч зохих буруутай, хохирлыг багасгаж, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг хэрэглэх байсан” гэх гомдлыг хангах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл осол гарсанд жолооны үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангаж, хохирлын хэмжээг багасгах нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг зөрчинө.

11. Иймд шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар үйлийн 505.1, 505.2-т заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн тул  шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01664 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1568 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 299,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХТУЯА

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                  ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД