Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2022/00811

 

                              ****- ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч

                                                           ****гийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэр, 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар магадлалтай, 

****- ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч  ****гийн нэхэмжлэлтэй,

Ц.Төмөрхуягт холбогдох 

Гэм хорын хохиролд 81,094,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****- **** нь Ц.Төмөрхуягт холбогдуулан гэм хорын хохиролд 81,094,300 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчмаргажээ. 

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 заасныг үндэслэн Ц.Төмөрхуягаас эмчилгээний зардалд 2,837,818 төгрөг, замын зардалд 917,600 төгрөг, нийт 3,755,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гэрэлт- ****од олгож, нэхэмжлэлээс 77,338,882 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч ****аас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 3,755,418 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75,037 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулжшийдвэрлэжээ. 

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар магадлалаарГовь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...эмчилгээний зардал 2,837,818 төгрөг гэснийг 10,896,900 төгрөг... гэж, ...замын зардал 917,600 төгрөг гэснийг 1,193,400 төгрөг... нийт 12,090,300 гэж, ...нэхэмжлэлээс 77,338,882 төгрөг гэснийг 69,004,000 төгрөг... гэж,2 дахь заалтын 56.2 гэсний дараа 60 дугаар зүйлийн 60.1 гэж нэмж, 3,755,418 гэснийг 12,090,300 гэж, 75,037 гэснийг 208,395 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 507 дугаар зүйлийн 507.1-дзаасныг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч бидний 2016.02.19-ний өдрөөс 2020.05.15-ны өдрийг хүртэлх 50 сарын цалингийн зөрүү, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдаж, харах хараагүй болсон, бусдын байнгын асаргаа шаардлагатай ****- ****ыг асарч байх хугацааны олох ёстой байсан бизнесийн орлогыг 2019.06.12-ны өдрийн 195 дугаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул дахин дүгнэлт хийх үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 195 дугаар шүүхийн шийдвэрт нотлох баримт дутуу, НӨАТ-ын баримт байхгүй, нотлох баримтын шаардлага хангаж дахин бүрдүүлэх гээд хэрэгсэхгүй болгосон. Бидний зүгээс нотлох баримтуудаа нотлох баримтын шаардлага хангаад нэхэмжилтэл хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх ажил хийгээгүй байна гэж дүгнэсэн бол бидний ямар байдалтай байгаа, ямар байдалтай болсныг харгалзан үзэлгүй, эрх зүйн байдлыг дордуулсан. Хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох хуулийн заалтыг хэрэглээгүй. Энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 507 дугаар зүйлийн 507.1-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлээд нэхэмжлэл гарсаар байтал хариуцагчаас төлбөр гаргуулалгүй шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүйгээс бид зарим үед хоолтой хоолгүй, хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл болох шаардлагатай зүйлсийг нь авч чадахгүй, хичээлд нь ч явуулж чадахгүй, халамжийн 310,000 төгрөгөөс өөр орлогогүй өдийг хүрч байна. Гэтэл хариуцагч нэг ч удаа ирж уулзаагүй, биднийг яаж байгаа талаар асуугаагүй, уучлалт гуйгаагүй. 2019.06.12-ны өдрийн шүүхийн шийдвэрээр хохирол гаргуулахаар шийдвэрлэснээс хариуцагч эхлээд 40,000 төгрөг, дараа нь 60,000 төгрөг өгч доромжилсон. Унах унаатай, орох орон сууцтай, 8-н нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг, ажиллах ажлын байртай байсан бид энэ залууд зодуулж, харах хараагүй, ажиллах ажлын байргүй, орох оронгүй болсон бидний эсрэг хууль үйлчилж байгаад гомдолтой байна. Бүх нотлох баримтыг бүрдүүлж өгсөөр байтал өмнөх шүүхийн шийдвэр үйлчилж байна. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэргийг тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгч, Иргэний хуулийн 497, 505, 507 дугаар зүйлд заасныг тус тус хэрэглэж бидний цалин, тэтгэмжийн зөрүү 18,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 60,000,000 төгрөг гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Базарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. **** нь 2016.02.19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 40-1-1 тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч ****- ****ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.19-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 25,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 25,825,471 төгрөгийг төлүүлж, тус шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.12-ны өдрийн 133/ШШ2019/00195 дугаартай шийдвэрээр ****- ****ын эмчилгээ болон замын зардал нийт 11,558,792 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж хохирлыг бүрэн барагдуулан хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл тус шүүхэд 2020.04.01-ний өдөр гэм хорын хохирол гэж дахин нэхэмжлэл гаргаж, 2020.05.15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаартай шийдвэрээр эмчилгээний зардал 2,837,818 төгрөг, замын зардал 917,600 төгрөгийг гаргуулж 77,338,882 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн дүнг өөрчилж 12,090,300 болгож нэмж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ****- **** нь Улаанбаатар хотруу явахдаа ямар зорилгоор явж байсан нь тодорхойгүй, хэрхэн хаана ямар эмчилгээ хийлгэж байсан нь тодорхойгүй, эм л авахаар явдаг юм шиг боловч Улаанбаатарт эм авсан хугацаа Говь-Алтайд байсан хугацаатай давхардах зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байна. Мөн ****- ****ын асран хамгаалагчаар **** байх боловч хотруу явахдаа дандаа зөрж явдаг нь тасалбараас нотлогдож байгаа бөгөөд хараагүй болсон нь эргэлзээтэй байгаа юм. Мөн цуглуулж өгсөн НӨАТ-н баримт нь анхан шатны шүүхээр татгалзсан баримтыг дахин гаргасан, тухайн баримт нь засвартай, өмнө хэрэгт шийдэгдсэн баримтыг нөхөж бүрдүүлсэн байх магадлалтай бөгөөд тухайн баримтаар хэн, хэрхэн, юунд зориулж авсан нь харагдахгүй байгаа. ****- **** нь өөрийн эмчилгээнд зориулагдсан эм эмчилгээ хийлгэх ёстой байтал өөр хамааралгүй баримт цуглуулан шүүхэд гаргасан. Ахуйн хэрэглээ, зүрхний өвчин, хүүхдийн памперс, жирэмсэн хүн уудаг эм гэх мэт.

5.1. Мөн гэмтсэнээс хойших 50 сарын хугацааны цалингийн зөрүү 18,000,000 төгрөг, ****- ****ыг асарч байх хугацаанд олох ёстой байсан бизнесийн орлого 50,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. ****- **** нь өмнөх нэхэмжлэлдээ уг мөнгийг нэхэмжилж байсан бөгөөд уг шаардлагын талаар үйл баримт болох үед хохирогч нь байнгын тодорхой ажил эрхэлж байсан нь тогтоогдохгүй байгаа бөгөөд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж олох ёстой байсан мөнгөний хувьд аймгийн татварын хэлтсийн тодорхойлолт, гэрээт борлуулагч “Их буудал” ХХК-ийн тодорхойлолт зэрэг нь нотлох баримтаар ирсэн боловч ****г олох ёстой байсан орлогыг тодорхойлох боломжгүй. Өмнөх эрүүгийн хэргийн шүүх хурал дээр гаргаж өгөх боломжтой байсан баримтыг гаргаж ирсэн, анхан шатны шүүх хүлээж авахаас татгалзсан баримтыг дахин гаргаж өгөөд байгаа нь үндэслэлгүй, анхан шатны шүүх тухайн баримтыг хүлээн авахаас татгалзсан байхад дахин дахин гаргаад байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Анхан шатны шүүх Ц.Төмөрхуягаас эмчилгээний зардалд 2,837,818 төгрөг, замын зардалд 917,600 төгрөг, нийт 3,755,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гэрэлт- ****од олгож, нэхэмжлэлээс 77,338,882 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрт эмчилгээний зардал 2,837,818 төгрөг гэснийг 10,896,900 төгрөг, замын зардал 917,600 төгрөг гэснийг 1,193,400 төгрөгнийт 12,090,300 төгрөг гэж, нэхэмжлэлээс 77,338,882 төгрөг гэснийг 69,004,000 төгрөг гэсэн өөрчлөлт оруулжээ.   

8. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

9. ****- **** нь ****т холбогдуулан эмчилгээ сувилгаа, оношилгоо, унааны зардал 11,999,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсаны улмаас ажил хийж байсан үеийн цалингаас доогуур тогтоогдож халамжийн тэтгэвэр 310,000 төгрөг авдаг болсноос хэрэглээний зардал нэмэгдсэн. Цалин тэтгэврийн зөрүүг хамгийн сүүлийн цалин болох 670,000 төгрөгөөр тооцож бодоход гэмтсэнээс хойших 50 сарын хугацааны зөрүү болох 18,000,000 төгрөг, хүнсний дэлгүүр ажиллуулж олох ёстой байсан бизнесийн орлого 50,000,000 төгрөгийг тус тус хохиролд тооцон нийт 81,094,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч мэтгэлцжээ. 

10. Зохигчийн хооронд эмчилгээ, сувилгаа, оношилгооны болон бусад зардал, цалингийн зөрүү, олох ёстой байсан орлогыг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эрүүл мэнд, ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө. 

Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа хохирогчийн эрхийг өмнөх байдалд сэргээх, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг. 

Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хийлгэсэн гэх эмчилгээний зардал, хохирол нь Д.Гэрэлт- ****ын гэм буруутай үйлдлээр учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай.   

12. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Төмөрхуягийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгох ялаар шийтгэсэн үйл баримт тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар ****ийн гэм бурууг тогтоосон уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй. 

13. ****нь хууль бусаар Д.Гэрэлт- ****ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэсэн зохицуулалт хариуцагчид хамаарахгүй. 

Харин Д.Гэрэлт- ****ын эрүүл мэндэд учруулсан хүнд хор уршигтай нэхэмжлэгчийн шаардаж буй хохирол шалтгаант холбоотой эсэх, гэм хорын хэмжээний хувьд хариуцагч маргах эрхтэй. 

14. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зохицуулжээ. 

15. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах” эрхтэй тул Д.Гэрэлт- ****өөрийн сонголтоор аль ч эмнэлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ оношлуулах, эмчлүүлэх эрхтэй юм. 

16. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэсэн байдал нь учирсан гэмтэлтэй хамааралтай болох, гарсан зардлын хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эдгээр нотлох баримтын хэмжээнд ****ийн үүргийг 12,090,300 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ.

17. Хариуцагч **** “... ****- **** мөнгө юунд, яаж хэрэглэсэнУлаанбаатар хотруу явахдаа ямар зорилгоор явж байсанхэрхэн, хаана, ямар эмчилгээ сувилгаа хийлгэсэн нь тодорхойгүй. ... ****- ****ын асран хамгаалагчаар **** тогтоогдсон хэдий ч Улаанбаатар, Говь-Алтайн хооронд автобусаар явахдаа байнга зөрж явдаг тасалбараар, ****- **** хараагүй гэх атлаа асран хамгаалагчгүй явж байсан нь автобусны тасалбарын огноогоор нотлогдож байгаа бөгөөд хараагүй болсон эсэх нь эргэлзээтэй. ...тасалбарууд нь өмнө нь шийдэгдсэн иргэний хэргийн баримтууд байгаа нь нөхөж бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ. 

18. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 195 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр ****- ****ын цалингийн зөрүү, олох ёстой байсан орлоготой холбоотой нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн гэж хоёр шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.    

19. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан. 

Д.Гэрэлт- ****ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсны улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбогдуулж авч байгаа тэтгэврийн зөрүүг нэхэмжлэгч шаардахад энэ тогтоол саад болохгүй. 

20. Иймд давж заалдах шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар магадлалыг хэвээр үлдээж,зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,395 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД