Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2020/ДШМ/378

 

 

 

 

 

  2020           3             31                                    2020/ДШМ/378

                                                       

Б.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор А.Сайнбаяр,

            хохирогч Л.П, Б.Б,

            шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Бадраа, Р.Пүрэвлхам,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.АТ, шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Б.Бадраа, Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Од холбогдох 1833001290012 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            М овгийн Бын О, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, “Эм Эс Ди” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туулын гудамжны 70Б байрны 41 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            1. Б.О нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд иргэн Б.Тг Япон улсаас оруулж ирэх хөнгөлөлттэй зээлд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Хаан банкны 5099002393, 5079031816 дугаартай данснуудаар 5 удаагийн үйлдлээр 9.510.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

            2. 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Х.Хыг Японы хөрөнгө оруулалттай жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлд хамруулж өгнө гэж, Bitcoin цахим валютад мөнгө байршуулж ашиг олох боломжтой гэж, Нийслэлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан 3 ядуу өрхөд үнэгүй орон сууц олгох боломж байна” гэж тус тус зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн “Хаан” банкны 5099002393 дугаартай дансаар 7 удаагийн үйлдлээр нийт 13.100.000 төгрөгийг, “Төрийн” банкны 107400075611 дугаартай дансаар 5 удаагийн үйлдлээр 18.151.134 төгрөгийг, нийт 12 удаагийн үйлдлээр 31.251.134 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

            3. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Н.Нийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын буцалтгүй тусламжаар төрийн албан хаагчдад олгох байранд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 8 удаагийн үйлдлээр 3267.93 ам.доллар буюу 8.422.408 төгрөгийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

            4. 2018 оны 5 дугаар сарын 9-нөөс 10-ны өдрийн хооронд иргэн Б.Бг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон “Хаан” банкны 5099002393 дугаартай дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 8.000.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

            5. 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд иргэн Д.Уийг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон “Хаан” банкны 5099002393 дугаартай дансаар 6 удаагийн үйлдлээр нийт 12.426.000 төгрөгийг Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

            6. 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд иргэн Б.Мыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож Хаан банкны 5099002393 дугаартай дансаар 6 удаагийн үйлдлээр нийт 8.055.000 төгрөгийг Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

            7. 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр иргэн Ч.Дг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон “Хаан” банкны 5099002393 дугаартай дансаар 1 удаагийн үйлдлээр 7.054.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн гадаа шилжүүлэн авч залилсан,

            8. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдрийн хооронд иргэн Ц.Г хөнгөлөлттэй орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 434001058 дугаартай дансаар 3 удаагийн үйлдлээр 8.720.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр плаза” төвийн “Худалдаа хөгжлийн банк”-наас, бэлнээр өгсөн 320.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70Б байрны гадаа авч, нийт 4 удаагийн үйлдлээр 9.040.000 төгрөгийг залилсан,

            9. 2018 оны 2 дугаар сарын 6-наас 18-ны өдрийн хооронд иргэн Л.Бийг хөнгөлөлттэй орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн “Хаан” банкны 5099002393 дугаартай дансаар 4 удаагийн үйлдлээр 7.475.200 төгрөг, 5041026923 дугаартай дансаар 4 удаагийн үйлдлээр 8.000.000 төгрөгийг, бэлнээр 300.000 төгрөгийг, нийт 9 удаагийн үйлдлээр 15.775.200 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

            10. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 7-ны өдрийн хооронд иргэн Г.Мад ломбардад ашиглах программ суулгаж өгнө, Төрийн банкнаас зээл гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн “Хаан” банкны 5099002393 дугаартай дансаар 3 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг Сүхбаатар болон Орхон аймгаас шилжүүлэн авч залилсан,

            11. 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Э.Шг хотын захиргаанд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгөх нэг өрөө байранд зуучилж өгнө гэж 6 удаагийн үйлдлээр 11.478.000 төгрөгийг Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

            12. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд Л.Паас “Lexus” загварын машин оруулж ирж зараад мөнгийг нь өгнө, “Төрийн сан”-гаас нэн ядуу иргэдэд үнэгүй өгдөг орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 25 удаагийн үйлдлээр 89.660.984 төгрөгийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

            13. 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сар хүртэл хугацаанд С.Оыг өнчин, нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2 удаагийн үйлдлээр 12.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Цомо” төвийн 501 тоотод бэлнээр авч залилсан,

            14. 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т.Бийг өнчин, нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 1 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Цомо” төвийн 501 тоотод бэлнээр авч залилсан,

            15. 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т.Бийг өнчин, нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Цомо” төвийн 501 тоотод бэлнээр 3.955.000 төгрөгийг, уг байраа томруулахад мкв-ын зөрүү шаардлагатай гэж, 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 24-ний өдрийн хооронд, 2 удаагийн гүйлгээгээр 5.200.000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс өөрийн “Хаан” банкны 5099002393 дугаартай дансаар шилжүүлэн авч, нийт 9.156.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

            16. 2018 оны 3 дугаар сараас 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Д.А Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн хажууд барилга барих газар олж өгнө, Япон улсын хөнгөлөлттэй зээлд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон “Хаан” банкны 5099002393 дугаартай дансаар 12 удаагийн гүйлгээгээр 21.110.000 төгрөгийг, “Хаан” банкны 5041026923 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр 3.400.000 төгрөгийг, бэлнээр 8.500.000 төгрөгийг, нийт 33.010.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

            17. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Т.Ог хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгогдох орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кинотеатрын баруун талд байрлах нотариатад зээлийн гэрээ байгуулж, 4.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

            18. 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 2-ны өдрийг хүртэл хугацаанд Б.Тыг Нийслэлээс өгдөг халамжийн орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 9.580.000 төгрөгийг “Хаан” банкны 5099002393 дугаартай дансаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Метромалл” дэлгүүрээс интернет банкаар шилжүүлэн авч залилсан,

            19. 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Л.Пыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө, мөн өөр хэдэн байрны боломж байна гэж итгүүлэн Л.Паар дамжуулан А.Жаргалсайхан, Д.Д, Г.Болормаа, Д.Баасандорж, Л.Базаргүр нараас хөнгөлөлттэй орон сууцны урьдчилгаа болон бусад төлбөрт шаардлагатай гэж нийт 64.982.000 төгрөгийг Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

            20. 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Ц.Э ахмадын түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны хуучин эцэст байрлах “Хаан” банкны АТМ-ээс өөрийн 5099002393 дугаартай дансаар 3.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мянгад овогт Батбаатарын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Оыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оын цагдан хоригдсон 120 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ооос 29.251.134 төгрөгийг Г.Хд, 6.910.316 төгрөгийг Н.Нд, 12.426.000 төгрөгийг Б.Бд, 8.055.000 төгрөгийг Б.Мад, 7.054.000 төгрөгийг Ч.Дд, 9.040.000 төгрөгийг Ц.Гд, 15.775.200 төгрөгийг Л.Бд, 4.000.000 төгрөгийг Х.Мад, 9.178.000 төгрөгийг Э.Шд, 38.465.140 төгрөгийг Л.Пд, 12.000.000 төгрөгийг С.Од, 4.000.000 төгрөгийг Т.Бд, 2.256.000 төгрөгийг Т.Бт, 25.510.000 төгрөгийг Д.АТд, 4.000.000 төгрөгийг Г.Од, 9.580.000 төгрөгийг Б.Тад, 52.176.000 төгрөгийг Л.Пт, 3.100.000 төгрөгийг Ц.д, 12.426.000 төгрөгийг Д.Ут, 10.806.000 төгрөгийг Д.Дэд тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Д.АТ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хэргийг шийдвэрлэсний дараа С.Пүрэвсүрэн шүүгчийн туслахаас хавтас хэргийн материалыг авч танилцаж байхдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шатанд миний хохирлын тооцоог дутуу, буруу гаргасан байсныг олж мэдсэн. Энэ тухай хавтас хэргийн N5, 000175 дугаар хуудсанд байгаа Б.Оын “Төрийн банк”-ны 107400075611 дугаартай дансанд, бэлнээр 5.000.000 төгрөгийг “АТгаас газрын үнэ 90098969” гэсэн утгаар тушаасан нь дансны хуулгаас харагдаж байгаа юм. Миний хохирлын тооцоог гаргахдаа Б.Оын “Хаан банк”-ны данснуудаас шүүж гаргасан. Миний бие хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хэргийн материалтай танилцаагүй байсан ба Б.Оын “Төрийн банк”-ны дансанд бэлнээр хийсэн мөнгө байсан тул мартаж өнгөрөөсөн байна. Иймд шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэж, миний хохирлын тооцоог нэмж, үнэн зөвөөр гаргуулж өгнө үү. Өмнөх шийдвэрээр 25.510.000 төгрөг байсныг 5.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж тооцохыг хүсье. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль бус, хэт нэг талыг буюу яллах талыг барьсан, шүүгдэгчийн эрхийг хязгаарласан, хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй дүгнэлтийг гаргасан гэж үзэж гаргаж байна. Яллах дүгнэлтэд “...Шүүгдэгч Б.О нь “...Иргэдээс авсан мөнгийг А.М гэх хүнд өгч байсан, тэр хүн анх санал гаргаад хүн олж өгвөл 1.000.000 төгрөгийг нь өгч байна гэж хэлснийх нь дагуу хүн олж мөнгийг нь аваад А.Мад өгдөг байсан. ...” гэсэн мэдүүлэг өгч байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайлбал, А.М гэдэг хүнд мөнгө өгч байсан талаарх баримт хэрэгт байхгүй. А.М гэдэг хүнийг хаана амьдарч юу хийдэг талаар өөрөө ч огт мэдэхгүй байна. Анх Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Ядуурлыг бууруулах хэлтсийн дарга хийдэг гэж хэлсэн боловч үүнийх нь дагуу очиж шалгахад тийм хүн байдаггүй талаар ирүүлсэн албан бичиг хэрэгт авагдсан байна. Б.О нь хүмүүсээс мөнгө авахдаа миний цаана нэг хүн байгаа хэлж байсан гэх боловч чухам хаана ямар ажил хийдэг хүн байгаа талаар тодорхой яриагүй байна. Б.О нь мөнгийг өөрийн дансаар дамжуулан авч байсан ба хэн, хэдэн төгрөг, хэзээ өгөх талаар нь тоог өөрөө тогтоож, иргэдээс мөнгийг хэд хувааж авч байсан байна. ...” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.2 гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр буюу нотолбол зохих асуудлыг нотлоогүй байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль бус, яллах талыг барьсан гэж үзэхээр байна. Өмгөөлөгч Л.Батжаргал нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Адъяасүрэн овогтой М гэгч нь Улаанбаатар хотын захирагчийн албанд орон сууцтай холбоотой өргөдөл, гомдол хариуцсан дэд дарга буюу ахлах мэргэжилтэн гэж өөрийгөө танилцуулан ойлгуулж, миний үйлчлүүлэгч Б.Од итгэл үнэмшил төрүүлэн, хохирогч гэх этгээд нарын итгэмжлэн хариуцуулсан тодорхой хэмжээний мөнгийг дамжуулан авч завшсантай холбоотойгоор А.М гэгчийн Б.Отой холбогдож, харьцаж байсан гэх 99116937 дугаартай холбоотой эзэмшигч нарын дэлгэрэнгүй лавлагааг “Мобиком корпораци” ХХК-иас гаргуулах, Б.О нь хохирогч гэх этгээд нараас авсан мөнгийг А.М гэгчид дамжуулан өгч байсан талаар тогтвортой мэдүүлсэн байх тул Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Адъяасүрэн овогтой М нэртэй бүхий л этгээд нарын иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулан Б.Ооор таньж олуулах ажиллагааг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүйгээс шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон шийдвэрийг шүүх гаргасан болно. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байтал шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин эцсийн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хавтас хэрэгт, хохирогч Г.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд “..15.000.000 төгрөгийг ... “Bitcoin” буюу цахим мөнгөнд байршуулна гэж хэлээд авсан. ... Миний хүүгийн утсан дээр юу нь ч мэдэгдэхгүй 3 application суулгаад цаашаа илгээсэн байгаа, танд майл очсон уу, удахгүй хаяг, паспорт нь ирнэ гэж хэлж байсан. ...” /хх 77/ гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Хохирогч Г.Хын цахим валют буюу “Bitcoin”-ийг худалдан авах зорилгоор 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдгийг Б.О нь цахим валютын арилжааны чиглэлээр биржийн үйл ажиллагаа явуулдаг www.bittrex.com, www.cucoin.com, www.hashflare.io зэрэг биржүүдэд Г.Хын е-мэйл хаяг, хувийн мэдээллийг баталгаажуулан олон улсын виза картаас бирж рүү мөнгө шилжүүлж, хохирогчид нэвтрэх нэр, нууц үгийг өгсөн байна. Гэрч Г.Замилан “...Тэр үед миний ээж Х нь О гэх ахын ажлын байр руу дагаж явсан. О гэх ах өөрийн ажлын байр буюу ажлын байраа сольсон гээд ажлынхаа талаар яриад байсан. Түүний дараа О гээд ах миний гар утсан дээр 3 application татаж суулгаад энэ 3 бол “Bitcoin” буюу хувьцаа хянахад хэрэгтэй гэж хэлж байсан. Би тэр 3 application-ийг одоо санахгүй байгаа ба тухайн үед зүгээр л баахан тоо гарч ирээд байсан. ...” /1хх 75/ гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Б.Оын цахим валют буюу “Bitcoin” худалдан авахтай холбоотой олон улсын биржид бүртгүүлсэн 3.250.000 төгрөгийн үнэ бүхий “Desktop i7” загварын компьютерыг хохирогч Б.Т /4хх 239/ нь авсан байдаг. Олон улсын зах зээл дээр цахим валютын арилжаа хийдэг биржид анх бүртгүүлсэн компьютероос нэвтрэхийг шаарддаг тул хохирогч Б.Таас “Desktop i7” загварыг компьютерыг эд мөрийн баримтаар хурааж, Б.О нь хохирогч Г.Хын шилжүүлж байсан мөнгөөр цахим валют буюу “Bitcoin” худалдаж авч байсан эсэх, цахим валютын арилжаа хийгддэг биржид бүртгүүлсэн эсэх талаар тодруулах зэрэг бусад ажиллагааг хийлгэх зорилгоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой байгаа болно. Б.О нь Говьсүмбэр аймгийн Чойр хотод замын хөдөлгөөн, автомашины дугаарыг автоматаар хянах хяналтын камер суурилуулах ажил үүргийг гүйцэтгээд Улаанбаатар хот руу буцах үедээ Адъяасүрэн овогтой М /утас:9911-6937/ гэгчтэй танилцсан байдаг ба А.М нь өөрийгөө Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан хэлтсийн дэд дарга ажил хийдэг гэж өөрийгөө танилцуулсан байна. А.М нь Улаанбаатар хотод ирсний дараа Б.Оыг дуудан уулзаж, улмаар дотно танилцсаны дараа Б.Од “...Нэн ядуу, өрх толгойлсон, групп тогтоолгосон хүнд болон залуу гэр бүл зэрэг хүмүүст хөнгөлөлттэй үнээр байр олж өгөх боломж гараад байна, урьдчилгаанд нэг өрөө байр 4.000.000-5.000.000 төгрөг, 2 өрөө байр 7.000.000-8.000.000 төгрөг болно, чи аль болох олон хүн олж өгөөч, чамд шагнал болгож 1.000.000-2.000.000 төгрөгийг өгье. ...” гэх санал тавьж итгэл үнэмшил төрүүлсэн байдаг байна. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.О нь гэрчээр /2хх 110, 3хх 224, 4хх 76, 4хх 213, 4хх 243, 5хх 20/, яллагдагчаар /3хх 53, 4хх 50, 5хх 215/ өгч байсан мэдүүлэгтээ хохирогч нараас авч байсан мөнгийг А.М гэгчид өгч байсан талаар тогтвортой мэдүүлгийг удаа дараа өгч байсан байна. Түүнчлэн, хохирогч Н.Н “...Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хөнгөлөлттэй олгогддог орон сууц байдаг юм байна, миний мэдэх 3 орон сууц байна, үүнд төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон хүн гэж байна, чи төрийн албан хаагч юм чинь орооч, 1 өрөө 5.000.000 төгрөг, 2 өрөө 7.000.000 төгрөгийн үнэтэй байна гэсэн, тэгэхээр нь би юу гэж тийм зүйл байдаг юм гээд өнгөрчихсөн юм. ... Тэгтэл манай хамаатны ах Батболд байгаа юм, над руу бичсэн нь байгаа гэсэн тэгээд хоорондоо бичсэн зурвасаа зураг болгоод явуулсан тэгэхээр нь би итгээд эхний ээлжид 1016.42 ам.доллар шилжүүлсэн. ...” /1хх 218/ гэх, хохирогч Э.Ш “...2018 оны 1 дүгээр сарын 20-ны үеэр ... “Хотын захиргаанд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд нэг өрөө байр өгдөг юм байна, чи зөвшөөрвөл үүнд чиний материалыг өгөөд чи байртай болох боломж байна, шагналд нь би чамаас 1.000.000 төгрөг авна, цаашаа зуучилж байгаа хүнд 3.000.000 төгрөг өгнө, тэр хүн нь бас цаашаа тараана. ...” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. ... 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр О миний гар утас руу залгаад “Чи надад шагналд өгөх 1.000.000 төгрөгөө өгөх боломж байна уу, надад мөнгө хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би энэ өдрөө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр И-март дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талын “Хаан банк”-наас шилжүүлсэн. ...” /3хх 175/ гэх мэдүүлгээр Б.О нь хохирогч нараас авч байсан мөнгийг А.М гэгчид өгч, тодорхой багахан хэмжээний мөнгийг түүнээс авдаг байсан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд А.М гэгчийн талаар тогтоох, түүний хэрэглэж байсан 9911-6937 дугаарын эзэмшигчийн талаар Мобиком ХХК-иас тодруулах зэрэг ажиллагаа хангалттай хийгдээгүй байтал шүүх яллах талыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Б “...2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр О ахтай уулзаад би 2.000.000 төгрөг, Д эгч 7.056.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удахгүй болчихно гэж хэлж явсаар 2018 оны 6 дугаар сард залгахад буцалтгүй тусламжаар байр олгох нэрсийн жагсаалт гэж хэлээд хүснэгт үзүүлээд хойшлуулаад харьяа газруудад хуваарилагдаагүй байна гэж хэлж явсаар сүүлдээ 2018 оны 10 дугаар сард О ах надтай ирж уулзаад Халамжийн газарт нь аудитын шалгалт орчихлоо гэж хэлээд хугацаагүй хойшлуулсан. 2019 оны 2 дугаар сард Д эгчтэй хамт уулзахад Нийслэлийн даргын тамгын гэсэн албан бичиг үзүүлээд уг бичигт нэрсийг оруулсан гэж үзүүлэхээр хэсэг хүлээж байгаад...” /3хх 39/ гэх, хохирогч Ч.Д “...2018 оны 6 дугаар сард уулзаад мөнгөө авъя гэхэд жагсаалтад орчихсон байгаа зургийн аваад явуулъя гэж хэлээд хэсэг хугацааны дараа Бийн ээж Батхишиг, манай ээж Бизъяа нарын нэрийг оруулсан хүснэгт явуулсан байхаар нь итгээд хэсэг хугацаанд харсан. ...Хамгийн сүүлд 2018 оны 8 дугаар сард надад Нийслэлийн Засаг даргын тогтоол гарсан гэж хуулбар явуулахаар нь...” /3хх 130/ гэх мэдүүлгийг өгсөн байдгаас гадна хэргийн 3 хавтасны 37 талд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 15/373 тоот иргэдэд буцалтгүй тусламжаар байр олгох тухай тогтоол, буцалтгүй тусламжаар олгогдох орон сууцанд тэнцсэн хүмүүсийн жагсаалт /3хх 38/ зэрэг баримт авагдсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 15/373 тоот тогтоол, буцалтгүй тусламжаар олгогдох орон сууцанд тэнцсэн хүмүүсийн жагсаалт зэрэг баримт гарсан эсэх, орон сууц тогтоол шийдвэрийн дагуу олгогдож байсан эсэх, хохирогч Л.Бийн ээж Чимэд овогтой Батхишиг, хохирогч Ч.Дгийн ээж Жутаа овогтой Бизъяа нарт орон сууц олгогдох шийдвэр гарсан эсэх, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Улаанбаатар хотын захирагчийн албанд Адъяасүрэн овогтой М гэгч этгээд ажилладаг эсэх талаар тодруулах ажиллагаа огт хийгдээгүй байх тул дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай. Энэхүү ажиллагааг хийлгэх нь А.М гэгч этгээдийг олж тогтоох, түүнийг ял завших нөхцөл байдлыг үүсгэхгүй байх ач холбогдолтой байгаа болно. Б.Од холбогдох эрүүгийн 1833001290012 тоот хэрэгт хохирогч Д.АТ нь нийт 85.650.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох /4хх 162-168/ баримтаар хохирогч Д.АТ нь Б.Од 26.500.000 төгрөг, Б.О нь хохирогч Д.АТд /4хх 164-165/ баримтаар 7.500.000 төгрөгийг харилцан шилжүүлсэн байдаг. Эрүүгийн 1833001290012 тоот хэрэгт Б.О нь “...Би сүүлд АТгийн ээж Өнөржаргалд АТгаас авсан мөнгөө дансаар өгсөн. Гэхдээ би АТгаас авсан мөнгөн дээрээ илүү 8.500.000 төгрөг өгсөн. Учир нь, АТ нь Б.О нь хоригдож байгаа тул мөнгөний хэрэг болоод байна гэж ээж Өнөржаргал нь гуйгаад байсан. Би АТгаас авсан бүх мөнгөө түүний ээж Өнөржаргалд өгсөн. Уг асуудалд Өнөржаргал хамаагүй АТ бид хоёр хамтран ажиллаж байсан. ... Би уг хэрэгт Баярмааг дуудуулж гэрчээр мэдүүлэг өгүүлмээр байна.. Учир нь АТ, Баярмаа бид гурав хамтран ажиллаж байсан. ...” /4хх 15/ гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Д.АТгийн шилжүүлсэн 26.500.000 төгрөгийн зарим хэсгийг Д.Баярмаагийн “Хаан банк”-ны 5006750778 дугаартай дансаар дамжуулан авч байсан байна. Түүнчлэн, Б.О нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Д.АТгийн төрсөн дүү Д.Солонгын “Хаан банк”-ны 5032512041 дугаартай дансанд 1.000.000 төгрөг, төрсөн ээж буюу гэрч У.Өнөрсайханы “Хаан банк”-ны 5032438407 дугаартай дансанд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлж байснаас гадна нилээдгүй хэмжээний мөнгийг бэлнээр У.Өнөрсайханы дансанд тушааж байсан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын гэрч У.Өнөрсайхан /4хх 141/-д шилжүүлж байсан гэх мөнгөн гүйлгээг тогтоох, түүний эзэмшдэг дансны хуулгыг гаргуулах, гэрч У.Өнөрсайханаас дахин тодруулах/ Б.Оын мэдүүлгийн дагуу Д.Баярмаагаас гэрчийн мэдүүлэг авч холбогдох нотлох баримтыг гаргуулах зэрэг ажиллагаа хийгдээгүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай байгаа болно. Энэхүү ажиллагааг хийх нь хохирлын тооцоог хөдөлбөргүй, үнэн зөв тогтоох ач холбогдолтой болно. Иймээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/77 тоот тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Б.Бадраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний үйлчлүүлэгч Б.Од холбогдох эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад прокурорын хяналтад шалгагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд үйлчлүүлэгчийн маань эрх ашгийг төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удаа дараа ноцтойгоор зөрчсөн нь шийтгэх тогтоол үндэслэлгүй гарах гол үндэслэл болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн. Мөн бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь дараах баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Үүнд:

            1. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл хэргийн оролцогчдод хавтас хэргийн материал танилцуулах тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд тодорхой заасан. Гэтэл яллагдагч Б.Од холбогдуулан шалгасан хэргийн материалыг хэргийн оролцогч, хохирогч нарт бүрэн гүйцэд танилцуулаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д заасны дагуу хүсэлт, гомдол байгаа эсэх асуудлыг шийдвэрлээгүй нь хохирогч Д.АТгаас давж заалдах гомдол гаргаснаар тогтоогдож байна. Мөн хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нэг бүрийн хохирлын асуудлыг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд биш хийж ирсэн нь хохирогч Г.Мын “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд...” гэж хандсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтдээ өөрт нь холбогдох хохирлын асуудлыг шийдвэрлээгүй, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэн хохирлын асуудлаа нэг мөр шийдвэрлүүлэх тухай утгыг агуулсан зүйлүүдийг нэрлэн заасан байдаг. Зөвхөн нэг хохирогчийн дээрх хүсэлтээс л хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн хийгдсэн, нотолбол зохих асуудлууд нотлогдсон эсэх, Б.О нь үнэхээр хэн хэнийг хохироосон, хэн хэнд хохирол учруулаагүй, түүнтэй хамжаа болсон этгээд байсан эсэх, ямар нөхцөл байдлын улмаас шүүгдэгч эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах болсон зэрэг олон нөхцөл байдал тодорхой болох байсан.

            2. Дээр дурдсан ажиллагаатай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялангуяа 1.1, 1.2, 1.4, 1.7, 1.9, 1.10 дахь хэсэгт заасан ажиллагааг мөрдөгч хийж гүйцэтгэсэн эсэхийг хянаагүй, прокуророос мөрдөн байцаалт явуулсан хэрэгт хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон прокурор нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан гэж үзэхэд учир дутагдалтай байсан. Энэ нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтыг шинжлэн судлах үед хангалттай тогтоогдохоор байсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан гэж үзэж байна.   

            3. Хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.О нь яллагдагчаар удаа дараа “...Хохирогч нараас мөнгө авах болсон шалтгаан нь Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хэлтсийн даргаар ажилладаг гэх А.Мын санаачилгаар үүссэн, энэ хэрэгт А.М гэх этгээд оролцоотой бөгөөд А.Мын оролцооны тухай тодорхой мэдүүлэн, хохирогч нараас авсан мөнгөний тодорхой хэсгийг А.М гэгчид өгч байсан, мөн Б.О нь өөрөө А.М гэгчийн дүү Энхжаргалтай хамт “Цомо” төвд өрөө түрээслэн ажиллаж байсан, зарим хохирогчид тухайн оффист ирж үйлчлүүлж, уулзалт хийж байсан. ...” гэх мэт мэдүүлэг өгч байсан нь хөнгөлөлттэй орон сууцны тухай асуудалд Б.О нь дангаараа хариуцлага хүлээх этгээд гэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна гэж үзэхүйц нөхцөл байдал болох юм.

            Өөрөөр хэлбэл, Б.Оын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд зааснаар гэм буруугийн хэлбэрийг нь тогтоох зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн. Мөн шүүгдэгчийн мэдүүлж буй А.М гэгч этгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг хамтран оролцсон этгээд үү эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн зохион байгуулагч эсэх тухай асуудлыг шалган тогтоохгүйгээр гэмт хэргийн бодит байдал, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. А.М гэгчийг олж тогтоолгүйгээр, энэ хэрэгт ямар оролцоотой байсан болохыг тогтоолгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал тогтоогдох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлд заасны дагуу бүрэн гүйцэд шалган тогтоож, заавал хийж гүйцэтгэвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгээгүй асуудал нь мөрдөгч, прокурор нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчин хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй болохыг хангалттай нотолж байх бөгөөд дээрх бүх тогтоогдоогүй нөхцөл байдлуудыг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх ямар ч боломжгүй байсан.

            4. Шүүгдэгч Б.Од холбогдуулан шалгаж буй хэргүүдийг бүгдийг нь нэгтгэн шалгаж, хэрвээ гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээгүй баримтуудаар нотлогдон тогтоогдвол ял шийтгэлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлын хувьд ач холбогдолтой үйл баримт болох юм. Гэтэл яллагдагч Б.Од холбогдох эрүүгийн 1833001290012 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсний дараа яллагдагч Б.О нь “2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ц.ЭнхТг ахмадын түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Зүүн салааны хуучин эцэст байрлах “Хаан банк”-ны АТМ-ээс өөрийн 5099002393 дугаарын дансанд 3.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас эрүүгийн 1908049331644 дугаартай хэрэг үүсгэн Б.Оыг яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн 1908049331644 дугаартай хэргийг 1833001290012 дугаар хэрэгт нэгтгэх тухай Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 483 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” тогтоолоор нэгтгэсэн байх бөгөөд уг тогтоолд “...яллагдагч Б.Од холбогдох эрүүгийн 1908049331644 дугаартай хэргийг эрүүгийн 1833001290012 дугаартай хэрэгт нэгтгэн мөрдөн байцаалт явуулах шаардлагатай байна. ...” гэсэн байдаг. Прокурор дээрх 1908049331644 дугаартай хэргийг 1833001290012 дугаартай хэрэгт нэгтгэн мөрдөн байцаалт явуулах шаардлагатай байна гэсэн атлаа 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1552 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад Ц.ЭнхТгийн хохирлыг 3.300.000 төгрөг гэж хохирлын тооцоонд оруулжээ. Б.Оыг шүүхэд шилжүүлэхийн өмнө 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр /6хх 43/ яллагдагчаар дахин мэдүүлэг авахдаа “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 233 дугаартай тогтоолыг хохирогчдод танилцуулан /6хх 37-42/ гарын үсэг зуруулсан байх боловч энэ тогтоолд хохирогч Ц.ЭнхТд учруулсан хохирол болон үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийн тухайд бичигдэж танилцуулсан зүйлгүй байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Билгүүн иргэн Ц.ЭнхТгаас ирүүлсэн бусдад залилуулсан гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг /6хх 1/ хүлээн аваад “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол үйлдэн, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” тогтоол үйлдэн /6хх 6/ 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийг үйлдсэн /6хх 8/ байна. Ц.ЭнхТ нь удаа дараа өгсөн гэрчийн болон хохирогчийн мэдүүлэгтээ “...Б.Отой нэг ч удаа уулзаж байгаагүй нөхрийн эгчийн охин Солонгоор дамжуулан дансанд 3.300.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэж мэдүүлсэн байдаг. Мөн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрч Б.Солонго нь “...Яллагдагч Б.О болон хохирогч Ц.ЭнхТ нарыг хоорондоо уулзаж байгаагүй. ...” /6хх 12/ гэж мэдүүлсэн байдаг. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс нь Б.Од гэрчийн эрх үүрэг танилцуулан 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр /6хх 14/, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр /6хх 15/ тус тус гэрчээр мэдүүлэг авсан байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр /6хх 21-23/ “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 1908049331644 дугаартай тогтоол үйлдэн, Б.Од 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр танилцуулан /6хх 25/, 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл” үйлдсэн /6хх 27/ байх боловч Б.О нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу “өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан” байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх А.Цэрэнсодномд хандан “Мөрдөн байцаалтын болон хяналтын харьяалал тогтоолгох тухай” 1/4568 дугаартай албан тоотыг хүргүүлсэн /6хх 21-23/ байна. Дээрх албан тоотын дагуу Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1114 дугаартай “Хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох тухай” тогтоолоор /6хх 34-35/ Б.Од холбогдох эрүүгийн 1908049331644 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст явуулах, хяналтыг Баянзүрх дүүргийн прокурорын газарт явуулахаар харьяаллыг өөрчлөн тогтоож, Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/764З дугаартай албан тоотоор Б.Од холбогдох эрүүгийн 1908049331644 дугаартай хэргийг 1833001290012 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулахаар мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын харьяаллыг тус тус өөрчлөн тогтоож, 1 хавтас 35 хуудас хэргийг хүргүүлжээ. /6хх 36/ Дээрх албан тоотыг хүлээн авсны дараагаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 233 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Прокурорын тогтоолыг үйлдсэн /6хх 42/ байх боловч энэ тогтоолд Ц.ЭнхТтай холбоотой үйлдэл, холбогдол ороогүй, мөн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр /6хх 43/ яллагдагчаар дахин авсан мэдүүлэгт мөн Ц.ЭнхТтай холбогдуулан мэдүүлэг аваагүй байна. Гэвч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үйлдсэн 1552 дугаартай яллах дүгнэлтэд /6хх 48/ яллагдагчаар мэдүүлэг аваагүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш явуулсан атлаа “...Ц.ЭнхТг ахмадын түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны хуучин эцэст байрлах “Хаан банк”-ны АТМ-ээс өөрийн 5099002393 дугаартай дансаар 3.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан. ...” гэж дүгнэн үүнийгээ хохирогч Ц.ЭнхТгийн мэдүүлэг /6хх 8/, гэрч Б.Солонгын /6хх/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. ...” гэж хохирогчоор тогтоогдсон Ц.ЭнхТтай холбоотой үйлдэл холбогдлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” ажиллагаа огт хийгдээгүй байхад, мөн хохирогч Ц.ЭнхТтай холбоотой асуудлын хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүрэн бус хийгдсэн. Миний үйлчлүүлэгч, шүүгдэгч Б.Од холбогдуулан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” 190504608 дугаартай тогтоолд “иргэн Н.Батбаяр нь үл таних хүнд газар худалдаж авахаар 17.000.000 төгрөг залилуулсан” гэх гомдол шалгагдаж эхэлсэнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн байх бөгөөд энэ хэргийг мөн одоогийн шүүхээр хэлэлцэгдэж буй эрүүгийн 1833001290012 дугаартай хэрэгтэй нэгтгэн шалгах зайлшгүй шаардлага үүссэн, тодруулбал мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан журам зөрчигдсөн, нэгэнт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйл зөрчигдсөнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 болон 1.3 дахь хэсэг, мөн 1.6 дахь хэсэгт заасны дагуу нотолбол зохих асуудал нотлогдоогүй нөхцөл байдал илт тогтоогдож байсан бөгөөд энэ шалтгааны улмаас шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлын талаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэх нь гарцаагүй бодит байдал байсан учир энэ тухайд өмгөөлөгч миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой тайлбарлаж байсан ч шүүх аль алиныг нь хүлээн авалгүйгээр хохирогч Ц.ЭнхТтай холбогдох асуудал шийдвэрлэх боломжтой гэж үзэж, улмаар шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь бодит байдалтай нийцээгүй болохыг нотолж буй болно. Мөн миний үйлчлүүлэгч, шүүгдэгч Б.Од холбогдуулан Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” 190504608 дугаартай тогтоол гарч уг тогтоолд “иргэн Н.Батбаяр нь үл таних хүнд газар худалдаж авахаар 17.000.000 төгрөг залилуулсан” гэх гомдол шалгагдаж эхэлсэнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн байх бөгөөд энэ хэргийг 1833001290012 дугаартай эрүүгийн хэрэгтэй нэгтгэн шалгах зайлшгүй шаардлага үүсэж байгаа үйл баримтын тухайд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Н.Батбаяр, Ц.ЭнхТ нартай холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд ач холбогдолтой үйл баримт болох байсан гэж үзэж байна.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хохирлын тооцоотой холбоотой асуудал байнгын эргэлзээ төрүүлэхүйц байдалтай явж ирсэн. Үүний нэг жишээ нь хохирогч Д.АТгийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах журмаар гаргасан гомдолд 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр буюу шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Баярмаа гэх этгээдийн талаар шалгуулах тухай” хүсэлтээс тодорхой харагдаж байгаа болно. Үнэхээр Баярмаа гэх этгээд нь хохирогч Д.АТгийн өмнөөс шүүгдэгч Б.Ооос мөнгө авч байсан бол шүүхээс хохирогч Д.АТд олгуулахаар шийдвэрлэсэн 25.510.000 төгрөгийн хэдийг нь шүүгдэгч Б.О, хэдийг нь Баярмаа гэх этгээд хариуцах нь тогтоогдож, Баярмаа гэх этгээдийг ял завшуулах нөхцөл байдалд хүргэхгүй байх боломжтой болох юм. Хохирлын тооцоог нарийвчлан тооцох, хохирогч Ц.ЭнхТтай холбоотой нэгтгэгдсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулалгүйгээр шууд шүүхийн шатанд шийдвэрлэсэн, хохирогч Д.АТ нь хохирлын тооцоотой холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргасан зэрэг асуудлууд нь шүүгдэгч Б.О нь хохирогч нарт шүүхийн шийтгэх тогтоолд заасан 199.939.650 төгрөгийн хохирол учруулсан эсэхэд эргэлзээтэй байдлыг үүсгэж байгаа бөгөөд анхан шатны шүүхээр хэлэлцэхэд хэрэгт авагдаагүй нотлогдоогүй байдлын улмаас шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэхэд эргэлзэх байдлыг үүсгэж байгаа болно. Иймд гомдлын дагуу хэргийг хянан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. …” гэв.

            Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёрдугаар хавтас хэргийн 162 дахь талд байгаа Казах иргэнтэй холбоотой хэргийг нэмж шалгуулах, мөн бусад хэргүүдээ нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

            Хохирогч Л.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О “би эхнэртэйгээ ярилцаад байр, автомашинаа худалдаж хохирол төлбөрийг төлж барагдуулна” гэж мэдүүлсэн. Гэвч 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш хоригдож байгаа тул хэрхэн мөнгөө гаргуулж авахаа мэдэхгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө Б.Оын эхнэр байраа худалдаж хохирогч нарын хохирлыг хувааж барагдуулах ёстой байтал өгөхгүй байна. Тэрээр “Байраа зараад 10.000.000 төгрөг авчихсан байгаа” гэж ярьж байсан. ...” гэв.

            Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлын асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

            Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие тус хэрэгт анхнаасаа хяналт тавиагүй боловч анхан шатны шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт томилолтоор оролцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ярьж байгаа Адъяасүрэнгийн Мтай холбоотой асуудал, Bitcoin-той холбоотой асуудлыг шалгуулах, бусад өөр хэргүүдийг нэгтгэн шалгуулах талаар гаргасан хүсэлтүүдийн талаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны үед яригдаж байсан. Өмгөөлөгч нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа боловч энэ нь шүүх хуралдааны мэтгэлцээний үед тогтоогдоогүй. Талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүх хэргийг шийдвэрлэж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байх тул Б.Од холбогдох эрүүгийн хэрэгт нэмж ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Тодруулбал, Адъяасүрэн овогтой М гэх хүний талаар шүүгдэгч Б.О л ярьдаг болохоос бусад үйл баримтаар огт тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, Б.О хөдөө ажиллаж байхдаа автомашинд танилцсан хүнийхээ хаана ажилладаг, юу хийдэг зэрэг эх сурвалжаа заагаагүй. Ажилладаг гэх газраас нь лавлагаа авахад “тийм нэртэй хүн манайд ажилладаггүй” гэсэн хариуг өгсөн байдаг. Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хөнгөлөлттэй орон сууцны мэдээлэл болон Bitcoin-ы талаарх мэдээллийг Б.О хэрхэн олж авсан талаар маргадаг. Өөрөөр хэлбэл, Б.О нь насанд хүрсэн хүн бөгөөд хөнгөлөлттэй орон сууц, Bitcoin-ы талаарх мэдээллийг хаанаас, хэрхэн авсныг шалган тогтоох боломжгүй. Насанд хүрсэн хүний олж мэдэж болохоор зүйлс гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Од 5 жил хорих ял оногдуулан шийдвэрлэхдээ 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Ц.ЭнхТг ахмадын түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны хуучин эцэст байрлах “Хаан” банкны АТМ-ээс өөрийн 5099002393 дугаартай дансаар 3.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг нэгтгэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ.” гэж эрүүгийн хэргийг нэгтгэх зохицуулалтыг хуульчилжээ.

Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн яллагдагчийн үйлдсэн хэрэг бүрд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол” үйлдсэн бол прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд зааснаар “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах” тухай тогтоолоор хуульд заасан ажиллагаа явуулахаар байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 233 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай тогтоолд шүүгдэгч Б.Оын нэр бүхий хохирогч нарыг залилсан гэх үйлдэлд прокуророос 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол” үйлдсэн хохирогч Ц.ЭнхТг залилсан гэх үйлдэл нь авагдаагүй байх тул түүнийг Ц.ЭнхТг залилсан үйлдэлд шүүх буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “яллагдагчид холбогдох хэргийг нэгтгэх тухай” тогтоолоор хохирогч Ц.ЭнхТгийн бусдад залилуулсан гэх эрүүгийн 1908049331644 дугаар хэргийг яллагдагч Б.Од холбогдох эрүүгийн 1833001290012 дугаар хэрэгт нэгтгэсэн боловч түүнээс Ц.ЭнхТг залилсан гэх үйлдэлд нь ерөөсөө мэдүүлэг аваагүй, яллагдагчаар татах тогтоол, уг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолд Ц.ЭнхТг залилсан гэх үйлдлүүдийг тусгаж, яллагдагчид танилцуулаагүй атлаа яллах дүгнэлтэд оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.ЭнхТг залилсан гэх үйлдэлд шүүгдэгч Б.Ооос яллагдагчаар мэдүүлэг аваагүй байна. Энэ нь хавтас хэрэгт авагдсан яллагдагчаар дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /6хх 43-45/-ээр тогтоогдож байх тул Б.Ооос яллагдагчаар мэдүүлэг аваагүй нь яллагдагчийн мэдүүлэг өгөх эрхийг эдлүүлээгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд залилах гэмт хэргийг үйлдэж, 19 хүнд нийт 354.100.726 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй байх бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж зааснаар давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд, шүүгдэгч Б.Оын удаа дараагийн үйлдлээр бусдыг залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, улмаар хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.

Шүүгдэгч Б.Од холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй байхад шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Од холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаав.

            Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан хохирогч Д.АТ, шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Б.Бадраа нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Од холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

            2. Хэргийг прокурорт очтол Б.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ